Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00780

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анж-Андууд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Гантөмөрт холбогдох

 

-       Гэрээний үүрэгт 100 673 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

- Анж-Андууд ХХК болон Л.Гантөмөр нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Отгонбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-ийн захирал Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Анж-Андууд ХХК болон Л.Гантөмөр нар нь барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой талуудын өглөг, авлагыг 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 1/39 дугаар тооцоо нийлэх гэрээгээр тохиролцож Анж-Андууд ХХК нь  120 000 000 төгрөгийн өглөгтэй болохыг талуудын  хоорондын 1/39 тооцоо нийлэх гэрээгээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Л.Гантөмөр нь уг төлбөрийг гэрээний  2.1-д заасан графикийн дагуу Л.Гантөмөр нь гэрээний 2.1.2-т 10 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр2.1.3-т 30 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2.1.4-т 30 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2.1.5-т 30 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар заажээ. Тооцоо нийлэх гэрээний дагуу Анж-Андууд ХХК-д 100 000 000 төгрөгийн төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний 2.2-т төлбөр төлөгч гэрээний 2.1.2-2.1.5-д заасан хугацаандаа төлбөр бүрэн барагдуулж дуусаагүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувь алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна. Алдангийг дараах байдлаар тооцсон бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10 000 000 төгрөг, хугацаа 127 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги, 127 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, хугацаа 112 хоног хэтэрсэн, 0,01 хувь алданги 336 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, хугацаа 50 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 150 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, хугацаа 20 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 60 000 төгрөг, нийт 673 000 төгрөгийн алданги болж байна. Иймд Л.Гантөмөрөөс 1/39 тоот тооцоо нийлэх гэрээний 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5-д заасны дагуу 100 673 000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Гантөмөр шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Төлбөр бүрэн барагдаж дууссан. Миний бие  Анж-Андууд ХХК-иар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд 10 ширхэг барилгын үндсэн цутгалтын ажил хийлгэсэн. Төлбөр тооцоог тухай бүрт хийж гүйцэтгэж явсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 120 000 000 төгрөг үлдсэнээс 20 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 100 000 000 төгрөгт 2015 оны 9 сард Анж-Андууд ХХК-д ажлын явцад хүлээлгэн өгсөн байсан зах зээлийн үнэлгээгээр 130 000 000 орчим төгрөгийн үнэ бүхий дараах эд хөрөнгүүдийг өгч тооцоо дуусгавар болохоор тус компанийн захирал Д.Эрдэнэбат, Ш.Болдбаатар нартай тохиролцсон. Үүнд: пум 120*60, 1599 ширхэг, нэгжийн үнэ 30 000 төгрөг, нийт үнэ 47 970 000 төгрөг, пум 120*50, 76 ширхэг, нэгжийн үнэ 30 000 төгрөг, нийт үнэ 2 280 000 төгрөг, пум 120*45, 82 ширхэг, нэгжийн үнэ 30 000 төгрөг, нийт үнэ 2 460 000 төгрөг, пум 120*40, 318 ширхэг, нэгжийн үнэ 25 000 төгрөг, нийт үнэ 7 950 000 төгрөг, пум 120*30, 163 ширхэг, нэгжийн үнэ 25 000 төгрөг, нийт үнэ 4 075 000 төгрөг, пум 120*20, 46 ширхэг, нэгжийн үнэ 25 000 төгрөг, нийт үнэ 1 150 000 төгрөг, булан 240 см, 106 ширхэг, нэгжийн үнэ 16 000 төгрөг, нийт үнэ 1 696 000 төгрөг, булан 120 см, 77 ширхэг, нэгжийн үнэ 10 000 төгрөг, нийт үнэ 770 000 төгрөг, булан 60 см, 6 ширхэг, нэгжийн үнэ 16 000 төгрөг, нийт үнэ 60 000 төгрөг, сапуд /солонгос/ 2149 ширхэг, нэгжийн үнэ 15 000 төгрөг, нийт үнэ 32 235 000 төгрөг, суурин кран, 1 ширхэг, нэгжийн үнэ 80 000 000 төгрөг, нийт үнэ 80 000 000 төгрөг, нийт 180 646 000 төгрөг болж байна. Дээрх байдлаар өглөг, авлага тооцоо дуусгавар болсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад гайхаж байна.

Барилгын ажлын хэмжээ хүрээгүй. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тус бүр гүйцэтгэсэн ажлын м.кв-аар өөр өөр үнэлгээ тогтоон түүний гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэхээ тохирсон бөгөөд үүний дагуу төлбөрүүд тухай бүр хийгдэж байсан. Барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүйАнж-Андууд ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 7.2-д барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, норм дүрмийн дагуу чанартай мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх үүргийг тус компани хүлээсэн. Гэвч гүйцэтгэсэн барилгын ажил нь чанар, стандарт хангаагүй, алдаа дутагдал доголдол илэрснийг тухай бүр засуулах шаардлага тавьж байсан боловч биелүүлээгүй. Үүнд зураг төслөөр цутгалт хийх газарт цутгалт хийгээгүй дутуу орхисон, зуурмагийн нягтаршилт зохих түвшинд хүрээгүй, чанар стандартын шаардлага хангахгүй, цутгалт далий, хэв алдсан. Дээрх алдаанууд нь барилгын үндсэн цутгалтанд байж болохгүй алдаа бөгөөд үүнийг засаж сайжруулалгүйгээр барилгын цаашдын ажил гүйцэтгэх боломгүй болсон.

Хэргийн материалд Монгол эм импекс Баянгол ХХК болон Анж-Андууд ХХК нар барилга угсралт гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан бөгөөд барилгын ажилд Л.Гантөмөр иргэнийхээ хувьд захиалаад, барилгын төлбөрийг өөрөө гаргаад, гарсан санхүүжилтийг Анж-Андууд ХХК-д олгоод байсан зүйл байхгүй. Гэрээ хэний хооронд үүссэн гэдгийг тогтоох ёстой. Монгол эм импекс Баянгол ХХК нь барилга бариулсан санхүүжилтээ дутуу өгсөн бол үүнийгээ хариуцах ёстой. Гэтэл зөвхөн тооцоо нийлэх гэрээг үндэслээд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс Л.Гантөмөр нь хариуцагч биш юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл гэж тайлбарлаж байгаа байх боловч талуудын хооронд байгуулагдсан ажил үйлчилгээний гэрээ хэрэгт авагдсан. Уг гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан заавал тусгагдах гол нөхцөлөө тусгаагүй. Гэрээндээ ажил үйлчилгээ хийлгэсэн үү, хийлгэхээр тохиролцсон уу, мөн энэхүү ажлын нийт өртгийг 1 886 000 гэж тохиролцсон юм уу, 886 000 000 төгрөг гэж тохиролцсон уу гэдгийг талууд гэрээндээ тусгаагүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх талаар талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэх нөхцөл байдлын шинж зэргээс нь шалтгаалан тухайн төрлийн ажил гүйцэтгэх үүргийн мөрдөгдөхөөр баталсан жишиг жагсаалтыг үндэслэсэн. Хэрвээ тийм жагсаалт байхгүй бол зах зээлийн дундаж үнээр бодож гүйцэтгүүлнэ гэж заасан. Нэгэнт талуудын хооронд байгуулсан энэ гэрээг харахад хөлсөө тохиролцоогүй учраас шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаж байсан. Тухайн барилгад хэдэн м.кв цутгалтын ажил хийгдсэн, зах зээлийн үнээр хэдэн төгрөг болж байгаа, энэ гарч ирсэн үнэлгээ нь өнөөдрийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй таарч байгаа эсэхийг тогтоох ёстой. Шүүх иргэний хэрэг үүсэхдээ нэхэмжлэлийн шаардлагад барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл үүссэн эсэхийг зайлшгүй тогтоох ёстой. Зохиогчийн үүргийг гүйцэтгэсэн барилгын нийт талбай нь барилгын зургийн дагуу баригдсан. Нэхэмжлэгч ажлыг 1 046 812 000 төгрөгөөр хийсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хийсэн ажлын хэмжээ нь 18,964 гэдэг боловч хийгдсэн ажлаар нь аваад үзэхээр 20,582 м.кв байна. Хариуцагч Л.Гантөмөр энэ гэрээний оролцогч биш, мөн гэрээнд оролцох эрх бүхий албан тушаалтан биш, уг үйл ажиллагаанд өөрийнхөө данснаас ажлын гүйцэтгэлийн хөлсийг гаргаж өгч байгаагүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийг иргэнээр тодорхойлсон боловч жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Гантөмөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Гантөмөр нь Финанс энд сервис ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Финанс энд сервис ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьж байгуулж байсан 10 блок, 16 давхар бүхий барилгын цутгалтын ажлыг Анж-Андууд ХХК-иар гүйцэтгүүлэхээр тус компанитай 2011 оны 6 дугаар сарын 25, 2012 оны 3 дугаар сарын 15, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тус тус барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаж дээрх гэрээг үндэслэж Л.Гантөмөрийг хариуцагчаар татаад байна.  Дээрх тооцоо нийлэх гэрээ нь бодит бус хуурамч гэрээ бөгөөд Д.Эрдэнэбатын өөрийн бусдыг дарамталж мөнгө авч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэрэгжүүлж байгаа арга хэлбэр юм. Д.Эрдэнэбат нь н.Ариунболдыг эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан байдаг бөгөөд тус гомдлыг Улсын прокурорын газарт хянаж, Л.Гантөмөр гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Иймд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Мөн 120 000 000 төгрөг өгвөл Зайсангийн барилгыг барих явцдаа н.Ариунболд нь Анж-Андууд ХХК-ийн нэрээр зээл авч ашигласан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх гэсэн тохиролцоог халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна.  Л.Гантөмөр болон Анж-Андууд ХХК-иудын хооронд аж ахуйн харилцаа байхгүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд Анж-Андууд ХХК иргэн Л.Гантөмөр нарын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-ийн захирал Д.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь ямар нэг хэлцлийг халхавчилж, ямар ч ажил гүйцэтгээгүй байж мөнгө авах гэж байгаа хууль бус үйлдэл гаргаагүй болно. Манай байгууллага Баянгол дүүргийн 18 дугаар хороомодны 2-т Капитал таун хотхоны барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр орж гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж барилгын ажлыг дуусгаж өгсөн байдаг. Тус барилгыг улсын комисс хүлээн авсан актад туслан гүйцэтгэгчээр Анж-Андууд ХХК баталгаажсан, мөн ажил гүйцэтгэсэн талаар маргахгүй байгаа нь гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажпын үлдэгдэл 120 000 000 төгрөгийг төлөх талаар Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар тооцоо нийлэх гэрээ байгуулсан нь талууд хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан тэгш эрхийн зарчмыг хангаж хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээг хийхдээ ямар нэгэн байдлаар хариуцагч Л.Гантөмөрт хүч хэрэглэж хийгээгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ хүч хэрэглэх, далайлган сүрдүүлж хийсэн гэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэлээ нотолсон баримт өгөөгүй болно Мөн Л.Гантөмөр нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулж 20 000 000 төгрөг гэрээний дагуу өгсөн төдийгүй үлдэгдэл төлбөрийг мөн өгөх талаар дахин 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлөхөө илэрхийлж  тодорхойлолт гаргаж өгсөн  гэрээ хэлцлийг баталгаажуулах дагалдах бичгээр мөн батлагдах юм.  Сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д үндэслэсэн байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн болон би хариуцагч биш гэж тайлбарлаж байгаа боловч бодит үйлдэл дээр бол захиалагч нь Монгол эм импекс ХХК болж хувираад энэ хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ гэрээ Монгол эм импекс ХХК-д үүрэг үүсгээгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж байна. Гэрээний төслийг гаргуулахаар шүүх хуралдаан 4 удаа хойшилсон боловч гаргаж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж байгаа тайлбарууд хоорондоо зөрүүтэй байдаг. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралд бичгээр өгсөн тайлбарт 120 000 000 төгрөгийг өгсөн 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрт нь эд хөрөнгө өгсөн гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэтэл дараа нь гэрээ хийгээгүй, хамаагүй, Д.Отгонбат, Д.Эрдэнэбат нар далайлган сүрдүүлж хүч хэрэглэж энэ гэрээг хийсэн гэж тайлбарладаг. Д.Эрдэнэбат, н.Ариунболдыг дарамталсан нэртэй хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэсэн үндэслэл заасан нь үндэслэлгүй. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Л.Гантөмөртэй ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэсэн үндэслэл бас байдаг. Гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээний хувьд төөрөгдсөн. Тухайн гэрээг байгуулахад талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Гантөмөрөөс 100 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан Анж-Андууд ХХК, Л.Гантөмөр нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 315 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гантөмөрөөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 658 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тайлбарласан атлаа хариуцагч Л.Гантөмөрөөс 100 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Анж-Андууд ХХК нь Монгол эм импекс Баянгол ХХК-ийн захиалгын дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал таун хотхоны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба Анж-Андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Харин Анжндууд ХХК нь иргэн Л.Гантөмөртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогддог. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Анж-Андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь хэргийн материалд авагдсан атал дээрх гэрээг огт үнэлээгүй бөгөөд гэрээний харилцаанд оролцоогүй иргэнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэж буй нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн этгээд болох Монгол эм импекс Баянгол ХХК-ийн хүлээх үүргийг иргэн Л.Гантөмөрт хариуцуулан хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Мөн Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар Анж-Андууд ХХК нь ерөнхий гүйцэтгэгч болох Монгол эм импекс Баянгол ХХК-иас төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэх ёстой болохоос биш иргэн Л.Гантөмөрөөс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Анж-Андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр 26-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх боловч уг гэрээнд гэрээний гол нөхцлийг талууд харилцан тохиролцоогүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд баригдсан Капитал таун хотхоны барилгын ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт тооцоо нийлсэн ба тооцооны үлдэгдэл 120 000 000 төгрөг хэмээн тодорхойлж, Капитал таун хотхоны барилгын санхүүжилт болон ажлын гүйцэтгэл гэх 2 тооцооллыг шүүхэд ирүүлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл гэх тооцоолол /хүснэгт/-д 18 964 м.кв угсралтын ажил хийж гүйцэтгэсэн гэх болох уг тооцооллоос үзэхэд гүйцэтгэсэн гэх ажлын тоо хэмжээ нь 18 555 м.кв байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь 18 964 м.кв бус 14 899 м.кв болох нь дээр дурьдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл гэх тооцоололд 18 964 м.кв угсралтын ажил хийж гүйцэтгэсэн гэх болох уг тооцооллоос үзэхэд гүйцэтгэсэн гэх ажлын тоо хэмжээ нь 18 555 м.кв байна. Анж-Андууд ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээ нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дээрх зөрүүтэй үйл баримтуудыг тодруулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүхийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Учир нь тооцоо нийлэх гэрээ хийх болсон үндэслэл, шалтгааны талаар дээр дурьдсанчлан илтэд зөрүүтэй үйл баримтууд авагдсан атал шүүх дээрх нотлох баримтуудыг нэг мөр болголгүйгээр, дээрх нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт "тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас уүссэн шаардлагыг гзрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 466.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлага байх ёстой атал иргэн Л.Гантөмөр болон Анж-Андууд ХХК-иудын хооронд буюу иргэн хуулийн этгээдийн хооронд өмнө үүссэн ажил хэргийн харилцаа огт байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтад дүгнэлт хийлгүйгээр буюу өмнө үүссэн ажил хэргийн харилцаа байсан эсэхийг дүгнэлгүйгээр зөвхөн тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Мөн иргэн Л.Гантөмөр нь Анжндууд ХХК-тай ажил хэргийн ямар нэгэн харилцаанд орж байгаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Нөгөөтэйгүүр Анжндууд ХХК болон Монгол эм импекс ХХК, Баянгол ХХК-иудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 886 500 000 төгрөгийг Монгол эм импекс ХХК, Баянгол ХХК нь Юнико констракшн ХХК-иар дамжуулан төлж байсан болохоос биш иргэн Л.Гантөмөр иргэнийхээ хувиар Анж-Андууд ХХК-д ямар нэгэн ажлын хөлс төлж байгаагүй. Анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох эаримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Анж-Андууд ХХК нь хариуцагч Л.Гантөмөрт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100 673 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/39 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Анж-Андууд ХХК, хариуцагч Л.Гантөмөр нар 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Л.Гантөмөр нь 120 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Анж-Андууд ХХК-д гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон байна. /1хх-ийн 4 тал/

 

Дээрх гэрээгээр 120 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10 000 000 төгрөг2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон, гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөгийг Л.Гантөмөр нь бэлнээр хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /1хх-ийн 4 ар тал/

 

Хариуцагч Л.Гантөмөр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...тооцоо нийлэх гэрээг хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Анхан шатны шүүх талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж тооцоо нийлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Анж-Андууд ХХК нь хариуцагч Л.Гантөмөрөөс тооцоо нийлэх гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болно. Иймд нэхэмжлэгч Анж-Андууд ХХК тооцоо нийлэх гэрээний үндсэн үүрэгт 100 000 000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн талууд гэрээний 2.2-т төлбөр төлөгч гэрээний үүргээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,01 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Гантөмөрөөс тооцоо нийлэх гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөг, алданги 200 000 төгрөг /20 хоног*(0,01*100 000 000/100)=200 000/, нийт 100 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 86 дугаар талд Финанс энд сервис ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд уг компани нь 1 гишүүнтэй, 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Л.Гантөмөрийг гүйцэтгэх захирлаар томилсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрт Л.Гантөмөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчаар Л.Гантөмөрийг татаж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах гомдлын үндэслэлээ ...хариуцагч Л.Гантөмөр нь нэхэмжлэгч байгууллагатай хувь хүнийхээ хувиар ажил хэргийн харилцаанд ороогүй, ямар нэгэн ажлын хөлс төлж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тооцоо нийлэх гэрээг Л.Гантөмөр байгуулсан, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлөх үүргийг Л.Гантөмөр бэлнээр төлж биелүүлсэн, үлдэх төлбөрийг хувааж төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтыг өөрийн нэрээр үйлдсэн байна.

 

Түүнчлэн 2016 оны 2 дугаар 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээний үндэслэл болсон Финанс энд сервис ХХК болон Анж-Андууд ХХК нарын 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Финанс энд сервис ХХК-ийн захирал Л.Гантөмөртэй байгуулсан, уг компанийн нэг гишүүн нь Л.Гантөмөр байх тул Л.Гантөмөр хариуцагч биш гэсэн үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО