Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01546

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01546

 

 

 

М.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Баасанжавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Дэлгэрсайханд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 149 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: . Н.Дэлгэрсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдөр Булган аймгийн Өвөрхангай суманд н.Банзрагч гэж залуутай хамт очиж үхэр авна, би махны ченж хийдэг, мах өндөр үнээр борлуулах гэрээт газартай гэж өөрийгөө танилцуулаад М.Баасанжавын үхрийг үзээд явсан. Наадмын дараа 3 залуутай ирээд 30 эр үхэр ачаад явсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 180 үхэр заруулахаар Н.Дэлгэрсайханд өгсөн. Н.Дэлгэрсайхан тухайн үед мал нядалгааны газруудаар орж 2017оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зарж дуусгаад 117 000 000 төгрөгийг М.Баасанжавд өгөөгүй. Мөнгөө авахаар Н.Дэлгэрсайхантай уулзахад банкны хүүгээс өндөр 3.5-4.5 хувиар мөнгийг чинь өсгөөд өгье би хадлан хадаж байгаа, 50.000 орчим өвс бууж, 1 боодлыг 6 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон Өвөрхангайн өвсний фондод бэлэн мөнгөөр 30 000 өвс өгөхөөр тохиролцон нийт 300 000 000 төгрөг олохоор болсон. Таны мөнгийг хүүтэй нь өгнө гэж хэлсний дагуу зээлүүлэхээр тохиролцсоны дагуу талууд 2017 оны 9 сарын 06-ны өдөр 117 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай Н.Дэлгэрсайханд зээлж, тухайн өдрөө зээлийн гэрээг бичгээр хийсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор буцааж өгнө гэж гэрээнд тусгасан боловч өгөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.7-д "зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ" гэж заасан. Гэрээнд анзын талаар тохиролцсон учраас хүү зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Иймд Н.Дэлгэрсайханаас үндсэн зээл 117 000 000, хүү 16 380 000, алданги 16 190 000, нийт 149 570 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна. Бэлэн мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж хамтран ажиллаж байсан. Хадлангийн техник тракторт оруулсан мөнгө юм. М.Баасанжав нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч. өөрөө хүлээн зөвшөөрч тоног төхөөрөмж, тракторыг хүлээн авч, гарын үсэг зуран Дорнод руу өөрийн унаагаар хамт явж, 10 гаруй хоног хадлан дээр хамт ажиллаж байгаад гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна гэж уурласан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеээр надад үхрээ өгч худалдан борлуулаад тохиролцсоны үндсэн дээр хадлан руу орсон. Хадлан дээр очоод М.Баярсайхан нь гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна, буцна гээд байхаар нь аргагүйн эрхэнд мөнгө зээлсэн гэсэн нотариатын гэрээ хийж буцаасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хадлан дээр өвс преслэж байгаад техникийн осолд орж, аарцаг нуруу хугарч хүнд гэмтсэн. М.Баасанжавын мөнгийг техник, тоног төхөөрөмж, трактор худалдан авахад зарцуулсан. Би 4 500 000 төгрөг буцааж өгсөн боловч нэхэмжлэлдээ дурдаагүй байна. М.Баасанжав хадлангийн ажилд хамтарч ажиллах тохиролцоонд хүрээгүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй, ийм мөнгөний асуудалд орохгүй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар Н.Дэлгэрсайханаас гэрээний үүрэгт 131 158 000 төгрөг гаргуулж, М.Баасанжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 912 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 813 740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Дэлгэрсайхан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа бөгөөд хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж.шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх ёстой зарчимд дээрх шийдвэр нь нийцэхгүй байна.

Учир нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь "Хамтран ажиллах гэрээ" байсныг шүүх зөв дүгнэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үхрийн мах худалдан борлуулахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж шүүхийн шийдвэрийн 3 дахь нүүрний хамгийн доод мөрөнд дүгнэсэн, атлаа Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шийдэж нэхэмжлэлийн үндэслэл болгосон гэрээний дагуу хүү,алданги тооцон шийдсэнд гомдолтой байна.

Талууд нэгэнт үхрийн мөнгөөрөө трактор авч өвс хадах бизнес хийхээр төлөвлөн трактор болон бусад бүтээгдэхүүнийг 106 460 000 төгрөгөөр худалдан авч уг бүтээгдэхүүнүүдийг хариуцагч хүлээн авч ажилдаа орсон баримт хавтас хэрэгт байсныг шийдвэрийнхээ үндэслэлд тусгаагүй буюу үнэлэлгүй зөвхөн зээлийн гэрээ байгуулсан байна гэж дүгнэн хүү, алданги тооцон шийдсэнд гомдолтой байна. Дорнод аймагт очиж өвс хадах ажлыг хамтран хэрэгжүүлж байсан төдийгүй намрын салхитай байгалийн түр зуурын бэрхшээлээс үүдэн би хамтран ажиллахаа болилоо чи миний мөнгийг өг хэмээн өдөр шөнөгүй уурлан шаарддаг байсан тул арга буюу Зээлийн гэрээг байгуулсан.

Иймд миний хувьд энэ жил техник төхөөрөмжөө аваад 7-10 хүртэлх хугацаанд дахин Дорнод аймагт очиж өвс хадаад мөнгийг нь гаргаж өгнө гэж бодож байгаа 100 000 000 гаруй сая төгрөгийн үнэ бүхий трактор тоног төхөөрөмж байдаг. Тохиролцсон 106 460 000 /трактор тоног төхөөрөмжийн үнэ/ төгрөгийн хэмжээгээр хариуцагчийн мөнгийг төлөх ёстой гэж үзэж байгаа тул шүүх хянан шалган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрээр хангагдсан үнийн дүнгээс хасч тооцон өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Баасанжав нь хариуцагч Н.Дэлгэрсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 149 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь 4 500 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр шаардлагаа багасгаж, 145 070 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь бэлэн мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж, хадлангийн бизнест хамтран ажиллахаар тохирч, тоног төхөөрөмж, трактор худалдан авсан, тракторын үнэ 89 000 000 төгрөг болон төлсөн 4 500 000 төгрөгийг 106 000 000 төгрөгөөс хасч, 12 857 800 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж маргажээ.

М.Баасанжав, Н.Дэлгэрсайхан нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 117 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 cap 24 хоногийн хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 17 000 000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан тухай үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 3, 70 дугаар тал/

Зээлийн гэрээ нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь зөв болно.

Зохигчдын хооронд анх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний харилцааг цааш хариуцагч талаас үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Өөрөө хэлбэл, худалдаж авсан зүйлийн үнэ төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр солилцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагчийн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар нь нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч өөрийн тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг өөрчлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ