Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 880

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “25******* дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ хүргүүлж NМ-025******* дугаарт бүртгүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-д “...өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан... шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу манай хүсэлтийг хүлээн авахаас эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай ямар нэгэн мэдэгдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс бичгээр болон бусад хэлбэрээр ирүүлээгүй болно. Иймд уг хүсэлтийн явц байдлыг тодруулах зорилгоор бид 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1068 дугаар албан бичгээр хандсан боловч Кадастрын хэлтсээс ямар нэг хариу аваагүй тул Ашигт малтмалын газрын даргад энэ асуудлаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 01/1103 дугаар албан бичгээр гомдол гаргасан болно. 

Бидэнд “Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэж зохих хариуг өгөхийг Кадастрын хэлтэст мэдэгдсэн” гэсэн хариу өгсөн боловч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 25******* дугаарт бүртгэлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэгдээгүй байна. Кадастрын хэлтсийн энэхүү эс үйлдлийн улмаас тус компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3.-д заасан “...хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” эрх зөрчигдөж байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын Баруун ноён уул-1 нэртэй нутагт орших 25290 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 13780Х тоот тусгай зөвшөөрлийг анх “Саус гоби сэндс” ХХК-д олгосон байна.

Улмаар “Т*******” ХХК-д шилжиж, “Т*******” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 13780Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаар шийдвэрээр “Ц*******” ХХК-д шилжүүлсэн байна.

“Ц*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучнаар/ гаргасан.

Тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, мөн 26.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2.-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна” гэж заасны дагуу өргөдлийн материалыг хянаж үзээд мэргэжлийн хэлтсээс ирүүлсэн саналын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбайг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3.-д заасны дагуу багасгах шаардлагатай болсон.

Саналын дагуу багасгасан талбайг дахин хянуулахад мэргэжлийн хэлтэс дахин багасгах шаардлага тавьсан. Үүний дагуу “Ц*******” ХХК нь талбайг дахин багасгаж 3819.87 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар болсон.

Иймд “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ц*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******гаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “25******* дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын хайгуулын 13780Х дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Ц*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан эрхийнхээ дагуу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан 25******* дугаар өргөдлийн бүртгэлээр нотлогдож байна.  

Дээрх өргөдлийг хариуцагч хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасан ажиллагааг явуулж, солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг багасган мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2.-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас, өргөдөлтэй танилцсан хуудаснуудад тэмдэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:” гэж зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш 20 өдөрт багтаан шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэх ёстой юм. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар шийдвэрлэсэн мөртлөө нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “25******* дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.4., 106.3.12. дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 26.3.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 25******* дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН