Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1501

 

 

 

 

 

 

 

                    2020       05         01  

             101/ШШ2020/01501


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.О /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х ” ХХК /-д холбогдох

 

10,624,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч М.А, гэрч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Г.О  нь 2019 оны 03 сарын 10-ны өдөр “Х ” ХХК-тай “Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 4 дүгээр байр, 21 дүгээр байрны урд талбайн тохижилтын ажлын туслан гүйцэтгэх ажлын гэрээ” байгуулж Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 4 дүгээр байр, 21 дүгээр байруудын урд талбайн тохижилтын ажлыг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд багтаан гүйцэтгэхээр ажлын нийт өртөг 22,937,600 төгрөг байхаар тохиролцсон. Г.О ын гэрээнд заагдсан ажлыг хийж байх хугацаанд гэрээний ажлын үнийн саналын 4 дэх хэсэгт заагдсан 1,747,200 төгрөгний ажил болох тоглоомын талбай /шүршдэг резинэн будаг/ , 6 дахь хэсэгт заагдсан 3,264,000 төгрөгний ажил болох спорт талбай /шүршдэг резинэн будаг/ зэрэг нийт 5,011,200 төгрөгний ажил цуцлагдсан. Мөн гэрээний ажлын үнийн саналын 2 дахь хэсэгт заагдсан ажлын явган зам-2 /амрах талбай/-ын тоо хэмжээ 667,6 м.кв байсныг 458 м.кв болон өөрчлөгдөж үнийн дүн 5,340,800 төгрөгний ажил 3,664,000 төгрөг болон өөрчлөгдсөн. Г.О  гэрээнд заагдсан 16,249,600 төгрөгний ажил хийснээс “Х ” ХХК ажлын хөлс 12,500,000 төгрөг төлж үлдэгдэл 3,749,600 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Ажлын туслан гүйцэтгэх гэрээний 6.1-д “Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасны дагуу 1,874,800 төгрөгний алдангийг тооцон гаргуулах. “Х ” ХХК нь тус гэрээнд заагдаагүй ажил санал болгосны дагуу Г.О  нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлс нийт 5,000,000 төгрөгөөр тохиролцсоны дагуу дээрхи ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл энэхүү ажлын хөлсийг огт төлөөгүй. Иймд “Х ” ХХК-иас ажлын хөлс 8,749,600 төгрөг, алданги 1,864,800 төгрөг, нийт 10,624,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Х ” ХХК болон иргэн Г.О  нарын хооронд байгуулсан гэрээний 5.1-д ажил гүйцэтгэх хугацааг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн 04 сарын 15-ны өдрийн хооронд, мөн гэрээний 5.2-т ажил гүйцэтгэх хугацааны хэлбэлзэл нь 5 хоног гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.6, 3.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцэх акт үйлдэж, гарын үсэг зурж эцсийн тооцоог хийх байсан боловч гүйцэтгэгч нь ажлыг гэрээний хугацаа дуусахаас өмнө орхин явж, ажлыг дуусгаагүй, ажил хүлээлгэн өгөх акт үйлдээгүй. Дээрх нөхцөл байдлуудыг мэдсэн даруйд ажил гүйцэтгэлтэй холбоотойгоор ажил хүлээлцэх акт үйлдэхээр 2019 оны 04 сараас хойш тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Адъяадорж гүйцэтгэгч Г.О ын утас болох 99716099 дугаараар холбогдохоор удаа дараа оролдсон боловч утсаа аваагүй, эргэж холбоо бариагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2 дахь хэсэгт гэрээнд гарын үсэг зурснаар 30 хувь, явцын дунд гүйцэтгэлийн 40 хувийг шилжүүлэх, үлдэгдэл 30 хувийг гэрээт ажил дуусаж ажил хүлээлцэх акт үйлдэж 2 тал баталгаажуулсны дараа ажлын 7 хоногийн дотор төлөхөөр заасан. Үүний дагуу тооцвол нэхэмжлэлд заасан гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 11,374,720 төгрөгийг ажил хүлээлцэх акт үйлдэхээс өмнө гүйцэтгэгчид төлөх ёстой байсан боловч гүйцэтгэгчийн саналыг харгалзан, гэрээний хугацаанд 13,510,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй ажил санал болгосны дагуу 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлс нийт 5,000,000 төгрөгөөр тохиролцож дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ. Дээрх ажлыг гүйцэтгүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч 4, 21 дүгээр байрны тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгасны дараа 12 дугаар байрны тохижилтын ажлыг гүйцэтгэж эхлэхээр аман хэлцлээр тохиролцсон. Уг 12 дугаар байрны тохижилтын ажлын нийт хэмжээ нь зөвхөн 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам биш тус байрны гадна бүрэн тохижилтын ажил түүнээс их байсан. Г.О ын гүйцэтгэсэн гэх 500 м.кв сагсны талбайг ажлын явцад очиж үзэхэд сагсны талбайн бетон хучилт нь нүдээр үзэхэд тэгш бус буюу тал талдаа хонхор, гадаргуу нь арзгар, чанарын шаардлага хангахгүй материалаар хийсэн нь илт мэдэгдэж байсан. Нэхэмжлэлд дурьдсан 120 м.кв явган хүний зам барих ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч 120 м.кв-аас бага хэмжээний явган хүний замын хавтан дэвссэн, хавтанг дэвсэхдээ хөрсийг тэгшлэхгүйгээр хийснээс болж явган хүний зам хонхор, гүдгэр болсон байсан. Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д заасан ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй. Компанийн хувьд ерөнхий захиалагчийн өмнө бас хариуцлага хүлээж байгаа. Ерөнхий захиалагч талаас инженер ирээд чанарын шаардлага хангаагүй, хугацаандаа ажлаа дуусгаагүй гээд алданги, хохирлын асуудал яригдсан. Бид тухайн үед цаг бага байсан учир нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл ажлаа хаяад явсан, ирээгүй учир явган хүний замын ажлыг иргэн Ц.Билэгжаргалтай 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 19/06 тоот гэрээ байгуулж, өөрийн зардлаар ажлыг хийж дуусгасан. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Г.О тай холбогдох гэж оролдсон боловч утсаа аваагүй, эргэж холбоо барихгүй, ажлын талбарт дахин ирээгүй. 2019 оны 10 сард Г.О  ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан гүйцэтгэх захирал Ц.Адъяадоржтой холбогдсон, гэвч дээрх ажлыг 2019 оны 05 сард захиалагч өөрийн зардлаар дуусгасан байсан тул түүний саналыг хүлээж аваагүй. Г.О  нь манай компанийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын гүйцэтгэлийг удаашруулж, Иргэний хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул санхүүгийн хувьд илүү зардал гаргуулж, алдагдалд оруулсан. Нэхэмжлэгч талаас алданги шаардсан байна. Гэрээнд гүйцэтгэгч тал бас алданги төлөх талаар заалт байгаа. Ажлаа гүйцэтгэж дуусаагүй бол алданги шаардах эрхтэй ч манай талаас Г.О аас алданги шаардаагүй. Гэрээний хавсралтад байгаа тоо хэмжээг барилгын ажлын зураг дээр байсан тоо хэмжээг автоматаар оруулж өгсөн байгаа. Ажил хийж гүйцэтгэж байх үед ерөнхий захиалагчийн зүгээс зарим ажил нь зураг төсөлд өөрчлөлт ороод цуцлагдсаныг талууд бичгээр гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр ажил хийгээд дууссаны дараа актаар хүлээлцэнэ гэдэг дээрээ амаар тохиролцоод үргэлжлүүлсэн байгаа. Ажлын гүйцэтгэл юугаар нотлогдох вэ гэхээр нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгээд захиалагч талд актаар ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгснөөр нотлогдох байсан. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй, ажлаа хаяад явсан. Тийм учир гэрээн дээр бичигдсэн үнийн дүнг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын тохиролцоо, үнийн дүн, хийсэн ажил нь акт үйлдээгүй учир нотлогдох боломжгүй байгаа. Тооцоо  нийлээгүй, ажил гүйцэтгэсэн акт үйлдээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хийсэн ажлаа өөрсдөө тодорхойлоод үнийн дүнгээ тооцож, алданги бодож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Амаар тохиролцсон гэж байгаа 12 дугаар байрны ажил нь материалаар тоглоод чанарын шаардлага хангаагүй ажил хийгээд хаяад явсан. Нэхэмжлэгч өөрийнхөө зардлаар чанаргүй ажлаа засаж өгөх ёстой байсан тул манай талаас мөнгө төлөх боломж байхгүй. Гэрээнд бичигдсэн ажлаас гадна амаар тохиролцсон тоглоом суулгаж өгөх гэх мэт ажил байсан ч Г.О  нь хэлсэн амандаа хүрээгүй гэж хэлэхэд болно. Иймд иргэн Г.О ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О  нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 8,749,600 төгрөг, алданги 1,864,800 төгрөг, нийт 10,624,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

“Х ” ХХК, иргэн Г.О  нар нь 2019 оны 03 сарын 10-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Г.О  нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 4, 21 дүгээр байрны урд талбайн тохижилтын ажлыг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 04 сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч “Х ” ХХК нь ажлын нийт өртөг 22,937,600 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар 30 хувь буюу 6,881,280 төгрөг, явцын дунд гүйцэтгэлийн 40 хувь буюу 9,175,040 төгрөг, гэрээт ажил дуусаж ажил хүлээлцэх акт үйлдэж 2 тал баталгаажуулсны дараа 30 хувь буюу 6,881,280 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-4-6/

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 4 болон 21 дүгээр байрны тохижилтын ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, нийт 16,249,600 төгрөгийн ажил гүйцэтгэснээс ажлын хөлс 12,500,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 3,749,600 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги 1,874,800 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ажил гүйцэтгэж дууссаны дараа акт үйлдэж эцсийн тооцоог хийх байсан боловч гүйцэтгэгч нь ажлыг гэрээний хугацаа дуусахаас өмнө орхин явж, ажлыг дуусгаагүй, гэрээнд заасны дагуу 70 хувь болох 11,374,720 төгрөгийг ажил хүлээлцэх акт үйлдэхээс өмнө төлөх ёстой байсан боловч 13,510,000 төгрөгийг төлсөн, ажил гүйцэтгэсэн акт үйлдээгүй тохиолдолд хийсэн ажлаа өөрсдөө тодорхойлоод үнийн дүнгээ тооцож, алданги бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.6-д захиалагч нь ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцэх актанд гарын үсэг зурж эцсийн тооцоог хийх, 3.1-д гүйцэтгэгч нь  4, 21 дүгээр байрнуудын урд талбайн тохижилтын ажлыг баталсан тоо хэмжээ, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаа, хөрөнгийн хэмжээнд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг 2019 оны 03 сарын 10-ны өдрөөс 04 сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч тухайн хугацаанд ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид ажлаа хүлээлгэж өгөх гэсэн боловч цаг хугацаандаа хүлээн аваагүй гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан бөгөөд захиалагч “Х ” ХХК нь гүйцэтгэгч Г.О ын хийж гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 4, 21 дүгээр байруудын урд талбайн тохижилтын ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үндэслэлтэй. Учир нь захиалагч нь дээрх гэрээт ажлын дараа Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэгчээр хийлгэхээр тохирсон байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэрээт ажлыг хүлээн авах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ажлыг хүлээн аваагүй нь ажлын хөлсийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Гэрээгээр 4 дүгээр байрны гадна тохижилтын ажилд явган зам-1 /зорчих хэсэг хөтөчтэй/ 218,5 м.кв, явган зам-2 /амрах талбай/ 667,6 м.кв, явган зам-3 /чийрэгжүүлэх  талбай/ 198,2 м.кв, тоглоомын талбай /шүршдэг резинэн будаг/ 218,4 м.кв, спорт талбай /шүршдэг резинэн будаг/ 408 м.кв, сдорт тоглоомын талбайн бетон хучилт  626,4 м.кв ажлыг тус тус нэгж үнэ 8000 төгрөгөөр, явган замын хашлага 524 м ажлыг нэгж үнэ 2000 төгрөгөөр, нийт 19,744,800 төгрөгийн,

21 дүгээр байрны гадна тохижилтын ажилд явган зам-1 /зорчих хэсэг хөтөчтэй/ 129 м.кв, явган зам-2 /амрах талбай байгалийн чулуу/ 154 м.кв, авто замын хашлага 88,6 м.кв ажлыг тус тус нэгж үнэ 8000 төгрөгөөр, явган замын хашлага 110 м ажлыг нэгж үнэ 2000 төгрөгөөр, нийт 3,192,800 төгрөгийн ажил  хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-5 дахь хуудасны ар тал, 6/

 

Ажил гүйцэтгэх явцад 4 дүгээр байрны гадна тохижилтын ажлаас тоглоомын талбай /шүршдэг резинэн будаг/ 218,4 м.кв 1,747,200 төгрөгийн ажил, спорт талбай /шүршдэг резинэн будаг/ 408 м.кв 3,284,000 төгрөгийн ажил хасагдаж, явган зам-2 /амрах талбай/ ажлын тоо хэмжээ өөрчлөгдөж 667,6 м.кв нь 458 м.кв болж багассан байх бөгөөд хийж гүйцэтгэхээр тохирсон ажил хасагдсан, ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 4 дүгээр байрны гадна 13,056,800 төгрөгийн 5 төрлийн тохижилтын ажил, 21 дүгээр байрны гадна 3,192,800 төгрөгийн 4 төрлийн тохижилтыг ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул хариуцагч нь Баянзүрх дүүргийн 4, 21 дүгээр байрны урд талбайн тохижилтын ажлын хөлсөнд 16,249,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан Хаан банкин дахь Г.О ын 5906087716 тоот данс, Голомт банкин дахь “Х ” ХХК-ийн 1415115217 тоот данс, Хаан банкин дахь Ц.Адъяадоржийн 5076118599 тоот дансны депозит дансны хуулгаар 2019.03.10-ны өдөр 500,000 төгрөг, 2019.03.12-ны өдөр 2,900,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 900,000 төгрөг, 2019.03.23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.04.10-ны өдөр 2,700,000 төгрөг, 300,000 төгрөг, 2019.05.02-ны өдөр 80,000 төгрөг, 130,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 13,510,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О ын 5906087716 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-7-13, 61-63, 69-71/

 

Хариуцагч нь гэрээт ажлын хөлсөнд 16,249,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул түүний төлсөн 13,510,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 2,739,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т “захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасныг үндэслэн алданги 1,874,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулж гэрээт ажлын хөлс төлөх үүргийг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх бөгөөд хариуцагчийн төлбөл зохих үлдэгдэл 2,739,600 төгрөгийн 50 хувь буюу 1,369,800 төгрөгийг алдангид тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн санал болгосны дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам барих ажлыг 5,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр амаар тохирсон, ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь 12 дугаар байрны тохижилтын ажлын нийт хэмжээ нь зөвхөн 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний зам биш өөр ажлууд байсан, Г.О ын гүйцэтгэсэн гэх сагсны талбайн бетон хучилт нь чанарын шаардлага хангахгүй байсан, ажил дуусгаж хүлээлгэж өгөлгүй, орхиж явсан учир уг ажлыг өөр этгээдтэй гэрээ байгуулан өөрийн зардлаар хийж дуусгасан тул нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Талууд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны гадна хийх тохижилтын ажлын талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул гүйцэтгэх ажтл, түүний тоо хэмжээ, чанар, стандартын талаар хэрхэн тохиролцсоныг нарийвчлан тогтоох боломжгүй байх бөгөөд уг асуудал тэдний хооронд хийгдсэн аман тохиролцоогоор тодорхойлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.О  ажлыг хугацаанд нь дуусгаагүй, тохиролцсон тоо хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байсан гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ямар ажил нь ямар норм, дүрэм, стандартад нийцэхгүй байсан талаар тухайлан тайлбарлаж, баримтаар нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.О  нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд хариуцагчтай тохиролцсоны дагуу тодорхой ажил хийж гүйцэтгэсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь тохиролцсон гэх 500 м.кв сагсны талбай, 120 м.кв явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баримтаар нотлоогүй, дээр дурдсан ажлыг тохиролцсон тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас уг ажлын хөлс гэх 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Х ” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 2,739,600 төгрөг, алданги 1,369,800 төгрөг, нийт 4,109,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,515,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т  заасныг баримтлан, хариуцагч “Х ” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 2,739,600 төгрөг, алданги 1,369,800 төгрөг, нийт 4,109,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,515,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,879 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч Г.О аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 80,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т  заасныг баримтлан, хариуцагч “Х ” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 2,739,600 төгрөг, алданги 1,369,800 төгрөг, нийт 4,109,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,515,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,879 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч Г.О аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 80,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР