Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 44

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Өвөрхангай аймгийн

Тарагт сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т миний биеийг томилохыг даалгах”,

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3  дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т миний биеийг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар “нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах” хэмээн тодорхойлж, энэ хүрээнд нэхэмжлэгч нь маргаж, анхан шатны шүүх хэргийг тухайн хүрээнд хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

4. Уг шийдвэрийг эс эөвшөөрөн гаргасан гомдлын хууль зүйн үндэслэл болгож Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зуйлийн 33.3-ыг иш татсан ба уг хэсэгт “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” хэмээн заасан байх бөгөөд сонголт хийх эрхийг Засаг даргад хууль тогтоогч олгоогүй байна.

5. Өөрөөр хэлбэл уг хэм хэмжээ нь “томилно” хэмээн шууд үүрэг болгосон хэм хэмжээ болохоос “томилж болно” хэмээн сонголт хийх боломжтой, эрх олгосон хэм хэмжээ биш юм.

6. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь шаардлагаа хэн ч харсан ойлгогдохоор шууд тодорхойлсон байх бөгөөд тодорхойгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7. Магадлалд “гуравдагч этгээдийг татан оролцуулсан атлаа үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг мөн тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ” гэсэн байна. Гуравдагч этгээдийг татан оролцуулахаар нэхэмжлэлийи шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ёстой гэсэн заалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй тул мөн л үндэслэлгүй зүйл шаардсан байна.

8. Шүүхийн шийдвэрт “2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуультай уялдуулан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг гэж өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө дээрх сонгон шалгаруулалттай холбоотой маргааны үйл баримтууд болж өнгөрсөн” гэжээ.

9. Уг хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд түүнээс хойш ямар ч өөрчлөлт болон нэмэлт ороогүй байх тул мөн л үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

10. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянаад, магадлалыг хэвээр үлдээв.

            12. Нэхэмжлэгч Б.Т-оос Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “хууль тогтоомжийн дагуу Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т-ыг томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлээ “... Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны шалгалт өгч 2 дугаар байрт шалгарсан, төрийн албаны салбар зөвлөлөөс уг албан тушаалд намайг нэр дэвшүүлсэн байхад ... намайг томилоогүй нь хууль бус” гэж, хариуцагчаас “... Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 36, 37 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтад орж 75,27 оноо авсан Б.Батцэцэгийг уг албан тушаалд томилох талаар саналаа гаргаж, ... томилсон нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            13. Төрийн албаны тухай (2002) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны ... албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх”-өөр заасан, маргааны үйл баримтад холбогдох албан тушаал нь “Засаг даргын Тамгын газрын дарга” буюу төрийн захиргааны албаны удирдах албан тушаал байх тул уг албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулах, томилох харилцаа нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулагдана, уг журмын Есдүгээр зүйлийн 33-ын б-д “... Салбар зөвлөл нь ... /тухайн албан тушаалд/ 2-оос доошгүй иргэний нэрийг нэр дэвшүүлэх”-ээр, 36 дугаар хэсэгт “... Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргах”-аар, 37 дугаар хэсэгт “... томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал ... Салбар зөвлөл ... нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх”-ээр тус тус заасан байна.

14. Хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэг, хэрэгт цугласан бусад баримтуудаас үзвэл, Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/95 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтад хамгийн өндөр буюу 77.6 оноогоор 1 дүгээрт эрэмбэлэгдсэн Д.Э-г уг албан тушаалд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон бусад нэр дэвшигчийн авсан оноог хавсралтаар Тарагт сумын Засаг даргад хүргүүлсэн, Тарагт сумын Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 30 өдрийн 1/151 дүгээр албан бичгээр “... Д.Э-г томилох боломжгүй, ... сонгон шалгаруулалтаар 75.22 оноо авсан Б.Б-ийг нэр дэвшүүлж өгөх санал уламжилж байна” гэх хүсэлт хүргүүлсэн, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/114 дүгээр албан бичгээр 75.8 оноогоор 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн Б.Т-ыг уг албан тушаалд нэр дэвшүүлжээ.

15. Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаар албан бичгээр “... Б.Т-той уулзан ярилцахад  /уг/ албан тушаалд томилох боломжгүй нөхцөл шалтгаан байна” гэж, хэд хэдэн тодорхой асуудал дурдаж, Б.Т-ыг уг албан тушаалд томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн, уг албан бичигт дурдсан үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу, түүнчлэн, хариуцагчаас Б.Т-ыг албан тушаалд томилохоос татгалзсан нэг үндэслэлээ “... ажлын байранд тавигдах шаардлагад тавигдсан төрийн удирдлагаар мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй” гэж маргасан, шүүх мөн энэ үндэслэлд холбогдуулж дүгнэлт хийгээгүй нь буруу байна.  

16. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэж заасныг уг хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулж, “энэ хуулийг Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-өөр заасан,   Төрийн албаны тухай (2017) хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-өөр заасан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн өөрчлөн найруулсан дээрх заалтыг энэ маргаанд хэрэглэхгүй, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

17. Иймд, “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                   ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА