Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01709

 

 

 

 

 

 

 

 

 

А ХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01785 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХК -ийн хариуцагч Ж.Н холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Байгальдарийн хариуцагч А ХК нарт холбогдуулан гаргасан зохиогчийн эрх зөрчсөн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох явцдаа буюу 2019 оны 10 сарын 22-ны өдөр 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээтэй танилцсан. Б.Байгальдарь нь 2017 оны 06 сарын 16-ны өдөр БЗД-ийн 209 дугаартай нотариатчид хандаж Чонон шүтлэг нэртэй уран баримлын бүтээлийн эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Гэрчилгээний доод хэсэгт өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж бичсэн байна. Гэрчилгээний ард талд Өвлөгдөх хөрөнгө, эрхийн нэр гэсэн заалтад нотариатч нь Уран бүтээл, уран баримал эзэмших зохигчийн эрхийг гэж, өвлөгдөх хөрөнгө эрхийн төрөл байршил..., гэсэн заалтад Уран баримал Чонон шүтлэг нэртэй уран баримлын эзэмших эрхийг өвлөх гэж үнийн санал 10 000 000 төгрөг гэж тус тус бичсэн байна. Нотариатчийн энэ үйлдлээс үүдэн Чонын дүрс бүхий баримлыг худалдан авсан өмчлөгчийн эрх ноцтой зөрчигдөж байна.

Б.Байгальдарь нотариатад өргөдөл гаргахдаа өөрийн эцэг н.Баатарцогт уг баримлыг бүтээсэн боловч 2014 оны 01 сард бусдад худалдан борлуулсан талаар бичээгүй нуун дарагдуулсан ба бусдын өмчлөлд шилжээд 3 жил болсон эд зүйлийг өөрийн хөрөнгийг үнэлж буй мэтээр 10 000 000 төгрөг гэж тэмдэглүүлсэн байна. н.Баатарцогт амьд сэрүүн үедээ тухайн эд зүйлийг 2014 оны 01 сард А ХК -д худалдсан үнэтэй тохирч байна. н.Баатарцогт бүтээлээ худалдан борлуулснаас хойш ямар нэгэн санал гомдол, зохиогчийн эрх эдлэх, нэрээ дурдуулах талаар тусгайлан болон хориглох талаар санал гаргаагүй юм. Иргэний хуулийн 516 дугаар зүйлийн 516.1 дэх хэсэгт оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно гэжээ. Бусдад буюу А ХК -д худалдан борлуулсан, тухайн компанийн дансанд бүртгэлтэй өмчилж авсан эд хөрөнгийг өвлөж авсан эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд нотариатч зохиогчийн эрхийг өвлөх эсвэл эд зүйл өвлөх талаар өвлөх эрх олгосон тодорхой бус бичиглэл хийжээ.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тухайн бүтээлийг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан. Б.Байгальдарь нэхэмжлэлдээ дурдсан шиг аав н.Баатарцогт нь амьд сэрүүн үедээ худалдан авагчид хандсан гомдол санал гаргах, хүлээж авахгүй бол шүүхэд хандах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж болох 3 жилийн хугацаа байсан. Б.Байгальдарь тухайн эд хөрөнгө өмчлөх, эзэмшиж байгааг нотолсон баримтгүй байхад түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус тул нотариатч Ж.Наранцацралтын 2017 оны 06 сарын 16-ны өдөр 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх үйлдлийг 2017 оны 06 сарын 16-ны өдөр хийсэн эсэхээ сайн санахгүй байгаа ч н.Баатарцогт гэж сийлбэрч нас барсан тул охин нь бас нэг охины хамт ирж Чонын шүтлэг гэгч баримлыг эцэг нь бүтээсэн гэдгийг нотолж оюуны бүтээлийн өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан санагдаж байна. Энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан оюуны бүтээл, үнэт зүйлийг өвлөх эрхэд хамаарна гэж үзэж байна. Тухайн өв залгамжлалыг хийх үед нэхэмжлэлд дурдсанчлан уг бүтээл бусдад худалдагдсан маргаантай байгаа талаар хэлээгүй. Өв залгамжлал хийлгэсэнтэй холбоотой нотариатчийн үйлдэлд тухайн эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн энэ асуудлаар өөр шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-7-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч А ХК гэсэн атлаа ямар ч хуулийн этгээдийн тамга тэмдэггүй байхаас гадна нэхэмжлэл гаргасан иргэн Г.Уранцэцэг гэсэн байгаа нь шаардлага хангаагүй нэхэмжлэл байна. А ХК , иргэн Г.Уранцэцэг нарыг хохироосон үйлдэл хийгээгүй болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: А ХК -ийн эрх огт хөндөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авсан, өмчлөлийн болгосон хөрөнгийг өвлөж авахаар гуравдагч этгээд нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн үйлдэл огт гаргаагүй, гаргах ч үгүй. Нэхэмжлэгчтэй танилцахад ...нотариатч зохиогчийн эрхийг өвлөх эсвэл эд зүйл өвлөх талаар өвлөх эрх олгосон нь тодорхой бус бичиглэл хийжээ гэснээс ойлгоход өөрийнх нь эрх зөрчигдсөн эсэхэд итгэлгүй, эргэлзэж байна гэж ойлголоо. Гуравдагч этгээд Б.Байгальдарийн хувьд өвлүүлэгчийнхээ гагцхүү зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг өвлөж авсан бөгөөд энэ эрхийг нь зөрчсөн А ХК -ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татсан байгаа болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нотариатч Ж.Наранцацралын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Б.Байгальдарьд олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч А ХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХК -аас урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс зөрчигдсөн ямар эрхийг сэргээх үндэслэл байгаад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж тодорхойлсон боловч талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон үйл явдлын талаар тодорхойлж гэрчилсэн нотлох баримтыг дүгнээгүйгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Гуравдагч этгээдээр татан оролцуулсан Б.Байгальдарийн төлөөлөгч нь Чонон шүтлэг нэртэй баримлыг 10 000 000 төгрөгөөр зохиогч н.Баатарцогт нь А ХК -д зарж борлуупсан талаар маргахгүй гэж тодорхой тайлбарласан. н.Баатарцогт нь 2013 оны 11,12 сард өөрийн бүтээлээ олонд танилцуулах, зарж борлуулах зорилгоор эхлээд үзэсгэлэнд тавьсан, дараа нь албан байгууллагын зааланд байршуулсан байхад нь А ХК нь худалдан авсан нь тогтоогдсон, тус компани 2016 оны 01 сард Хөрөнгө оруулагч үндэстэн" гэсэн чуулга уулзалт зохион байгуулахдаа Чонон шүтлэг баримлын зарим хэсэгтэй төстэй дүрсийг урилга танилцуулга дээр хэвлэсэн. Үүний дараа н.Баатарцогттой биечлэн уулзаж уран баримал бүтээлгэхээр захиалга өгч ярилцаж байсан. н.Баатарцогт нь энэ үед манай урилга танилцуулгыг үзэж харсан болно. Мөн манай хэвлэсэн урилга танилцуулга нь телевизээр хүртэл цацагдаж байсан. Энэ үед н.Баатарцогтийн зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаж байгаагүй юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.2, 260.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу баримлыг худалдан авсан ба зохиогчийн онцгой эрхийг мөн шилжүүлсэн болно. Ийм учир зохиогч нь амьд сэрүүн үедээ ямар нэгэн гомдол гаргаагүй болно. Б.Байгальдарь нь ямар ч баримт нотолгоогүйгээр Аав маань амьд сэрүүн үедээ Ард санхүүгийн нэгдэл миний бүтээлийг 10 сая төгрөгөөр худалдаж авсан, тэгээд одоо бүтээлийг маань өөрчлөөд байна гэж гомдолтойгоор ярьж байсан гэж өөрийн санаагаар ямар ч үндэслэлгүй тайлбар гаргасан. Н.Баатарцогт нь зохиол бүтээлээ туурвиж, хөдөө ажлаар явж байсан гэдэг ба 2016 оны 01 сард хэвлэсэн урилга танилцуулгын талаар 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл явсан нь түүнийг зохиогчийн эрхээ бүрэн шилжүүлснийг нотлох баримт гэж үзэж байна. Аливаа хүнийг нас барсны дараа өв залгамжлагчид нь өөрийнхөө санаанаас зохион бодит амьдрал дээр болоогүй зүйлийг ярьж нэхэмжлэл гаргаж болохгүй. н.Баатарцогт нь баримлыг зуучлан заруулсан хүнтэйгээ уулзаж ярилцахдаа ямар ч эрхийн зөрчилгүй бүтээл зарж борлуулснаа хэлсэн байдаг. Зохиогчтой худалдах худалдах авах гэрээг зуучлалаар тохиролцож, бүтээлийг худалдан авсан болно. Нотариатч Б.Байгалдарьд баримлын зохиогчийн эрхийг болон бүтээл эзэмших эрхийг олгосон нь өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн бичиглэлээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Ж.Н холбогдуулан гаргасан 2017 оны 06 сарын 16-ны өдөр 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, уг гэрчилгээгээр өвлөгдсөн буюу маргааны зүйл болсон Чонон шүтлэг нэртэй уран баримал нь 2 газар үзэсгэлэнд байрлагдсан, үүний дараа нэгэн байгууллагын танхимд байхад нь бусад этгээдээр зуучлуулан 10 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлажээ. /хх 1-2/

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэгч А ХК -ийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан сонирхогч этгээд хэмээн дүгнэсэн байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан бүтээлийн эзэмшигч мөн эсэх үүнтэй холбоотойгоор шаардлага гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, уг бүтээл аль үзэсгэлэнд тавигдсан байсан, улмаар хэнээр зуучлуулан нэхэмжлэгч хэрхэн худалдаж авсан зэрэг үйл баримтыг тодруулснаар шаардлага үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Түүнчлэн, 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 045 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч нь тухайн өвийн зүйлийг өвлүүлэгчийн өмчлөлд байсан гэж дурдсан байна. Нотариатч нь уг үйлдэл хийхдээ өвлөгдвөл зохих хөрөнгийн эзэмшлийн талаар тодруулсан эсэх нь тодорхой бус байна.

 

Дээрх үйл баримт тодорхой бус тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 22-ны өдөр төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР