Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00769

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалтай,

                                                                                                                       

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 1,451,823,900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Гэрээнээс учирсан хохиролд 708,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, Д.Түвшинтамир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Н" ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр БЭ-015 дугаартай Тэжээл худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу 6.201.87 тонн буюу нийт 967,882,600 төгрөгийн тэжээлийг гэрээнд заасан үүргийнхээ дагуу чанар, стандарт хангасан тахианы тэжээлийг гэрээний дагуу нийлүүлсэн. Гэтэл "Н" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй худалдан авсан тэжээлийн үнэ төлөхгүй болсон учир тооцоо нийлж 967,882,600 төгрөгийн авлага үүсэж тэжээлийн үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон. Гэрээний 5.4-т гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алдангийг тооцож 483,941,300 төгрөгийн алданги гаргуулах үндэстэй тул нийт 1,451,823,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч "Н" ХХК нь бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт худалдан авалтаа зогсоосон. Зөвхөн дангаараа гэрээний үүргээсээ "Н" ХХК нь татгалзсанаараа манай компанид асар их хохирол учруулаад байна. Гэрээний дагуу чанартай тэжээлийг заасан хугацаанд нийлүүлж байсан нь өдөр тутмын санхүүгийн гүйлгээгээр нотлогдож байгаа, тэжээлийн үнийг төлөхдөө дутуу төлсөөр 9 сарын дараа өр төлбөр 967 сая төгрөгт хүрсэн. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч "Н" ХХК нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хууран мэхлэх замаар өр авлага үүсгэж манайхыг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Гэрээний 3.5-д худалдан авагч нь худалдан авсан тахианы тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол, дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тахианы тэжээлээр хангуулах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж, 3.2-т худалдан авагч нь тахианы тэжээлийн тоо хэмжээ, чанарыг шалгаж, хүлээн авах гэж заасан байдаг. Гэрээний хавсралтад тэжээлийн үнийг 1 жилийн хугацаанд хатуу мөрдөхөөр заасан боловч "Н" ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийн дагуу үнийг тодорхой хэмжээгээр буулгаж, тэжээлийн үнээс 20 сая төгрөгийг хасаж үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг хохирол төлсөн мэт болгож харуулах гэсэн арга хэрэглэж байгаатай санал нийлэхгүй байна. Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг харуулж байна. Гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдан, худалдан авагч талын захиалсан барааг тухай бүрт нийлүүлж байсан. Чанар муутай тэжээл нийлүүлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний барааны доголдлын талаар гомдлоо 6 сарын дотор гаргах ёстой байтал хугацаа дууссанаас хойш 1 жил өнгөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 6 сараас ямар ч байсан хэтэрсэн тул шаардлага гаргах эрхээ алдсан. "Н" ХХК болон түүний охин компани болох "Мон эгг" ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр Иргэний хуульд заасны дагуу нэгэнт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь тухайн үед барааг шалгаж авах ёстой ба шалгаж аваагүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алддаг. Гэрээний 3.5-т худалдан авагч худалдан авсан тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тэжээлээр хангуулах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж заасан заалт нэг ч удаа хэрэгжээгүй, бий болоогүй тул татгалзал нь үндэслэлгүй. Талууд тухай бүр тооцоо нийлж байсан. Гэрээний хугацаанд 10 гаруй тэрбум төгрөгийн тэжээлийг зөвхөн зээлээр өгөөд хугацааны эцэст авна гэж угаасаа байж боломгүй. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Н" ХХК-иас явуулсан албан бичиг дээр гүйцэтгэх захирал н.Бүүвэй гэдэг хүн гэрээнээс татгалзан бид танайхаас гадна ОХУ-ын улсын компаниас давхар нийлүүлэх болсныг мэдэгдье гэсэн албан бичгүүдийн утгын хүрээнд ярих юм бол "Б" ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзсан асуудал байхгүй. Хариуцагчаас өгсөн захиалгыг "Б" ХХК хүргэж өгсний 1-2 хоногийн дараа мөнгө нь шилжиж ордог практикийн дагуу явагдаж байсныг үзэхэд гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, барааг захиалгын дагуу нийлүүлэх, үнийг тэр дор нь төлөх гэсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт юм. 967,882,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргаж байсан нь Иргэний хуулийн 208.2, 208.3-т зааснаар нэн даруй шаардаж байсан нь "Б" ХХК-иас явуулж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах хугацаанд гэрээний хугацаа дуусаж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох үүднээс Иргэний хуулийн 243.1, 208.1-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлээс гадна алданги тооцохдоо гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс алдангийг тооцсон гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 01 сарын 16-наас 2016 оны 06 сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 967,882,600 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг гарын үсэг зурсан. 967,882,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь 1-д чанаргүй бараа нийлүүлсэн, 2-т тогтоосон хугацаанд нийлүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлээр 708 сая төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн. Иймд 967,882,600 төгрөгөөс 708 саяыг хасаад 259,882,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 07 сарын 19-нөөс хойш дахин нэг ч удаа тэжээл нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан үүрэгтэй холбоотойгоор харилцааг өөрийн үйлдэл болон эс үйлдлээр гэрээг цуцалснаа илэрхийлж хугацаа тогтоогоогүй, цаашид биелэгдэх боломжгүй гэж үзээд шууд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцалсантай холбогдуулан "Б" ХХК 2016 оны 10 сарын 21-нээс алданги тооцох эрхээ алдсан. Гэрээг цуцлагдсанаар эрх, үүрэг дуусгавар болно гэж УДШ-ийн тайлбарт заасан. Тэжээл болон бусад зүйлээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүи, тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан тэжээл нийлүүлээгүйгээс үүдэн хохирол учирч байсан учраас алдангийг төлөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээдийн тайлбарт: Хариуцагчийг дэмжиж оролцож байгаа тул түүний тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

 “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани "Эс Эм Жи Ди Аудит" ХХК-иар тусгайлсан аудитын тайлан гаргуулж, учирсан хохирлын хэмжээг тогтоолгосон ба энэхүү тайлангийн хорогдлын дүгнэлтэд 2015 оны 10 сараас 2016 оны 7 сарыг дуусталх хугацаанд өндөгний хорогдол болон өндөглөгч тахианы хорогдол нь ойролцоогоор 708 сая орчим төгрөг байна гэж тогтоосон. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргийн биелэлт буюу тэжээл бэлтгэн нийлүүлэлтээс болоод байгууллагад хохирол учирч байгаа талаар 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 1/511 дугаар албан бичгээр "Өндөглөгч тахианы нийлүүлэх гэрээнд цагт нь хүргэлт хийх, тасалдаж үл болох, аргагүй нөхцөл үүссэн тохиолдолд нийлүүлэх боломжгүйгээ 14 хоногийн өмнө мэдэгдэх гэх мэт заалтуудтай, тахиаг өндөглөх хүртэл нь өндөр өртөгтэй бөгөөд тэжээл нэг л өдөр тасалдахад олон хоногийн өндөглөлтийг огцом унагах, хорогдлыг өндөр тоогоор нэмэгдүүлэх, эргээд өндөглөлт нэмэгдэх удаан хугацаа шаардах нөхцөл бүрддэг тухай болон тэжээл нийлүүлэлт тасалдаж байгаа учраас давхар өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болсон" талаар мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 227.3-т зааснаар аудитын тогтоогдсон 708 сая төгрөг нь манай байгууллагад орох байсан орлого юм. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагчид хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэрээ болон Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нэхэмжилж байна. Гэрээний нэг тал болох "Б" ХХК гэрээнд заасны дагуу стандарт хангасан, чанартай тэжээлийг цаг хугацаанд нь нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол манай өндөглөгч тахианы өндөг хорогдолгүй хэвийн гарч, тахианы хорогдол ч гарахгүй байх байсан бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчмыг зөрчсөн буруутай тул мөн хуулийн 219.1-д зааснаар учирсан хохиролд "Б" ХХК-иас 708 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Зөвхөн аудитын тайлан дээр "Б" ХХК-ийн тэжээлээс болж өндөг хагарсан гэх зүйл байхгүй. Мөн өндөг хорогдол нь юунаас болсон талаар ганц ч үг, үсэг байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудасны хүснэгтэд бүхэл дүн нь таарахгүй, тоо хэмжээ нь худлаа байна. Энэ аудитын дүгнэлт нь ганцхан "Н" ХХК-д л зориулсан. Дээрээс нь "Н" ХХК-ийн удирдлагад зориулан бэлтгэсэн бөгөөд аливаа гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн байна. Үүн дээр "Б" ХХК-ийн талаар ганц ч үг, үсэг байхгүй. Муу тэжээл идсэнээс өндөг нь хорогдсон гэх асуудал яригдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан "Н" ХХК-иас /РД:2860597/ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,161,459,020 төгрөг гаргуулан, "Б" ХХК-д /РД.5578124/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290.364.880 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар "Б" ХХК-иас /РД:5578124/ гэрээнээс учирсан хохиролд 470,000,000 төгрөг гаргуулан, "Н" ХХК-д /РД:2860597/ олгож, шаардлагаас үлдэх 238,506,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 82,862,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 8,034,781 төгрөг, хариуцагчаас төлсөн 3,697,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,965,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2,507,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дугаар заалтуудыг нэгтгэн, 1 дүгээр заалт болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Н" ХХК-иас 967,882,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Б" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 483,941,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс хохирол 708,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг 2, 5 дах заалтыг 3 гэж дугаарлан, 2 дах заалтын хариуцагчаас “5,965,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2,507,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай” гэснийг “хариуцагчаас 4,997,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02488 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 171 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Б” ХХК нь нийлүүлсэн тэжээлийн үнэ 967,882,600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 483,941,300 төгрөг нийт 1,451,823,900 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх алдангийн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, 193,576,520 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулаагүй ба 483,941,300 төгрөгийн алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна. “Б” ХХК нь “Н” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БЭ-015 дугаартай Тэжээл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байдаг. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 2.1-д “худалдагч нь захиалгад заасан тэжээлийг тогтооосон хугацаанд худалдан авагчид нийлүүлнэ.” гэж заасны дагуу “Н” ХХК нь өөрт шаардлагатай тэжээлийн тоо хэмжээг тухай бүрд нь захиалах, захиалсан тэжээлийг нь “Б” ХХК тухай бүрд нь нийлүүлэх үүрэг хүлээсэн. Хэдийгээр гэрээнд төлбөрийг хэзээ төлөх талаар тодорхой заагаагүй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийнхээ дагуу “Н” ХХК нь захиалсан барааныхаа үнийг тухай бүрд нь төлдөг байсан нь нотлох баримтаар нотлогддог. Нийлүүлсэн тэжээлийн үнийг тухай бүрд нь төлдөг байсныг нотлох 3 төрлийн нотлох баримт хэрэгт авагдсан. Үүнд:

1. Бараа материалын зарлагын падаан /1-р хавтасны 203-350 хуудас, 2-р хавтасны 1-44 хуудсанд авагдсан нь “Б” ХХК-ийн нийлүүлсэн тэжээлийн огноо, тоо хэмжээ, үнэ зэргийг нотлох 2 талын гарын үсгээр баталгаажсан нотлох баримтууд юм./

2. “Б” ХХК-ийн депозит дансны хуулга /2-р хавтасны 107-138-р хуудсанд авагдсан. Энэ нь хариуцагч талаас нийлүүлсэн тэжээлийн төлбөр төлөлт тус бүрийн огноо, үнийн дүнг нотлох баримт юм. /

3. Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний /1-р хавтасны 11-15-р тал, 3-р хавтасны 109-111 дүгээр тал/ баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Энэ нотлох баримт нь падаан болон депозит дансны хуулга дээрх мэдээллийг нэгтгэж, цэгцэлж, талуудын хооронд нийлүүлсэн тэжээлийн үнэ болон төлбөр төлсөн огноо, хуримтлагдсан авлагыг өдөр тус бүрээр нь нэг хуудаснаас харах боломж олгосон санхүүгийн баримт юм. Өөрөөр хэлбэл, падаан тус бүрийг болон дансны хуулгын гүйлгээ бүрийг нэг бүрчлэн харьцуулан, тулгаж, авлагын үлдэгдлийг тооцож гаргасан мэдээлэл бүхий баримт бөгөөд уг баримтыг хариуцагч тал үгүйсгэж маргадаггүй болохыг дурьдах нь зүйтэй. Жишээ нь 2-р хавтасны 12-р хуудсанд авагдсан зарлагын падаанаар 2016.04.25-ны өдөр 48,100,000 төгрөгийн тэжээлийг “Мон-Эг” ХХК хүлээн авсан байх ба уг тэжээлийн үнийг маргааш өдөр нь 48,100,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь 2-р хавтасны 107-138-р хуудсанд авагдсан “Б” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдана. Ийнхүү 2016.04.24-ний өдөр 48,100,000 төгрөгийн тэжээл нийлүүлсэн болон 2016.04.25-ны өдөр 48,100,000 төгрөгийн төлбөр төлөгдсөнийг нэг доороос харах боломжтой баримт нь “Харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ“ гэсэн баримт юм. Дээрх 3 баримтыг шинжлэн судлахад 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7,270,563,600 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 7,378,870 тн стандартад нийцсэн, чанартай тэжээлийг нийлүүлсэн ба хариуцагчийн зүгээс 150 гүйлгээгээр нийт 6,282,681,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн байдаг. Ийнхүү хариуцагч төлбөр төлөхдөө нэхэмжлэгч талын нийлүүлсэн тэжээлийн үнийг заримдаа бүрэн, заримдаа дутуу төлдөг байсны улмаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 987,882,600 төгрөгийн тэжээлийн төлбөрийн өртэй гарсан байх ба энэ нь талуудын хооронд хийгдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-аар баталгаажсан байдаг. Тооцоо нийлснээс хойш захиалгын дагуу тэжээл нийлүүлэлт үргэлжлэн явагдсан ба 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийлүүлсэн тэжээлийн үнийг “Н” бүрэн төлсөөр хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ямар нэгэн авлага үүсгэлгүйгээр төлж дууссан нь 3 баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2016.07.01-2016.08.05-ны хооронд хийгдсэн төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд зөвхөн 2015.10.21-2016.06.30-ны өдрийн хооронд үүссэн 987,882,600 төгрөгийн тэжээлийн төлбөрийн тооцоо үлдсэн талаар талууд мөн л маргадаггүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д зааснаар талуудын нэгдмэл санааг тодруулахын тулд харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэргийг харгалзан үзнэ гэж заасан байдаг ба нотлох баримтаар нотлогдож байгаа дээрх үйл баримтаас харахад нийлүүсэн барааны үнийг тухай бүрд нь худалдан авагч тал төлж байсан нь талуудын хооронд практик болон тогтсон байна. Үнийг хэзээ төлөх талаар талуудын нэгдмэл санааг тодруулахдаа 11,702,890,000 төгрөгийн тэжээлийг ямар нэгэн төлбөр авалгүйгээр бүтэн жилийн турш нийлүүлэх санхүүгийн чадвартай тэжээлийн үйлдвэр Монгол Улсад байхгүй болохыг харгалзан үзэхээс аргагүй юм. Мөн үнэ хэзээ төлөх талаарх нэгдмэл санааг тодруулахад харилцан солилцож байсан албан бичгүүд болон хамт боловсруулсан 44 Тооцоо нийлсэн акт”-ын агуулга чухал ач холбогдолтой. “Б” ХХК-ийн хариуцагчид илгээж байсан албан бичгүүд болон Тооцоо нийлсэн актанд үнийг хэзээ төлөх талаарх талуудын харилцан тохиролцоог харж болно. Тухайлбал: 44 Тооцооны үлдэгдлийн баталгаанд “2016.06.30-ны өдрийг дуусталх хугацаанд 967,882,600 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Үлдэгдлийг нэхэмжлэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хоног тугамд 0,5 хувийн алданги тооцож, шүүхээр шийдвэрлүүлэх болно” гэжээ. “Б” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 115/16 тоот Тэжээлийн үлдэгдэл төлбөр барагдуулах тухай албан бичигт өнөөдрийн байдлаар манай эргэлтийн хөрөнгө танай компанид 6 сараас дээш сараар түгжигдэж, түүхий эд татах, нөөцлөх ямар ч бололцоогүй болж, санхүүгийн хүнд байдалд ороод байна. Иймд тэжээлийн үлдэгдэл төлбөрийг 30 хоногт багтаан төлнө үү” гэжээ. /1-р хавтас ХХ-48/

“Б” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 121/16 тоот албан бичигт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж ирсэн. Манай бүтээгдэхүүний чанар танай эрэлт хэрэгцээнд нийцэж байсныг та бид мэднэ. Харин танай компани нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг цаг тухайд нь барагдуулаагүй байсан нь манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал, доголдол учруулж, эдийн засгийн нөхцөлд ноцтой саад учруулаад байгааг албан ёсоор сонордуулж байна” гэжээ. / 1-р хавтас ХХ-47/

Дээрх харилцан солилцож байсан албан бичгүүдээс харахад талууд нийлүүлсэн тэжээлийн үнийг тухай бүрд нь төлөх нэгдмэл санаа зорилго байсан нь нотлогдож байна. Иймд дээрх баримтуудаас харахад 2016.07.01-ний өдөр тооцоо нийлэх үеэс “Б” ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т заасны дагуу 3 удаа шаардлага гаргаж байсан тул энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хоногийн алдангийг хариуцагч шаардах эрхтэй байсан тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги гаргуулах үндэслэлтэй байсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацааны хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч тал өр төлбөрөө барагдуулахгүй байсан тул нийлүүлсэн тэжээлийн үнэ 967,882,600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 483,941,300 төгрөг нийт 1,451,823,900 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхээ хэрэгжүүлсэн хуульд нийцсэн үйлдэл байсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 290,364,880 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй“ гэсэн дүгнэлт хийхдээ хуулийн ямар заалтыг хэрэглэснээ заагаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “Талуудын тооцооны үлдэгдлийн баталгаанд “өрийн үлдэгдлийг нэхэмжлэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувь алданги тооцож шүүхээр шийдвэрлүүлж болно” гэж заасан боловч ийнхүү нэхэмжлэх хүргүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 483,941,300 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хангах үндэслэлгүй” гэж дүгнэн алданги нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Дээрх тооцооны үлдэгдлийн баталгааны “нэхэмжлэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож шүүхээр шийдвэрлүүлж болно” гэсэн заалт нь “Б” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 115/16 тоот албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 121/16 тоот албан бичгүүдийн адил Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар төлбөр төлөх шаардлага гаргаж байсныг нотлох баримт бөгөөд харин алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 5.4 дэх заалт юм. Өөрөөр хэлбэл, тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэж алданги нэхэмжлээгүй, харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 483,941,300 төгрөг төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул магадлалын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 483,941,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэсэн заалтыг хүчингүй болгож, 483,941,300 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                               

Хариуцагч “Н” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 451,823,900 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч “Б” ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 708,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02488 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах болон анхан шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс эдгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болно.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “...Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 470,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй’’, "...Хоёр талын харилцаж байсан албан бичгүүдээс үзэхэд доголдол илэрсэн талаар мэдэгдэж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч "Н” ХХК нь 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 1/551 тоот /1хх 107 хуудас/, 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 1/553 тоот /1 хх 108 хуудас/ албан бичгийг нэхэмжлэгч талд илгээж, гэрээний үүргээ тасалдуулснаас буюу тэжээлийг цаг тухайд нь нийлүүлээгүйгээс хохирол учирч байгаа талаар мэдэгдсэн, компанийн эрх бүхий албан тушаалтны цахим шуудангаар нийлүүлсэн тэжээл чанарын шаардлага хангахгүй, хог хаягдал ихээр гарч байгаа талаар захидал бичин мэдэгдэж байсан /2 хх 75-99 хуудас, 207-221 хуудас/ бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага худалдагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүйгээс учирсан хохирлыг гэрээний 7.5, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн /1 хх 102-103 хуудас/ байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр дүгнэлтийг хийсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хуулийн зохицуулалтад хамаарч байна. Мөн түүнчлэн хариуцагчийг худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 254.6-д зааснаар гаргаж байгаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд гуравдагч этгээд "Мон Эгг” ХХК-ийн захирал н.Банзрагчийн болон “Б” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын цахим шуудангаар тэжээл нийлүүлэх, захиалга өгөх цаг хугацаа, тэжээлийн чанар байдалтай холбоотой захидал илгээж байсныг үнэлж дүгнэлгүй дээрх дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогчийн эсрэг талын татгалзал, нотлох баримтыг няцааж нотлох үүргийн талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болгон гаргаж өгсөн “Эс Эм Жи Аудит” ХХК-ийн тайланг няцааж нотлох баримт гаргаагүй, уг аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол шүүхийн журмаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй ба үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4 дэх хэсэгт зааснаар энэхүү баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, тэжээлийн найрлага, 470,000,000 төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн ба хариуцагч нь бэлтгэн нийлүүлэхээр тохирсон тэжээлийг цаг тухайд нь нийлүүлээгүйгээс болон тэжээлийн чанар байдлаас өндөгний хоргодол гарч хохирол учирсан талаар сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн гаргасан “Эс Эм Жи Аудит" ХХК-ийн тайланг хэрхэн үнэлж байгаагаа давж заалдах болон анхан шатны шүүхүүд шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дүгнээгүй байна. “Эс Эм Жи Аудит” ХХК-ийн гаргасан өндөгний болон өндөглөгч тахианы хоргодлын тайлан нь хариуцагч байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үндсэн дээр гарсан бөгөөд өндөгний хоргодол нь “Б” ХХК-тай тэжээл худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэн цаг хугацаанд хэдий хэмжээгээр гарсныг тогтоолгосон бөгөөд нэхэмжлэгч тал энэ дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол нотлох баримтаар няцаах байсан боловч гаргаагүй байгааг шүүх анхаарсангүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах талаар тогтоосон хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

2. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд үзлэгийг хэрхэн хийх талаар зохицуулсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр шүүх үзлэгийг 2 удаа хийсэн ба эхний удаад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сугармааг хөндлөнгийн гэрчээр оролцуулснаас дахин үзлэг хийх нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүгч 2017 оны 04 сарын 27-ны өдөр 2 дахь үзлэгийг хийхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй болох нь шүүхийн үйлдсэн үзлэгийн тэмдэглэлээс харагдаж байна. Учир нь үзлэгийг хийж тэмдэглэл үйлдэхдээ уг ажиллагааг хэрхэн явуулсан, хэн хэнийг байлцуулсан, ямар эрх, үүрэгтэй оролцсон, хийж байгаа албан тушаалтан зэрэг мэдээллийг тусгаж, ямар баримтанд үзлэг хийсэн болон үзлэгээр юу илэрч тогтоогдсоныг нэг бүрчлэн бичих ёстой байтал юунд үзлэг хийснээ жагсааж бичээд, ямар нөхцөл байдал эдгээр цахим шуудангаар илгээсэн захидалд илэрч тогтоогдсоныг бичээгүй орхигдуулснаас энэхүү үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримт болох чадвараа алдсан. Хариуцагч тал үзлэг хийх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой учраас хийлгэх хүсэлт гаргасан, шүүх түүнийг нь үндэслэлтэй гэж үзээд хангасан учраас уг баримт нь хэргийн үйл баримтыг хэрхэн нотолж байгаа талаар хэрэг шийдвэрлэхдээ дүгнэх ёстой. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлгүй орхигдуулсан байна. Мөн түүнчлэн цахим шуудангаар илгээж байсан захидлуудад нийлүүлж байгаа тэжээлийн чанар байдлын талаар мэдэгдэж, тэжээлээс гарсан хог хаягдлын зургийг явуулж байсан бөгөөд шүүх үзлэг хийхдээ эдгээр захидлын агуулгыг нэг бүрчлэн бичиж, шүүх уг нөхцөл байдалд дүгнэлт өгөх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүх энэ баримтыг үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэж, хариуцагчийн эрх ашгийг хохироосон.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...470 сая төгрөгийн хохирол, тэжээлийн найрлага хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй, хэрэгт авагдсан өөр баримтуудаар хохирол, нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдоогүй байна..." гэж үзсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс 2017 оны 04 сарын 28-ны өдөр “Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 21-ний өдрийн БЭ-015 дугаар “Тэжээл худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт “Энэхүү гэрээний дагуу худалдагчийн нийлүүлэх тахианы тэжээлийн чанар нь Монгол Улсын стандарт МNS 5929:2008 шаардлагыг хангасан байна...” гэж заасныг зөрчиж, стандартын шаардлага хангаагүй тахианы тэжээл нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг ихэсгэсэн юм. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт худалдагч нь чанарын шаардлага хангаагүй тэжээл нийлүүлснээс шалтгаалж худалдан авагчид учирсан хохирол, гарсан зардлыг бүрэн хариуцахаар заасан бөгөөд нийлүүлсэн тэжээлийн чанар нь шаардлага хангахгүй, дотроос нь төмөр болон тээрэмдээгүй зүйл их гарч байснаас үүдэж тахиа өндөглөхгүй байх, өндөгний хальс нь нимгэрч, хэмжээ нь жижгэрэн, хагарлын тоо нэмэгдэж байсан, нэхэмжлэгч компанид тэжээлийн тэжээллэг чанарын үзүүлэлтийг харьцуулж, стандартад хүрэхгүй байгаа талаар асуудал тавьж байсныг дурдсан байдаг.

Анхан шатны шүүх 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 183/Ш32017/05035 дугаар захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхдээ энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь Монгол Улсын стандарт МNS5929:2008 шаардлагыг хангасан тахианы тэжээл нийлүүлээгүй болохыг тогтоолгосноор хариуцагчид учирсан хохирол болон тэжээлийн 1 найрлага хоорондын шалтгаант холбоо тогтоогдох байсан бөгөөд үүнээс үүдээд хариуцагчийн зүгээс Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийгдэх байсан юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “Б” ХХК-ийн нийлүүлсэн тахианы тэжээлийн Монгол Улсын стандарт МNS 5929:2008 шаардлагыг хангасан эсэх талаар Стандарт, хэмжил зүйн газраас олгосон тохирлын гэрчилгээг нотлох баримтаар гаргуулж, хэрэгт хавсаргах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хангасан эсхүл хэрэгсэхгүй болгосон эсэх талаар ямар ч эрх зүйн баримт бичиг гаргаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх зүйлээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 171 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгчээс хохирол 708,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..." гэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч ”Н” ХХК-д холбогдуулан тэжээлийн үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 967,882,600 төгрөг, алданги 483,941,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь алданги төлөхийг   зөвшөөрөхгүй гээд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 708,000,000 төгрөгийн  хохирол учирсныг үндсэн төлбөрөөс хасч тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бусдаас авсан зээлийн хүүд төлсөн 82,862,500 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаан дээр уг шаардлагаас татгалзсан байна.  

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч "Н" ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,161,459,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Б" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290,364,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  сөрөг нэхэмжлэлээс  470,000,000 төгрөгийг хангаж,   үлдэх 238,506,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч "Н" ХХК-иас 967,882,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Б" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 483,941,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс хохирол 708,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн “Тэжээл худалдах-худалдан авах” гэрээгээр нэхэмжлэгч “Б” ХХК нь 2015 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацаанд хариуцагч “Н” ХХК-д 11,263 тонн тахианы тэжээл нийлүүлэх, хариуцагч “Н” ХХК нь нийт 11,702,890,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэсэн анхан болон давж заалдах шатны дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

“Б” ХХК нь 2015 оны 10 сараас “Н” ХХК-д 7,270,563,600 төгрөгийн үнийн дүн бүхий 7,378.87 тонн тахианы тэжээл нийлүүлж, хариуцагч нь 6,282,681,000 төгрөгийг төлсөн, хоёр байгууллагын нягтлан бодогч нар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд талууд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, “Н” ХХК нь 967,882,600 төгрөгийн өртэй гарсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан, талууд энэ талаар маргаагүй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тэжээлийн үнэ 967,882,600 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 5.4 дэх хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон байх боловч алданги тооцох хугацааны талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс алданги тооцохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн байхад шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алданги тооцсон нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэргийн баримтанд үндэслэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нд “...өрийн үлдэгдлийг нэхэмжлэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, шүүхээр шийдвэрлүүлэх болно” гэж заасан боловч төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал нотолсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 483,941,300 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн анзын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 470,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Хариуцагч “Н” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 05, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, нийлүүлэлтийг жигдрүүлэх, үлдэгдэл төлбөрийн талаар ярилцах санал хүргүүлж байсан боловч доголдол илэрсэн талаар мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

“Мон эгг” ХХК-ийн дэд захирал Ж.Банзрагчийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тэжээлээс жижиг төмөр гарсан болон тэжээл дотор тээрэмдээгүй зүйл их байна гэж тусгагджээ. Түүнчлэн, хариуцагчийн захиалгаар хийлгэсэн “Эс Эм Жи Ди Аудит” ХХК-ийн тусгайлсан тайланд ойролцоо байдлаар тооцсон 470 сая орчим төгрөгийн хорогдол гарсан гэж дүгнэсэн байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх хоёр баримтыг харьцуулан үзэхэд 470 сая төгрөгийн хохирол, тэжээлийн найрлага хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй, хохиролд нэхэмжлэгч гэм буруутай гэж үзэх өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 254.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Н” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,507,950 /хоёр сая таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,577,656 /хоёр сая таван зуун далан долоон мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН