Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00544

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

          2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаар шийдвэр,

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00017 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Б.С-

          Хариуцагч: “Ч....” ХХК

 

          нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амар, өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын хяналтын журмаар 2020.06.19-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2018.07.20-ны өдөр “Ч....” ХХК-д кассын няраваар ажилд орсон. 2019.03.06-ны өдөр ажлаас халагдсан тухай тушаал гарсныг 2019.04.05-ны өдөр буюу ажлын сүүлийн өдөр болох 5 дахь өдөр тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Хулан  мэдэгдсэн. 2019.04.08-ны өдөр тушаалтай танилцсан.  6 сарын хугацаанд  компанийн ерөнхий нягтлан бодогч 3 солигдсон. Миний бие нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн чиглэлээр ажлын дадлага туршлагагүй  байдлыг  удирдлага арга зүйгээр хангаж, ажлын байран дээр дадлагажих хугацааг олгоогүй. Ажил авсан цагаас хойшхи бүх тайланг эхнээс нь өөрчилж байсан тул цаг хугацаа их алддаг байсан.Ажил олгогч талаас кассын үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Би 2018.11 сараас хойш сарын ажлын цалин хөлс огт аваагүй. Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмын  заалтыг  зөрчөөгүй, ноцтой зөрчил гаргаагүй.  “Ч....” ХХК-ийн захирлын 2019.03.06-ны өдрийн 6/29 дугаартай тушаал үндэслэлгүй тул  хүчингүй болгож, намайг  кассын няравын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар олговор олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баасандорж тайлбартаа: нэхэмжлэгчийг няравын ажилд 2018.07.22-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар ажилд авсан ч ажилдаа хариуцлагагүй хандаж “тайлан гаргаж чадахгүй байна, эсвэл завгүй” гэх мэтээр тайлан  гаргаагүйгээс Төрийн аудитаас 2019.02.22- 26 ныг хүртэл хийсэн шалгалтаар 3,767,462 төгрөг  дутсан гэсэн дүгнэлт гарсан. С-г ажиллаж эхэлсэн хугацаанд ерөнхий нягтлан бодогч Эрдэнэчимэг  С-гийн тайланг хянаагүй нь  илэрсэн. Ерөнхий нягтлан бодогчийг Ууганбаяр түр орлон гүйцэтгэж байхдаа Б.С-г хугацаанд нь тайлан гаргуулах тал дээр туслан дэмжиж ажиллаж байсан ч тайлан гаргаж сурахгүй, сонирхолгүй байсан. Ямар нэг  дэвшил гараагүй тул 2018.09.18-ны В/111 тоот тушаалаар сахилгын шийтгэл оноосон. Ерөнхий нягтлан солигдсон нь няравын ажилд нөлөөлөхгүй. Материалын худалдан авалт хийгээд тайлан гаргах завгүй байна гэсэн тайлбар тавьж санхүүгийн тайлан балансад сөргөөр нөлөөлөх байдал гаргаж байсан тул зарим өдөрт борлуулалтын байцаагчаар худалдан авалт хийлгэж байсан ч Цацралням байцаагч худалдан авалт хийгээд өөрийнхөө нэр дээр тайланг гаргаж зөруу мөнгийг банкинд тушаагаад тайлангаа Ууганбаяр нягтланд 2 өдрийн дотор хянуулаад дуусгаж байсан Энэ нь С-г тайлан гаргахад ямар ч нөлөөлөх зүйлгүй. Хугацаа гаргаж өгч байх энэ үед ч тайлан дээрээ суухгүй зугтаах байдал удаа дараа гаргаж байсан. Жилийн эцэст урлагын арга хэмжээг хөтлөж байгаа нэрээр ажилдаа ирэхгүй байсан тул худалдан авалтыг өөр хүнээр хийлгэх тохиолдол гарч байсан. Няраваас өөр хүн худалдан авалт хийхэд тайланг хугацаанд нь гаргаж болоод байхад С- тайлангаа гаргаж өгөхгүй байх нь анхаарал татах асуудлын нэг байсан . Иймд 1. Их хэмжээний мөнгө дутагдсан тул цаашид энэ хүнд байгууллага мөнгөн хөрөнгөө итгэж зарцуулуулах боломжгүй болсон 2. Шалгалт ирэх үед ажлаа цалгардуулж олон хоног өвчтэй гээд цагаан сарын үеэр 20 гаруй хоног ажилдаа ирээгүй ч Булган аймагт 2 хүүхэдтэйгээ амарч яваа зургаа faceboок -т тавьсан байсан ба ирэхдээ баримтын бүрдэлгүй акт авчирч ирсэн 3. Мэргэжлийн биш болохоор тайлангаа гаргаж чадахгүй байнаа гэх өөрийнх нь гомдол зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг захирлын зөвлөлөөс гаргасан гэжээ.

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 137/ШШ2020/00123 дугаар шийдвэр гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Б.С-г “Ч....” ХХК-ийн кассын няравын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 7,344,257.1 төгрөг гаргуулан Б.С-д олгох, нэхэмжлэлээс 3,988,884.9 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, бичилт хийхийг  даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Чандмань бадрал ХХК-иас 202,658.11 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00017 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч тал гомдол гаргахад  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,658.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-н 172.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон байвал зохих бөгөөд Б.С- нь энэхүү зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журам зөрчөөгүй гэж Давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Б.С- нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж мөнгөн хөрөнгө дутаасан нь байгууллагын дотоодын хяналт шалгалтаар болон Аудитын байгууллагын актуудаар илэрч, тогтоогдсон. Энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ноцтой зөрчил гэж Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын дотоод журамд тухайлан заасан учир Б.С-г ажлаас чөлөөлсөн болно. Б.С-гийн архи уусан, зохих журмын дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбаруудаар бүрэн нотлогдсон. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 115/ШШ2019/0021 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.С-гийн тухайд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, эд хариуцагчийн эрх, үүргийг биелүүлж ажиллагаагүй ... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байна” гэж дүгнэсэн. Харин Б.С-г хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй юм. Мөн шийдвэрт “... Албан шаардлагад заасны дагуу “Чандмань бадрал” ХХК-ийн захирлын тушаалаар ... комисс байгуулсан байх ба ... “Кассын нярав Б.С-гийн тайланд хяналт шалгалт хийсэн комиссын тайлан”-г гаргасан байна /хх-ийн 154-161/ гэж дүгнэснээс манай байгууллага дотоодын болон аудитын шалгалтуудаар Б.С-гийн зөрчлийг бүрэн тогтоосон байдаг. Угтаа Төрийн аудитын байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалж шинэ акт гаргаагүй явдал нь Б.С-г буруугүй буюу гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй билээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ ... ИХШХШТХ-н 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй гэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх ба хэт нэг талыг барьсан буюу хариуцагч талаас гаргасан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй. Байгууллага сар бүр ажлын цагийн бүртгэлээ үндэслэн цалингаа олгодог, энэ нь хууль, дүрмийн дагуу л хийгддэг. Гэтэл Б.С-гийн ажлын цагийн бүртгэлээр ажил тасалсан болох нь эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгээ зурж баталгаажуулсан цагийн бүртгэлийг шүүх үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь харин эргэлзээ төрүүлж байна. Мөн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар 2019.02.26-нд Бэлэн мөнгөний үлдэгдлийн тооцоо хийхэд авлага, дутагдал, албан шаардлагаар, төлбөрийн актаар мөнгөн дүнг нэгтгээд тооцоог зөвшөөрч Б.С- гарын үсэг зурсан баримт байдаг. /хх-ийн 120-р тал / Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус нотлох баримтын талаар дүгнэлт хийгээгүй явдал нь ИХШХШТХ-н 40.1, 40.2-т заасныг удирдлага болгосон гэхэд эргэлзээ төрж байна. 2. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.6-д “... ажил тасалсан ... ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ... захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн гэрээний 6.5-т заасан гэж бичиж хайхрамжгүй хандсан. Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар чөлөө, зөвшөөрлөө аваагүй, ажилтны ажлын цагийн бүртгэлээр ажил тасалсан болох нь бүрэн нотлогдсон, ажилтныг ажлаас халсан шийдвэртээ манай байгууллагын хувьд ажлын цагийн бүртгэлийг үндэслэн гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаалд ажилтны гаргасан зөрчил, ажил тасалсан хоног хугацааг нэг бүрчлэн бичих ёстой гэсэн шаардлага тавигддаггүй, гаргасан зөрчлийн баримтуудыг үндэслэн холбогдох хууль, дүрмийн заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Шүүх хариуцагчаас гаргасан нотлох баримт бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь магадлал үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрж байна. Иймд магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-н 172.2-т зааснаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 172.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх: .. ИХШХШТХ-н 116.2-т заасан .. хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь ... анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар заалт, дүгнэлт хууль ёсных, Б.С-гийн шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь ямар хуулийн заалтаар ... үндэслэл бүхий болсон талаар дүгнэлт хийгээгүй байна. Б.С- нь дор дурьдсан сахилгын зөрчил гаргаж ажил албандаа хайхрамжгүй хандаж байсан нь доорх нотлох баримтаар батлагдан тогтоогдсоныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүй зөвхөн Б.С-гийн тайлбараар нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.С- нь 2018.08.18-нд уг ажилд томилогдон ажиллаад 2 сар гаруй хугацаанд “санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүй үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байсан нь хэрэгт авагдсан 2018 оны 111 тушаалаар тогтоогдоно. Б.С- нь тус компанийн мөнгөний няраваар ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод хяналтын шалгалтаар, аймгийн Төрийн Аудитын санхүүгийн хяналт шалгалтаар 5 сая гаруй төгрөгний дутагдал зөрчил гаргаж эд хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах хууль, тогтоомжийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Б.С- нь ажлын байраа орхиж удаа дараа удаан хугацаагаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчин зохих журмын дагуу чөлөө авалгүй, холбогдох баримт нотолгоогоо компанийн захиргаанд ирүүлээгүй яасан нь мэдэгдэхгүй алга болж ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан Б.С-д холбогдох ажлын цагийн бүртгэл, цалингийн тооцоо, гэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, Ууганбаяр, Баасандорж, Лхагвасүрэн нарын тайлбараар тогтоогддог. Б.С- нь дээрх 4 төрлийн зөрчил дутагдлыг гаргаагүй талаар няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг анхааран үзнэ үү. Ч.... ХХК-ийн захирлын тушаал нь Б.С-гийн Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам, хяналтын байгууллагын шалгалтын талаар гаргасан шийдвэр зэрэгт үндэслэгдсэн хууль ёсны шийдвэр тул шүүхийн 2019.04.14-ний 137/ШШ2020/00123 шийдвэр, 2020.05.28-ны 202/МА2020/00017 магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.С- 2019.05.03-ны өдөр  “Ч....” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, кассын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний  олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон  гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг  даалгахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Б.С- нь ажлаас халагдсан тушаалын хувийг 2019.04.08-ны өдөр хүлээн авч 2019.05.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон байна.  

 

        Ажилтан ажлаас буруу халагдсан  тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцжээ. 

 

        2. Давж заалдах шатны шүүх  “..шийдвэр үндэслэл бүхий болсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй..”  гэх хариуцагчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй  байна. 

 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,  “Ч....” ХХК-ийн захирал  2019.03.06-ны өдөр Б/29 дугаартай тушаал гаргаж, Компанийн тухай хуулийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5, 43.2, 59.1 дэх хэсэг, дотоод журмын 4.6, 4.7, 4.9, 9.5.4.11., санхүүгийн тайлангийн дүгнэлт, захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн  “...урьд нь сахилгын шийтгэлтэй байсан...тайлан тооцоо  нийлээгүй...олон хоног ажил тасалсан...10,356,971.32 төгрөг дутаасан...” гэж Б.С-г ажлаас нь  чөлөөлжээ.

 

        Ажилтан  сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 

 

        Талууд ямар зөрчлийг “ноцтой”-д тооцохыг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон байх бөгөөд эдгээр зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэх баримтгүй байна

 

        Б.С- зохих журмын дагуу ажлаасаа чөлөө авсан тухай шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй учир “ажилтан олон хоног ажил тасалсан..” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. 

 

        Төлбөр барагдуулах тухай 2019.02.27-ны өдрийн акт, Зөрчил арилгуулах тухай 2019.02.27-ны өдрийн албан шаардлагыг ажил олгогч тушаалдаа заасан  хэдий ч  эдгээр баримтуудын  Б.С-д холбогдох хэсгийг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлснээс хойш гурван сарын хугацаанд шинэ акт гараагүй байх тул ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдлыг тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн байна.

 

        Б.С-г “Ч....” ХХК-ийн кассын няравын ажилд нь эгүүлэн тогтоохдоо  шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5 дахь   хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.    

 

        3. Нэхэмжлэгч  557,700 төгрөгийн цалинтай / нэг өдрийн 26,557.14 төгрөг/  байх тул шүүх олговрыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу ажил олгогчоос гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ. 

 

        4. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ хоёр шатны шүүх тодорхой заасан байх тул  шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00017 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 202,658.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ   С.СОЁМБО-ЭРДЭНЭ     

               ШҮҮГЧИД,       Х.СОНИНБАЯР

                                   Б.УНДРАХ

                                      Д.ЦОЛМОН

                                               Х.ЭРДЭНЭСУВД