Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/2017/00516/И

 

 

 

 

 

 

  2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/02815

                      Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:С.Т-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Г ХХК,

 

Хариуцагч:Н ХХК,

 

Хариуцагч: Ц.Л,  

 

Хариуцагч: Ц.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.020.702.995 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Ч.Өлзийбадрах, хариуцагч Р.Г ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нандинзаяа, хариуцагч Ц.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие С.Т нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Р.Г ХХК-ийн захирал Ц.Л, Н ХХК-ийн захирал Ц.Л нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 14-нөөс 2015 оны 09 дүгээр сарын 14 хүртэл  сарын 3,2 хувийн хүүтэй, 600.000 ам.доллар бэлнээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан билээ. Гэрээний 2.4-т хэрвээ зээлийн төлбөрийг хуваарьт өдөр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар нь зээлийн гэрээ заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж тохирсон. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төлөгдөөгүй зээл, хүү, алдангийг тооцон 865.150 ам доллар гэж тооцоо нийлэн 865.150 ам долларын зээлийн гэрээний сунгалтыг хийж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн ................. тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, Ромбон газар ХХК-ийн өмчилж байгаа Хан-Уул дүүргийн .......... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Р.Г ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус барьцаалсан. Гэвч зээлдэгч нар энэ өдрөөс хойш гэрээгээр тохирсон хугацаандаа үндсэн зээл, хүү, алдангийг огт төлөлгүй өдийг хүргэсэн. Иймд үндсэн зээл 865.150 ам доллар, төлөх ёстой хүү 323.912 ам доллар, алдангийг Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, 432.575 ам доллар нийт 1.621.637 ам долларыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны нэг ам долларын ханш 2.479.41 төгрөгөөр тооцож нийт 4.020.702.995 төгрөгийг Ц.Л, Ц.Б нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч С.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т нь Р.Г ХХК, Н ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,  2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сарын 3.2 хувийн хүүтэй, 600.000 ам долларыг зээлж авсан. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Баянгол ........ тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 мкв талбайтай, ....... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн ........ тоот хаягт байрлах, 1568.2 м.кв талбайтай, аялал зуучлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206040574 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Р.Г ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Уг гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч нараас хүсэлт гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 14 хүртэл 4 сарын хугацаагаар сунгаж, улмаар 265.000 ам долларыг нэмж авахаар талууд тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг хийж, 2016 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хоёр дахь сунгалт гэрээг байгуулсан. Зээлдэгч нар гэрээний хугацааны явцад буюу 2016 оны 02 дугаар сарын 13-ныг хүртэл 8 сарын хугацааны зээлийн хүүг төлсөн бөгөөд энэ хугацааны хүүн дээр маргахгүй. Зээлийн гэрээг сунгаснаас хойш хүүг огт төлөөгүй. Зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа шаардсан боловч, Ц.Л нь утсаа авахгүй алга болж, харин Н ХХК зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаагүй. Хариуцагч нараас үндсэн зээлд 865.150 ам доллар, 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны хүү 323.912 ам доллар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-д хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон дагуу алдангид 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн болох 432.075 ам долларыг эргүүлж төлөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар 1.621.637 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкы ханш 2479.41 төгрөгөөр тооцож нийт 4.020.702.995 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн юм. Уг нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Л, Ц.Б нарт холбогдох хэсгээс татгалзаж байна. Хариуцагч Р.Г ХХК, хариуцагч Н ХХК нь хоорондоо тооцоо нийлж, Р.Г ХХК 600.000 ам.доллараас 350.000 ам.долларыг, Н ХХК 250.000 ам.долларыг авч хэрэглэснээ зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн зүгээс тэр хэмжээнд хариуцуулж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн хоёр дахь зээл болох 265.150 долларыг анхны авсан зээлийн хэмжээнд хуваарилж тооцуулах хүсэлтэй байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Р.Г ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх шиг байна. Тусгай зөвшөөрөл өгөх эрх Монгол банкинд байхгүй. Гэтэл ам долларын зээл учраас Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Тэгээд ч ямар нэг бараа, ажил үйлчилгээний үнэ биш. Зээл өгсөн үү, зээл авсан уу гэдэг дээр талууд маргаагүй, гэрээнд гарын үсгээ зурж, мөнгө өгч авсан нь үнэн, Н ХХК зээлийг төлнө гэж тайлбарлаж байгаа. Бас зээл авсан өдрийн ам долларын ханшаар төлнө гэхээр энэ хүн 2015 онд хүнд зээл өгөөд 2017 онд эргээд 2015 оны валютын ханшаар авна гэдэг бол шударга бус зүйл. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь ам доллартой холбоогүй заалт. Энэ тохиолдолтой хамааралгүй. Иймд хариуцагч Р.Г ХХК, Н ХХК-иас 4.020.702.995 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч Р.Г ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, заримыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь: Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д... хууль зөрчсөн, 56.1.8-д... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэсэн заалт болон Валютын зохицуулалтын тухай хуулийн 13-ийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т... банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д шилжүүлсэн бүх зүйлээ буцаана гэж зааснаар 350.000 ам долларыг төлөхөд татгалзах зүйлгүй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т... мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гээд мөнгөний үнийн дүнг заасан болохоос төгрөг гэж заасан зүйл байхгүй. Мөнгө гэдэгт нь Монгол улсын төгрөг, гадаадын валют зэрэг орно. Иргэний хуульд мөнгө гэдгийг алт, түүнтэй адилтгах бусад актив байна гэж заасан байдаг. Үүрэг үүссэн үеийн ханшаар удаа дараа зээлийн хэлцэл сунгагдаж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлийн зээлийн гэрээний ханшаар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул үндсэн төлбөр 350.000 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 1943.34 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй, хүү алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн хоёр дахь зээл гэх 265.150 ам.долларыг бэлнээр аваагүй, хүү алданги тооцож, ийм хэмжээний мөнгө  нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

   Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нандинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас манай Н ХХК, Р.Г ХХК-д тус тус холбогдуулж 4.020.702.995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Зээлийн гэрээний дагуу эхлээд 600.000 ам.доллар, дараа нь  265.150 ам долларыг нэмж авсан нь үнэн. Бид Р.Г ХХК-тай харилцан тохиролцож тооцоо нийлсэн бөгөөд манай компани өөрсдийн хариуцах 250.000 ам долларыг хүлээн зөвшөөрч, нэг ам долларыг 2479.41 төгрөгийн ханшаар тооцож 619.852.500 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хүү, алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Мөн 265.150 ам доллараас 41.5 хувийг хүү алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй, өөр тайлбар байхгүй гэв.

 

   Хариуцагч Ц.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Л нь хувь хүнийхээ зүгээс биш Р.Г ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулж мөнгө авсан. Иймд Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   Хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр хариуцагч Ц.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир хэлэх зүйл алга байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            С.Т нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Р.Г ХХК, Н ХХК-тай 006 тоот зээлийн гэрээ байгуулж, 600.000 ам долларыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч, зээлийн гэрээний баталгаа болгож, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 001 тоот барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ...........тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, ....... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн .......... тоот хаягт байрлах, 1568.2 м.кв талбайтай, аялал зуучлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, ............. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Р.Г ХХК-д 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 14 хүртэл 4 сарын хугацаагаар, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 19 хүртэл хугацаагаар хоёр дахь удаагаа сунгаж, мөн өдөр 265.150 доллар нэмэж зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн сунгалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

            Талууд зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2015 оны 01 дүгээр сарын 14, 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 19 хүртэл нийт хоёр удаа сунгасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хариуцагч Ц.Б, Ц.Л нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба Р.Г ХХК-иас 350.000 ам долларыг хүү, алдангийн хамт, хоёр дахь зээл болох 265.150 ам.доллараас   тус компанийн хэрэглэсэн хэмжээ 58.5 хувиар тооцож, хүү алдангийн хамт, Н ХХК-иас 250.000 ам долларыг хүү, алдангийн хамт, хоёр дахь зээл болох 265.150 ам.доллараас 41.5 хувиар тооцож, хүү алдангийн хамт, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2479.41 төгрөгөөр тооцож нийт 4.020.702.995 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

            Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхний зээл болох 250.000 ам долларыг хүү, алдангийн хамт, хоёр дахь зээл болох 265.150 ам.доллараас өөрийн компанийн хариуцах 41.5 хувиар тооцож, хүү алдангийн хамт, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2479.41 төгрөгөөр тооцож төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Р.Г ХХК зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 217.1, 218.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13-ийн 1,  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул эхний зээлийн гэрээний дагуу авсан 350.000 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 1943.34 төгрөгөөр тооцож төлөхийг зөвшөөрч, хүү алданги төлөхгүй, мөн хоёр дахь зээл болох 265.150 ам.долларыг бэлнээр аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байгаа болно. 

          

            Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т... “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцох”-оор зааснаар эхний зээлийн гэрээгээр зээлдэгч нарт 600.000 ам долларыг, хоёр дахь зээлийн гэрээгээр 265.150 ам.долларыг шилжүүлсэн болох нь 2015 оны 5 дугаар сарын 14, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т  заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

          Зээлдэгч нар эхний зээл болох 600.000 ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 14-нөөс 2015 оны 9 дүгээр сарын 14 хүртэл 4 сарын хугацаатай зээлж, дахин 4 сарын хугацаагаар сунгасан ба дээрх хугацааны хүүг бүрэн төлсөн, нэхэмжлэгч С.Тэнэ хугацааны хүү авсан тал дээр маргахгүй байна.

        

           Хариуцагч Р.Г ХХК-ийн өмгөөлөгч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 13-ийн 1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтуудыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, дээрх хуулийн заалтад хамааралгүй, зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар маргаагүй, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

           Мөн хариуцагч Р.Г ХХК нь хоёр дахь зээл болох 265.150 ам.долларыг бэлнээр аваагүй, өмнөх хүү алдангийг тооцож гэрээ байгуулсан, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч түүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч тал хариуцагч Н ХХК,  Р.Г ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 265.150 ам.доллар өгсөн нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож, уг мөнгийг хүлээн авснаа Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаагаар үгүйсгэгдэж байна.

 

           Түүнчлэн Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т.. мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар хариуцагч Р.Г ХХК-ийн өмгөөлөгчийн үүрэг үүсэх, гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн долларын ханш 1934.34 төгрөгөөр төлнө гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

        Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь монгол мөнгөний ханш өссөн, буурсан үед хэрэглэгдэх ба Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зїйлийн 63.2-т...Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

           Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч Р.Г ХХК эхний зээл 600.000 ам. доллараас 350.000 ам.доллар, Н ХХК 250.000 ам доллар авч хэрэглэсэн талаар маргаагүй, энэ нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа, түүнчлэн хоёр дахь зээл болох 265.150 ам.долларыг өмнөх зээл авсантай адилтган Р.Г ХХК 58,5 хувь, Н ХХК 41,5 хувиар ам.доллар авч хэрэглэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч нарын дээрх тооцооллоор төлбөрийг гаргуулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т...Анзын гэрээг бичгээр хийнэ, 232. 4-т… Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр анз төлөхөөр зааж болно гэсэн дагуу зохигчид зээлийн гэрээнд алданги төлөхөөр тохирсон байх тул зээлдүүлэгч алданги нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.

 

           Хариуцагч нарын зээл, хүү, алдангийн тооцооллыг гаргавал: Зээлдэгч Р.Г ХХК-иас эхний зээл болох 600.000 доллараас тус компанийн хэрэглэсэн гэх 350.000 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 2017 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны төгрөгт хөрвөх ханш 2479.41 төгрөгөөр тооцож, 867.793.500 төгрөг, хоёр дахь зээл буюу 265.150 доллараас авч хэрэглэсэн хэмжээ буюу 58.5 хувиар тооцож 155.113 долларыг  2479.41 төгрөгөөр тооцож, 384.588.103 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 19 хүртэл хугацааны хүү 249.165 долларыг 2479.41 төгрөгөөр тооцоход 617.782.193 төгрөг болж байх ба 58.5 хувиар тооцож 361.402.583 төгрөг, зээлдүүлэгч үндсэн зээл 865.150 доллараас алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, 432.575 ам.доллар нэхэмжилснийг 58.5 хувиар тооцож, /432.575х2479.41х58.5%/=627.430,507 төгрөг нийт 2.241.214.693 төгрөг  гаргуулах, Н ХХК-иас эхний зээл 250.000 ам долларыг 2479.41 төгрөгөөр тооцож 619.852.500 төгрөг, хоёр дахь зээл болох 265.150 долларыг 41.5 хувиар тооцож 110.037 долларыг 2479.41 төгрөгөөр тооцож 272.827.458 төгрөг, хүү 249.165 долларыг 2479.41 төгрөгөөр тооцоход 617.782.193 төгрөг болж байх ба 41.5 хувиар тооцож 256.379.610 төгрөг, алданги, /432.575х2479.41х41.5%/=445.100.274 төгрөг, нийт 1.594.159.842 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж тохирсон гэж тайлбарлан 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргах /2017 оны 02 дугаар сарын 10/ хүртэл хугацааны хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ хугацаанд зохигчид зээлийн гэрээний хүүг сунгаагүй байх тул хүүнд илүү нэхэмжилсэн 185.328.460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т хариуцагч Ц.Л, Ц.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, Ц.Л, Ц.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ромбон газар ХХК-иас 2.241.214.693  төгрөг, Н ХХК-иас 1.594.159.842 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 185.328.460 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 20.961.465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Г ХХК-иас 11.364.023 төгрөг, Н ХХК-иас 8.128.749 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгосугай.

 

            4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ........ тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 1........ талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах, Р.Г ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглуулах 2011/50 дугаартай гэрчилгээг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс гаргуулж С.Т-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН