Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00267

 

                                                      Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05359 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Л.Отгонцэцэг,

Хариуцагч : Д.Ганхуяг,

Нэхэмжлэлийн шаардлага : 6.500.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Дуламсүрэн, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Л.Отгонцэцэг би өөрийн фитнесс клубт 5 ширхэг гүйлтийн замыг  Д.Ганхуягаас 2015.10.20-ны өдөр худалдаж авсан. Гэтэл авснаас хойш 2 хоногийн дараа эвдэрч эхэлсэн. Д.Ганхуягт мэдэгдэхэд засаж өгье гээд зассан боловч засвар аваагүй. Гүйлтийн зам байнга эвдэрч, ажиллаж байгаад гэнэт зогсолт өгч хүн унасан асуудал гарч, буцаах талаар хариуцагчид хэлсэн. Д.Ганхуяг нь хэд хэдэн удаа засаж өгнө гэж худал хэлсэн. Гүйлтийн 5 замыг хариуцагчид буцааж өгнө. Ашиглалтын зардлын хувьд гэрээ хийгдээгүй учир төлөхгүй. Манайх 6 500 000 төгрөгөт хүү, алданги тооцоогүй. Иймд, 5 ширхэг гүйлтийн замын үнэ 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Отгонцэцэгт 5 ширхэг гүйлтийн замыг 2015.10.20-ны өдөр худалдсан. Миний зарсан гүйлтийн замууд анхнаасаа худалдахад эвдрэлгүй бүрэн бүтэн байсныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн учраас эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө 3 удаа очиж өөрийн зардал хөрөнгөөр 3 замыг засч байсан ба буцаан өгөх талаар хэлж байсан гэсэн нь худлаа. Харин гүйлтийн замыг засч өг гэж хэлж байсан боловч удаа дараа очиж засч байсан болно. Хуучин гэдгийг анхнаасаа мэдэж байсан юм. Хэрэв  шинэ  байсан бол би баталгаа бичиж өгөх байсан. Иймд нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 255.1-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч худалдан авсан зүйлээ зориулалтын дагуу ашиглахгүй, даац хэтрүүлэн ашиглаж, тог бууруулагч хэрэглэхгүй, газардуулагчгүй ашигласнаар гарсан эвдрэл гэмтлийг худалдагч хариуцахгүй. Миний хувьд 2 гүйлтийн замыг шинэ замаар сольё гэсэн боловч солиогүй учраас засч өгсөн. Нэхэмжлэгчид худалдсан 5 гүйлтийн замаа буцааж аваад, харин ашиглалтын 10 сарын мөнгөнд нийт төлбөрийн 60 хувийг суутгаад 40 хувийг гүйлтийн замуудаа зарж борлуулсны дараа өгч болно. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2 зам нь ажиллаж байгаа, 3 зам нь гэнэт ажиллаад, гэнэт зогсоод байгаа нь цахилгаантай л холбоотой. Замуудын ачааллыг нэмэгдүүлээд, халаачихсан учир ийм байдал гарч байгаа гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05359 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Ганхуягаас 6.500.000 төгрөг гаргуулан Л.Отгонцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Ганхуягаас 3.900.000 төгрөг гаргуулан Л.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлээс 2.600.000 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой заалтыг мөн өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Л.Отгонцэцэг нь Д.Ганхуягаас 115.10.20-нд амаар тохиролцон фитнесийн зориулалтаар ашиглагдах, өмнө хэрэглэж байсан (хуучин) 5 ширхэг гүйлтийн замыг нийт 6.500.000 төгрөгөөр худалдан авч, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүх 5 ширхэг гүйлтийн зам  нь хуучин эд хөрөнгө гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрсөн талаар мөн  худалдах худалдан авах хэлцлээр талууд эд хөрөнгийн чанарын талаар нарийвчлан тохиролцоогүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой буюу  биет байдлын доголдолгүй байсан  гэснийг  давж заалдах шатны эсрэгээр буюу доголдолгүй эд хөрөнгө байсан гэж үзэж боломжгүй гэсэн боловч: хариуцагч Д.Ганхуяг нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн эсхүл уг доголдол нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн, түүнчлэн доголдолтой байсан 3 ширхэг замыг засч, цаашид ашиглах боломжтой болгосон гэдгийн ИХШХШТХ-ийн 25.2.2; 3 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэснийг үзэхэд хариуцагч Д.Ганхуяг нь доголдолгүй эсхүл доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдохгүй нотлогдохгүй байна гэж үзэх нь зүйтэй гээд уг магадлалын шүүх буруу шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Отгонцэцэг нь Д.Ганхуягаас 5 ширхэг төхөөрөмж буюу фитнесс клубт ашиглахаар худалдан авсан “гүйлтийн зам”-ын нийт үнэ 6.5 сая төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх өөрчилж, 3 ширхэг төхөөрөмжийн үнэ 3.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, Д.Ганхуяг нь Л.Отгонцэцэгт фитнессийн зориулалтаар ашиглагдах, гүйлтийн зориулалттай, хуучин, 5 ширхэг замыг шилжүүлэх, нэхэмжлэгч 6.5 сая төгрөг  төлөх талаар тохиролцсон байх тул зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгч,  барааны  үнэ  6.500.000 төгрөгийг хүлээн авсан ба талууд худалдсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан эсэх талаар  маргасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх  бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан байна.

Нэхэмжлэгч нь 5 ширхэг “гүйлтийн зам” худалдан авах талаар хариуцагчтай тохиролцсон тул эдгээр нь хуучин төхөөрөмж хэдий ч эвдрэлгүй буюу ашиглагдах боломжтой байсан нь нотлогдсон тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Ганхуяг нь өөрийн худалдсан эд хөрөнгийг хэд хэдэн удаа засварлаж өгч байсан нь тогтоогдсон тул хариуцагчийн худалдсан төхөөрөмж биет байдлын доголдолтой байжээ. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь хуучин төхөөрөмж байсан хэдий ч уг эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглах боломжгүй буюу эвдрэлтэй байгаа нь хариуцагч  доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх үндэслэл болох тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-г баримталсан нь оновчгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол, зардлыг бус, харин эд хөрөнгө худалдан авахад төлсөн мөнгийг буцааж шаардсан тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ганхуягаас 3.900.000 төгрөг гаргуулан Л.Отгонцэцэгт олгож...” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205  дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Ганхуягаас 3.900.000 төгрөг гаргуулан Л.Отгонцэцэгт олгож, биет байдлын доголдолтой 3 ширхэг гүйлтийн замыг хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтын хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ