Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 182

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Г-т холбогдох,

Гэрээний үүрэгт 100.673.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А ХХК  , Л.Г нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов.   

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Г өөс Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, үүний алданги 673,000 төгрөг, нийт 100,673,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. А ХХК, Л.Г нар нь барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой талуудын өглөг, авлагыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №1/39 тоот “Тооцоо нийлэх гэрээ’’-ээр нийлүүлэхэд, Л.Г  нь “Тооцоо нийлэх гэрээ”-ээр А  ХХК-тай 120,000,000 төгрөгний өглөгтэй болохыг талуудын хоорондын №1/39 тоот “Тооцоо нийлэх гэрээ”-ээр баталгаажуулсан бөгөөд төлбөр төлөгч Л.Г  нь уг төлбөрийг гэрээний 2.1-д заасан графикийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон билээ. Уг графикийн дагуу Л.Г  нь гэрээний 2.1.2-т 10.000.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2.1.3-т 30.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2.1.4-т 30.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 2.1.5-т 30.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсний дагуу “А” ХХК-д “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу нийт 100,000,000 төгрөгний төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлж барагдуулахгүй байна. Мөн гэрээний 2.2-т “төлбөр төлөгч гэрээний 2.1.2-2.1.5-д заасан хугацаандаа төлбөр бүрэн барагдуулж дуусаагүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6, мөн хуулийн 232.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувь алданги тооцож төлнө” гэсний дагуу хугацаа хэтрүүлсэн 127 хоногийн алданги 673,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Алдангийг дараах байдлаар тооцов. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, хугацаа 127 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги, 127,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, хугацаа 112 хоног хэтэрсэн, 0,01 хувь алданги 336,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, хугацаа 50 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 150,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, хугацаа 20 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 60,000 төгрөг, нийт 673,000 төгрөгний алданги болж байна. Иймд Л.Г өөс 1/39 тоот “Тооцоо нийлэх гэрээ”-ний 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5-д заасны дагуу 100,673,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Г  нь тус шүүхэд надтай холбогдуулан гаргасан А ХХК  -ийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломгүй байна. 1/ Төлбөр бүрэн барагдаж дууссан. Миний бие А ХХК  -аар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд 10 ширхэг барилгын үндсэн цутгалтын ажил хийлгэсэн. Төлбөр тооцоог тухай бүрт хийж гүйцэтгэж явсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 120.000.000 төгрөг үлдсэнээс 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 100,000,000 төгрөгт 2015 оны 09 сард А ХХК  -д ажлын явцад хүлээлгэн өгсөн байсан зах зээлийн үнэлгээгээр 130.000.000 орчим төгрөгийн үнэ бүхий дараах эд хөрөнгүүдийг өгч тооцоо дуусгавар болохоор тус компанийн захирал Д.Э  , Ш Б нартай тохиролцсон. Үүнд: пум 120*60, 1599 ширхэг, нэгжийн үнэ 30,000 төгрөг, нийт үнэ 47,970,000 төгрөг, пум 120*50, 76 ширхэг, нэгжийн үнэ 30,000 төгрөг, нийт үнэ 2,280,000 төгрөг, пум 120*45, 82 ширхэг, нэгжийн үнэ 30,000 төгрөг, нийт үнэ 2,460,000 төгрөг, пум 120*40, 318 ширхэг, нэгжийн үнэ 25,000 төгрөг, нийт үнэ 7,950,000 төгрөг, пум 120*30, 163 ширхэг, нэгжийн үнэ 25,000 төгрөг, нийт үнэ 4,075,000 төгрөг, пум 120*20, 46 ширхэг, нэгжийн үнэ 25,000 төгрөг, нийт үнэ 1,150,000 төгрөг, булан 240 см, 106 ширхэг, нэгжийн үнэ 16,000 төгрөг, нийт үнэ 1,696,000 төгрөг, булан 120 см, 77 ширхэг, нэгжийн үнэ 10,000 төгрөг, нийт үнэ 770,000 төгрөг, булан 60 см, 6 ширхэг, нэгжийн үнэ 16,000 төгрөг, нийт үнэ 60,000 төгрөг, сапуд /солонгос/ 2149 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, нийт үнэ 32,235,000 төгрөг, суурин кран, 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000,000 төгрөг, нийт үнэ 80,000,000 төгрөг, нийт 180,646,000 төгрөг. Дээрх байдлаар өглөг, авлага тооцоо дуусгавар болсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад гайхаж байна. 2/ барилгын ажлын хэмжээ хүрээгүй. “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”- (2013 оны 04 сарын 01-ний, 2011 оны 06 сарын 25-ны, 2012 оны 03 сарын 15-ны)-нүүдээр тус бүр гүйцэтгэсэн ажлын м.кв-аар өөр өөр үнэлгээ тогтоон түүний гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэхээ тохирсон бөгөөд үүний дагуу төлбөрүүд тухай бүр хийгдэж байсан. Барилгын ажлын явцад А ХХК  -аас ирүүлсэн гүйцэтгэлийн тайланг үндэслэн төлбөрүүд тухай бүр хийж байсан бөгөөд үүний дараа ажлын гүйцэтгэлийг барилгын ажлын зураг төсөл болон газар дээр нь хяналт хийж шалгахад А -аас ирүүлж байсан гүйцэтгэлийн тайлан бодит байдалд нийцэхгүй хэт өндөр хэмжээтэй байсан бөгөөд түүнийхээ дагуу санхүүжилтээ авч намайг хуурч мэхэлж байсан нь тодорхой болсон. Иймд гүйцэтгэлийн бодит хэмжээг нарийвчлан шалгуулж илүү авсан үнийн дүнг сөрөг нэхэмжлэл гарган тавьж шийдвэрлүүлэх болно. 3/ Барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй. А ХХК  -тай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-(2013 оны 04 :сарын 01-ний, 2011 оны 06 сарын 25-ны, 2012 оны 03 сарын 15-ны)-нүүдийн 7.2-д “барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, норм дүрмийн дагуу чанартай мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх" үүргийг тус компани хүлээсэн. Гэвч гүйцэтгэсэн барилгын ажил нь чанар, стандарт хангаагүй, алдаа дутагдал доголдол илэрснийг тухай бүр засуулах шаардлага тавьж байсан боловч биелүүлээгүй. Үүнд: Зураг төслөөр цутгалт хийх газарт цутгалт хийгээгүй дутуу орхисон, зуурмагийн нягтаршилт зохих түвшинд хүрээгүй, чанар стандартын шаардлага хангахгүй, цутгалт далий, хэв алдсан. Дээрх алдаанууд нь барилгын үндсэн цутгалтанд байж болохгүй алдаа бөгөөд үүнийг засаж сайжруулалгүйгээр барилгын цаашдын ажил гүйцэтгэх боломгүй. Иймд тус алдаануудыг засахтай холбогдуулан гарах нэмэлт ажил, үүнтэй холбогдон гарах ажлын зардлыг тооцоолон буруутай байгууллага болох гүйцэтгэгч А ХХК  -аас сөрөг нэхэмжлэл гарган өөрт учирсан хохирлоо барагдуулах болно” гэжээ.

Хариуцагч Л.Г  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тооцоо нийлэх гэрээний асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд үнэхээр тооцоо хийсэн үү, үгүй юу энэ гэрээ байгуулах үндэслэл байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой. Хэргийн материалд М  компани болон А  компани хоорондоо барилга угсралт гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан  байгаа. Үүнээс харвал захиалагч нь М  ХХК гүйцэтгэгч нь А  компани байдаг. Тэрнээс биш барилгын ажилд Л.Г  иргэнээрээ захиалаад, барилгын төлбөрийг өөрөө гаргаад, гарсан санхүүжилтийг А  компанид олгосон зүйл байхгүй. Гэрээ хэний хооронд үүссэн гэдгийг тогтоох ёстой. М  ХХК нь барилга бариулсан санхүүжилтээ дутуу өгсөн бол үүнийгээ хариуцах ёстой. Гэтэл зөвхөн тооцоо нийлэх гэрээг үндэслээд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс Л.Г  нь хариуцагч биш юм. Хоёрт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл гээд байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан ажил үйлчилгээний гэрээ хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 343.1-д заасан заавал тусгагдах гол нөхцөлөө тусгаагүй. Өнөөдөр барилга барьж байгаа бол ийм гэрээ байгуулчхаад ингээд шаардаад яваад байгаа нь хууль зүйн үндэсгүй. Гэрээндээ ийм ажил үйлчилгээ хийлгэсэн үү хийлгэхээр тохиролцсон уу, мөн энэхүү ажлын нийт төгрөгийг 1,886,000 гэж тохиролцсон юм уу, 886 сая гэж тохиролцсон уу гэдгийг талууд гэрээндээ тусгаагүй. Энэ гэрээг Л.Г  байгуулаагүй. Хэргийн материалд байгаа энэ бүх гэрээнд аваад үзвэл М  ХХК-ийн захирал Н.Мэндбаяр гэж байгаа. Энэ үүднээс аваад үзвэл Иргэний хуулийн 343.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх талаар талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэх нөхцөл байдлын шинж зэргээс нь шалтгаалан тухай төрлийн ажил гүйцэтгэх үүргийн мөрдөгдөхөөр баталсан жишиг жагсаалтыг үндэслэсэн. Хэрвээ тийм жагсаалт байхгүй бол зах зээлийн дундаж үнээр бодож гүйцэтгүүлнэ гэж заасан. Нэгэнт талуудын хооронд байгуулсан энэ гэрээг харахад хөлсөө тохиролцоогүй учраас шинжээч томилъё гэж хүсэлт гаргаж байсан. Нэгэнт энэ гэрээний үлдэгдэл гээд гэрээ байгуулаад байгаа юм бол. Тухайн барилгад хэдэн м.кв цутгалтын ажил хийгдсэн юм энэ өөрөө жагсаалтаараа байдаг уу, эсвэл тухайн үеийн зах зээлээр хэдэн төгрөг болж байгаа, энэ гарч ирсэн үнэлгээ нь өнөөдрийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй таарч байгаа юм уу зөрүү байна уу? үгүй юм уу гэдгийг тогтоох ёстой. Энэ асуудал дээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн 24814 тоот захирамжаар иргэний хэрэг үүссэн байдаг. Иргэний хэрэг үүсэхдээ нэхэмжлэлийн шаардлагад барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл үүссэн эсэхийг зайлшгүй тогтоох ёстой. Гуравт зохиогчийн үүргийг гүйцэтгэсэн барилгын нийт талбай нь барилгын ажил бол зургийн дагуу баригдсан. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөд байгаа баримт байдаг. Үүнд бол ажлын гүйцэтгэлд 1,046,812,000 төгрөгөөр хийсэн гэдэг гэтэл өнөөдөр хэдэн төгрөгийн ажил хийсэн талаарх баримт бол авагдаагүй. Хийсэн ажлын хэмжээ маань бол нэмээд үзэхээр 18,964 гэдэг боловч хийгдсэн ажлаар нь аваад үзэхээр 20,582 м.кв байгаа. Үнэхээр 18,964 м.кв хийсэн бол яагаад алдаа гарах ёстой юм бэ. Тиймээс нэхэмжлэгч нь  18,964 м.кв талбайд цутгалтын ажил хийгээгүй болох нь харагдаж байна. Үндсэндээ м.кв-ийг нь 55,000 төгрөгөөр хийлгэсэн гэж хараад байгаа юм. Мөн энэ гэрээ нь анхны гэрээ биш өмнө нь бас гэрээ байгуулж ажиллаж байсан. Үүнд талуудын хооронд хийх нийт ажлын өртөг 44,800 48,000 төгрөг гэсэн үнээр тохирон гэрээ хийж байсан. Энэ бүхнээс харахад 18,964 м.кв талбайг хийгээгүй байгаа юм. Дөрөвт нэгд ярьсантай холбогдуулаад иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд тусдаа эрх эдэлж байдаг.  Өнөөдөр Л.Г  ямар нэгэн байдлаар энэ гэрээний оролцогч биш, мөн энэ гэрээнд оролцох эрх бүхий албан тушаалтан биш энэ үйл ажиллагаанд өөрийнхөө данснаас ажлын гүйцэтгэлийн хөлсийг гаргаж өгч байгаагүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийг иргэнээр татаад байдаг, гэтэл жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд байгаа юм. Л.Г  нь энэ асуудалд оролцоогүй байж тооцоо нийлэх гэрээнд гарын үсэг зурснаар компанийн төлбөрийн үлдэгдлийг төлөх эрх бүхий албан тушаалтан биш юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.Г  нь Ф ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ф ХХК  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьж байгуулж байсан 10 блок, 16 давхар бүхий барилгын цутгалтын ажлыг А ХХК  -аар гүйцэтгүүлэхээр тус компанитай 2011 оны 06 сарын 25-ны өдөр, 2012 оны 03 сарын 15, 2013 оны 04 сарын 01-ний өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус ажлын хүрээнд А ХХК  -аас гаргаж өгсөн ажлын тайлангийн дагуу тухай бүр санхүүжилтийг босгох зорилгоор Д.Э  тай зөвшилцөж А ХХК  -ийн нэрээр Капитал банкнаас зээл авч, тус зээлийг барилгын санхүүжилтийн ажилд зарцуулан буцаан төлж барагдуулсан байдаг. Гэвч 2016 оны 01 сараас эхлэн А ХХК  -ийн захирал Д.Э   болон хуульч нь гэх Д.О  нар нь удаа дараа утастаж, уулзаж “н.А  та нар манай дансыг ашиглаж зээл авч дарсан. Тэрийг чинь олон нийтэд мэдээлнэ, холбогдох байгууллагад хандана, 200,000,000 төгрөг бидэнд өгчихвөл тийм асуудал гаргахгүй” гэж дарамталж эхэлсэн. Тус байдал нь миний бизнесийн хамтрагч буюу н.А ын ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байсан тул н.А той зөвшилцөж Д.Э   болон Д.О  нарын шаардлагыг зөвшөөрөхөөр болсон. Өмнөх ажил хэргийн харилцаанаас үүссэн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж байгаа мэт агуулгаар “Тооцоо нийлэх гэрээ”-г Д.О  боловсруулан авч ирсэн бөгөөд тус гэрээнд миний бие хувь иргэнийхээ хувьд гарын үсэг зурж, Д.О тай уг гэрээг 2016 оны 02 сарын 08-ны өдөр байгуулан, тус гэрээгээр дээрх этгээдүүдийн шаардаж байсан мөнгөнөөс 120,000,000 төгрөгийг гарган өгөх үүрэг хүлээж, улмаар бэлнээр Д.О ад 20,000,000 төгрөгийг н.А оос авч өгсөн болно. Дээрх гэрээний төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар Д.О  нь идэвхитэй удаа дараа хандаж дарамт шахалт үзүүлж байсан тул 2016 оны 04 сарын 21-ний өдөр төлбөрийг 2016 оны 06 сарын 15-ны дотор хуваан төлнө гэх бичгийг Д.О ын зааварласнаар хийж өгсөн. Улмаар Д.Э  ад ажил эрхэлж байхдаа шилжүүлэн өгсөн байсан “нийт 180,000,000 төгрөгийн үнэ бүхий суурийн кран, пум, булан, сапу зэрэг барилгын тоног төхөөрөмжийг бүрэн мөсөн шилжүүлэн өгөхөөр тохиролцож дээрх асуудал дуусгавар болсон. Гэвч 2016 оны 07 сарын 05-ны өдөр А ХХК   нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаж дээрх “шантаажлаж хийсэн” гэрээг үндэслэж миний биеийг хариуцагчаар татаад байна. “А” ХХК-ийн миний биеийг хариуцагчаар шүүхэд татах үндэслэл болгоод байгаа 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлэх гэрээ" нь бодит бус хуурамч гэрээ бөгөөд Д.Э  ын өөрийн бусдыг дарамтлаж мөнгө авч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэрэгжүүлж байгаа арга хэлбэр юм. Д.Э   нь н.А ыг “эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 2016 оны 06 сарын 15-ны өдөр гомдол гаргасан байдаг бөгөөд тус гомдолыг “Улсын прокурорын газар”-т хянаж, тус хэрэгт миний бие гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Иймд 2016 оны 02 сарын 08-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Мөн 120.000.000 төгрөг өгвөл “Зайсангийн барилгыг барих явцдаа “н.А  нь А ХХК  -ийн нэрээр зээл авч ашигласан” гэх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх гэсэн тохиролцоог халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” юм. Л.Г  болон “А” ХХК-уудын хооронд аж ахуйн харилцаа байхгүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд А ХХК   иргэн Л.Г  нарын хооронд байгуулсан 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-аар хүлээх эрхгүй этгээд гэж үзэж байгаа, нэхэмжлэгчийн хэлсний дагуу л тооцоо нийлэх гэрээг хийсэн Л.Г  бол М  ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш. Тиймээс компани дээр үүссэн өглөг авлагын тооцоог зурж байгаагүй, зурах эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж харж байгаа. Хоёрт энэ хэлцэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл. Д.Э   тухайн үед энэ бол зүгээр хийсэн ажлын үлдэгдэл зөрүү байгаа юм аа гэж хэлж гарын үсэг зуруулж байсан. Тийм учраас Л.Г  нь гэрээний зүйл болсон барилгын үлдэгдэл үүссэн байна гэж бодож ноцтой төөрөгдлийн улмаас гарын үсэг зурсан юм. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Л.Г ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Л.Г  нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-д заасан хууль зөрчсөн, өөр хэлцпийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулах гол үндэслэл нь “А” ХХК-ийн нэрээр н.А  өөрийн Капитал банкнаас зээл авч ашигласан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхаар тохирч хийсэн хэлцэл гэжээ. Г.Гантөмөрөөс ямар нэг хэлцэлийг халхавчилж ямар ч ажил гүйцэтгээгүй байж мөнгө авах гэж байгаа хууль бус үйлдэл гаргаагүй болно. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, модны 2-т Капитал таун хотхоны барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр орж гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж барилгын ажлыг дуусгаж өгсөн байдаг. Тус барилгыг улсын комисс хүлээн авсан актад туслан гүйцэтгэгчээр “А” ХХК баталгаажсан, мөн ажил гүйцэтгэсэн талаар маргахгүй байгаа нь гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажпын үлдэгдэл 120 сая төгрөгийг төлөх талаар Иргэний хуулийн 466-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулсан нь талууд хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан тэгш эрхийн зарчмыг хангаж хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээг ямар нэгэн байдлаар хариуцагч Л.Г ийг хүч хэрэглэж гэрээ хийгээгүй юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжпэлдээ хүч хэрэглэх, далайлган сүрдүүлж хийсэн гэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэлээ нотолсон баримт өгөөгүй болно. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл Капитал банкны захирал н.А  нь өөрийн банкнаас “А” ХХК-н нэр дээр зээл авсан нь үнэн, энэхүү зээлийг авахдаа үнийн дүнгийн тодорхой хувийн урамшуулал өгөхөөр амалж байсан бөгөөд уг урамшууллыг одоо болтол өгөөгүй төдийгүй, энэ талаар манай компани холбогдох Монгол банкинд гомдол гаргаж, улмаар энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хоорондоо ямарч хамааралгүй үйл явдлыг холбох гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Л.Г  нь 2016 оны 02 сарын 08-ны өдөр гэрээ байгуулж 20 сая төгрөг гэрээний дагуу өгсөн төдийгүй үлдэгдэл төлбөрийг мөн өгөх талаар дахин 2016 оны 04 сарын 21-ний өдөр төлөхөө илэрхийлж ”тодорхойлолт” гаргаж өгсөн нь гэрээ хэлцэлийг баталгаажуулах дагалдах бичгээр мөн батлагдах юм. Сөрөг нэхэмжлэлийг 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д үндэслэсэн байсан. 58 дугаар зүйлийн 58.3.1.-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцооч гэсэн нь сөрөг нэхэмжлэлд дурдагдаагүй. Сөрөг нэхэмжлэлд 2 үндэслэл яриад байгаа. Нэг нь 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу хууль зөрчсөн болон би хариуцагч биш бодит үйлдэл дээр бол захиалагч нь М ХХК болж хувираад энэ хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ гэрээ М ХХК-д үүсээгүй энэ талаар удаа дараа тайлбарлаж байгаа. Ийм гэрээ байгуулаагүй гэдэг. Гэрээний төслийг гаргуулъя гэхэд манайд байгаа гэж хэлээд 4 удаа хойшлуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж байгаа тайлбар бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралд бичгээр өгсөн тайлбарт 120 сая төгрөгийг өгсөн 20 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэлд нь эд хөрөнгө өгдөг гэдэг тоо ширхэг, нэгж, үнэ, үнэлгээтэй нэг бүрчлэн бичсэн байдаг. Гэтэл дараа нь би гэрээ хийгээгүй гэдэг. Би ерөөсөө хамаагүй гэдэг. Д.О , Д.Э   нар намайг далайлган сүрдүүлж хүч хэрэглэсээр байгаад би энэ гэрээг хийсэн гэдэг. Д.Э  , н.А ыг дарамталсан нэртэй хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Энэ үйл баримтуудыг тогтоогоод Д.О , Д.Э   нар нь Л.Г  гэдэг хүнийг дарамталсан гэдгийг тогтоогоогүй эцэслэгдсэн  нь хэрэгт авагдсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр яг энэ зүйлийг тодорхойлсон. Хоёрт 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг зөрчсөн гэдэг энэ хэлцлийн хууль зүйн үйл явдлыг дараах байдлаар тайлбарласан байдаг. Дарамтлаад байхаар нь хийсэн гэсэн нь бас тогтоогддоггүй. 56 дугаар зүйлийн 56.1.3 дээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж тодорхойлдог. Үйл явдал нь миний хувьд энэ компани ямар ч хамаагүй бодит төлбөр төлөх ёстой компани нь Ю ХХК  гэж маргадаг. Гэтэл энэ компанид огт хамааралгүй асуудал байдаг. Харин М ХХК-д хамааралтай гэж тайлбарлаж байна. Тухайн үед энэ талаар нэг ч үг ярьж байгаагүй. Эцсийн байдлаар  ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр байгуулдаг. Энэ гэрээг бичгээр байгуулахын тулд манай үйлчлүүлэгч төсөл өгч байсан. Энийгээ батлуулаад гарын үсэг зуруулаад батлуулаад авчруулахаар хүргүүлсэн. Энэ гэрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгтэй болж нэлээн их хугацаа өнгөрсөн. Гэтэл энэ гэрээ олдоогүй. Эндээс харахад талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн Л.Г тэй ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн юм. Манай үйлчлүүлэгч Л.Г  гэдэг хүнтэй л анхнаасаа гэрээний эрх зүйн харилцаа үүссэн.  Ю ХХК -тай гэрээ байгуулах хүсэл зориг явж байсан. Гэхдээ гэрээнд гарын үсэг зурагдаагүй.  Л.Г т хийж хүлээлгэж өгсөн тооцоо нийлэх гэрээний тооцоо нийлсэн өдрөөс өмнөх харилцааны шаардлага гаргах эрхийг хязгаарласан. Хоёрт хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ноцтой төөрөгдлийн улмаас гэж хэлдэг. Ажлын тоо хэмжээ дээр төөрөгдсөн гэдэг. Тухайн гэрээг хийхэд талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн. Иймд сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК   нь хариуцагч Л.Г т холбогдуулан  гэрээний үүрэгт 100,673,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Л.Г  нь нэхэмжлэгч А ХХК  -д холбогдуулан А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

1/ Хариуцагч Л.Г өөс гэрээний үүрэгт 100,673,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

            Нэхэмжлэгч А ХХК   нь хариуцагч Л.Г өөс гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөг, алданги 673,000 төгрөг, нийт 100,673,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Л.Г  нь нэхэмжлэгч компанитай иргэний хувьд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “Тооцоо нийлэх гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

            Нэхэмжлэгч А ХХК  , хариуцагч Л.Г  нар нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой талуудын өглөг, авлагыг барагдуулж, талуудын хоорондох төлбөр тооцоог бүрэн хаах зорилгоор Л.Г  нь гарсан нийт үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөгийг А ХХК  -д төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулж дуусаагүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Уг гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан. /хх1-4/

“Тооцоо нийлэх гэрээ”-нд 120,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байх бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг Л.Г  нь бэлнээр хүлээлгэн өгч, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх1-4 хуудасны ар тал/

Хариуцагч Л.Г  нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1/39 дугаартай гэрээний дагуу төлбөрийг 06 дугаар сарын 15-ны дотор төлөх талаар тодорхойлолтыг өөрийн гараар бичсэн байх бөгөөд хариуцагч нь уг тодорхойлолтыг бичсэн талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан, М  ХХК-ийн захиалгатай орон сууцны барилгын ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг төлөх асуудлаар хариуцагч Л.Г тэй харилцан тохиролцож “Тооцоо нийлэх гэрээ”-г байгуулсан тул үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Хариуцагч нь Л.Г  нь А ХХК  -аар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд 10 ширхэг барилгын үндсэн цутгалтын ажил хийлгэсэн, төлбөр тооцоог тухай бүрт хийж гүйцэтгэж явсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 120.000.000 төгрөг үлдсэнээс 20.000.000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 100,000,000 төгрөгт зах зээлийн үнэлгээгээр 180.000.000 орчим төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг өгч тооцоо дуусгавар болсон гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

Дээр дурдсан зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх харилцаа байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь А ХХК  -ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ зөрүүтэй, хийвэл зохих хэмжээнд, хүрээгүй, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээс илүү хэмжээгээр санхүүжилт авсан, барилгын ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй, алдаа дутагдал доголдол илэрснийг тухай бүрт нь засуулах шаардлага тавьсан боловч биелүүлээгүй, талууд ажлын үнэ хөлсөө анхнаасаа тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргаж байх боловч эдгээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох...”, 466.2-т “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугцааанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд тохиролцсоны дагуу үлдэгдэл 100,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан “Тооцоо нийлэх гэрээ”-ний 2.2-т “...гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулж дуусаагүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувийн алданги тооцохоор...” тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д  зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлөх үүргийг 127 хоног хугацаа хэтэрсэн алданги 127,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг төлөх үүргийг 112 хоног хугацаа хэтэрсэн алданги 336,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг төлөх үүргийг 50 хоног хугацаа хэтэрсэн алданги 150,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг төлөх үүргийг 20 хоног хугацаа хэтэрсэн алданги 60,000 төгрөг, нийт 673,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Л.Г  нь “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу төлбөрийг 06 дугаар сарын 15-ны дотор төлөх талаар тодорхойлолт гаргаж байсан, нэхэмжлэгчийн зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй байх тул гэрээний төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр талууд тохиролцсон гэж үзэн, хугацаа хэтрүүлсэн алдангийг мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тоолоход 20 хоног байх тул алдангийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож алдангид 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Г өөс гэрээний үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөг, алданги 200,000 төгрөг, нийт 100,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2/  А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

Хариуцагч нь А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь “Тооцоо нийлэх гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч А ХХК  , хариуцагч Л.Г  нар нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой талуудын өглөг, авлагыг барагдуулж, талуудын хоорондох төлбөр тооцоог бүрэн хаах зорилгоор Л.Г  нь гарсан нийт үлдэгдэл төлбөр 120,000,000 төгрөгийг А ХХК  -д төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулж дуусаагүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /хх1-4/

Зохигчид  төлбөр тооцооны асуудлаар харилцан тохиролцож, анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулжээ.

Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.  

Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлэх гэрээ” нь нэхэмжлэгчийн зүгээс А ХХК  -ийн дансыг ашиглаж банкнаас зээл авсан асуудлаар хариуцагчийг дарамталж хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ”хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, мөн 120.000.000 төгрөг өгвөл “Зайсангийн барилгыг барих явцдаа “н.А  нь А ХХК  -ийн нэрээр зээл авч ашигласан” гэх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх гэсэн тохиролцоог халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан ”өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, А ХХК  , иргэн Л.Г  нарын хооронд байгуулсан гэрээ байхгүй, Л.Г  нь М  ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш, компани дээр үүссэн өглөг авлагын тооцоог зурж байгаагүй, зурах эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, мөн Д.Э   тухайн үед энэ бол зүгээр хийсэн ажлын үлдэгдэл зөрүү байгаа юм гэж хэлж гарын үсэг зуруулсан, Л.Г  нь гэрээний зүйл болсон барилгын үлдэгдэл үүссэн байна гэж бодож ноцтой төөрөгдлийн улмаас гарын үсэг зурсан учраас энэ хэлцэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.

Хариуцагч нь зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн дээр дурдсан шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурдагдаж буй үйл баримтууд  нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1/39 дугаартай гэрээний дагуу төлбөрийг төлөх талаар тодорхойлолт бичиж өгч байсан, төлөх ёстой төлбөрийг бүрэн барагдуулж дууссан гэх тайлбарыг шүүхэд гаргасан зэргээс үзэхэд хариуцагч “Тооцоо нийлэх гэрээ”-г байгуулах үед уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ”хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар ”өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Л.Г ийн А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.Г өөс 100,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...гүйцэтгэлийн бодит хэмжээг нарийвчлан шалгуулж илүү авсан үнийн дүнг сөрөг нэхэмжлэл гарган тавьж шийдвэрлүүлэх болно..., ...гүйцэтгэсэн ажил нь чанар стандарт хангаагүй тул алдаа дутагдал, доголдлыг засахтай холбогдуулан гарах нэмэлт ажил, үүнтэй холбогдон гарах ажлын зардлыг тооцоолон буруутай байгууллага болох гүйцэтгэгч А ХХК  -аас сөрөг нэхэмжлэл гарган өөрт учирсан хохирлоо барагдуулах болно” гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчээс илүү авсан төлбөр, хохирол нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ф ХХК  нь нэхэмжлэгч А ХХК  -иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 250,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гарган зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээн оролцсон боловч, шүүхэд гаргасан бие даасан шаардлагаасаа татгалзсаныг шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Г өөс 100,200,000 /нэг зуун сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК  -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473,000 /дөрвөн зуун далан гурван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан А ХХК  , Л.Г  нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 661,315 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 658,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК  -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Хариуцагч Л.Г  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР