Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00697

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00697

 

 

С.Түмэнгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02815 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Түмэнгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ромбон газар ХХК, НВЦ ХХК, Ц.Лхагвадорж, Ц.Баатарбилэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 020 702 995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ромбон газар ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Түмэнгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Наранбаяр

Хариуцагч: Ц.Баатарбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Түмэнгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Ч.Өлзийбадрах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Түмэнгэрэл нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ромбон газар ХХК-ийн захирал Ц.Лхагвадорж, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 14-нөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл  сарын 3,2 хувийн хүүтэй, 600 000 ам.доллар бэлнээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 2.4-т хэрэв зээлийн төлбөрийг хуваарьт өдөр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж тохирсон. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төлөгдөөгүй зээл, хүү, алдангийг тооцон 865 150 ам.доллар гэж тооцоо нийлэн уг дүнгээр зээлийн гэрээний сунгалтыг хийж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны 60 тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202015230 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, Ромбон газар ХХК-ийн өмчлөлд байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 66/6 тоот хаягт байрлах, 1568.2 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206040574 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Ромбон газар ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус барьцаалсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Уг гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч нараас хүсэлт гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 1 дүгээр сарын 14 хүртэл 4 сарын хугацаагаар сунгаж, улмаар 265 000 ам.долларыг нэмж авахаар талууд тохиролцсон, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг хийж, 2016 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хоёр дахь сунгалт гэрээг байгуулсан. Зээлдэгч нар гэрээний хугацааны явцад буюу 2016 оны 2 дугаар сарын 13-ныг хүртэл 8 сарын хугацааны зээлийн хүүг төлсөн бөгөөд энэ хугацааны хүүний асуудлаар маргахгүй. Зээлийн гэрээг сунгаснаас хойш хүүг огт төлөөгүй. Зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа шаардсан боловч, Ц.Лхагвадорж нь утсаа авахгүй алга болж, харин НВЦ ХХК зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаагүй. Хариуцагч нар үндсэн зээлд 865 150 ам доллар, 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2017 оны 2 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны хүү 323 912 ам.доллар, 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 2 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны алданги 432 075 ам.долларыг эргүүлж төлөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар 1 621 637 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкы ханш 2 479,41 төгрөгөөр тооцож нийт 4 020 702 995 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 020 702 995 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ромбон газар ХХК-ийн захирал Ц.Лхагвадорж шүүхэд гаргасан болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д... хууль зөрчсөн, 56.1.8-д... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэсэн заалт болон Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт шилжүүлсэн бүх зүйлээ буцаана гэж зааснаар 350 000 ам.долларыг төлөхөд татгалзах зүйлгүй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т... мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гээд мөнгөний үнийн дүнг заасан болохоос төгрөг гэж заасан зүйл байхгүй. Мөнгө гэдэгт нь Монгол улсын төгрөг, гадаадын валют зэрэг орох бөгөөд Иргэний хуульд мөнгө гэдгийг алт, түүнтэй адилтгах бусад актив байна гэж заасан байдаг. Үүрэг үүссэн үеийн ханшаар удаа дараа зээлийн гэрээ сунгагдсан байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлийн зээлийн гэрээний ханшаар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул үндсэн төлбөр 350 000 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 1943,34 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй, хүү алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн хоёр дахь зээл гэх 265 150 ам.долларыг бэлнээр аваагүй, хүү алданги тооцож нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нандинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний дагуу эхлээд 600 000 ам.доллар, дараа нь  265 150 ам.долларыг нэмж авсан нь үнэн. Манай талаас Ромбон газар ХХК-тай харилцан тохиролцож тооцоо нийлсэн бөгөөд манай компани өөрсдийн хариуцах 250 000 ам.долларыг хүлээн зөвшөөрч, нэг ам.долларыг 2 479,41 төгрөгийн ханшаар тооцож 619 852 500 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хүү, алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Мөн 265 150 ам.доллараас 41,5 хувийг хүү, алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй, өөр тайлбар байхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Лхагвадорж хувь хүнийхээ үүднээс бус Ромбон газар ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан. Иймд Ц.Лхагвадоржид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Баатарбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баатарбилэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир хэлэх тайлбар байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Түмэнгэрэл хариуцагч Ц.Лхагвадорж, Ц.Баатарбилэг нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, Ц.Лхагвадорж, Ц.Баатарбилэг нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ромбон газар ХХК-иас 2 241 214 693  төгрөг, НВЦ ХХК-иас 1 594 159 842 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Түмэнгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 185 328 460 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 20 961 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ромбон газар ХХК-иас 11 364 023 төгрөг, НВЦ ХХК-иас 8 128 749 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Түмэнгэрэлд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны 60 тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202015230 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 66/6 тоот хаягт байрлах 1568.2 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206040574 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Ромбон газар ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс гаргуулж С.Түмэнгэрэлд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ромбон газар ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч С.Түмэнгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээ нь талуудын хооронд 600 000 ам.долларыг 3,2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл байх бөгөөд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэл шаардаж буй мөнгөн төлбөр нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Монгол банкны ханшийг баримтлах ёстой гэж үзэж байна. Тухайн үеийн лавлагаагаар 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 1943,34 төгрөгөөр тооцсон байх тул 600 000 ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханшаар хэлцлээр шилжүүлсэн мөнгө нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар 600 000 X 1943,34 = 1 116 004 000 төгрөг болж байна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон буюу 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ханш болох 1 ам.долларыг 2479,41 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг эс зөвшөөрч байна. Хамтран хариуцагч НВЦ ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Ромбон газар ХХК нь 350 000 ам.доллар буюу үүрэг үүссэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 350 000 х 1943,88= 680 358 00 төгрөгийн үндсэн зээлийг хариуцах тооцооны дагуу уг мөнгийг хариуцагч Ромбон газар ХХК нь нэхэмжлэгч С.Түмэнгэрэлд төлөхийг зөвшөөрч байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэр уг тооцооноос нэмж авсан зээл буюу 265 150 ам.долларыг бэлнээр аваагүй, өмнөх зээлийн хүү, алдангийг бэлнээр авсан мэтээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, бэлэн мөнгөний тооцооны баримт гэх нэг талын гаргасан баримтаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлээс хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 5 дугаар сарын 13-ны 006 тоот зээлийн гэрээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтуудыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Монгол банкны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б-10/834, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9/1919 тоот албан бичгүүдээр өгсөн хариугаар нотлогдож, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү авах, алданги тооцох эрхээ тус тус алдсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ромбон газар ХХК нь гэрээ байгуулсан өдрийн ханшаар 350 000 х 1943,88= 680 358 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 4 дэх заалтыг "Ромбон газар ХХК-ийн барьцаанаас зөвхөн тухайн компанид ноогдох төлбөрийг гаргуулах гэж өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ромбон газар ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 680 358 000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Түмэнгэрэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1 621 637 ам.доллар буюу 4 020 702 995 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. /хх-ийн 18 тал/

 

Анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2017/02255 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч С.Түмэнгэрэлийн нэхэмжлэлдээ тодорхойлсон хоёр шаардлагын нэг болох зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлагад иргэний хэрэг үүсгэж, нөгөө шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг орхигдуулсан байна. /хх-ийн 18 тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй, уг захирамжаа өөрчилж, залруулсан баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 001, 002 дугаар барьцааны гэрээнүүд авагдсан байх бөгөөд 002 дугаар барьцааны гэрээгээр иргэн Э.Эрдэнэзаяа, Л.Цогтбилэг, Л.Одбилэг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52 дугаар байрны 60 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 13-16 тал/ Барьцааны гэрээний хувьд хариуцагч нар барьцаалах эрх бүхий этгээд мөн эсэх, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, хэрэв барьцааны гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлагыг хариуцах этгээд хэн болох нь тодорхой бус байхад уг асуудлыг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Түүнчлэн энэ талаар хариуцагч нарт танилцуулсан, хариуцагч нар уг асуудлаар хариу тайлбар гаргасан, талууд мэтгэлцсэн, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагч НВЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ундармааг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс томилсныг бүртгэсэн бичиглэл хийгдсэн, уг бүртгэлд өөрчлөлт оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат гэсэн гарын үсгээр А.Нандинзаяад итгэмжлэл олгож, А.Нандинзаяа хариуцагч НВЦ ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байгааг тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд оролцсон гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 32, 121 тал/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ромбон газар ХХК-ийн төлсөн 7 962 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО