Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01520

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01520

 

 

 

Г,О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01501 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г,О хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 10 624 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Отгонбаатар нь 2019 оны 03 сарын 10-ны өдөр Х ХХК-тай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байрны урд талбайн тохижилтын ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, 21 дүгээр байруудын урд талбайн тохижилтын ажлыг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд багтаан гүйцэтгэхээр ажлын нийт өртөг 22 937 600 төгрөг байхаар тохиролцсон. Нийт 5 011 200 төгрөгийн ажил цуцлагдсан бөгөөд үүнд гэрээний ажлын үнийн саналын 4 дэх хэсэгт заасан 1 747 200 төгрөгийн ажил болох тоглоомын талбай, 6 дах хэсэгт заасан 3 264 000 төгрөгийн спорт талбайн ажил хамаарна. Мөн гэрээний ажлын үнийн саналын 2 дах хэсэгт заагдсан ажлын явган зам-2 /амрах талбай/-н тоо хэмжээ 667.6 м.кв байсныг 458 м.кв болон өөрчлөгдөж 5 340 800 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг 3 664 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Г.Отгонбаатар гэрээнд заагдсан 16 249 600 төгрөгийн ажил хийснээс Х ХХК-ийн ажлын хөлс 12 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 3 749 600 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Ажлын туслан гүйцэтгэх гэрээний 6.1-д заасны дагуу 1 874 800 төгрөгийн алданги гаргуулна. Х ХХК нь гэрээнд заагдаагүй ажил санал болгосны дагуу 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 5 000 000 төгрөгөөр тохиролцсоны дагуу дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хөлсөө төлөөгүй. Иймд Х ХХК-аас ажлын хөлс 8 749 600 төгрөг, алданги 1 864 800 төгрөг, нийт 10 624 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х ХХК болон Г.Отгонбаатар нарын хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх хугацааг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд, 5.2 дах хэсэгт ажил гүйцэтгэх хугацааны хэлбэлзэл 5 хоног гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.6, 3.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцэх акт үйлдэж, гарын үсэг зурж эцсийн тооцоог хийх байсан боловч гүйцэтгэгч нь ажлын гэрээний хугацаа дуусахаас өмнө орхин явж, ажлыг дуусгаагүй, ажил хүлээлгэн өгөх акт үйлдээгүй. Уг нөхцөл байдлуудыг мэдсэн даруйд ажил хүлээлцэх акт үйлдэхээр 2019 оны 04 сараас хойш Г.Отгонбаатартай утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2 дах хэсэгт гэрээнд гарын үсэг зурснаар 30 хувь, явцын дунд гүйцэтгэлийн 40 хувийг шилжүүлэх, үлдэгдэл 30 хувийг гэрээт ажил дуусаж ажил хүлээлцэх акт үйлдэж 2 тал баталгаажуулсны дараа ажлын 7 хоногийн дотор төлөхөөр заасан. Үүний дагуу гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 11 374 720 төгрөгийг ажил хүлээлцэх акт үйлдэхээс өмнө гүйцэтгэгчид төлөх ёстой байсан боловч гүйцэтгэгчийн саналыг харгалзан, гэрээний хугацаанд 13 510 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй ажил санал болгосны дагуу 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих ажлын хөлсийг 5 000 000 төгрөгөөр тохиролцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэмэлт ажлыг гүйцэтгүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч 4 болон 21 дүгээр байрны тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгасны дараа 12 дугаар байрны тохижилтын ажлыг гүйцэтгэж эхлэхээр амаар хэлцэл байгуулсан. Г,О гүйцэтгэсэн гэх 500 м.кв сагсны талбайг ажлын явцад очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй материалаар хийсэн нь илт мэдэгдэж байсан. 120 м.кв явган хүний зам барих ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч 120 м.кв-аас бага хэмжээний явган хүний замын хавтан дэвссэн, хавтанг дэвсэхдээ хөрсийг тэгшлээгүйгээс болж явган хүний зам хонхор, гүдгэр болсон байсан. Ерөнхий захиалагч талаас инженер ирж чанарын шаардлага хангаагүй, хугацаандаа ажлаа дуусгаагүй гээд алданги, хохирлын асуудал яригдсан. Бид тухайн үед цаг бага байсан учир нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт тавьсан.

Гэтэл тэрээр ажлаа орхин явж, буцаж ирээгүй учир явган хүний замын ажлыг иргэн И.Билэгжаргалтай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/06 тоот гэрээ байгуулж, өөрийн зардлаар хийж дуусгасан. 2019 оны 10 дугаар сард Г.Отгонбаатар ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан гүйцэтгэх захирал Ц.Адъяадоржтой холбогдсон. Гэвч дээрх ажлыг 2019 оны 05 дугаар сард захиалагч өөрийн зардлаар дуусгасан тул түүний саналыг хүлээж аваагүй. Г.Отгонбаатар нь компанийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын гүйцэтгэлийг удаашруулж, Иргэний хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул санхүүгийн хувьд илүү зардал гаргуулж, алдагдалд оруулсан. Гэрээнд алданги төлөх талаар заасан учир нэхэмжлэгч алданги шаардсан. Ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгээд захиалагч талд актаар хүлээлгэж өгснөөр нотлогдох байсан. Гэрээнд бичигдсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд ажлын гүйцэтгэлийн акт үйлдээгүй учир үнийн дүн нотлогдох боломжгүй. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хийсэн ажлаа өөрсдөө тодорхойлоод үнийн дүнгээ тооцож, алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд бичигдсэн ажлаас гадна амаар тохиролцож тоглоом суулгаж өгөх зэрэг ажил байсан ч Г.Отгонбаатар нь амлалтандаа хүрээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Х ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 2 739 600 төгрөг, алданги 1 369 800 төгрөг, нийт 4 109 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 515 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 879 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Отгонбаатараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 80 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Отгонбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Амармэнд, түүний өмгөөлөгч М.Амгалан нарын давж заалдах гомдолд: Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөхөд бэлэн байсан. Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж дууссаны дараа акт үйлдэж эцсийн тооцоог хийх байсан боловч нэхэмжлэгч Г.Отгонбаатар нь гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлыг орхин Булган аймаг руу явсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6 дах хэсэгт захиалагч нь ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцэх актанд гарын үсэг зурж эцсийн тооцоог хийх, 3.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь 4 болон 21 дүгээр байрнуудын урд талбайн тохижилтын ажлыг баталсан тоо хэмжээ, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаа, хөрөнгийн хэмжээнд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр заасан. Нэхэмжлэгч Г.Отгонбаатар гэрээний үүргээ биелүүлэлгүй, ажлыг гүйцэтгэж дуусгалгүй, орхин явсныг мэдсэн даруйд ажлыг хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгч, тооцоо нийлэхийг шаардахаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Адъяадорж гүйцэтгэгч Г,О 99716099 дугаарын утас руу холбогдохоор удаа дараа оролдсон боловч утсаа аваагүй, эргэж холбоо бариагүй. Энэ нь Ц.Адъяадоржийн утаснаас гарах дуудлага хийгдсэн он, цаг, минутаар нотлогдоно. Мөн Ц.Адъяадоржийн Хаан банк дах данснаас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г.Отгонбаатарт 1 500 000 төгрөг шилжүүлсэн байдал нь хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, ажлыг хүлээж авахаас зайлсхийсэн үйлдэл хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд нэхэмжлэгч Г.Отгонбаатар нь ажлаа орхин хөдөө явсан талаар мэдүүлсээр байхад шүүх хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Отгонбаатар шүүхэд үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Гэтэл ... нэхэмжлэгч нь хариуцагчид ажлаа хүлээлгэж өгөх гэсэн боловч цаг хугацаандаа хүлээн аваагүй гэх тайлбар гаргаж, энэ тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байтал шүүх үнэлсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.Отгонбаатар нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийн тулд ямар үйлдэл хийсэн, хариуцагчид акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгөх талаар ямар хүсэлт, шаардлага гаргаж байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ зөрчиж, ажлаа хаяж явснаар хариуцагчид хохирол учруулсан байдаг. Нэхэмжлэгч Г.Отгонбаатар нь ажлыг хүлээлгэж өгөөгүйн улмаас чанарын шаардлага хангахгүй хийгдсэн ажлыг захиалагч тал өөрийн хөрөнгөөр дахин засварлаж, шинээр хийж гүйцэтгэсэн байтал нэхэмжлэгч тал хуулийн шаардлага хангаагүй, тохижилтын ажлын зургийг нотлох баримтаар гаргаж өөрөө хийсэн мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгээгүй дутуу хаяж явсан, үлдсэн ажлын хөлсний үлдэгдэл 2 739 600 төгрөгийг хариуцагч тал төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 8 749 600 төгрөг, алданги 1 864 800 төгрөг, нийт 10 624 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаа бүрэн гүйцэтгээгүй, доголдолтой байсан тул хөлс төлөхгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Талууд 2019 оны 03 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15-р хороо 4, 21-р байрны урд талбайн тохижилтын ажлын туслан гүйцэтгэх ажлын гэрээ-г бичгээр байгуулжээ. Гэрээний дагуу 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах 4, 21 дүгээр байрнуудын урд талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх 4-6/ Уг гэрээнд зааснаар ажлын нийт хөлс 22 937 600 төгрөг байхаар талууд тохиролцсон боловч ажлын хэмжээнд өөрчлөлт орж, зарим ажлыг гүйцэтгэхгүй байхаар талууд тохиролцож нийт 16 249 600 төгрөг болсон /хх 122/ гэх үйл баримтыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй.

Хариуцагч тал буюу захиалагч тал 16 249 600 төгрөг төлөх ёстой байснаас 13 510 000 төгрөгийг нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 7-13, 61-63, 69-71/ Харин үлдэх төлбөрийг төлөхгүй үндэслэлээ гэрээний хугацаа дуусахаас өмнө гүйцэтгэгч орхин явж, дуусгаагүй гэж тайлбарласан. /хх 122/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж тайлбарлан ажлыг гүйцэтгэсэн гэх этгээд болох И.Билэгжаргалыг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч уг этгээд нь шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хариуцагч уг гэрчийг асуулгах хүсэлтээсээ мөн татгалзсан болох нь хэрэгт авагдсан гэрчээр оролцуулахаар дуудсан шүүхийн мэдэгдэх хуудас /хх 115/, хариуцагч талын гаргасан хүсэлт /хх 116/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан эсэх талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээт ажлыг 2019 оны 04 сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч уг хугацаанд гэрээнд зааснаар акт үйлдэн ажлыг хүлээлгэн өгөөгүй боловч ажлыг хийж дуусгасан гэж үзэхээр байна. /хх 122-132/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч хүлээн аваагүй байгаа нь нэхэмжлэгчийн хөлс шаардах эрхийг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэгч тал ажлыг гүйцэтгэж дууссан гэх нөхцөл байдал гэрч Т.Тунгалаг, С.Ганболд нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул үлдэгдэл төлбөр болох 2 739 600 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсаны дагуу ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэхээр гэрээний 5.1 дэх хэсэгт заасан байх бөгөөд гэрээний 5.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх хугацааны хэлбэлзэл 5 хоног байна /хх 4 дүгээр хуудасны ар тал/ гэж мөн зааснаас үзэхэд гэрээ дуусгавар болох эцсийн хугацаа 2019 оны 04 сарын 20-ны өдөр болно. Нэхэмжлэгч тал буюу ажил гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж гүйцэтгэсэн нь гэрч Т.Тунгалаг, С.Ганболд нарын ... ажлыг 04 сарын 30-ны өдөр дуусгасан, .... 04 сарын 30-ны өдрийг хүртэл хийж дуусгасан гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. /хх 55, хх 112/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч тал буюу ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацааг зөрчсөн.

 

Иймд нэхэмжлэгч тал болох гүйцэтгэгч нь хариуцагчийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгч тал хариуцагч Х ХХК-ийн төлөх ажлын хөлсний үлдэгдэл 3 749 600 төгрөгт алданги тооцон шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд аман хэлцлээр хийгдсэн гэх Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих нэмэлт ажлыг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэж өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон асуудлаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд давж заалдах гомдол гаргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх, шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Х ХХК-иас 2 739 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 884 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 80,700 төгрөг гэснийг 58 783 төгрөг гэж өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ