Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00171

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00171

 

 

Баялаг эмээлт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Баялаг эмээлт ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НВЦ ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 451 823 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 708 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "НВЦ" ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр БЭ-015 дугаартай Тэжээл худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу 6.201.87 тонн буюу нийт 967 882 600 төгрөгийн тэжээлийг гэрээн заасан үүргийнхээ дагуу чанар, стандарт хангасан тахианы тэжээлийг гэрээний дагуу нийлүүлсэн. Гэтэл "НВЦ" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй худалдан авсан тэжээлийн үнэ төлөхгүй болсон учир тооцоо нийлж 967 882 600 төгрөгийн авлага үүсэж тэжээлийн үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон. Гэрээний 5.4-т гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алдангийг тооцож 483 941 300 төгрөгийн алданги гаргуулах үндэстэй тул нийт 1 451 823 900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Талууд 1 жилийн хугацаатай байгуулсан боловч "НВЦ" ХХК нь бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт худалдан авалтаа зогсоосон. Зөвхөн дангаараа гэрээний үүргээсээ "НВЦ" ХХК нь татгалзсанаараа манай компанид асар их хохирол учруулаад байна. Гэрээний дагуу чанартай тэжээлийг заасан хугацаанд нийлүүлж байсан нь өдөр тутмын санхүүгийн гүйлгээгээр нотлогдож байгаа, тэжээлийн үнийг төлөхдөө дутуу төлсөөр 9 сарын дараа өр төлбөр 967 сая төгрөгт хүрсэн. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч "НВЦ" ХХК нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хууран мэхлэх замаар өр авлага үүсгэж манайхыг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Гэрээний 3.5-д худалдан авагч нь худалдан авсан тахианы тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол, дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тахианы тэжээлээр хангуулах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж, 3.2-т худалдан авагч нь тахианы тэжээлийн тоо хэмжээ, чанарыг шалгаж, хүлээн авах гэж заасан байдаг. Гэрээний хавсралтад тэжээлийн үнийг 1 жилийн хугацаанд хатуу мөрдөхөөр заасан боловч "НВЦ" ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийн дагуу үнийг тодорхой хэмжээгээр буулгаж, тэжээлийн үнээс 20 сая төгрөгийг хасаж үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг хохирол төлсөн мэт болгож харуулах гэсэн арга хэрэглэж байгаатай санал нийлэхгүй байна.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг харуулж байна. Гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдан, худалдан авагч талын захиалсан барааг тухай бүрт нийлүүлж байсан. Чанар муутай тэжээл нийлүүлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний барааны доголдлын талаар 6 сарын дотор гаргах ёстой байтал хугацаа дууссанаас хойш 1 жил өнгөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 6 сараас ямар ч байсан хэтэрсэн тул шаардлага гаргах эрхээ алдсан. "НВЦ" ХХК болон түүний охин компани болох "Мон эгг" ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр Иргэний хуульд заасны дагуу нэгэнт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь тухайн үед барааг шалгаж авах ёстой ба шалгаж аваагүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алддаг. Гэрээний 3.5-т худалдан авагч худалдан авсан тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тэжээлээр хангуулах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж заасан заалт нэгч удаа хэрэгжээгүй, бий болоогүй тул татгалзал нь үндэслэлгүй. Талууд тухай бүр тооцоо нийлж байсан. Гэрээний хугацаанд 10 гаруй тэрбум гаруй төгрөгийн тэжээлийг зөвхөн зээлээр өгөөд хугацааны эцэст авна гэж угаасаа байж боломгүй.

...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр "НВЦ" ХХК-иас явуулсан албан бичиг дээр гүйцэтгэх захирал н.Бүүвэй гэдэг хүн гэрээнээс татгалзан бид танайхаас гадна ОХУ-ын улсын компаниас давхар нийлүүлэх болсныг мэдэгдье гэсэн албан бичгүүдийн утгын хүрээнд ярих юм бол "Баялаг эмээлт" ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзсан асуудал байхгүй. Хариуцагчаас өгсөн захиалгыг "Баялаг эмээлт" ХХК хүргэж өгсний 1-2 хоногийн дараа мөнгө нь шилжиж ордог практикийн дагуу явагдаж байсныг үзэхэд гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, барааг захиалгын дагуу нийлүүлэх, үнийг тэр дор нь төлөх гэсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт юм. 967 882 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргаж байсан нь Иргэний хуулийн 208.2, 208.3-т зааснаар нэн даруй шаардаж байсан нь "Баялаг эмээлт" ХХК-иас явуулж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах хугацаанд гэрээний хугацаа дуусаж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох үүднээс Иргэний хуулийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлээс гадна алданги тооцохдоо гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс алдангийг тооцсон гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: 2016 оны 1 сарын 16-наас 2016 оны 6 сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 967 882 600 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг гарын үсэг зурсан. 967 882 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь 1-д чанаргүй бараа нийлүүлсэн, 2-т тогтоосон хугацаанд нийлүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлээр 708 сая төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн. Иймд 967 882 600 төгрөгөөс 708 саяыг хасаад 259 882 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 7 сарын 19-нөөс хойш дахин нэг ч удаа тэжээл нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан үүрэгтэй холбоотойгоор харилцааг өөрийн үйлдэл болон эс үйлдлээр гэрээг цуцалснаа илэрхийлж хугацаа тогтоогоогүй, цаашид биелэгдэх боломжгүй гэж үзээд шууд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцалсантай холбогдуулан "Баялаг эмээлт" ХХК 2016 оны 10 сарын 21-нээс алданги тооцох эрхээ алдсан. Гэрээг цуцлагдсанаар эрх, үүрэг дуусгавар болно гэж УДШ-ийн тайлбарт заасан. Тэжээл болон бусад зүйлээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүи, тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан тэжээл нийлүүлээгүйгээс үүдэн хохирол учирч байсан учраас алдангийг төлөхгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийг дэмжиж оролцож байгаа тул түүний тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "Эс Эм Жи Ди Аудит" ХХК-иар тусгайлсан аудитын тайлан гаргуулж, учирсан хохирлын хэмжээг тогтоолгосон ба энэхүү тайлангийн хорогдлын дүгнэлтэд 2015 оны 10 сараас 2016 оны 7 сарыг дуусталх хугацаанд өндөгний хорогдол болон өндөглөгч тахианы хорогдол нь ойролцоогоор 708 сая орчим төгрөг байна гэж тогтоосон. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргийн биелэлт буюу тэжээл бэлтгэн нийлүүлэлтээс болоод байгууллагад хохирол учирч байгаа талаар 2016 оны 8 сарын 05-ны өдрийн 1/511 дугаар албан бичгээр "Өндөглөгч тахианы нийлүүлэх гэрээнд цагт нь хүргэлт хийх, тасалдаж үл болох, аргагүй нөхцөл үүссэн тохиолдолд нийлүүлэх боломжгүйгээ 14 хоногийн өмнө мэдэгдэх гэх мэт заалтуудтай, тахиаг өндөглөх хүртэл нь өндөр өртөгтэй бөгөөд тэжээл нэг л өдөр тасалдахад олон хоногийн өндөглөлтийг огцом унагах, хорогдлыг өндөр тоогоор нэмэгдүүлэх, эргээд өндөглөлт нэмэгдэх удаан хугацаа шаардах нөхцөл бүрддэг тухай болон тэжээл нийлүүлэлт тасалдаж байгаа учраас давхар өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болсон" талаар мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 227.3-т зааснаар аудитын тогтоогдсон 708 сая төгрөг нь манай байгууллагад орох байсан орлого юм. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагчид хохирол учирсан тул сөрөг нэхэмжпэлийн шаардлага гаргаж гэрээ болон Иргэний дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нэхэмжилж байна. Гэрээний нэг тал болох "Баялаг Эмээлт" ХХК гэрээнд заасны дагуу стандарт хангасан, чанартай тэжээлийг цаг хугацаанд нь нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол манай өндөглөгч тахианы өндөг хорогдолгүй хэвийн гарч, тахианы хорогдол ч гарахгүй байх байсан бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчмыг зөрчсөн буруутай тул мөн хуулийн 219.1-д зааснаар учирсан хохиролд "Баялаг Эмээлт" ХХК-иас 708 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвхөн аудитын тайлан дээр "Баялаг эмээлт" ХХК-ийн тэжээлээс болж өндөг хагарсан гэх зүйл байхгүй. Мөн өндөг хорогдол нь юунаас болсон талаар ганц ч үг, үсэг байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 116 дутаар хуудасны хүснэгтэд бүхэл дүн нь таарахгүй, тоо хэмжээ нь худлаа байна. Энэ аудитын дүгнэлт нь ганцхан "НВЦ" ХХК-д л зориулсан. Дээрээс нь "НВЦ" ХХК-ийн удирдлагад зориулан бэлтгэсэн бөгөөд аливаа гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн байна Үүн дээр "Баялаг эмээлт" ХХК-ийн талаар ганц ч үг, үсэг байхгүй. Муу тэжээл идсэнээс өндөг нь хорогдсон гэх асуудал яригдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.6-д заасныг баримтлан "НВЦ" ХХК-иас /РД:2860597/ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.161.459.020 /нэг тэрбум нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга хорь/ төгрөг гаргуулан, "Баялаг эмээлт" ХХК-д /РД.5578124/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290.364.880 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар "Баялаг эмээлт" ХХК-иас /РД:5578124/ гэрээнээс учирсан хохиролд 470.000.000 /дөрвөн зуун далан сая/ төгрөг гаргуулан, "НВЦ" ХХК-д /РД:2860597/ олгож, шаардлагаас үлдэх 238.506.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 82.862.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 8.034.781 төгрөг, хариуцагчаас төлсөн 3.697.950 төгрөгийг тус тус улсын орлогод улдээж, хариуцагчаас 5.965.245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2.507.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Тооцоо нийлснээс хойш захиалгын дагуу нийлүүлэлт үргэлжлэн явагдсан ба 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-иий өдөр хүртэл нийлүүлсэн тэжээлийн үнийг "НВЦ" бүрэн төлсөөр хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ямар нэгэн авлага үүсгэлгүйгээр төлж дууссан нь 3 баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2016.07.01-2016.08.05-ны хооронд хийгдсэн төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд зөвхөн 2015.10.21-2016.06.30-ны хооронд үүссэн 987 882 600 төгрөгийн тэжээлийн төлбөрийн маргааныг анхан шатны шүүх шийдсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д зааснаар талуудын нэгдмэл санааг тодруулахын тулд харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэргийг харгалзан үзнэ гэж заасан байдаг ба нотлох баримтаар нотлогдож байгаа дээрх үйл баримтаас харахад талууд нийлүүлсэн барааны үнийг тухай бүрт нь худалдан авагч тал төлж байсан нь талуудын хооронд практик болон тогтсон байна. Үнийг хэзээ төлөх талаар талуудын нэгдмэл санааг тодруулахдаа 11 702 890,000 төгрөгийн тэжээлийг ямар нэгэн төлбөр авалгүйгээр бүтэн жилийн турш нийлүүлэх санхүүгийн чадвартай тэжээлийн үйлдвэр Монгол Улсад байхгүй болохыг харгалзан үзэхээс аргагүй юм. Мөн үнэ хэзээ төлөх талаарх нэгдмэл санааг тодруулахад харилцан солилцож байсан албан бичгүүд болон хамт боловсруулсан "Тооцоо нийлсэн акт"-ын агуулга ач холбогдолтой. Баялаг Эмээлт ХХК-ийн хариуцагчид илгээж байсан албан бичгүүд болон Тооцоо нийлүүлсэн актанд үнийг хэзээ төлөх талаарх талуудын харилцан тохиролцоог харж болно. Иймд дээрх баримтуудаас харахад 2016.07.01-ний өдөр тооцоо нийлэх үеэс Баялаг Эмээлт ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т заасны дагуу шаардлага гаргаж байсан тул энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хоногийн алдангийг хариуцагч шаардах эрхтэй байсан тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги гаргуулах үндэслэлтэй байсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацааны хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч тал өр төлбөрөө барагдуулаагүй байсан тул нийт 1 451 823 900 төгрөгийг "НВЦ" ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхээ хэрэгжүүлсэн хуульд нийцсэн үйлдэл байсан боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 290 364 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь шүүх "нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааг тодрхойлж байгаа нь үндэслэлгүй" гэсэн дүгнэлт хийхдээ хуулийн ямар заалтыг хэрэглэснээ заагаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 290 364 880 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосныг эс хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлага, түүнтэй холбоо нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар тэжээлийг хүлээн авснаас хойш 6 сарын гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна.

Худалдах худалдан авах гэрээний харилцаанд гомдлын шаардлага гаргах харилцааг зохицуулсан дээрх хуулийн нарийвчилсан зохицуулалтууд байсаар байтал Иргэний хуулийн ерөнхий ангийн 219 дүгээр 219.1 дэх заалтыг анхан шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал тахианы аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн компани бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар тахианы тэжээлийт хүлээн авах үедээ нэн даруй шалгах үүргээ биелээгүй тул тахианы тэжээлийн чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байдаг. Тэжээл худалдах худалдан авах гэрээний 3.5-т заасан заалтыг хариуцагч хэрэгжүүлж байсан тохиолдол гарч байгаагүй.

...Анхан шатны шүүх өндөгний алдагдлыг Аудитын дүгнэлтээр гаргах үндэслэлтэй гэж үзэж байгаа бол 2015.10 сараас 2017.07 сарыг дуустал хугацааны нийт өндөгний хорогдол 470 сая төгрөгөөр биш харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувь өссөн дүн буюу 778,821 ширхэг өндөгний үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, Баялаг эмээлт ХХК-иас тэжээл авахаас өмпө нь хариуцагчид өндөгний хорогдол гардаг байсныг заавал тооцох ёстой. Аудитын дүгнэлт нь өндөгний хорогдлын шалтгааныг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх "нэхэмжлэгч дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаагүй байна" гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Учир нь хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадахгүй байхад нэхэмжлэгч тал дүгнэлт гаргуулах хүсэлтг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг байхгүй юм. Иймд шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын "...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290 364 880 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг, 2 дахь хэсгийн " Баялаг Эмээлт ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 470 000 0000 төгрөг гаргуулах гэсэн заалтыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүх "Баялаг Эмээлт" ХХК-ийн 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 115/16 тоот албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсгийг баримтлан дээрх албан тоотоос хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 08-рсарын 12-ны өдрөөс эхлэн алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 225-р зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 09-р сарын 02-ны өдрөөс гэрээг цуцлах эрхтэй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд дээр дурдсанаар "Баялаг Эмээлт" ХХК-ийн 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 115/16 тоот албан бичигт гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй тул энэ үеэс алданги шаардах үндэслэлгүй. Учир нь "Баялаг Эмээлт" ХХК-ийн зүгээс 2016 оны 08-р сарын 16-ны өдөр 121/16 тоот, 2016 оны 08-р сарын 24-ний өдөр 129/16 тоот албан бичгүүдийг мөн ирүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 208-р зүйлийн 208.3-т заасныг баримтлан худалдагч буюу "Баялаг эмээлт" ХХК нь гэрээний дагуу тэжээл нийлүүлсэн даруй төлбөрийг шаардаж байсан зүйл огт байхгүй бөгөөд үүнийг нотлосон нэг ч хуулийн шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Гэрээний хавсралтад 2015 оны 10-р сараас 2016 оны 10-р сар хүртэл нийт 11263 тонн тахианы тэжээлийн 11 702 890 000 төгрөгийг төлөхөөр заасан байна. "Баялаг эмээлт" ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2016 оны 09-р сарын 21-ний өдөр талуудын хооронд 1 жилийн хугацаатай байгуулагдсан 2015 оны 10-р сарын 21-ний өдрийн БЭ-015 дугаар худалдах, худалдан авах гэрээ"-ний хугацаа дуусаагүй, хариуцагчийн хувьд гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй тул алданги шаардах үндэслэлгүй. "Баялаг Эмээлт" ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар гэрээг цуцласан гэж үзэх үндэслэлтэй тул алданги тооцох үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1 161 459 020" гэснийг 967 882 600 гэж, 290 364 880 гэснийг 483 941 300 гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Баялаг эмээлт ХХК нь хариуцагч НВЦ ХХК-д холбогдуулан худалдаж авсан тэжээлийн үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 967 882 600 төгрөг, алданги 483 941 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алданги төлөхийг эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 708 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баялаг эмээлт ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бусдаас авсан зээлийн хүүд төлсөн 82 862 500 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн боловч уг шаардлагаас татгалзсан байна. /хх-ийн 71, 156/

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тэжээл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Баялаг эмээлт ХХК нь 2015 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацаанд хариуцагч НВЦ ХХК-д 11 263 тонн тахианы тэжээл нийлүүлэх, хариуцагч НВЦ ХХК нь нийт 11 702 890 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг талуудад үүсчээ. /хх-ийн 5-6/

 

Гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь 2015 оны 10 сараас хариуцагчид 7 270 563 600 төгрөгийн үнийн дүн бүхий 7 378,87 тонн тахианы тэжээл нийлүүлж, хариуцагч нь 6 282 681 000 төгрөгийг төлсөн ба 2 байгууллагын нягтлан бодогч нар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд НВЦ ХХК нь 967 882 600 төгрөгийн өртэй гарсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4 дэх хэсэгт алдангийн талаар тохиролцсон байх боловч алданги тооцох хугацааны талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс алданги тооцохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн байхад шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Талуудын тооцооны үлдэгдлийн баталгаанд ...өрийн үлдэгдлийг нэхэмжлэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0.5% алданги тооцож, шүүхээр шийдвэрлүүлэх болно гэж заасан боловч ийнхүү нэхэмжлэл хүргүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 483 941 300 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тэжээлийн үнэ 967 882 600 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн ба энэ талаар хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 

Мөн шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 470 000 000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлж чадаагүй байна.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн тэжээлийн үнийг нэхэмжилсэн ба энэ хугацаанд болон тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацаанд шаардлага гаргаж байгаагүй байна.

 

Хоёр талын харилцаж байсан албан бичгүүдээс үзэхэд хариуцагч НВЦ ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 05, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, нийлүүлэлтийг жигдрүүлэх, үлдэгдэл төлбөрийн талаар ярилцах санал хүргүүлж байсан болохоос доголдол илэрсэн талаар мэдэгдэж байсныг нотлох баримт хэрэгт байхгүй болно.

 

Мон эгг ХХК-ийн дэд захирал Ж.Банзрагчийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тэжээлээс жижиг төмөр гарсан болон тэжээл дотор тээрэмдээгүй зүйл их байна гэж тусгагджээ. Түүнчлэн, Эс Эм Жи Ди Аудит ХХК-ийн тусгайлсан аудитын тайланд ойролцоо байдлаар тооцсон 470 сая орчим төгрөгийн хорогдол гарсан гэж дүгнэсэн байна.

 

Эдгээр хоёр баримтыг харьцуулан үзэхэд 470 сая төгрөгийн хохирол, тэжээлийн найрлага хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй, хэрэгт авагдсан өөр баримтуудаар хохирол, нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа ...Эс Эм Жи Ди Аудит ХХК-ийн гаргасан тайлангийн тодруулгын 3 дах хэсэгт биетээр ажиглалт хийх боломжгүй байсан, хорогдлын шалтгааныг тодорхойлох, тогтоох үүрэг хүлээгээгүй гэснийг ишлэн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлан маргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан болохоос эрхийн талаар зохицуулаагүй болно.

 

Иймд шүүх дээрх аудитын дүгнэлтийг үндэслэн олох байсан орлогод тооцон 470 000 000 орчим төгрөгийн хохирол хариуцагчид учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх сөрөг шаардлагаас хохиролд 238 506 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. Мөн шүүх нэхэмжлэгч хохиролд 82 862 500 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагаас татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2, 3 дугаар заалтуудыг нэгтгэн, 1 дүгээр заалт болгож, уг заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "НВЦ" ХХК-иас 967 882 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Баялаг эмээлт" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 483 941 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс хохирол 708 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг 2, 5 дах заалтыг 3 гэж дугаарлан, 2 дах заалтын хариуцагчаас 5.965.245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2.507.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай гэснийг хариуцагчаас 4 997 363 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч "Баялаг эмээлт" ХХК-ийн төлсөн 3 959 774 төгрөгийг, хариуцагч хариуцагч "НВЦ" ХХК-ийн төлсөн 1 125 835 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ