Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 5359

 

    2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05359

             Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяадаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тусшүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаарбайрны 146 тоотод оршин суух, ХВ75041305 регистртэй, Хатгин ургийн овогт Лувсандамдин овогтой Отгонцэцэгийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтайхотхон 14 дүгээр байрны 14 тоотод оршин суух, РД75033134 регистртэй, Баачуудургийн овогт Доржпагамжав овогтой Ганхуягт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 6,500,000 төгрөгийг буцаангаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дуламсүрэн,хариуцагч Д.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь өөрийн фитнесс клубт 5 ширхэг гүйлтийн замыг хариуцагч Д.Ганхуягаас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан.Гэтэл уг гүйлтийн замууд нь худалдаж авснаас хойш 2 хоногийн дараанаас эвдэрч эхэлсэн. Ингээд хариуцагч Д.Ганхуягт мэдэгдэхэд засаж өгье гэж ирээд зассан боловч засвар аваагүй. Гүйлтийн зам байнга эвдэрч, ажиллаж байгаад гэнэт зогсолт өгч хүн унасан асуудал гарч, ер нь наймаагаа буцаах талаарх хариуцагчид хэлсэн байгаа. Хариуцгач Д.Ганхуяг хэд хэдэн удаа засаж өгнө гэж худал хэлсэн. 5 гүйлтийн замыг хариуцагчид буцааж өгнө. Ашиглалтын зардлын хувьд гэрээ хийгдээгүй учир төлөхгүй. Манайх 6,500,000 төгрөгөндөө хүү, алданги тооцоогүй. Учир нь бидний хооронд гэрээ байгуулж, энэ талаар тохиролцоогүй, тийм харилцаа үүсээгүй. Амаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хариуцагчийн хувьд нэг жилийн баталгаа өгч засвар үйлчилгээг хийж өгнө гэсэн боловч хэлсэн амандаа хүрч ирж засаж өгөөгүй. Тиймээс манайх 5 замыг нь хариуцагчид өгөөд мөнгөө буцааж авахыг л хүсч байна. Нийт 5 гүйлтийн замаас 2 дугаар зам нь ажиллаж байгаа. 4 дүгээр замын дамар нь тачигнаж дугараад байсан болохоор 3 дугаар замын дамрыг сольж хийгээд одоо ажиллаж байгаа. Ингээд 3 дугаар зам ажиллахгүй байгаа. 1 дэх замын хувьд тог залгасны дараа чанга дохио дугараад ажилдаггүй бол 5 дахь зам тог ирээд ажиллаж байгаад гэнэт зогсдог доголдолтой. Хариуцагч өөрөө анх амаар тохиролцохдоо эвдрэл гарвал цаг тухай бүрт нь ирж засаж өгнө гэж хэлсэн хэрнээ ирж засаж өгөөгүй байгаа. Хариуцагч цахилгаанаас үүдэлтэй гэмтэл гэж ярьдаг. Гэтэл 4 замын эвдрэл бүгд өөр өөр байгаа. Хэрэв тогноос болсон бол бүгд зэрэг шатаад зогсох байсан. Гэтэл замууд өөр өөр цаг хугацаанд, өөр өөр гэмтлүүд гарсан учир цахилгаанаас хамааралтай гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт баталгаа гаргаж өгөхөөс өмнө гүйлтийн замуудад эвдрэл гарч эхэлсэн. Эвдрэл гарсны улмаас хариуцагч Д.Ганхуягийг удаа дараа дуудаж, баталгаа бичүүлж авсан. Гүйлтийн замуудад гарсан гэмтлийг бид цахилгааны гэмтэл гэж үзэхгүй байгаа. Учир нь залгуурууд тог бууруулагчтай, харин гүйлтийн замууд нь угаасаа гэмтэлтэй замууд байсан. Ажиллаж байгаа хоёр гүйлтийн замыг бид авч үлдэх боломжгүй. Учир нь бид гүйлтийн замуудаа нэг дор байрлуулдаг бөгөөд бидэнд нэг ижил гүйлтийн замууд хэрэгтэй, сольчихвол өөр өөр болчихно. Иймд харуицагч Д.Ганхуягаас 5 гүйлтийн замын үнэ 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Л.Отгонцэцэгт 5 ширхэг гүйлтийн замыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдсан. Иргэний хуулийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан байх тул миний зарсан 5 гүйлтийн зам нь анхнаасаа худалдахад эвдрэлгүй бүрэн бүтэн гүйлтийн замыг би худалдан авагчид хүлээлгэн өгсөн учраас энэхүү эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд би өмнө нь өөрөө 3 удаа очиж өөрийн зардал хөрөнгөөр 3 гүйлтийн замыг засч өгч байысан. Мөн гүйлтийн замыг надад буцаан өгөх талаар өмнө нь хэлж байсан гэсэн нь худлаа бөгөөд харин гүйлтийн замыг засч өг гэж хэлж байсан боловч би өмнө нь удаа дараа очиж засч өгч байсан болно. Л.Отгонцэцэг гүйлтийн замуудыг хуучин гэдгийг анхнаасаа мэдэж байсан бөгөөд шинэ гүйлтийн зам зарсан бол би баталгаа бичиж өгөх байсан. Хуучин гэдгийг мэдээд авсан учир би эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлыг хариуцахгүй гэж хэлж байсан. Иймээс Иргэний хуулийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол... худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байгаа учир Л.Отгонцэцэг нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь худалдан авсан зүйлээ зориулалтын дагуу ашиглахгүй, даац хэтрүүлэн ашиглаж байгаа, тог бууруулагч тавих шаардлагатай байхад хэрэглэхгүй, газардуулагч хийх шаардлагатайгаар ашиглах байтал газардуулагч хийлгүй ашигласны үр дүнд гарч байгаа тохиолдлын эвдрэл гэмтлийг худалдагч хариуцахгүй байхаар Иргэний хуульд хуульчилсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 гүйлтийн замыг 2 шинэ замаар солъё гэсэн боловч солиогүй, засч өгсөн. Нэхэмжлэгчид худалдсан 5 гүйлтийн замаа буцааж аваад, харин ашиглалтын 10 сарын мөнгөнд нийт төлбөрийн 60 хувийг суутгаад 40 хувийг гүйлтийн замуудаа зарж борлуулсны дараа өгч болно. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар 2 зам нь ажиллаж байгаа, 3 зам нь гэнэт ажиллаад, гэнэт зогсоод байгаа нь цахилгаантай холбоотой. Замуудын ачааллыг нэмэгдүүлээд, халаачихсан учир ийм байдал гарч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыгшинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь хариуцагч Д.Ганхуягт холбогдуулан, гүйлтийн зам худалдах, худалдан авах хэлцлээс татгалзаж, төлбөрт төлсөн 6,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, гүйлтийн замыг худалдагчид шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Ганхуяг нэхэмжлэлийн шаардлагаас 5 гүйлтийн замыг буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх боловч гэрээний үнэ 6,500,000 төгрөгийг бүрэн төлөх үндэслэлгүй бөгөөд гүйлтийн замуудыг ашигласан хөлсөнд нийт төлбөрийн 60 хувийг суутгах боломжтой, мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, худалдагч Д.Ганхуяг нь худалдан авагч Л.Отгонцэцэгт фитнессийн зориулалтаар ашиглагдах 5 ширхэг хуучин гүйлтийн замыг шилжүүлэх, худалдан авагч нь 6,500,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдагч тал 5 ширхэг гүйлтийн замыг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч тал барааны төлбөрт 6,500,000 төгрөгийг шилжүүлснээр тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Зохигчид хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үнийн талаар маргахгүй боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар харилцан өөр өөрийн тайлбарыг тавьж маргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 5 гүйлтийн замын 3-д нь доголдлууд илэрсний улмаас хариуцагч Д.Ганхуягийг хэд хэдэн удаа дуудаж засварлуулсан боловч доголдол арилаагүй гэж тайлбарлан биет байдлыг доголдлыг харуулсан бичлэгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судлуулан, А.Мөнхбатыг гэрчээр оролцуулсан болно.

Харин хариуцагчийн зүгээс гүйлтийн замууд хуучин болохыг нэхэмжлэгч Л.Отгонцэцэг мэдэж байсан учир Иргэний хуулийн 255 дүгээр зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан, мөн худалдан авагч нь гүйлтийн замыг зориулалтын дагуу ашиглахгүй, даац хэтрүүлж, тог бууруулагч тавиагүйн улмаас гарч буй эвдрэл учир худалдагч тал хариуцахгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Гэрээний зүйл болох фитнессийн зориулалттай 5 ширхэг гүйлтийн замууд нь хуучин эд хөрөнгө гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрөх бөгөөд тэдний хооронд хийсэн худалдах, худалдан авах хэлцлээр талууд эд хөрөнгийн чанарын талаар нарийвчлан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар гүйлтийн замуудыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой буюу эд хөрөнгийг хүлээлцэхэд биет байдлын доголдолгүй байсан гэж үзнэ.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 ширхэг гүйлтийн замуудыг худалдан авагч тал хүлээн авснаас хойш доголдлууд илэрч, худалдагч тал хэд хэдэн удаа очиж засварласан боловч ажиллахгүй байгаа болох нь гэрч А.Мөнхбатын ... эхлээд 5-уулаа ажиллаж байгаад авсан өдрөө эхний зам нь шууд ажиллахаа больчихсон. 4 зам нь ажиллаж байгаад 1 дэх зам авснаас хойш 7 хоногийн дараа жингэнээд, дуу гараад ажиллахаа больсон. Захын зам буюу 5 дахь зам нь ажиллаж байгаад огцом унтраад гүйж байсан хүн дээрээс нь унаж гэмтсэн тохиолдол байгаа... Д.Ганхуяг нэг удаа компьютерийг нь ирж засаж байсан... 2 дахь зам авснаас хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа. 5 дахь замыг унтрааж байгаад асаахаар нэг бол тог ирээд ажиллаж байгаад гэнэт зогсож хүн унагаадаг болохоор ажиллуулахгүй байгаа... 5 гүйлтийн замыг нэг гал хамгаалагчтай, 2 тусдаа залгуурт залгадаг... гүйлтийн замуудыг гадаад байдлаараа бүрэн бүтэн өгсөн, харин доторх эвдрэлийг нь бид шууд нүрээд хараад мэдэх боломжгүй... гэх мэдүүлгээр болон хэрэгт авагдсан биет байдлын доголдлыг харуулсан видео бичлэг, хариуцагч Д.Ганхуягийн бичсэн баталгаа зэргээр тус тус тогтоогдсон байна.

Гүйлтийн замуудыг худалдан авагч тал хүлээн авснаас хойш 1 сарын дотор доголдол илэрсний улмаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу худалдагч талд шаардлага гаргаснаар хэд хэдэн удаа очсон боловч доголдол арилаагүйн улмаас гэрээг цуцлаж, төлбөрт төлсөн 6,500,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь хуульд нийцжээ.

Хариуцагч Д.Ганхуяг нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гүйлтийн замуудыг хуучин гэдгийг мэдэж байсан учир эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбарлана.

Хэдийгээр тухайн гүйлтийн замууд хуучин эд хөрөнгө болохыг талууд хэн аль нь зөвшөөрөх боловч худалдан авагчид шилжүүлсний дараа илэрсэн доголдлыг эд хөрөнгө шилжүүлэх үед мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, хариуцагч Д.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргахдаа гүйлтийн замуудад илэрсэн эвдрэлүүд нь даац хэтрүүлэн ашигласан, тог бууруулагч тавиагүйн улмаас үүссэн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь хэд хэдэн эд хөрөнгө худалдан авсан үед доголдолтой хэсгээс татгалзах эрхтэй боловч тэдгээр эд хөрөнгүүд нь нийлээд ашиглалтын нэгдмэл нэг зорилгод чиглэсэн, тодруулбал: нэг дор бүгд хамт байрлаж, нэгэн жигд харагдахаар байгаа нь тодорхой байх тул нэхэмжлэгч гэрээнээс бүхэлд нь татгалзах үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч РД750331334 регистртэй Баачууд овогт Доржпагамжавын Ганхуягаас 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хатгин ургийн овогт Лувсандамдингийн Отгонцэцэгт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  А.САРАНТУЯА