Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2019/00022

 

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00179 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Б-ийн С-д холбогдох,

 Хэрэглээний ус, дулааны төлбөр 1146196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Хариуцагч Б.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хэрэглээний ус, халаалтын төлбөр 1146196 төгрөг төлөгдөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.    

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын Сүлд багийн 135-р байр 83 тоотод оршин суугч Б.С би 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинээр ашиглалтанд орсон 135-р байрны 83 тоот, 69.4 м2 талбайтай байр авсан бөгөөд 2012 оны 01-р сарын 11-ний өдөр манай байрны халаалтын шугам, радиотар усны даралтаа даахгүй хагарч буудан, нэлэнхүйдээ усанд автсан бөгөөд тэр өвөл өрөөнүүдийн халаалтын шугамыг хаалгаад халаалтгүй өвөлжсөн юм. Эхнэр бид хоёр байнгын өндөр даралттай, халуун дулаан орчинд байнга тархи толгой өвдөж байдаг, сэрүүн орчинд байхыг эрхэмлэдэг тул 2012 оноос одоог хүртэл байрандаа паар радиотар тавиагүй, 8 жил дулаан хэрэглээгүй амьдарч байна. Халаалт дулаан хэрэглээгүй үеийн халаалтын хөлсийг хасаж тооцож өгөхийг хүсэж тус компаний захиргаа, санхүү, ерөнхий инженерт удаа дараа амаар болон бичгээр учир байдлаа хэлж мэдэгдэж байсан бөгөөд 2012 оноос 2013 оны 05 дугаар сар хүртэл халаалтын хөлс төлж байгаад 2013 оны 10 дугаар сараас хойш төлбөр төлөхөөс татгалзсан. 2016 оны 05 сард “Ч” ХХК-иас Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээр шүүх хуралдаан хийж, халаалтын хөлсийг төлөх үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан билээ. Хэрэглээний ус 2018 онд 78000 төгрөг, 2019 онд 61000 төгрөг төлсөн. Дутуу төлөлт байгаа нь үнэн бөгөөд цаашид төлөөд явна. “Ч” ХХК-иас нэхэмжилсэн халаалт хэрэглээгүй байранд тавьсан халаалтын хөлс ба түүнд тооцсон алдангийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Б.С-аас хэрэглээний ус, дулааны төлбөр 919196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ч-” ХХК-д олгож, үлдэх 227000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32058.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 26610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Чандмань бадрал” ХХК-д олгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.С давж заалдсан гомдолдоо: Эхнэр бид хоёр тархи судасны даралттай эмнэлгийн хяналтанд байдаг, халаалтгүй сэрүүн орчинд амьдарч байна. Тус нэхэмжлэгч байгууллага нь манайхтай дулааны гэрээг тусгайлан байгуулаагүй бөгөөд ус ашиглалтын гэрээтэй хамт байсан гэдгээр халхавчилж жил бүр өгч буй дулаан нь стандартын шаардлага огт хангадаггүй, өөрөөр хэлбэл ид өвлийн хүйтний улиралд манай гэрийн дулааны температур дунджаар 13-15 градус орчим байдаг. Гэтэл дулаан хангамжийн шаардлага хангасан стандартаар айл өрхөд түгээх дулааны температур 22-26 градус байх ёстой ба энэ шаардлагыг хангасан тохиолдолд бидний зүгээс дулааны төлбөрийг төлөх ёстой. Энэ талаар “Ч” ХХК-д удаа дараа хэрэглээгүй дулааны төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж, амаар болон бичгээр хүсэлт, шаардлага тавьж халаалтын гэрээ хийхээс татгалзаж дулаан авахгүй байсан ба нэхэмжлэгч байгууллага нь хэдэн градусын дулааны температураар манай байрыг халаагаад хэдэн төгрөгөөр яаж тооцож төлбөр нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна. Иймд Эрчим хүч, ус хангамжийн байгууллагаас гаргасан дүрэм журмын дагуу гэртээ мэргэжлийн шинжээчээр 100 хувь халаалтын дулаан түгээгүүрээр хангаж байгаа эсэхийг тогтоолгож, хууль ёсны дүгнэлтийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж “Чандмань бадрал” ХХК-ийн нэхэмжилсэн 1146196 төгрөгийг төлөхөөс эрс татгалзаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь яаж бодож дулааны төлбөрийг тооцоолох ёстой юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой бус байдаг. Албан ёсоор дулааныхаа гэрээг байгуулаад журмынхаа дагуу хөлс мөнгөө тооцож төлөх нь зүйтэй бөгөөд гол маргаан нь “Ч” ХХК нь Б.С-тай дулааны гэрээ хийгээгүй байдаг. Яг стандартын дагуу харилцан тохиролцож гэрээ хийхээр удаа дараа шаардлага тавиад эцэст нь дулааны төлбөрөө төлөөгүй учраас дулааны гэрээ хийгээгүй. Тийм учраас дулаан хангамжийн төлбөрийг төлөх ёсгүй гэж маргадаг. Дулааны гэрээ хийгээгүй гол шалтгаанаа халаалтын гэрээ байгуулж, паар тавиагүй учраас дулааны төлбөрийг төлөхгүй гэж манай хариуцагч талаас маргадаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Э нь гэрээний хугацаа дуусахад дахин гэрээг сунгасан, гэрээг сунгахдаа усны гэрээ гэж хэлсэн нь үнэн гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан төөрөгдлийн улмаас гэрээ хэлцэл хийсэн байх боломжтой. Ус, халаалт хоёр тус тусдаа байгуулагдах гэрээ юм. Гэтэл усаар халхавчлаад халаалтын гэрээ байгуулан мөнгө төлөөд байгаа нь учир дутагдалтай. Усны төлбөрийг халаалтын гэрээнд оруулаад гэрээ хийгдсэн байна гэж үзсэн нь хууль хэрэглээний том алдаа гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр бичгээр байгуулсан байхыг шаардаж байгаа. Гэтэл хариуцагч Б.С-ийн хувьд дулааны тал дээр гэрээгээ шинэчилж хийхгүй бол би үүнийг сунгах ёсгүй гэж байгаа. Гэтэл “Ч” ХХК-иас ус хангамжийнхаа гэрээгээр дулааныхаа гэрээг төөрөгдөлд оруулж хийсэн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийг зөрчих маш том нөхцөл байдал болж байгаа юм. Ус хангамжийн гэрээгээр халхавчлаад дулаан хангамжийн гэрээг хийсэн байдаг. Үүнд анхан шатны шүүхээс зохих үнэлэлт, дүгнэлтийг өгөөгүй учир дутагдалтай хандсан нөхцөл байдал гарч ирж байна. Хариуцагч дулаан хангамж маань стандартын шаардлагын дагуу бүрэн хангагдахгүй байгаа учраас үүнд зохих ёсны хөнгөлөлтийг үзүүлээд харилцан тохиролцож гэрээгээ байгуулъя гэсэн хүсэл эрмэлзлээр хандаад байдаг. Үүнийг “Чандмань бадрал” ХХК авч хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэдгээр халхавч хийгээд өөр гэрээгээр хүсэл зоригийн илэрхийллээс нь гадуур хүчээр тулган шаардаад байдаг.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шинжээч томилох нь зүйтэй гэсэн асуудал гомдолд байсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч хоёр тал маргаантай бол магадгүй тэр халаалт стандартын дагуу хангагдаж чадаж байгаа юм уу, үгүй юм уу, тариф, хөлс төлөлт нь бүрэн хэмжээгээр төлөхөд ямар байдаг, хөнгөвчилсөн төлөлтөөр төлөхөд ямар байдаг, энэ хоёрын хооронд зохицуулах гэрээ нь ямар байдлаар яаж хөндөгдөх вэ зэрэг асуудлыг эргэж харан эцэслээд шинжээч томилуулаад дүгнэлт гаргасан байсан бол ийм маргаан үүсэхгүй байсан байх. Гэтэл ямар нэгэн шинжээчийн дүгнэлтгүйгээр “Чандмань бадрал” ХХК нь хувь хүнээс дулааны төлбөр нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч усны төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд дулаан хангамжийг үндэслэлгүй гэсэн учраас дулааны төлбөр болох 919196 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.  

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх хувийн байгууллага биш учраас дүрэм журмыг бид нар өөрсдөө гаргадаггүй. Хэрэглэгчдийн эрх ашиг болон эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хууль, бусад хуулиудыг үндэслэж түүний дагуу айл өрхүүдтэй гэрээ хийдэг. Манайх өнөөдрийн байдлаар 3000 орчим хэрэглэгчтэй. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг. Бид хуулийн дагуу л хүмүүстэй гэрээ хийдэг. Намайг уг байгууллагад ажиллахаас өмнө буюу манай компани дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байсан учраас ус, дулааны гэрээг тус тусад нь хийсэн байсан. Ус, дулаан хоёр нь нэг байх ёстой юм аа гэдэг үүднээс гэрээг нэг болгосон. Б.С гуай үүнтэй эвлэрч өгөөгүй. Учир нь хувь хүний хувьд маш их арга заль хэрэглэдэг. Жил болгоны хавар дулаан хаах бүрд санал тавьдаг. Дулаан хаасны дараа танайх паараа тавиулчих гэхээр ингээд болоод байгаа юм чинь түүний шаардлага байхгүй гэдэг. Тэр байр анх төмөр халаагууртай байж байгаад нийтдээ задраад бүх байрны паарыг шилэн паараар сольсон байгаа. Тэр үед л Б.С гуай үлдсэн юм байна лээ. Тэгээд жил бүр би танайх паараа тавиулчих гэж хэлдэг тавиулахгүй байсаар байгаад халаалт ирдэг. Тэр байр нь эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолоор хамгийн нэгдүгээрт ордог. Тэгээд танай байрны усыг хааж байгаад тавиад өгье гэхээр зөвшөөрдөггүй. Хавар болоод төлбөр гарахаар усны мөнгөө ч төлдөггүй. Төлбөрийн асуудал яриад эхлэхээр нөгөө л нэг үгээ яридаг. Бид нар пааргүй юм чинь яаж төлөх юм гэдэг. Хуульд тохиролцоно гэсэн үг байдаггүй. Бид нар зүй ёсны стандартын дагуу хүргэх худаг хүртэл нь хүргэдэг. Тэгээд айл айлд тараагддаг. Хэрвээ Б.С гуайн хүсэлтийн дагуу хамгийн дээд талын айл байсан бол өрөө бүрд байгаа босоо ирэх, буцах шугамуудыг 5 давхраас нь хаалгаж болно. Эсхүл хувийн байсан бол таслах боломжтой. Би хэлээд хэлээд ойлгодоггүй. Бид нар залуу инженерүүдээ ч явуулж доромжлуулж үзсэн. Эрх гэж эдэлж байгаа бол үүрэг гэж бас байх ёстой. Би ч бас нилээд очиж уулзаж байсан. Үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжид нь ч гэсэн очиж байсан. Манай залуу инженерүүдийг загнаад, цохиж нүдээд явуулдаг. Төлбөр төлөх ёсгүй л гээд байдаг. Бид нар хэрэглэж байгаа юмаа авах ёстой. Иргэний хуулиар заагаад өгчихсөн байдаг. Дулаан хэрвээ байхгүй бол идэр есийн хүйтэнд ямархуу хэмжээнд амьдрал нь явагдахыг би ойлгохгүй байгаа. Хэрвээ ганцаараа амьдардаг бол салгаад ямар нэгэн байдлаар тэр асуудлыг шийдэх боломжтой. Б.С гуайн хүүхдүүдтэй би зөндөө уулзаж байсан зөвшөөрдөггүй. Хүүхдүүд нь гэрт нь нэг хэсэг амьдарсан. Тэгээд нэхэмжлэлийг нь авахгүй шүүхээс буцаагдсан үед Б.С гуай эхнэртэйгээ урд эрээнд лангуу ажиллуулаад хил дээр орж, гараад баригдахгүй тэгээд хаяг дээрээ байхгүй үндэслэлээр эхний нэхэмжлэл буцаагдаж байсан. Тэгээд хүүхдүүдтэй нь очоод уулзахаар төлнө гээд байдаг. Тэгээд төлөхөөр болж байгаад сүүлдээ төлөхөө больсон байдаг юм. Энэ хүний ааш араншинг олох гэж бид нар олон аргаар үзсэн. Манай ажил дээр ирээд харааж зүхээд байсан бичлэгүүд нь ч хүртэл надад байгаа. Өдөр болгон бид нарыг 1111 рүү залгаж хэлдэг. Арга ядаад бид нар дэлгүүр явдаг шугамыг нь боогоод маргаангүй болж байгаа юм. Ийм байдлаар төлөхгүй байх арга хэмжээг маш их гаргаад байдаг.Тэгээд манай зүгээс үнийг хямдруулах юм уу, тохиролцох хэмжээнд хэзээ ч ажилладаггүй. Манайх Эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний тогтоол бусад хуулиудаа дагаж ажилладаг төрийн өмчит компани. Хэрэглэсэн дулаан, усны төлбөрийг манайх зайлшгүй авах ёстой гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 хүртэл хугацааны хэрэглэсэн ус, халаалтын төлбөрт нийт 1146196 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч халаалтын хэрэгсэлгүйгээс халаалт, дулаан хэрэглээгүй тул үнийг төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 919196 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Б.С эс зөвшөөрч “... нэхэмжлэгч байгууллага манайтай дулааны гэрээг тусгайлан байгуулаагүй, ... өгч буй дулаан стандартын шаардлага огт хангадаггүй, ... ямар баримт материалд үндэслэн ямар үнэ тарифаар тооцож байгааг нь ... ойлгохгүй учраас ... шинжээчээр ...дулаан ... хангаж байгаа эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 135 дугаар байрны 83 тоотод оршин суудаг буюу тэрээр Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар нийтийн зориулалтай орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон, зохигчид 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр айл өрхийн цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг бичгээр байгуулсан байна.

Харин хариуцагч Б.С нь эрүүл мэндийн шалтгнаанаар халаалтын хэрэгсэл байрлуулаагүй гэж тайлбарлаж, дулаанаар хангах буюу эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, халаалтын хэрэгсэлгүй учир нэхэмжлэгч байгууллагаас түгээсэн дулааныг хэрэглээгүй тул үнэ төлөхгүй гэж маргажээ.

Эрчим хүчний тухай 28 дугаар зүйлийн 28.1-д эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заажээ.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.5-д зааснаар орон сууц өмчлөгч нь холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй тул хариуцагч нь орон сууцандаа халаалтын хэрэгсэл байрлуулаагүй нь түүнийг гэрээ байгуулаагүй гэж үзэх, улмаар гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.С нь өөрийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн орон сууцандаа халаалтын хэрэгсэл байрлуулаагүй боловч тухайн нийтийн орон сууцанд тавьсан халаалтын хэрэгсэл буюу дулааны өгсөж, уруудсан шугамаар дулаан хэрэглэдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагч энэхүү нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна.

Энэ нь хариуцагчийг огт дулаан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхийн гадна хариуцагч нь нэгэнт л нийтийн орон сууцанд амьдарч байгаа бол дулааны шугам сүлжээ, халаалтын хэрэгсэл байрлуулах үүргийг дээрх хуулиар хариуцуулжээ.

Түүнчлэн тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцаар дамжин өнгөрч байгаа шугам сүлжээгээр дулааны хэрэглээгээ хангасан, уг дулааныг нэхэмжлэгч түгээсэн байх тул тэднийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Тодруулбал хариуцагч хэдийгээр дулаанаар хангагдах хүсэл зоригоо илэрхийлээгүй гэх боловч нэхэмжлэгч талын түгээсэн дулаан эрчим хүчийг хэрэглэхээс татгалзаагүй буюу  өөрийн өмчлөлийн орон сууцны хэсгээр дамжин өнгөрсөн шугамаас дулаанаар хангагдсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ”хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэвэл талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2016 оны 10 дугаар сараас эхлэн эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Харин талууд 2017 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд хариуцагч уг гэрээг усаар хангах гэрээ гэж төөрөгдсөн гэж татгалзлаа үндэслэх боловч гэрээний агуулгаас үзэхэд зөвхөн цэвэр усаар хангах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь давж заалдсан гомдолдоо дулааны чанар хэмжээний талаар дурдаж, улмаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигчид анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, хариуцагч нь энэхүү хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаагүй тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар ... анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тухай зарчимд нийцээгүйгээс түүний энэхүү хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

Мөн дулаан, цэвэр ус зэргийн үнэ тарифийн талаар зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээнд тодорхой заасан байх тул хариуцагчийн дулааны үнэ ойлгомжгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар болон мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууцны зориулалттай хэсгийг халаалт ... зэрэг ашиглалтын төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Сумъяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                       ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ