Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 881

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч:  Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын ******* тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Х*******ын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Х******* нь 2006 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх-Уулын ******* тоот 700 м.кв газар болон 45 м.кв хувийн сууцыг худалдан авч өмчилсөн. 2010 оны 09 дүгээр сард иргэн Ц.Х*******, *******ат нарыг хашаа байшиндаа оруулж өвөлжүүлсэн бөгөөд 2014 оны 2, 4 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ хийж, 11 сая төгрөгөөр худалдсан. Улмаар хашааны мөнгийг өгнө гэсээр 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүргэсэн. 2011 оны 8 дугаар сарын сүүлээр байшин болон газрын гэрчилгээг аваад явсан.

Ийнхүү 2011 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл газар болон хувийн сууцаа өмчилж эзэмшиж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэр гарсан ч өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцандаа бүртгэл хийлгэж, гэрчилгээ бичүүлж авах гэхэд Улсын бүртгэлийн газраас 2 удаа татгалзсан болно. Шүүхээс Ж.Х*******ын өмч мөн гээд тогтоосон атал Улсын бүртгэлийн ерөнхий газраас О.Өийн өмч гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль дүрмээ мэдэхгүй, үл хөдлөх хөрөнгийн талаар ямарч ойлголтгүйн жишээ юм. Үл хөдлөх хөрөнгө анхдагч эх сурвалж болох эсвэл эрх бүхий байгууллагаас олгосон 2 ширхэг  гэрчилгээ анхдагч эх сурвалж болох эсэх асуудал гарч ирж байна. 

Хувь хүн хөрөнгөө бүртгүүлж гэрчилгээ авах нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд бүртгэж гэрчилгээ олгох нь Улсын бүртгэлийн газрын үүрэг юм. Мөн одоогоор Зүрх-Уулын  өвөрт байгаа газар болон хувийн сууц миний өмч гэж О.Ө гомдол санал гаргаагүй байна. Иймд Улсын бүртгэлийн газар эс үйлдлээр иргэн миний эрх ашгийг зөрчиж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх-Уулын  ******* тоот 700 м.кв газар болон 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж Ж.Х******* миний нэр дээр гэрчилгээ олгож өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017257, Г-2202004572 дугаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын  2 дугаар гудамжны 574 тоот 45 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн Ж.Х******* /43*******/ бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Х******* /ЧП*******/-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. Иргэн Ж.Х******* 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7082/4 дүгээр захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дараа нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 430 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэн Ц.Х******* нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д******* /УП9/-ын өмчлөлд, иргэн Ж.Д******* нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч болох иргэн О.Ө /ЧП/-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Иргэн Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ж.Д******* нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст хандаж иргэн Ж.Х*******ын өмчлөлд дээрх хувийн сууц болон газрыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 тоот шийдвэрийг хавсаргасан байсан болно. Энэхүү шүүхийн шийдвэрийг үзэхэд одоогоор өмчлөх эрх нь хүчинтэй хэвээр байгаа иргэн О.Ө болон өмчлөх эрхээ шилжүүлсэн иргэн Ж.Д*******ийн эрхийн талаар огт дурдаагүй, тэрчлэн уг шүүхийн шийдвэр гарах үед иргэн Ц.Х******* нь маргаж буй хувийн сууц, газрын өмчлөгч биш болчихсон байсан зэргийг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9., 19 дүгээр зүйлийн 19.1.2., 19.2. дахь заалтын дагуу өмчлөх эрх нь хүчинтэй хэвээр байгаа иргэн О.Өийн оролцоогүйгээр иргэн Ж.Х*******ын өмчлөлд шилжүүлэн бүртгэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаасан болно.

Бүртгэлийн байгууллагын энэхүү эс үйлдэл нь хуулийн дагуу байсан бөгөөд хэрэв бүртгэсэн бол энэ нь өөрөө иргэний эрх зүйн зарчим, иргэний болон захиргааны эрх зүйн хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болох байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******аас тус шүүхэд гаргасан “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын ******* тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Х*******ын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 7677 дугаар захирамжаар иргэн О.Өийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд О.Ө нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Сүхбаатар боомтоор гарсан болох нь Гадаадын иргэн харьяатын газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/927 дугаар албан бичгээр нотлогдож байна. 

О.Өийн ээж Ц.Оийн итгэмжлэлийн үндсэн дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулсан боловч энэ хугацаанд хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл О.Өээс авч ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.-т “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно...” гэж зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр “...худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй тул гэрээний үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзэн гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв...” гэж дүгнэн, Ц.Х*******гаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын ******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.Х*******т буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

Энэ шүүхийн шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын ******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг Ж.Х*******ын нэр дээр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9., 19 дүгээр зүйлийн 19.2. дахь хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцжээ. 

Улсын бүртгэлийн байгууллага Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын  ******* тоотод байрлах газар, хувийн сууцыг 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Х*******н, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ж.Д*******ийн, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Өийн нэр дээр тус тус бүртгэсэн бөгөөд О.Өийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9.-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.”, 19 дүгээр зүйлийн 19.2.-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж зааснаар өмнөх бүртгэл хүчинтэй байхад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Ж.Х*******ын нэр дээр бүртгэхийг даалгах хуулийн үндэслэл байхгүй байна. 

Нэхэмжлэлийн даалгах шаардлагын тухайд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх ёстой бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэн Ж.Х******* маргаан бүхий хөрөнгийн өмчлөлийн асуудлаа эрх бүхий байгууллагаар тогтоолгон шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9., 19 дүгээр зүйлийн 19.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******ын “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын ******* тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Х*******ын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН