Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01937

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01937

 

 

Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банк ХХК-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн, Ө.Сайнбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэтуяа, Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш "Төрийн банк" ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1512 тоот тушаалаар ажлаас халагдсан.

Уг ажлаас халагдах тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангаж, Төрийн банкны Хяналт шалгалтын газрын харьяа Зайны хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6 965 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан юм.

Чингэлтэй дүүргийн анхан шатны Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00795 тоот шийдвэрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 205 хоногийн дараа ажил албан тушаалд эгүүлэх томилох гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаал гарсан байна. Уг тушаалыг миний бие 13 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олж танилцсан. Уг тушаалын дагуу ажил үүрэг гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолт гараагүй, ямар үүрэг гүйцэтгэж ажиллах нь тодорхойгүй байсан тул ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхлээгүй байх хугацаанд Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/100 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болох "Бичил Глобус" ХХК-д давхар ажил гүйцэтгэж ажилладаг нь илэрсэн гэсэн нь ажилгүй байсан хугацаанд өөр ажил эрхлэхийг хуулиар хориглоогүй, Төрийн банк хэзээ шүүхийн шийдвэр биелүүлэх нь тодорхойгүй байх хугацаанд ажил эрхэлсэн байдлыг заасан байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Шууд удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан гэсэн нь 2017 оны 12 дугаар сард хяналт шалгалтын газрын захиралд "өвчтэй" байгаагаа мэдэгдэж байсан, эмчийн магадлагаа хүргүүлсэн байхад шалтгаангүй ажил тасалсанд тооцсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмнө нь 2016 онд орон тооны цомхтгол буюу орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрийн дагуу буцан орж ирсэн үйл баримт байдаг, энд бол маргахгүй. Ингэхдээ Хяналт шалгалтын хэлтсийн захирал байсан бол Хяналт шалгалтын газрын орлогч захирал болж албан тушаал нь нэмэгдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ 1 сарын 3 500 000 төгрөгийн цалинтай байсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт шалгалтын газрын орлогч захирлын албан тушаалд томилогдоод хөдөлмөрийн гэрээг 28-ны өдөр байгуулсан, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг давхар байгуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдөртөө ээлжийн амралт авах хүсэлтээ өгөөд түүнийг нь шууд удирдлага болох Хяналт шалгалтын газрын захирал М.Гантуяа нь зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн амралтыг нь олгодог. Ажилтан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа ирэх ёстой, байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилсан мэдэгдэхгүйгээр ажилдаа ирээгүй.

Б.Баярчимэг нь Бичил глобус ХХК-д ажиллаж байгааг мэдсэн бөгөөд би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр очиж уулзахад ажилдаа очно гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил тасалсан, ажил олгогчтой холбогдоогүй тул ажил олгогчийн санаачилгаар Б.Баярчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Мэндцолмон өрхийн эмнэлгийн олгосон актыг шалгахад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нь Б.Баярчимэг нь эмнэлэгт очиж эмчлүүлээгүй буюу үзлэгт ороогүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах" тухай нэхэмжлэгч Б.Баярчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх шууд удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа ирсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүхэд гаргасан тайлбараараа нотолдог. Нэхэмжлэгч Б.Баярчимэг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр банкинд ирж яг хэдэн төгрөгийн цалингаар цалинжиж ажиллах талаараа, хаана сууж, ямар ажил үүргийг гүйцэтгэх талаараа шууд удирдлага М.Гантуяа, орлогч захирал Б.Энхсайхантай уулзсан. Тухайн үед Б.Баярчимэгийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн авахдаа Хяналт шалгалтын газрын Орлогч захирал гэсэн шинэ орон тоо баталсан боловч ажлын байрны тодорхойлолтыг батлаагүйн улмаас ямар ажил үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй байсан.

Б.Баярчимэгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу авч ажиллуулах хүсэл сонирхолгүй байсан нь дараах нөхцөл байдлаас тодорхой харагддаг. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон Төрийн банкны хяналтын газрын Зайнаас хянах хэлтсийн захирлын ажлын байранд бус шинэ ажлын байр үүсгэж Төрийн банкны хяналт шалгалтын газрын орлогч захирал гэсэн албан тушаалд томилж цалинг үндэслэлгүйээр бууруулж тогтоосон болохыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Энхсайхан орлогч захирал танилцуулсан. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зааж өгөөгүй, ямар үүрэг гүйцэтгэж ажиллах нь огт тодорхойгүй байсан. Ажлаа хийж суух ширээ, сандал огт байхгүй ажиллах боломж нөхцөлөөр огт хангаагүй. Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн банктай контрактын гэрээ байгуулсан даруйдаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал болмогцоо ажлаас чөлөөлсөн.

Төрийн банк ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дах хэсэгт заасан "Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас"-ыг ажилтан болон шууд удирдлагад танилцуулж, гарын үсэг зуруулж Захиргаа удирдлагын газарт хүргүүлэх, ЗУГ-аас уг саналын хуудсыг Хуулийн газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах, ЗУГ дүгнэлтийн дагуу шийдвэрийн төслийг бэлтгэж Гүйцэтгэх захирлын тушаалаар батлуулах журамтай. Гэтэл нэхэмжлэгч Б.Баярчимэгт саналын хуудсыг танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, эдгээр бүх баримт бичгүүдийг, дүгнэлтүүдийг, Хүний нөөцийн хорооны хуралдааныг, түүний тэмдэглэлийг, гүйцэтгэх захирлын тушаалыг нэг өдөрт багтааж үйлддэг, танилцуулдаг, хуралддаг процесс гэж байхгүй байтал ийм процесстойгоор тушаал гаргасан.

Дээрх бүх нөхцөл байдлыг тодруулах үүднээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрчээр М.Гантуяаг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж үндсэн цалинг тохироогүй, ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй, ажил, үүргийг тохироогүй байдаг тул тус хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээж аваагүй.

М.Гантуяагийн албан хэрэгцээндээ ашигладаг и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг өгсөн. Хариуцагч хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн "Хяналт шалгалтын газрын орлогч захирал"-ын "Ажлын байрны тодорхойлолт"-ыг нотлох баримтаар өгсөн байдаг /нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй/. Уг тодорхойлолтод Хяналт шалгалтын газрын захирал М.Гантуяа боловсруулсан гэж гарын үсэг зурсан байдаг тул энэ байдлыг тодруулах хүсэлтийг өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны маш нууц гэсэн баримтыг өөрийн биеэр очиж авсан, тухайн өдөр шууд удирдлагад том хүндэтгэн үзэх шалтгаан болох эцэг Батсүрэнгийн бие маш муу, хөлний хагалдаанд орох гэж буй талаар мөн хэлж байсан талаарх тайлбар, баримтыг шүүх анхаарч үзээгүй.

Дээрх бүх нөхцөл байдлуудаас үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярчимэг нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаалаар Б.Баярчимэгийг Төрийн банкны хяналт шалгалтын газрын орлогч захирлаар томилсон ба хариуцагч байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өрийн Б/100 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.1, 5.28.19, хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.20, хүний нөөцийн хорооны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэж, Б.Баярчимэг нь ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж болох Бичил глобус ХХК-д давхар ажил гүйцэтгэж ажилладаг нь илэрсэн, мөн шууд удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан гэх зөрчлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар талууд хөдөлмөрийн гэрээнд ажлын байр буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг тохиролцсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь Төрийн банкны хяналт шалгалтын газрын орлогч захирлын албан тушаалд томилогдож, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах үед албан тушаалын цалингийн хэмжээг тусгаагүй, танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүрэг гүйцэтгэх нь талаар танилцуулж, хэвийн ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж маргажээ.

 

Зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбарыг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр нотлох баримтыг бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч талаас ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Хяналт, шалгалтын газрын захирал М.Гантуяагийн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7заасан шүүх мөн хуулийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА