Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00606

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00606

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Х ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М инд холбогдох

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,  хариуцагчийн төлөөлөгч Л.Б, Б.А, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.                                                                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Х нь Англи улсын Лондон хот дахь топ 10 сургуулийн нэг болох Лондон коллежид Маркетингийн менежер мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалж ирсэний дараа 2009-2014 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт маркетингийн менежерээр, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс М ны Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажилласан.

Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, удирдлагаас өгсөн үүргийг мэргэжлийн түвшинд хангалттай сайн гүйцэтгэж байсан.

 Монгол Улсын Хөгжлийн  банкинд 2 жил ажиллах хугацаандаа тус банкыг цахим хуудастай болгосон, Чингис бонд экспо бондын бүтээн байгуулалтын олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан, Бондын бүтээн байгуулалт хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж үр дүнгээр нь сэтгүүл гаргасан,тус банкны стандартууд багтаасан брэнд бүүк бий болгосон, Хөгжлийн банкны үйл

                                                     -1-

 

ажиллагааг олон нийтэд зөвөөр таниулах, бондын санхүүжилт, зарцуулалт, үр нөлөөг ил тод нээлттэй байлгах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиласан гэх мэт томоохон ажил, төслүүдийг хийж гүйцэтгэсэн.

Б.Х миний бие дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэгд мэргэжлээ дээшлүүлж улмаар мэргэжлээрээ банк санхүүгийн салбарт амжилттай ажиллаж 2015 онд Хөгжлийн банкны шилдэг ажилтнаар шалгарч цаашид ч улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байсан.

 Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-168 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Бакны удирдлагаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 5 хоногийн дараа хүлээлгэн өгсөн боловч энэ хугацаанд ажилтны төлөөлөл бий болгох, хэлэлцээ хийх боломжийг олгоогүй.

Б.Х би цэвэр мэргэжлээрээ тэнцэн ажилд орж ажиллаж байсан боловч Хөгжлийн банкны удирдлага солигдсон үеэс “хуучин удирдлагын хүн, нөгөө намын хүн” гэсэн улс төрийн шинжтэй халдлага дарамт бий болсон бөгөөд эцэсдээ ажлаас халах шалтгаан болсон. Миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг  Хяналт, шалгалт, тамгын газрын  Тамгын хэлтэс дэх гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэж байгаа болно.

Иймд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын их хурлаас М ны тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Засгын газраас тус банкны дүрэм, бүтэц   зохион байгуулалтыг батлах тухай 151 дүгээр тогтоол гарган тус банкны дүрэм, бүтэц зохион байгуулалтыг баталж үйл ажиллагааг эхлүүлсэн.

 Хуульд зааснаар Хөгжлийн банк нь тус улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго  бүхий тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд юм.

Тус банкны бүтцийг 151 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар Актив пассивын удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байна гэж тогтоосон 151 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Хөгжлийн банкны тухай үеийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газрын шийдвэрийг зөрчин 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр М ны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоол гарган тус банкны үндсэн нэгжид Хөрөнгө оруулалтын газар байхаар шийдвэрлэж энэ газарт Олон нийттэй харилцах алба гэсэн хоёр ажилтантай нэгжийг бий болгосон байна. Б.Х нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Хөрөнгө оруулалтын  газар татан буугдсан  тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн болно.

                                                         -2-

Хөгжлийн банкны зүгээс хууль болон Засгийн газрын шийдвэрийг зөрчиж бий болгосон бүтэц зохион байгуулалтыг залруулж Засгийн газрын шийдвэрт нийцүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын  15-ны өдрийн “М ны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” ТУЗ-ийн 69 дүгээр тогтоолоор хэрэгжүүлж Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан. Иймд Б.Х ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь М ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан тул Б.Х тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөсөн гэж  маргажээ.

            М ны Хөрөнгө оруулалтын газрын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Х ийг  “банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан” үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус банкны Б-168 дугаартай тушаал, тус банкны ТУЗ-ийн  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай “орон тоо, цалингийн сангийн дээд хязгаар батлах тухай” тогтоол, мөн оны 9 дүгээр арын 15-ны өдрийн 69 дугаартай “ М ны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус банкны дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 11-15,18-27,48-52-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Б.Х ийг “банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Б.Х нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Б.Х тэй 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХГ\14\68 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 11-15-р хуудас/

            Ажилтан Б.Х нь Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсаны дагуу сарын 2.750.000 төгрөгийн цалинг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, 3.250.000 төгрөгийн цалинг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл авч, Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг сайн гүйцэтгэж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан үр бүтээлтэй ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, М наас 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Х т өгсөн Өргөмжлөл, Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 10-15 дугаар хуудас/ 

                                                                   -3-

Ажил олгогч ажилтан Б.Х ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.- д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлж, дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн хуулийн 40.5.-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ тус банкны ТУЗ-ын тогтоолууд, мэдэгдэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 27,28-р хуудас/

            Ажил олгогч М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон байна

М ны тухай хуулийн 22 дугаар зүйлд Хөгжлийн банкны талаар Засгийн газрын эдлэх эрхийг заасан байх бөгөөд 22.1.2-т “Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах” эрхийг Засгийн газарт олгосон байна.

Засгийн газар дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 151 дугаартай тогтоол гаргаж М ны бүтэц зохион байгуулалтыг “Актив-пассивын удирдлагын асуудал хариуцсан нэгж, Зээлийн асуудал хариуцсан нэгж, Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгж” гэсэн үндсэн дөрвөн нэгжтэй байхаар баталжээ.

М ны ТУЗ-ийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай тогтоолоор тус банкны бүтэц зохион байгуулалтыг “Актив-пассивын удирдлагын газар, Зээлийн газар, Эрсдэлийн удирдлагын газар, Хяналт, захиргааны газар” гэсэн үндсэн дөрвөн нэгжтэй, Хяналт захиргааны газар нь “Тайлан бүртгэлийн хэлтэс, Мэдээллийн Технологийн хэлтэс, Хүний нөөц, хөгжлийн нэгж, Аж ахуйн нэгж, Хуулийн хэлтэс” гэсэн таван хэлтэс нэгжтэй  байхаар баталж үйл ажиллагаа явуулж байжээ./хх-ийн 54-р хуудас/

Дараа нь М ны ТУЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор дээрх 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгож мөн тогтоолоор тус банкны бүтэц зохион байгуулалтыг “Зээлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Актив-пассивын удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газар, Хяналт, захиргааны газар,” гэсэн үндсэн таван нэгжтэй, Хөрөнгө оруулалтын газар нь “Хөрөнгө оруулалтын шинжилгээний хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Бодлого төлөвлөлт судалгааны хэлтэс, Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтэс” гэсэн дөрвөн хэлтэс, албатай  байхаар баталж үйл ажиллагаа явуулж байжээ ./хх-ийн 53-р хуудас/

Дээрх 11 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц орон тоонд багтаан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б-135 дугаартай тушаалаар Б.Х ийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өдрөөс М ны Хөрөнгө оруулалтын газрын Олон нийттэй  харилцах албаны Ахлах мэргэжилтэний ажилд томилжээ./хх-ийн 68 дугаар хуудас/

Гэтэл М ны ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор тус банкны орон тоо цалингийн сангийн дээд хязгаарыг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг “Актив-пассив, хөрөнгийн удирдлагын газар, Төслийн сахүүжилт зээлийн газар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар, Хяналт, шалгалт, тамгын газар” гэсэн дөрвөн нэгжтэй, Хяналт, шалгалт, тамгын газарт нь “санхүү, тайлан бүртгэлийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Тамгын  хэлтэс,  Хяналт  шалгалт  үнэлгээний  хэлтэс ”  гэсэн  дөрвөн

                                                            -4-

хэлтэстэй, Тамгын хэлтэст нь гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэнтэй  ажиллахаар баталж, Хөрөнгө оруулалтын газрын Олон нийттэй харилцах алба татан буугдсан болох нь тус банкны ТУЗ-ийн тогтоолуудаар нотлогдож байна. /хх-ийн 48-51, 52-р хуудас/

Ажил олгогч нь М ны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж Хөрөнгө оруулалтын газар татан буугдсан үндэслээр Б.Х тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан 5 үндэслэл хамаарах бөгөөд М ыг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарч тус банкыг 5 газартай байсныг 4 газартай болгожээ.

Тодорхой нөхцөл, шалтгааны улмаас ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг  Хяналт, шалгалт, тамгын газрын  Тамгын хэлтэс дэх гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэж байна гэж маргаж байгаа боловч зардал хэмнэх зорилгын үүднээс Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ажил олгогч бодитоор ажиллаж байсан Б.Х ийн ажлын байрыг татан буулгасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иймд   М ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Х ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож  ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б.Х ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                    -5-

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО

 

                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      -6-