Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2016/0025/З |
Дугаар | 36 |
Огноо | 2016-11-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус сумын Засаг даргад холбогдуулан Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчиингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Д.Эрдэнэдалай, гуравдагч этгээд Д.Гантогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Хүрэлбаатар миний бие 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуулийн дагуу материалаа бүрдүүлж Халиун сумын Ямаан усны хаваржаа, Хамар замын өвөлжөө зэргийг 60 жилийн хугцаатайгаар эзэмшиж авсан. Миний бие П.Цагаачтай 1998 оноос хамтран амьдарч байгаад 2006 онд хууль ёсны гэр бүл болсон юм. П.Цагаачийн охин Цацралт хамт амьдарч байсан. Би охин Цацралтыг өөрийн охин шигээ харж хандаж явсан. Хань П.Цагаач 2011 онд өвчний улмаас нас барсан. 2015 онд охин Цацрал надаас эд хөрөнгө болох өвөлжөө, хаваржааг авахаар шүүхэд хандсан боловч шүүхээс хэрэгсэхгүй болж шийвэрлэж байсан. Үүнээс хойш Ц.Цацрал нь надад мэдэгдэхгүй тухайн маргаан бүхий 2 газрын өөрийнхөө нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байсан. Миний бие 2016 оны 07 дугаар сард аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргасан боловч аймгийн Сонгууль гэж явсаар 2016 оны 09 дүгээр сарын 02-нд хариу өгсөн. Талийгаач авгай маань та хоёр өмч хөрөнгөө хуваагаад ав.Чи хоёр буудлаа ав гэсэн.
н.Гунгаажамц даргын үед авсан. 2007 онд гэрчилгээжүүлж байхад талийгаач авгай маань миний нэр дээр шилжүүлж байсан. Би охиндоо бүх зүйлийг нь бэлдэж, тасдаж өгөөд та хоёрын бүх зүйлийг тасдаж өглөө гэж хэлээд тусад нь гаргасан. Хүү болон охинтой нь өмч хөрөнгө булаацалдаагүй. Эхнэр маань намайг асарч хамгаалж байсан хүн гээд энэ хоёр буудлыг өгч гэрчилгээ гаргаж өгсөн. Өмнө нь хоёр удаагийн шүүх хуралдаан болоод хэргийг хэрэгсэхгүй болгохоор нь надад хоёр буудлыг олгох байх гээд орхичихсон чинь зарагдсан байсан. Миний 72 настай ээжийн маань бие муу учраас түүнийгээ асарч, 1.200 гаруй мал халуун намраар өвөлжөөнд бууж Д.Гантогтох гуай өөрөө худалдаад авчихсан байгаа миний өвөлжөө гээд буусан. Би шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэхэд би худалдаж авсан гээд хүлээж аваагүй. Би 200 гаруй ямаатай энэ өвөл одоо хаана яаж өвөлжүүлэхээ мэдэхгүй байна. Ээж маань бас өндөр настай бие нь муу байгаа. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сум дундын шүүхээр Ц.Цацрал нь өвөлжөө, хаваржаа, эд хөрөнгө нэхэмжилж байсан. Цагаач гэх Цацралын ээж нь нас барснаар өвөлжөө, хаваржааны асуудал яригдаж байгаа зүйл биш. Энэ бол өмнөх шийдвэр дээр маш тодорхой байгаа. Г.Хүрэлбаатар нь 1998 оноос хойш Цагаач гэх хүнтэй хамтран амьдарч байсан. Энэ хоёр хүн нь 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Ингэж байхдаа 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 0126301, 0126302 тоот гэрчилгээнүүдээр газар эзэмших эрх нь өрхийн тэргүүлэгч Г.Хүрэлбаатарын нэр дээр шилжсэн. Энэ дээр ямар нэгэн байдлаар ээжийг нь нас барангуут хөрөнгийг нь авсан гэх гуравдагч этгээдийн тайлбартай санал нийлэхгүй байна. Энэ гэрчилгээ нь багийн иргэдийн олонхийн саналаар шийдээд өнөөдөр Г.Хүрэлбаатарын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөд байгаа. Энэ хүнд ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр өвөлжөө, хаваржааг нь өөр хүнд шилжүүлээд тэр нь цаашаа зарж борлуулаад явчихсан байгаа асуудал яригдаад байгаа болохоор Г.Хүрэлбаатарын эрх ашиг зөрчигдөөд байна. Тэр өвөлжөөнд нь одоо 3 айл давхар буучихсан байгаа учраас Г.Хүрэлбаатарын газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөөд байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтууд нь байгаа. Энэ газрын гэрчилгээг хүчингүй болгох асуудал бол багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдчихдэг асуудал биш учраас гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2006 оноос гэр бүл болж 2011 оны 8 сард Цагаач нь нас барсан. Түүнээс айлын мал хариулж байгаад нас барангуут нь эд хөрөнгийг авсан гэх буруу ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг үндэслэлгүйгээр Ц.Цацралын нэр дээр шилжүүлсэн гэж үзэж байгаа 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Газрын албаны хариу мэдэгдэх хуудас, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариу бичиг, өвөлжөө, хаваржааг Г.Хүрэлбаатарт эзэмшүүлэх гэрчилгээнүүд, Сум дундын 5 дугаар шүүхийн шийдвэрээс хамар замын өвөлжөө, ямаан усны хаваржааг өөрийн эзэмшлээр тогтоолгох, нийт 16.500.000 эд хөрөнгө гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2015 оны 5 дугаар сарын 14-ны 116 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.
Өнөөдөр засаг дарга нь тайлбарлахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын дараа захирамжаа гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч багийн иргэдийн нийтийн Хурлын нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоол гарсан. Энэ Засаг даргын захирамжийн дараа хурал болсон. Хурлын тогтоолын он сараа буруу тавьсан байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Засаг даргын А/62 тоот захирамжийнхаа үндэслэл хэсэгт дурдсан байгаа учраас багийн хурал нь Засаг даргын захирамжаас хойш болсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг хугацааны талаар яригдаж байна. Тухайн үед сумын Засаг даргын мэдэгдэх хуудсыг авснаасаа хойш аймгийн Засаг даргад хоёр ч удаа хандаж байсан. Мөн Газрын албанд хандаж байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байгаа тул аймгийн Засаг даргад хандсан, мөн газрын албанд хандаж тэдгээрээс ирүүлсэн хариунуудыг зөвшөөрөхгүй байсан учраас хуулийн хугацаандаа шүүхэд хандсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д захиргааны байгууллагаас гаргасан актыг илт хууль бус гэж үзэж байвал гэж байгаа. Тэгэхээр 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Халиун сумын Засаг даргын А/62 тоот захирамж нь илт хууль бус учир шүүхэд нэхэмжлэл гаргасан Энэ дээр хугацаа тоолоод 30 хоног тоолох шаардлагагүй гэж үзэж байна. Уг гэрчилгээг хүчингүй болгох талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд бүрэн зааж өгсөн байна. Мөн өнөөдрийн газрын гэрчилгээний ард нь хавсаргасан газар эзэмшүүлэх гэрээний 1 дүгээр заалтад ямар үндэслэлээр хүчингүй болгуулах талаар заагаад өгсөн байгаа. Халиун сумын Засаг даргын тайлбар зэргээс харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Г.Хүрэлбаатарын хамар замын өвөлжөө, ямаан усны хаваржааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хариуцагч Д.Эрдэнэдалай нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх шийдвэрийг багийн иргэдийн нийтийн хурлаар, иргэдийн шууд санал хураалтаар шийдвэрлэхээр заасан байдаг. Бид уг захирамжийг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй. Тухайн багийн иргэдийн нийтийн хуралд Г.Хүрэлбаатар мэдсээр байж ирээгүй. Ер нь Г.Хүрэлбаатар сүүлийн жилүүдэд манай сумд амьдархаа байсан. Аймгийн төв болон Бигэр сумдад амьдардаг сураг байгаа.
Тухайн багийн иргэдийн нийтийн хуралд Г.Хүрэлбаатарын дүү Г.Хүрэлмаа, Г.Насанбат нар ирсэн учир ямар шийдвэр гарсаныг мэдээд явсан. Г.Хүрэлбаатарын ээж дүү нар нь надтай уулзаад өөр газар авалжөө, хаваржаа өгөхүү гэсэн миний хувьд боломжтой багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд олгож болно гэсэн. Завхан аймгийн шүүхээс сумын Засаг захиргааны анхан шатны нэгж шийдэх асуудал байна гээд ирсэн. Би хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаа хуралдуулж өвөлжөө, хаваржааг хэн шийдэхийг ардчиллын зарчмаар хэлэлцэх хуультай учир багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж багийн иргэдийн 90 гаруй хувийн саналаар Ц.Цацрал эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гарсан учир өмнөх захирамжаа хүчингүй болгож энэ захирамжаа гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр энэ өвөлжөө бол н.Бяруузана гэх хүний өвөлжөө. Цагаач дээр өвөлжөөний эзэмшил гараагүй байсан. н.Бяруузана гэх хүний өвөлжөө учраас Ц.Цацралд нь эзэмшүүлэхээр олгосон. Нэхэмжлэгч бол эзэмшихгүй, тэнд амьдрахгүй байгаа. Би захирамж дээрээ Ц.Цацралд эзэмшүүл гэсэн байгаа нь н.Бяруузана гэх хүний өвөлжөө учраас нагацынх нь өвөлжөөг Ц.Цацралд эзэмшүүлэхээр гаргасан. Наад өвөлжөөнүүд болон хаваржаанууд эдний хамтран амьдарч байсан хүний талаарх нэг ч баримт байхгүй. 1981 оны сумын Захиргааны даргын шийдвэрийг үндэслэж байж н.Бяруузаны өвөлжөөны өв залгамжлагч нь Ц.Цацрал юм гэж шийдвэр гаргасан. Завханы шүүхийн шийдвэр, багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж түүнээс гарсан шийдвэрийг үндэслэсэн. Захирамжийн төслийг газрын даамалд үүрэг болгосний дагуу газрын даамал төслөө бичиж орж ирээд гарын үсгээ зурдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Цацрал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний ээж П.Цагаач нь бага хүүхэдтэй малаа маллаж хүчрэхгүйн улмаас малчин авна гээд 1998 оны үед Г.Хүрэлбаатар гэдэг хүнийг анх малчнаар ажиллуулахаар Цогт сумын Баянтоорой тосгоноос авчирч байсан. Манай малыг маллаж байгаад 2005 оноос эхлэн миний ээж Цагаачтай хамтран амьдарч байгаад 2006 онд 500 мянган төгрөг засгаас шинээр гэр бүл болсон хүмүүст олгож эхэлсэнтэй холбоотойгоор миний ээжтэй хуурамчаар гэр бүлээ батлуулсан. Энэ цагаас хойш Г.Хүрэлбаатар нь миний ээжийн болон бидний мал ахуй, өвөлжөө, хаваржааг өөрийн мэт захиран зарцуулж ирсэн. Мал хөрөнгийг минь аваад зогсохгүй одоо манай өвөлжөө, хаваржааруу санаархаж байна. Эмээ, өвөө болон нагац ах Бяруузана маань насан өөд болтлоо ***** багийн ямаан усны хаваржаа, хамар замын өвөлжөөг үе дамжин уламжилж, өвөлж ирсэнийг нутгийн буурлууд болон ард иргэд мэднэ. Г.Хүрэлбаатар нь ээжийг амьд байхад нь мэдэгдэхгүй тухайн өвөлжөө, хаваржааг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Г.Хүрэлбаатар нь намайг өөрийн охин шигээ харж хандаж байсан удаа байхгүй харин ч ах дүүсээрээ нийлж дээрэлхэн миний бүх хөрөнгийг надаас авсан.
Тухайн Ямаан усны хаваржаа, хамар замын өвөлжөөны эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тухайд: 2015 оны 05 дугаар сарын 11-д маргаан бүхий 2 газрын талаар шүүх хурал болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд улмаар Завхан аймагт Давж заалдах шатны шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгосон. Тухайн шийдвэрт тусгасны дагуу багийн иргэдийн нийтийн хурал хийж, иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр Ц.Цацрал миний биед эзэмшүүлэх иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч тухайн тогтоолыг үндэслэн сумын Засаг даргы захирамж гарсан. Тухайн багийн иргэдийн нийтийн хурал болох гэж байгааг Г.Хүрэлбаатарт багийн Засаг дарга нь мэдэгдсэн боловч мэдсээр байж тухайн хуралд ирээгүй. Мөн сумын газрын даамал Батцацарал нь танай газар хүчингүй болж байна гээд 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/138 дугаартай албан тоотоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд иргэн миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн Д.Гантогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дамдинсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тус сумд 1978 оноос 1982 он хүртэл ажиллаж байхад Цацрал гэх хүний буурал ээж, ээж, ах гурав нь Ямаан ус, Хамар замын өвөлжөөнд байнга байдаг байсан. 1998 онд Г.Хүрэлбаатар Цагаачийн малыг хариулах гэж ирсэн гэж сонссон. Цагаач, Бяруузана, Жүгдэр гэх самган нар бурхан болсон. Тэгээд Цагаачаас гарсан ганц өнчин хүүхэд үлдэхээр нь мал, хашаа хорооны асуудал гарч ирж Г.Хүрэлбаатар нь авахаар болоод байна. Өв уламжилж ирсэн, багийн ард иргэд бүгд байж байгаад хэнд өгөх талаар шийдвэр гаргачихсан юм. Цацрал нь Д.Гантогтоход миний мэдлийн зүйл гэж зараад бичиг баримтыг нь шилжүүлчихсэн. Г.Хүрэлбаатар нь эргүүлж авахаар нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг Халиун сумын бүх ард иргэд Цацралынх гэдгийг мэдэж байгаа.
Бид нар энэ буудлын асуудал шийдэгдсэний дараа иргэний журмаар нэхэмжилж Ц.Цацралыг гомдолгүй болгох үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа. Тэр охин бол айлаар тогтсон хаяггүй тэнэмэл хүн явж байгаа. Энэ асуудлыг шүүх тунгаан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Халиун сумын 4 дүгээр багийн иргэн Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй Халиун сумын Засаг даргад холбогдох сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Маргааны үндэслэл болсон Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржаа гэх өвөлжөө хаваржааны газруудыг 1981 оны 04 дүгээр сарын 09-ны Говь-Алтай аймгийн Халиун сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 10 дугаар захирамжаар Чацран багийн Хамар зам, Ямаан ус гэх өвөлжөө хаваржааны газруудыг П.Бяруузаны бригадын суурьт хариуцуулж байсан байна.
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь П.Бяруузаны дүү П.Цагаачтай 2006 оны 10 дугаар сарын 06-ны гэр бүл болсон бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны 27 дугаар захирамжаар Чацран багийн Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржааны газрыг Г.Хүрэлбаатарт эзэмшүүлж, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0126301, 0126302 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байгаа нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Захирамжийн заалт хүчингүй болгох тухай А/62 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны магадлал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай захирамжийн хавсралтын 26-д Галсандашийн Хүрэлбаатарыг эзэмшигчээр тогтоосон Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржаа гэсэн заалтыг хүчингүй болгож, Чацран багийн нутагт байршилтай Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржааны эзэмшигчээр тус багийн харьяат иргэн Баруун отог ургийн овогт Цагаачийн Цацралыг /Г.Хүрэлбаатар, П.Цагаач нарын охин/ тогтоосон байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хороонд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” шийдвэрлэх гэж зааснаар сумын Засаг дарга газар эзэмших ашиглах талаар иргэн хоорондын маргааныг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байгаа хэдий ч уг шийдвэр нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл Халиун сумын Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцүүлэх шаардлагатай байсан байна. Захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж зааснаар өвөлжөө хаваржааны газар эзэмшигч Г.Хүрэлбаатар нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байхыг шаардах бөгөөд энэ байдал нь тогтоогдохгүй байна. Хариуцагч Халиун сумын Засаг дарга захирамж гаргасан үндэслэлээ “...Чацран багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, энэхүү өвөлжөө хаваржааг хэн эзэмших талаар хэлэлцээд, хуралд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар Ц.Цацралд эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул Г.Хүрэлбаатарын өвөлжөө, хаваржаа эзэмших эрхийг цуцалж Ц.Цацралд эзэмшүүлсэн болно” гэсэн тайлбар гаргасан байгаа ч Засаг даргыг захирамж гаргасны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоол гаргасан байгаа нь хурлын 03 дугаар тогтоол, Чацран багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээр нотлогдож байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар магадлалыг захирамжийн үндэслэл болгосон. Магадлалд тухайн маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дах хэсэгт зааснаар “газар эзэмших ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг... зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр ...”, “...зохих шатны Засаг даргад хандаж, урьдчилан шийдвэрлүүлэх, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан заалттай нийцэхгүй байна” гэж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзсэн байхад магадлалыг шууд захирамжийн үндэслэл болгож Г.Хүрэлбаатарын эзэмшлийн өвөлжөө хаваржааныг газрыг хүчингүй болгож, Ц.Цацралыг газар эзэмшигчээр тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна.
Хөөх хэлэлцэх хугацааны тухайд: Халиун сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 19-ны 1/238 тоот албан бичгээр Чацран багийн иргэн Г.Хүрэлбаатарт өвөлжөө хаваржааны газар эзэмших эрх хүчингүй болсоныг мэдэгдсэн байгаа ч хариуцагчийн зүгээс уг албан бичгийг ямар хугацаанд Г.Хүрэлбаатарт гардуулж өгсөн эсэх нь нотлогдохгүй байна. Мөн Г.Хүрэлбаатар нь уг албан бичгийг хэдийд гардаж авснаа тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд уг албан бичгийг гардаж авснаас хойш уг маргааныг шийдвэрлүүлэх талаар аймгийн Засаг даргад, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж хариуг авч байсан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны 5/900 тоот албан бичиг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хариу өгөх мэдэгдэл нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хөөх хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны А/62 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1- т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ