Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00265

 

                                                        Я.Гэрэлийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2016/01283 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Я.Гэрэл,

Хариуцагч : Д.Цэвэлноров,

Хариуцагч : Д.Амаржаргал,

Хариуцагч : Б.Номин-Эрдэнэ,

Үндсэн нэхэмжлэл:  Байр чөлөөлүүлэх, 8.110.000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл:  2.500.000 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Гэрэл, хариуцагч Д.Цэвэлноров, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Сум дундын шүүх С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2013 оны 134 шийтгэх тогтоолоор С.Бадралын өмчлөлийн Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож, 4-16-52 тоот орон сууцны өмчлөгчөөр Я.Гэрэл, Б.Цацрал нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь  давж заалдах болон хяналтын шатны шийдвэрээр  хэвээр үлдсэн. С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад С.Бадрал нас барсан учир  түүний гэр бүл болох Д.Цэвэлноров хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу 2012.9.13-ны өдөр С.Бадрал, Д.Цэвэлноров нарын өмчлөлд бүртгэгдсэн байсан 52 тоот орон сууцыг өв залгамжлалын журмаар Д.Цэвэлноров, Б.Гүнсмаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлж, бүртгүүлсэн байдаг. УДШ-ын тогтоол гарсан 2014.3.21-ний өдрөөс 2015 оны 4 сарыг хүртэл нийт 13 сар хөлсний байранд төлсөн 3.250.000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа  4 сарын байрны хөлс болох 1 сая төгрөг,  Их цайз консалтинг ХХК-тай 2015.7.07-ны өдөр байгуулсан 15/13 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс 360.000 төгрөг нийт 1.360.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн 2015.8.21-ний өдрөөс 2016.10.21-ний өдрийг хүртэл нийт 14 сар хөлсний байранд төлсөн 3.500.000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 8.110.000 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намайг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж өг гэж хэн ч шаардаагүй. Энэ хүнээс би орон сууцыг аваагүй С.Пүрэвцэндээс авсан. Энэ хүн С.Пүрэвцэндэд зарсан орон сууцны үнэнд авсан 8 сая төгрөгийг буцааж, С.Пүрэвцэнд нь надаас авсан 20 сая төгрөгөө буцааж надад өгөх шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Гэтэл Я.Гэрэл нь энэ 8 сая төгрөгөө С.Пүрэвцэндэд одоо хүртэл өгөхгүй байгаа бөгөөд С.Пүрэвцэнд надад өгөх ёстой 20 сая төгрөгөө өгөхгүй байгаа. Орхон аймгийн ШШГА дээр би гүйцэтгэх хуудас бичүүлж аваачиж өгөөд одоо хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй байна. Тийм учраас өөрөө хүсэж орон сууц хөлсөлж амьдарч байгаа зардлыг би төлөх ёсгүй. Я.Гэрэл нь миний нэр дээрхи улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2007 оноос хойш 4-16-52 тоот орон сууцанд шалыг нь бүтэн паркетласан нийтдээ паркет, ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 94.3-т заасны дагуу энэ зардлыг нэхэмжилж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 94.6-д Шудрага эзэмшигч шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэсэн тул энэ заалтыг үндэслэн С.Пүрэвцэнд, Я.Гэрэл нараас шийтгэх тогтоолын дагуу надад гаргуулан олгохоор заасан мөнгийг төлөхөөс нааш би байрыг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Иймд шүүхээс миний энэ татгалзах эрхийг баталгаажуулж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 3 шатны шүүхийн шийдвэрлэгдсэн бөгөөд УДШ-ын 2014.3.21-ний өдрийн 94 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1283 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан  Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарын хууль бус эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлээс 8.110.000 төгрөг гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгосноос гадна  Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Гэрэлээс 2.500.000 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид  Д.Цэвэлноровоос төлсөн 125.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Я.Гэрэл тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Д.Цэвэлноровоос 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,   Я.Гэрэлээс 125.200 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаартай магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Пүрэвцэндэд холбогдох хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн байтал Д.Цэвэлноровт шүүхийн шийдвэрээр Я.Гэрэл, С.Пүрэвцэндэд төлөх 8.500.000 төгрөгөөр барьцаалж, мөнгө өгвөл байрнаас гарна гэж бусдын өмчөө эзэмших, ашиглах эрхийг зөрчин уг орон байранд оршин суусаар өнөөдрийг хүрсэн ба энэ байдлаас болж Я.Гэрэл одоог хүртэл түрээсийн байранд байна. Улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу Я.Гэрэлийг 4-16-52 тоот байрны өмчлөгчөөр бүртгээгүй явдал нь Я.Гэрэлийн хувьд өмчлөх эрхийнх нь хязгаарлалт болохгүй. Шүүх С.Пүрэвцэндэд холбогдох Эрүүгийн хэргийг шйдвэрлэхдээ Д.Цэвэлноровыг 4-16-52 тоот орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэртээ тусгах ч боломжгүй. Орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, мөн Я.Гэрэл нарыг 4-16-52 тоот байрны өмчлөгчөөр 2015.11.16-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон зэрэг нь Д.Цэвэлноров дээрх орон байрыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаснаас Я.Гэрэлээс хөлсний байранд төлсөн төлбөрийг хариуцаж, төлөхгүй байх үндэслэл болохгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, С.Бадрал, Д.Цэвэлноров нар С.Пүрэвцэндэд 2006 оны 11 дүгээр сард зээлдүүлсэн 6 сая төгрөгөө төлөхийг шаардахад С.Пүрэвцэнд нь Хас банкинд төлөх зээлийг төлөөд 20 сая төгрөгөөр тооцож 4-16-52 тоот орон сууцыг авахыг  санал болгосныг  С.Бадрал, Д.Цэвэлноров нар зөвшөөрч Хас банкинд төлөх 9.043.289 төгрөгийн зээлийг нь төлж, С.Пүрэвцэндэд  4.956.720 төгрөгийг өгсөн байдаг, /хх-241, 242/. Бэлэглэлийн гэрээгээр 2007.5.09-ний өдөр 4-16-52 тоот орон сууцыг П.Гансүхээс С.Бадралын нэр дээр шилжүүлснээс 2 хоногийн дараа 2007.05.11-ний өдөр С.Бадралаас С.Пүрэвцэндэд 20 сая төгрөг зээлдүүлсэн мэтээр давхар гэрээ байгуулдаг (хх 5-9, 10-12, 134 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь талд, мөн 01 дугаартай магадлалын 5 дахь талд). Тухайн үед С.Бадрал, Д.Цэвэлноров нар нь С.Пүрэвцэндээс авах 6 сая төгрөг болон түүний Хас банкинд төлөх 9.043.289 төгрөгийн зээлийг төлж, зөрүү мөнгөнд тооцож 4.956.720 төгрөгийг бэлэн өгч 20 сая төгрөгөөр тооцон 4-16-52 тоот орон сууцыг С.Пүрэвцэндээс авахдаа зээлдүүлээгүй мөнгө С.Пүрэвцэндэд зээлдүүлсэн мэтээр байрны үнийн дүнтэй ижил 20 сая төгрөгийг зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ давхар хийж байгаа нь худалдан авч буй байрныхаа өмчлөлийн асуудал маргаантай (байр П.Гансүх гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан) байж болзошгүй гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл дээрх хэлцлийнхээ эрсдлийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэдсэн учраас л байр худалдан авсан хэлцэл хүчингүй болох тохиолдолд ард нь баталгаа болгож ийнхүү давхар зээлийн гэрээ хийсэн нь харагдана. С.Пүрэвцэндийн хувьд ч мөн аваагүй 20 сая төгрөгийг авсан болж, өөртөө илт хохиролтой (эрсдэлтэй) хэлцэлд гарын үсэг зурж байдаг нь тэд хэн хэн нь хийж буй хэлцлийнхээ эрсдлийг мэдэж, хүлээн зөвшөөрснийг харуулна. Иймд тэднийг байрны жинхэнэ өмчлөгчийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан байна гэж үзэхгүй. Харин эрхээ шилжүулж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" гэж заасан. Д.Цэвэлноров 4-16-52 тоот орон сууцны өмчлөх эрх маргаантай байгааг мэдсээр байж байрны шалыг сольсон болох нь түүний С.Пүрэвцэндэд холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан "...С.Пүрэвцэнд бидэнд 6 сая төгрөгийн өртэй тул түүнийг нь суутгаад үлдсэн 4,9 сая төгрөгийг өөрт нь бэлнээр егөөд бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авсан. Ингээд байрандаа ороод 2 жил гаруй амьдарч байхад Цагдаагийн газраас дуудаж Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцыг яаж авсан талаар манай нөхөр болон надаас асууж гэрчийн мэдүүлэг авсан..." (хх-241), гэсэн хэсэг болон 2016.10.13-ны өдер анхан шатны шүүх хуралдаан дээр "...2012 онд хийсэн (паркетан шал) ..." (хх-60), гэсэн түүний өгсөн хариултаас харагдана. Өөрөөр хэлбэл 2007 оны 5 сард байр худалдан авснаас хойш хоёр жилийн дараа байрны асуудлаар цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан гэхээр 2009 онд тухайн байрны өмчлөх эрхтэй холбоотой С.Пүрзвцэндэд холбогдох Эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг мэдэж байсан болж байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д заасны дагуу 4-16-52 тоот орон сууцны анхны өмчлөгчдөөс нь өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан С.Пүрэвцэндийн үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нөхцөл байдлыг Д.Цэвэлноров нь орон сууцыг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь С.Пүрэвцэндэд холбогдох дээр дурьдсан Эрүүгийн хэргийн шүүх хурал анх 2010.01.07-нд болж (шийтгэх тогтоолын дугаар 10) байсан бол үүнээс хойш:

- 2010.03.11-нд давж заалдах шатны шүүхээс №13 магадлал,

- СДШ-ээс 2010.05.26-нд №10 шийтгэх тогтоол,

- 2010.9.02-нд давж заалдах шатны шүүхээс №42 магадлал,

- СДШ-ээс 2010.11.29-нд №143 шийтгэх тогтоол,

- Давж заалдах шатны шүүхээс 2011.02.08-нд №13 магадлал,

- УДШ-ийн 2011.05.25-нд №250 тогтоол,

- СДШ-ийн 2011.08.01-нд №121 шийтгэх тогтоол,

- Давж заалдах шатны шүүхээс магадлал, 2011.12.15 №79,

- СДШ-ийн 2012.06.07-ны өдрийн  №89 шийтгэх тогтоол  гэх мэт  шүүх хурлууд болсоор хамгийн сүүлд УДШ-ийн 2014.03.21-ний өдрийн №94 тогтоолоор хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн.  Энэ хугацаанд  нийтдээ  15 удаа шүүх хурал болсон байдаг. 4-16-52 тоот орон сууцны анхны өмчлөгчдөөс нь өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан С.Пүрэвцэндзд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 2010, 2011 онуудад найман удаа болж байхад тухайн байранд амьдарч байгаа Д.Цэвэлноровын хувьд байрыг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илт тул 2012 онд байрны шал сольсон 2.500.000 төгрөгийн зардал буцаан шаардах шаардлагагад хамаарахгүй болно. Иймд магадлалд өөрчлөлт оруулж 8.110.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ Я.Гэрэл гэгч эмэгтэйн нөхөр анх цагдаад гомдол гаргахдаа 16 сая төгрөгөөр байраа зараад 15.5 сая төгрөгийг нь авсан гэтэл Пүрэвцэнд нь элдэв шалтгаанаар эргүүлж 7.5 сая төгрөгийг нь зээлж аваад өгөхгүй байна.мөнгийг минь гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаад сүүлдээ байрыг минь залилсан гэж зүтгэсээр байгаад байраа эргүүлж авахаар шүүхийн тогтоол гаргуулж чадсан юм. Тэгээд энэ эмэгтэйгээс 8.0 сая төгрөг гаргуулж Пүрэвцэндэд олгохоор болсон юм. Тийм учраас би нэхэмжлэлийг гардаж авсаны дараа түүнд Пүрэвцэндэд өгөх энэ мөнгөө надад өгчихөөч би Пүрэвцэндээс шийтгэх тогтоолд зааснаар 20.0 сая төгрөг, шүүхийн шийдвэрээр байрны үнийн өсөлтөөс хамаарч зөрүү 75.0 сая төгрөг авах ёстой боловч нэг ч төгрөг авч чадахгүй байна.Тэгээд би чиний байрыг суллаж өгье гэж шүүх хурал дээр ч эвлэрэх санал тавиад ч хүлээж аваагүй.Бид хоёр хоёулаа Пүрэвцэндийн хэргийг шалгаж байх хугацаанд эр нөхөрөөсөө хагацаж өрх толгойлсон эмэгтэй боллоо. Тэртэй тэргүй Гэрэл Пүрэвцэндэд, Пүрэвцэнд надад мөнгө өгөх ёстой юм чинь тохироод надад тэр мөнгөө өгчихвөл би байр хөлслөөд гарья гэсэн юм. Тэгэхдээ би үүгээр барьцаалаагүй шүүх хурал дээр л тэгж хоёулаа эвлэрэх үү л гэж хэлсэн юм. Гэрэл нь намайг байрны гэрчилгээг авах гэж ШШГА болон Улсын бүртгэлийн хэлтэсээс надаас шаардахад өгөөгүй гэж худлаа бичжээ. Өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээг хэн ч нэхээгүй хэн ч шаардаагүй,байрыг чөлөөлж өг гэж ч хэлээгүй.Үүнээс өмнө ийм зүйлийг энэ хүн огт хэлж байгаагүй мөртлөө яагаад ингэж худлаа бичиж байгааг үнэхээр гайхаж байна. Өөрөө гэнэт л захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд л иргэний шүүхэд ч өгөөд л цаг хугацаа алдаад л аваад байдаг шүү дээ.Надтай уулзаад хоёулаа яриад тохирох боломж байсан.Хэрэв шийдвэр гүйцэтгэгч надтай яриад гэрчилгээ нэхсэн юм бол яагаад байрнаас гаргахгүй байсан юм бэ.Ийм явдал огт болоогүй. Я.Гэрэл бид хоёрын хооронд эрх зүйн ямар ч харилцаа үүсээгүй учраас би түүний нэхэж байгаа байр хөлсөлж суусан мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна.Ядахдаа би байр хөлслөөд сууж байна шүү гэж ч хэлж байгаагүй бид хоёр Захиргааны хэргийн шүүхээр явж байх үед хэлэх боломж түүнд байсан гэж үзэж байна.  Шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээнэ үү. Харин түүний байрыг би шударгаар эзэмшиж байхдаа маш сайн паркетаар шалыг нь битүү паркеталсан. Би хожим байр буцна гэж бодоогүй учраас хамгийн сайныг нь сонгож хийсэн. Пүрэвцэнд надад худалдахаасаа өмнө бүх цонхыг нь вакум болгосон байсан. Мөн би балконыг нь вакум болгосон. Харин үүнийгээ мартсан байсан учраас үнэлгээ хийлгээгүй за яршиг гээд орхисон. Тааз шохойдсон, хана обойдсон. Одоо Я.Гэрэл байрандаа ороод ямар ч засвар хийх шаардлагагүй. Тийм учраас би түүнийг бүх талаар хожсон гээд байгаа паркетны мөнгийг надад өгчихвөл би байр хөлслөөд түүний байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Я.Гэрэл нь Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагч нараас Орхон аймгийн, Баян-Өндөр сумын, Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, нийт 8.110.000 төгрөг гаргуулах шаардлага тавьжээ./ хх1-ийн 1, 46,  138, 247-249,  хх 2-ын 27/

Д.Цэвэлноров нь Я.Гэрэлээс 2.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан  байна. /хх 63-64/

Анхан шатны шүүх Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарыг Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцнаас гаргах, нэхэмжлэлээс 8.110.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Я.Гэрэлээс 2.500.000 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгох шийдвэр гаргасныг давж  заалдах шатны шүүх  хэвээр үлдээжээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

С.Пүрэвцэнд нь 2006 онд Я.Гэрэл нарын Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авсны дараа П.Гансүхийн өмчлөлд  шилжүүлэн С.Бадрал, Д.Цэвэлноров нарт худалдах хэлбэрээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн  нь  Орхон аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн шүүхийн 2013.10.11-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүхийн 2014.01.07-ны өдрийн 01 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014.3.21-ний өдрийн 94-р тогтоолоор нотлогджээ. /хх1-ийн 5-15/ 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 2013 оны 134 дүгээр шийтгэх тогтоол гаргахдаа Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцтай холбоотой С.Бямбадорж, С.Пүрэвцэнд нарын хооронд 2006.11.20-ны өдөр, С.Пүрэвцэнд П.Гансүх нарын хооронд 2006.11.29-ний өдөр, С.Бадрал, П.Гансүх нарын хооронд 2007.5.09-ний өдөр хийгдсэн  гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноос гадна орон сууцны өмчлөгчөөр  Я.Гэрэл, Б.Цацрал нарыг бүртгэхийг мөн С.Бадралын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгохыг бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсний дагуу Я.Гэрэл, Б,Цацрал нар нь 2015.11.16-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон ч хариуцагч нар байрыг чөлөөлж өгөөгүйгээс маргаан үүссэн байна.        

Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулна. Я.Гэрэл, Б.Цолмон нарын өмчлөлийн орон сууцыг хариуцагч нар эзэмшин ашиглаж байгаагаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т нийцжээ. Өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын эзэмшлээс шаардах эрхтэй ч уг эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалтын зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй. 

52 тоот орон сууц хариуцагчийн өмчлөлд байх үед  Д.Цэвэлноров уг байрны шалыг сольж 2.500.000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан үндэслэлээр төлөх үүрэгтэй. 

Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй юм.

Эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг өмчлөгчөөр нөхөн төлүүлэхэд зардлын бодитоор бий болсон хэмжээгээр гаргуулах нь  Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т нийцэх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгчээс шалны паркетны үнийг гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ. Иймд  нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин шүүх нэхэмжлэгчээс 2.500.000 төгрөг гаргуулахдаа Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-г баримталсан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-р эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг, харин 94.4–р эд хөрөнгийн үнийг нэмэгдүүлсэн засан сайжруулалтын зардлыг шаардах эрхтэй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2016/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтаас  “...94.4...” гэснийг хасаж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 184.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ