Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0005

 

 

 

Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ж.Даваанямын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрэдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Хатанбаатарын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдолдоо: “Иргэн Ж.Хатанбаатар миний бие нь 2011 оны 02 дугаар сард иргэн Ц.Хишигдалайгаас газар болон хувийн сууцны гэрчилгээгээ алдчихаад авч чадахгүй байсаар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01253 шийдвэрээр газар хувийн сууцныхаа гэрчилгээг авах гэтэл Улсын бүртгэлийн газар бичиж өгөөгүй юм. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөхөд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 881 дүгээр шийдвэрээр надад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохгүй гэв. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд О.Өлзийхишиг түүний төрсөн эх Оюунчимэг нарыг шүүх хуралд оруулаагүй эд хөрөнгөгүй болчихсон хоёр ширхэг гэрчилгээ бүртгэлийг шүүгч Улсын бүртгэлийн газарт хүчингүй болгож болно. Биет хөрөнгийг үндэслэн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэж болох юмыг нэхэмжлэгч заавал О.Өлзийхишигт олгосон гэрчилгээ бүртгэлийг хүчингүй болгож өг гэж бичээгүй. Гэрээ эрх зүйн алдаанаас болоод О.Өлзийхишигийн нэр дээр тухайн үед бүртгэгдэж гэрчилгээ олгосон болохоос Улсын бүртгэлийн газар Ж.Хатанбаатар бид хоёрын буруу биш юм. Шүүх өмчийг хууль шүүхээр тогтоогдсон байхад бүртгэх үндэслэлгүй гэж үзэж эрх бүхий байгууллагаар өмчлөх эрхээ шийдвэрлүүлэх боломжтой гэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгааг үгүйсгэсэн байна.

             Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр шийдвэрийг хянаж үзэж 2015 оны дугаар сарын 12-ны өдөр О.Өлзийхишигт олгосон бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв хувийн сууцыг Ж.Хатанбаатар миний нэр дээр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Иргэн Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нь шүүхэд хандан “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Хатанбаатарын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргажээ.

            Гэтэл анхан шатны шүүх дахин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9,           19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь буруу байна.

            Зүй нь, “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Хатанбаатарын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзах нь зөв байжээ.

Учир нь иргэн Ж.Хатанбаатар “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Хишигдалайн нэр дээр бүртгэсэн Ү-2202017257, Г-2202004572 дугаартай бүртгэлийн тус тус хүчингүй болгуулж, Ж.Хатанбаатарт улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө шүүхэд гаргасныг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 430 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Ц.Хишигдалайгаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоотод байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.Хатанбаатарт буцаан олгосон” хуулийн хүчин төгөлдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэр байгаа” гэж тайлбарлаж маргаж байгаа.

           Гэвч нэгэнт дээрх маргаан бүхий газар, хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримтын талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоотод байрлах хувийн сууц болон газрыг Ц.Хишигдалайгаас гаргуулж, Ж.Хатанбаатарт буцаан олгосон гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжгүй.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь газар болон хувийн сууцыг өөрт нь шилжүүлсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдох өргөдөл, хүсэлтийг хууль болон журамд зааснаар гаргах, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах эрх нь түүнд нээлттэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Хатанбаатарын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2-574 тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууцанд бүртгэл хийж, Ж.Хатанбаатарын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай иргэн Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

                  ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР