Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00982

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00982

 

 

 Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох

 

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Хонхонцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү, Б.Аззаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Монгол Улсын Хөгжлийн банкны Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажилласан. Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, удирдлагаас өгсөн үүргийг мэргэжлийн түвшинд хангалттай сайн гүйцэтгэж, ажиллах хугацаандаа тус банкийг цахим хуудастай болгосон, Чингис бонд экспо бондын бүтээн байгуулалтын олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан, бондын бүтээн байгуулалт хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж үр дүнгээр нь сэтгүүл гаргасан, тус банкны стандартууд багтаасан брэнд бүүк бий болгосон, Хөгжлийн банкны үйл ажиллагааг олон нийтэд зөвөөр таниулах, бондын санхүүжилт, зарцуулалт, үр нөлөөг ил тод нээлттэй байлгах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиласан гэх мэт томоохон ажил, төслүүдийг хийж гүйцэтгэсэн. Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-168 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Банкны удирдлагаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 5 хоногийн дараа хүлээлгэн өгсөн боловч энэ хугацаанд ажилтны төлөөлөл бий болгох, хэлэлцээ хийх боломж олгоогүй. Б.Хонхонцэцэг би цэвэр мэргэжлээрээ тэнцэн ажилд орж ажиллаж байсан боловч Хөгжлийн банкны удирдлага солигдсон үеэс хуучин удирдлагын хүн, нөгөө намын хүн гэсэн улс төрийн шинжтэй халдлага дарамт бий болсон бөгөөд эцэсдээ ажлаас халах шалтгаан болсон. Миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг  Хяналт, шалгалт, тамгын газрын Тамгын хэлтэс дэх гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэж байгаа. Иймд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын их хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгын газраас тус банкны дүрэм, бүтэц  зохион байгуулалтыг батлах тухай 151 дүгээр тогтоол гарган тус банкны дүрэм, бүтэц зохион байгуулалтыг баталж үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус банкны бүтцийг 151 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар Актив пассивын удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байна гэж тогтоосон ба уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Хөгжлийн банкны тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газрын шийдвэрийг зөрчин 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоол гарган тус банкны үндсэн нэгжид Хөрөнгө оруулалтын газар байхаар шийдвэрлэж энэ газарт Олон нийттэй харилцах алба гэсэн хоёр ажилтантай нэгжийг бий болгосон байна. Б.Хонхонцэцэг нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Хөрөнгө оруулалтын  газар татан буугдсан  тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Хөгжлийн банкны зүгээс хууль болон Засгийн газрын шийдвэрийг зөрчиж бий болгосон бүтэц зохион байгуулалтыг залруулж Засгийн газрын шийдвэрт нийцүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын  15-ны өдрийн Монгол Улсын хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай ТУЗ-ийн 69 дүгээр тогтоолоор хэрэгжүүлж Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан. Иймд Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 ,69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "Хэдийгээр нэхэмжлэгч миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг Хяналт, шалгалт, тамгын газрын Тамгын хэлтэс дэх гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан гүйцэтгэж байна гэж маргаж байгаа боловч зардал хэмнэх зорилгын үүднээс Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ажил олгогч бодитоор ажиллаж байсан Б.Хонхонцэцэгийн ажлын байрыг татан буулгасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм" гэж дүгнэсэн байна. Гэтэл бодит байдал дээр Хөрөнгө оруулалтын газар хэмээх нэгжийг татан буулгасан боловч тухайн нэгжид байсан орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээр нь өөр нэгжид шилжүүлсэн байдалд хуулийн зөв дүгнэлт хийхгүйгээр "зардал хэмнэсэн" гэж буруу ташаа ойлгож шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн орон тоо нь хэвээр хадгалагдсан болох нь ажлын байрны нэр, тодорхойлолт, чиг үүрэг зэргээс тодорхой харагддаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Хонхонцэцэгийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг шинэ бүтцээр бий болсон ажлын байрны тодорхойлолттой нэг бүрчлэн харьцуулж үзэхэд орон тоо хасагдаагүй, мөн цөөрүүлээгүй болох нь тогтоогдож байсан. Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан боловч тухайн газрын харьяанд байсан Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн гэсэн 2 орон тоо нь Хяналт, шалгалт, тамгын газрын харьяа Тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн болон маркетинг, пи-ар хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоо руу чиг үүргээрээ шилжсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.Хонхонцэцэг нь шинэ бүтцээр бий болсон Хяналт, шалгалт, тамгын газрын харьяа Тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний орон тоон дээр ажлаас халагдах хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа шинэ ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч Б.Хонхонцэцэг хариуцан боловсруулж өмнө гүйцэтгэж байсан ажлуудаа хэвээр эрхэлж байсан. Гэтэл бүтцийн өөрчлөлт хийсэн гэх шалтгаар тухайн ажиллаж байсан орон тоон дээр гаднаас шинэ хүн ажилд авсан. Ажил олгогч нь тухайн орон тоон дээр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх, тухайн орон тоон дээр ажиллах, эсхүл сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх ямар ч боломж олголгүйгээр халсан (сонгон шалгаруулалт зарлаагүй). Анхан шатны шүүх ажил олгогчийг "зардал хэмнэх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийсэн"-ийг буруутгах боломжгүй гэсэн боловч тухайн байгууллагад орон тоо хасагдаагүй, мөн цөөрүүлээгүй тул зардал хэмнэсэн гэх асуудал үүсээгүй болно. Хэрэв нэгжийг татан буулгаснаар орон тоо хасагдсан, цөөрсөн гэж үзэхээр бол тухайн нэгжид байсан орон тоо, ажлын байр, чиг үүргийг өөр нэгжид үүсгэх шаардлага байхгүй юм. Ажил олгогч нь нэгжийг татан буулгах, өөрчлөн байгуулах, эсхүл нэрийг өөрчлөх байдлаар орон тоог өөр нэгжид үүсгэж, нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийг үндэслэлгүй ажлаас халсан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль (2012.02.10)-ийн Засгийн газрын бүрэн эрх хэмээх 22 дугаар зүйлийн 22.1-д "Засгийн газар Хөгжлийн банкны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 22.1.2-д "Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах;" гэсэн байна. Нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ТУЗ-ийн 2016.09.25-ны өдрийн 69 дүгээр тогтоол гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан энэхүү хуулиар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд "Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах" эрх олгогдоогүй, энэхүү эрх нь хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байсан байна. Харин 2017.02.10-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:" гээд 20.1.5-д "Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэн, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах" бүрэн эрхтэй болсон. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, Засгийн газрын хуульд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлаар тогтоол гаргаж, улмаар уг тогтоолыг үндэслэн Б.Хонхонцэцэгийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Хонхонцэцэг нь хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-168 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дээрх тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-168 тоот тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж хөрөнгө оруулалтын газар татан буугдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ... аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан ... тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой ба ийнхүү татан буугдсанаар нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой.

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тогтоолоор батлагдсан банкны бүтэц, зохион байгуулалтаар тус банк нь 5 газартай үйл ажиллагаа явуулж байсныг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 69 тоот тогтоолоор 4 газартай болгож бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан боловч уг газрын Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтэс, Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтэс зэрэг нэгжийг Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын хэлтэс нэртэйгээр Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газарт, Олон нийттэй харилцах албыг Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал нэртэйгээр Хяналт, шалгалт, тамгын газрын тамгын хэлтэст тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 48-54/

Түүнчлэн нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын газрын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон шинээр бий болсон Хяналт, шалгалт тамгын газрын тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүрэгтэй нь харьцуулж үзэхэд ажлын байрны үндсэн зорилтод найруулгын өөрчлөлт орсноос агуулга өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болсон, түүний ажиллаж байсан ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөрөнгө оруулалтын газрын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн зорилтыг банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааны төлөвлөгөө, стратегийг батлуулж, мөрдүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгсэлтэй харилцаа тогтоож, банкны мэдээллийг хүргэх, банкны дотоод болон гадаад олон нийтийг хамарсан тэмдэглэлт үйл явдал, олон нийтийн ажил зохион байгуулах, /хх-71/ гэж тодорхойлсон ба эдгээр үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх чиг үүргүүдийг Хяналт, шалгалт тамгын газрын тамгын хэлтсийн гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн зорилт, хийж гүйцэтгэх чиг үүрэгтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн эрхэлж байсан Хөрөнгө оруулалтын газрын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн гэсэн нэрээр хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ бүтэцэд орон тоо байхгүй гэж үзэхээр боловч өмнөх ажлын байрны тодорхойлолтод туссан ажлын байрны үндсэн чиг үүрэг болон ажлын байранд хийгдвэл зохих ажил гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэг болон хийх ажлын хүрээнд багтжээ.

Дээрх байдлыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Олон нийттэй харилцах албыг Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал нэртэйгээр Хяналт, шалгалт, тамгын газрын тамгын хэлтэст бий болгосонтой адил олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтний орон тоо гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн нэртэй болсон нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Шинэ нэрээр батлагдсан орон тоонд ажиллах хүнд тусгайлсан шаардлага тавигдсан, улмаар нэхэмжлэгч Б.Хонхонцэцэг ажил үүргийн хуваарийн дагуу шинэ нэртэй орон тоонд ажиллах боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Хөгжлийн банкны тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шаардлагыг зөрчсөн байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шинээр бүтцийн өөрчлөлтөөр бий болсон буюу өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байранд хамаарах, нэрний хувьд өөрчлөгдсөн ажил, албан тушаал болох Тамгын газрын тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн орон тоонд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 2 798 009 төгрөгөөр тооцон ажилгүй байсан 5 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 031 165 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийг Монгол Улсын Хөгжлийн банкны Тамгын газрын тамгын хэлтсийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 031 165 төгрөгийг хариуцагч Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хонхонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож, хариуцагч Монгол улсын Хөгжлийн банкнаас 233 105 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ