Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01793

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01793

 

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02151 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Э-д холбогдох

Эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Заг констракшн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Б ХХК-тай 5001017540 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23.64 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Дээрх зээлийн төлбөрийг төлөх зорилгоор тус компанийн захирал Н.Даваасүрэн, Б.Ганбаатар нарын хүү Г.Лхагвасүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.Б ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066438 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг 10 134 572 төгрөгөөр худалдсан.

Х.Б ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авч уг орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Банк 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд зээлдэгч нарыг дээрхи орон сууц болон авто зогсоолыг буцаан худалдан авах нөхцлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй. Уг байранд Х.Э- амьдарч өмчлөгчийн эрхэд саад учруулж худалдан борлуулах боломжгүй болгон хохирол учруулсаар байна.

Иймд хариуцагч Х.Э-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би орон сууцны өмчлөгч Г.Лхагвасүрэн, Б.Саруул нартай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан үнэ төлбөргүйгээр хөлслөн амьдарч байгаа. Х.Б ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй учир орон сууцыг чөлөөлөхгүй. Тухайн орон сууц нь Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын өмчлөлийн орон сууц тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Лхагвасүрэн, Б.Саруул нар нь Х.Б ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ харилцан тохиролцож байгуулсан.

Амлалтын үүрэг хүлээх гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Иймд Х.Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Б.Лхагвасүрэн, Б.Саруул нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х.Б ХХК-тай амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцлийг харилцан тохиролцсон.

Талууд худалдах- худалдан авах гэрээг 81 000 000 төгрөг болон 10 000 000 төгрөгөөр тохиролцон байгуулсан ч гэсэн тухайн орон сууц болон автомашины зогсоол нь 122 000 000 төгрөг болон 17 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад Х.Б ХХК нь зах зээлийн үнэлгээнээс бага үнийн дүнгээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаад орон сууцыг чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.Лхагвасүрэн, Б.Саруул нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ нь хэт нэг талын эрх ашиг, сонирхлыг тусгасан гэрээ байсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэг нь зөвхөн амлалтын үүрэг хүлээх гэрээний хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгийг борлуулсан тохиолдолд л зөрүү мөнгийг олгоно гэж өөрт ашигтай гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Б ХХК-ийг ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай гэсний дагуу тус гэрээг байгуулсан.

Иймд амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож орон сууц, авто зогсоолыг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагч Х.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.5-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 622,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-оос 613 622,86 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бинд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ байгуулахад биднийг орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авч чадахгүй бол Х.Б ХХК нь тухайн орон сууц, авто зогсоолыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгнө гэж хэлж байсан. Энэхүү Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг өөрсдийн бие даасан чөлөөт хүсэл зоригийн дагуу байгуулаагүй бөгөөд Х.Б ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үйлдвэрийн обьект авахгүй заавал орон сууц, авто зогсоол авах ёстой хэмээн тулган шаардсан буюу аргагүй байдлын улмаас байгуулсан болно. Гэрээний эрх тэгш байдал буюу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тухайн харилцаанд орж буй нөгөө этгээдийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлаж болохгүй.

Бидний хувьд өөрсдийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр хуульд нийцсэн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хэлцлийн нөгөө талын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аргагүй байдалд орсон, хяхан боогдсоноос гэрээг байгуулсан тохиолдолд үүнийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болон хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Х.Э-од холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 байрны, 118 тоот хаягт байрлах 62.405 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 байрны, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах 16 м.кв талбай бүхий автозогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, Б.Саруул нараас амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн орон сууц болон автозогсоолыг буцаан гаргуулах бие даасан шаардлага гаргаж, дээрх гэрээнүүдийг шаардлагын үндэслэлээ болгосон байна.

Хэргийн баримтаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Х.Б ХХК нь Б.Ганбаатар, Н.Даваасүрэн, Г.Лхагвасүрэн, Г.Пүрэвсүрэн, Г.Баасансүрэн нарын хооронд байгуулагдсан Амлалтын үүрэг хүлээх гэрээ нэртэй гэрээгээр худалдан авагч Х.Б ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 байрны, 118 тоот хаягт байрлах 62.405 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 байрны, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах 16 м.кв талбай бүхий автозогсоол, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот 3 өрөө орон сууц зэргийг худалдагчтай тохиролцсон хугацаанд бусдад худалдахгүй байх амлалт авч, худалдагч нар нь гэрээгээр тогтоосон хугацаанд дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах үүргийг тус тус хүлээжээ. /хх-35-37/

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар гэрээний нэг тал болох Б.Ганбаатар, Н.Даваасүрэн, Г.Пүрэвсүрэн, Г.Баасансүрэн нарын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулж, тэдгээрийг гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулах эсэх талаар холбогдох ажиллагааг шүүх явуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд болох Г.Лхагвасүрэн, Б.Саруул нарын бие даасан шаардлага, түүний үндэслэл, агуулга нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны зүйлтэй ижил эсэх, мөн маргааны зүйл нь ямар харилцаанаас үүдэлтэй болохыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдүүдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 227 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД