Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/01785

 

 

 

 

 

 

 

                           2020         05       19                             

                               101/ШШ2020/01785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 0 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ард санхүүгийн нэгдлийн байр 2 давхарт байрлах “А” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХЛ0 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Офицер шопын 2 давхарт 0тоотод байрлах 0 дугаартай нотариатч С- овогт Ж-Нд холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Ж.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А ХК, түүний охин компани мөн захирлын эсрэг иргэн Б.Байгальдарь нь зохиогчийн эрх зөрчсөн гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Ингэхдээ н.Баатарцогтын бүтээсэн чонын дүрс бүхий уран баримлыг өвлөх эрхийн гэрчилгээ авснаа үндэслэл болгосон. Хариуцагчийн зүгээс 2017 оны 6 сарын 16-ны өдөр БЗД-ийн 209 дугаартай нотариатчийн олгосон 045 дугаартай өвлөх эрхийг гэрчилгээ олгосон материалыг шүүхийн журмаар нотлох баримтаар татуулан авч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүрэн хэмжээгээр танилцаад гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Б.Байгальдарь нь 2017 оны 6 сарын 16-ны нотариатад ханджээ. Нотариат нь өвлөх эрхийн гэрчилгээнд Б.Байгальдарь “Чонон шүтлэг” нэртэй уран баримлын бүтээлийг эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ олгов гэжээ. Гэрчилгээний доод хэсэгт “Өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж бичсэн байна. Гэрчилгээний ард талд Өвлөгдөх хөрөнгө, эрхийн нэр гэсэн заалтад нотариатч нь “Уран бүтээл, уран баримал эзэмших зохигчийн эрхийг” гэж, өвлөгдөх хөрөнгө эрхийн төрөл байршил..., гэсэн заалтад Уран баримал “Чонон шүтлэг” нэртэй уран баримлын эзэмших эрхийг өвлөх гэж үнийн санал 10 сая төгрөг гэж  тус тус бичсэн байна. Нотариатчийн энэ үйлдлээс үүдэн Чонын дүрс бүхий баримлыг худалдан авсан өмчлөгчийн эрх ноцтой зөрчигдөж байна. Иргэн Байгальдарь нотариатад өргөдөл гаргахдаа аав Баатарцогт уг баримлыг бүтээсэн боловч 2014 оны 01 дүгээр сард бусдад  худалдан борлуулсан талаар бичээгүй нуун дарагдуулсан ба бусдын өмчлөлд шилжээд 3 жил болсон эд  зүйлийг “Өөрийн хөрөнгө”-ийг үнэлж байгаа мэтээр 10 сая  төгрөг гэж тэмдэглүүлсэн байна. Энэ үнэ нь иргэн Баатарцогт амьд сэрүүн үедээ тухайн эд зүйлийг 2014 оны 01 дүгээр сард А ХК-нд 10 сая төгрөгөөр зарсан үнэтэй тохирч байна. Аав нь түүнд баримлаа 10 сая төгрөгөөр зарснаа хэлсэн учир үүнийг маш сайн мэдэж нэхэмжлэлдээ бичжээ. Иргэн Баатарцогт амьд сэрүүн үедээ өөрийн бүтээсэн барималыг 2 газар үзэсгэлэнд тавьж, хамгийн сүүлд нэгэн байгууллагын танхимд бусдад борлуулах зорилгоор олны нүдэнд харагдуулах гэж гуйж байрлуулсан үед “А” ХК бусад этгээдээр зуучлуулан ярилцаад худалдаж авч, түүнд мөнгийг төлсөн юм. Иргэн Баатарцогт бүтээлээ худалдан борлуулснаас хойш ямар нэгэн санал гомдол, зохиогчийн эрх эдлэх, нэрээ дурдуулах талаар тусгайлан болон хориглох талаар санал гаргаагүй юм. Иргэний хуулийн 516 дугаар зүйлийн 516.1-д Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно гэжээ. Бусдад буюу А ХК-д худалдан борлуулсан, тухайн компанийн дансанд бүртгэлтэй өмчилж авсан эд хөрөнгийг өвлөж авсан эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд нотариатч зохиогчийн эрхийг өвлөх эсвэл эд зүйл өвлөх талаар өвлөх эрх олгосон тодорхой бус бичиглэл хийжээ. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм  хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө  болно. 84 дүгээр зүйлийн 84.1-д Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ. 122 дугаар зүйлийн 122.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ.  122.2 Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээр өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэжээ. Тухайн бүтээлийг 10 сая төгрөгөөр худалдан авах үед дээрх заалтыг үндэслэл болгосон. Иргэн Байгальдарь нэхэмжлэлдээ бичсэн шиг “Аав Баатарцогт нь хэрвээ гомдолтой байсан бол амьд сэрүүн үедээ худалдан авагчид хандсан гомдол санал гаргах, хүлээж авахгүй бол шүүхэд хандах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж болох 3 жилийн хугацаа байсан. Иргэн Байгальдарь тухайн эд хөрөнгө өмчлөх, эзэмшиж байгааг нотолсон баримтад байхгүй байхад Б.Байгальдарьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус тул нотариатч Ж.Нтын 2017 оны 6 сарын 16-ны өдөр олгосон 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг үйлдлийг би 2017 оны 6 сарын 16-ны өдөр хийсэн эсэхээ сайн санахгүй байна. Учир нь 2017 оны архив надад өөрт байхгүй. Нийслэлийн архивын газар байгаа тул харах боломжгүй байна. Ямар ч байсан эцэг нь Н.Баатарцогт гэгч сийлбэрч хүн байгаад нас барсан тул охин нь бас нэг охины хамт ирж эцгийнхээ “Чонын шүтлэг” гэгч баримлыг бүтээсэн гэдгийг нотолж уг оюуны бүтээлийн өвлөх эрхийн  гэрчилгээг бичүүлж авсан санагдаж байна. Энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “Оюуны бүтээл, үнэт зүйлийг өвлөх эрхэд хамаарна гэж үзэж байна. Тухайн өв залгамжлалыг хийх үед нэхэмжлэлд дурдсанчлан уг бүтээлийг бусдад худалдсан маргаантай байгаа талаар надад хэлээгүй. Өв залгамжлал хийлгэсэнтэй холбоотой миний үйлдэлд тухайн эрх зүйн харилцаанд надаар үйлчлүүлээгүй этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэх эрхтэй этгээд биш. Нэхэмжлэлд бичсэнээр энэ асуудлаар СБД-ийн шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-7-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.  Мөн нэхэмжлэлийн толгойд нэхэмжлэгч “А” ХК гэсэн атлаа ямар ч хулийн этгээдийн тамга тэмдэггүй байна. Мөн төгсгөлд нэхэмжлэл гаргасан иргэн Г.Уранцэцэг гэжээ. Зөрүүтэй шаардлага хангаагүй нэхэмжлэл байна. Би “А” ХК, иргэн Уранчимэг хэн хэнийг нь хохироосон үйлдэл хийгээгүй болно гэв.

 

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХК нь өөрийгөө нэхэмжлэгч гэж үзэж байгааг үгүйсгэж байна. Учир нь нэхэмжлэгчийн эрх огт хөндөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авсан, өмчлөлийн болгосон хөрөнгийг өвлөж авахаар гуравдагч этгээд нэхэмжлэгчийг эрхийг  хөндсөн үйлдэл огт гаргаагүй, гаргах ч үгүй. Нэхэмжлэгчтэй танилцахад “...нотариатч зохиогчийн эрхийг өвлөх эсвэл эд зүйл өвлөх талаар өвлөх эрх олгосон нь тодорхой бус бичиглэл хийжээ” гэснээс ойлгоход өөрийнх нь эрх зөрчигдсөн эсэхэд итгэлгүй, эргэлзэж байна гэж ойлголоо. Гуравдагч этгээд Б.Байгальдарийн хувьд өвлүүлэгчийнхээ гагцхүү зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг өвлөж авсан бөгөөд энэ эрхийг  нь зөрчсөн Ард санхүүгийн  нэгдэл ХК-ийг СҮхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхэд хариуцагчаар татсан байгаа болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Ж.Нд  холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Б.Байгальдарь нь өөрийн төрсөн эцэг Баатарцогтын бүтээсэн “Чонон шүтлэг” нэртэй уран баримал бүтээлийн эрхийг өвлөх хүсэлт гаргасны дагуу нотариатч Ж.Н нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгож, нотариатын тамга тэмдгийг дарж, гарын үсэг зурснаар нотариатын үйлдлийг хийжээ.

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотариат нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг хийх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох үйлдлийг хийх журамтай байна.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж зохицуулснаар “А” ХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Хэдийгээр, нотариатчийн үйлдлийг сонирхогч этгээд хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч гаргагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хэрхэн зөрчсөн, зөрчигдсөн ямар эрхийг сэргээх үндэслэл байгаад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэг талын эрх нөгөө талын үүргээс шаардах эрх, хариуцлага хүлээлгэх үндэслэл үүснэ.

Нэхэмжлэгч “А” ХК нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэлээ “... 2014 оны 01 дүгээр сард Г.Баатарцогтын бүтээсэн “Чонон шүтлэг” нэртэй барималыг худалдан авсан бөгөөд уг худалдах худалдан авах гэрээгээр тус барималыг болон зохиогчийн онцгой эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон тул нотариатын үйлдэл нь өмчлөгчийн эрхиийг зөрчсөн” гэж тайлбарласан.

Нотариатч Ж.Н нь өв хүлээн авагчийн гаргасан хүсэлт, бусад өвлөгчийн өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, өвлүүлэгчийн гэр бүлийн байдлын талаарх лавлагаа, өвлөгдөх хөрөнгийн талаарх тодорхойлолт, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 8682 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэн “Чонон шүтлэг” нэртэй уран баримал бүтээлийн зохиогчийн эрхийг өвлөх эрхийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Байгальдарьд  олгож, 045 дугаартай гэрчилгээг олгожээ. /х.х-ийн 47-66 дахь талд/

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж, 10.1.3-д “зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд зохиогчийн хувьд бүтээл ашиглах онцгой эрхийн талаар зохицуулсан байна.

Зохиогчийн бүтээлээ ашиглах уг онцгой эрхийг Монгол улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлах бөгөөд ийнхүү нотариатч Ж.Н нь өвлүүлэгч Г.Баатарцогтын “Чонон шүтлэг” нэртэй уран баримал бүтээлийн эрхийг түүний хууль ёсны өвлөгч Б.Байгальдарьд өвлүүлсэн нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХК нь талийгаач Г.Баатарцогтоос “Чонон шүтлэг” нэртэй бүтээлийн нэг зүйл болох баримал болон түүний зохиогчийн онцгой эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно” гэж, 12 дугаар зүйлийн 12.3-т зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар “А” ХК нь “Чонон шүтлэг” нэртэй бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг худалдан авсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна зохиогчийн зөвшөөрлөөр зохиогчийн онцгой эрхийг гэрээний үндсэн шижлүүлэн авсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

Иймд нотариатч Ж.Нын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь нэхэмжлэгч “А” ХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтын “өвлөгдөх хөрөнгө, эрхийн нэр” гэсэн хүснэгтэд “уран бүтээл уран баримал эзэмших зохиогчийн эрх”-ийг өвлүүлсэн гэж дурдсан байх тул нотариатчийн олгосон 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд эд хөрөнгийг эсхүл эрхийг өвлүүлсэн эсэх нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нотариатч Ж.Нын  2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 045 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Б.Байгальдарьд олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “А” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХК-иас урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ