Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00148

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1937 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

Т Б ХХК-д холбогдох, 

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Б.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Т Б ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1512 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг ажлаас халагдах тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т Бны Хяналт шалгалтын газрын харьяа Зайны хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6.965.140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан юм. Шийдвэр гарсан өдрөөс хойш 205 хоногийн дараа ажилд эгүүлэн  томилох гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаал гарсан байна. Уг тушаалыг миний бие 13 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олж танилцсан. Уг тушаалын дагуу гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолт гараагүй, ямар үүрэг гүйцэтгэж ажиллах нь тодорхойгүй байсан тул ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхлээгүй байх хугацаанд Т Бны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/100 тоот тушаалаар ажлаас халагдсан байна. Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болох Бичил Глобус ХХК-д давхар ажил гүйцэтгэж ажилладаг нь илэрсэн гэсэн нь ажилгүй байсан хугацаанд өөр ажил эрхлэхийг хуулиар хориглоогүй, Т Б хэзээ шүүхийн шийдвэр биелүүлэх нь тодорхойгүй байх хугацаанд ажил эрхэлсэн байдлыг заасан байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Шууд удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан гэсэн нь 2017 оны 12 дугаар сард хяналт шалгалтын газрын захиралд "өвчтэй" байгаагаа мэдэгдэж байсан, эмчийн магадлагаа хүргүүлсэн байхад шалтгаангүй ажил тасалсанд тооцсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь өмнө нь 2016 онд орон тооны цомхтгол буюу орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрийн дагуу буцаж ажилдаа орсон үйл баримт байдаг, үүнд маргахгүй. Ингэхдээ Хяналт шалгалтын хэлтсийн захирал байсан бол Хяналт шалгалтын газрын орлогч захирал болж албан тушаал нь нэмэгдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ 1 сарын 3.500.000 төгрөгийн цалинтай байсан.  Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт шалгалтын газрын орлогч захирлын албан тушаалд томилогдоод хөдөлмөрийн гэрээг 28-ны өдөр байгуулсан, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг давхар байгуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдөртөө ээлжийн амралт авах хүсэлтээ өгөөд түүнийг нь шууд удирдлага болох Хяналт шалгалтын газрын захирал М.Гантуяа нь зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн амралтыг нь олгодог. Ажилтан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа ирэх ёстой, байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилсан мэдэгдэхгүйгээр ажилдаа ирээгүй. Б.Б нь Бичил глобус ХХК-д ажиллаж байгааг мэдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр очиж уулзахад ажилдаа очно гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил тасалсан, ажил олгогчтой холбогдоогүй тул ажил олгогчийн санаачилгаар Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мэндцолмон өрхийн эмнэлгийн олгосон актыг шалгахад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нь Б.Б нь эмнэлэгт очиж эмчлүүлээгүй буюу үзлэгт ороогүй байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах" тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1937 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Т Бны Хяналт, шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан одоо тус банкинд Бүртгэлийн хэлтэст захирлаар ажиллаж байгаа М.Гантуяаг оролцуулах, мөн Т Бны Хяналт, шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан М.Гантуяагийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүх хуралдаан даргалагчаас гэрчээр оролцуулах хүсэлтэд дурдагдаад байгаа М.Гантуяа гэдэг хүнийг хувь хүний хувьд оролцуулах гэж байна уу? Энэ хүнээр юуг гэрчлүүлэх гээд байна? гэж тодруулан асуухад “Хариуцагч талаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь гэрээ байгуулагдахаас 10-аад хоногийн өмнө бэлэн болсон байгаа. Түүн дээр 2 хүний гарын үсэг байдаг. Нэг нь Гантуяагийнх” гэж тайлбарлаад ажлын байрны тодорхойлолт танилцуулсан эсэх асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тухай хүсэлтээ дэмжин тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч тал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс 10 гаруй хоногийн өмнө боловсруулагдсан гэдгийг мэдэж байсан боловч зориуд мэдээгүй байсан, мэдэх боломжгүй байсан мэтээр тайлбарлан маргаж байна. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд М.Гантуяаг гэрчээр асуулгах хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн. Мөн М.Гантуяагийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт нь уг хэрэг маргаанд ямар ач холбогдолтой байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд нэгэнт М.Гантуяаг гэрчээр дуудах хүсэлтийг хангасан учир тэр үед нэхэмжлэгч тал тухайн үйл баримтыг асууж тодруулах бүрэн боломжтой байсан гэдгийг тодотгох нь зүйтэй байна. Гэвч нэхэмжлэгч тал М.Гантуяаг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан юм. М.Гантуяагийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт нь уг хэрэг маргаанд ямар ач холбогдолтой байсан эсэх нь тодорхойгүй, байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх М.Гантуяагийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан и-мэйлд үзлэг хийх хүсэлтийг хангахгүй орхисон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хувьд нэхэмжлэгчийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Энэ нь Т Бны Зайны хяналтын хэлтсийн захирлын чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан учир тухайн чиг үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэн ажиллах нь нэхэмжлэгч болоод хариуцагчийн хооронд нэгэнт шийдэгдсэн илэрхий болсон үйл баримт юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзвэл 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр боловсруулагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр боловсруулагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зорилт нь Зайны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь адилхан байна. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Т Бны Хяналт шалгалтын газрын Зайны хяналт хэрэгжүүлэх албан тушаалд томилогдсон нь өмнө мөрдөгдөж байсан ажлын байрны тодорхойлолт нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Мөн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр боловсруулагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг сайтар харвал нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтой танилцсан дариудаа гарын үсэг зурдаггүй болох нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтод хариуцагчийн буруугаас бус нэхэмжлэгчийн буруугаас гарын үсэг зурагдаагүй болох нь давхар нотлогдож байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дүгээр шийдвэрт “...харин  Б.Бийг ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж болох Бичил глобус ХХК-д давхар ажил гүйцэтгэж ажилладаг гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид давхар ажил гүйцэтгэж ажилладаг нь баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх магадлалаараа засаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл нь тодорхой хугацаатай мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэн авч тохирсон хугацаанд эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг ойлгодог. Хэргийн 167 дахь талд Бичил глобус ХХК нь Үлэмж мэлмий ХХК-г үүсгэн байгуулан 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №379 тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эрхэлдгийг тодорхойлсон албан бичиг авагдсан байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалттай агуулгын хувьд ижил ойлголт юм. Учир нь дээрх хоёр хуулийн заалт нь Иргэний хуулийн Хорин дөрөв дүгээр бүлэг /зээл/ болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагддаг. Түүнчлэн Бичил глобус ХХК нь 520 сая төгрөгийн сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээл олгодог нь хэргийн 188 дахь талд авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Б.Б нь Бичил глобус ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг нь хэргийн 145 дахь талд байх Бичил глобус ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх тэмдэглэгээ, 187 дахь талд байх зээл хүсэгчийн анкет зэрэг баримтаар нотлогдож байхад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид давхар ажил гүйцэтгэж ажилладаг нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх засаагүй. Мөн шийдвэрт “...хэрэгт Мэндцолмон өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эмнэлгийн магадлагаа”-аар Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл, Мэндцолмон өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Мядагмаагийн тодорхойлолтоор 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус тус ажлаас чөлөөлөгдсөн баримтууд авагдсан байна./ гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх засаагүй. Хэргийн 227 дахь талд нотлох баримтаар авагдсан Мэндцолмон өрхийн эмнэлгийн Т Бинд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн Тайлбар бичгийг үзвэл нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус эмнэлэгт очиж үзлэгт хамрагдаагүй байгаа нь илэрхий байна. Энэ нь Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчсөн. Үүгээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Мэндцолмон өрхийн эмнэлгийн Д.Мядагмаагийн тодорхойлолтоор нэхэмжлэгчид олгосон эмнэлгийн магадлал нь хууль, журмын дагуу олгогдоогүй хуурамч болох нь тогтоогдож байгаа билээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “...ажлаас чөлөөлөгдсөн баримтууд авагдсан байна” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх магадлалаараа мөн засаагүй. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б.Б, Т Б ХХК-д холбогдуулан “хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй  тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.    

             Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн “үзлэг хийлгүүлэх” хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байна.

           Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Зохигчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нотлох баримт нь маргааны үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзана.

              Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “...Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан, одоо тус банкинд Бүртгэлийн хэлтэст захирлаар ажилладаг М.Гантуяаг гэрчээр оролцуулах, ...түүний албан хэрэгцээнд ашигладаг и-мэйлд үзлэг хийлгэх...” хүсэлт /хх-219-р тал/ гаргаж, хүсэлтийн үндэслэлээ ”...хариуцагч талаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт гэрээ байгуулагдахаас 10 гаруй хоногийн өмнө бэлэн болсон байгаа, үүн дээр 2 хүний гарын үсэг байгаагийн нэг нь М.Гантуяагийнх, тухайн ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид танилцуулсан эсэхийг тодруулах зорилготой” гэх агуулгаар тайлбарлажээ.

          Шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32018/06193 дугаар захирамжаар М.Гантуяаг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, үзлэг хийлгэх үндэслэл тодорхой бус гэж уг хүсэлтийг хангахаас татгалзсан байх ба шүүгчийн гаргасан энэ шийдвэр хууль зөрчөөгүй байна.

            Зохигчийн хоорондох маргааны зүйл нь Б.Бийг ажлаас халсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/100 тоот тушаалд заасан үндэслэл нь хуульд нийцсэн эсэх байхаас гадна  зохигч “ажлын байрны тодорхойлолт”-г нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй болох тухайд маргаагүй байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь М.Гантуяаг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан тухай баримт хэргийн 234 дүгээр талд авагджээ.

              Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

            2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            а. Б.Бийг Т Б ХХК-ийн Хяналтын газрын Зайнаас хянах хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрийг ажил олгогч биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны Б/1651 тоот тушаал гаргахдаа, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрны орон тоо цомхотгогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2-т заасныг баримталж, нэхэмжлэгчийг Хяналт, шалгалтын газрын орлогч захирлаар томилжээ.

            Дээрх тушаалыг үндэслэн хариуцагч Т Б ХХК, нэхэмжлэгч Б.Бтэй  2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр түүнд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгосон  нь тогтоогдсон тул талуудын хооронд гэрээний дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           Б/1651 тоот тушаал, түүнд үндэслэсэн хөдөлмөрийн гэрээнд Б.Бийн үндсэн цалинг З-3 зэрэглэлээр олгохоор заасан нь өмнө ажлаас халагдах үеийн буюу 2016 оны хөдөлмөрийн гэрээнд заасантай адил байна. Хариуцагчийн  гаргасан баримтаар тухайн зэрэглэлд хамаарах үндсэн цалингийн хэмжээ сард 3.500.000 төгрөг байна. Нэхэмжлэгч, урьд 5.086.667 төгрөгийн цалинтай байсныг бууруулсан гэж маргаж, өмнөх  шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг  5.086.667 төгрөгөөр тодорхойлсон  нь үндсэн цалингийн хэмжээ гэж үзэх  боломжгүй ба нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаагүй байна. Учир нь цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрдэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заажээ. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ажлаас буруу халсан... ажилтныг шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж заасан байна.  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох“ журамд зааснаар ажилтныг буруу халсан үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр буюу үндсэн цалингаас гадна ажилтанд олгогдсон бусад нэмэгдэл шагнал, урамшууллын нийлбэр сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэжээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй  шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин буюу гэрээний гол нөхцлийг  тохиролцоогүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            б.   Хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б/100 дугаар тушаал гаргаж, Б.Б нь “ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болох Бичил глобус” ХХК-д давхар ажил гүйцэтгэдэг нь илэрсэн, мөн шууд удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр ажил тасалсан” ноцтой зөрчил гаргасан үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Т Бны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.1, 5.28.19, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.20 дахь заалт, хүний нөөцийн хорооны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэрийг тус тус баримталж ажлаас халжээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

          Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан...”, 7.4.20-т “...ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсхүл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцсон, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэсэн...”-г ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

            Нэхэмжлэгч Б.Бийн  ээлжийн амралтын хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон, уг хугацаанаас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нэхэмжлэгч ажилдаа ирээгүй нь тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч энэ хугацаанд өвчтэй байсан гэж тайлбарлах боловч 2017 оны 12 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй байсан, энэ талаар шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдсэн гэх үйл баримт  тогтоогдоогүй  байна. Иймд хөдөлмөрийн гэрээнд заасан “2 өдөр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

            Харин тушаалд заасан “...өөр аж ахуйн нэгжид адил ажил үүрэг давхардуулан гүйцэтгэсэн...” ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь нотлогдоогүй байна.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хамааралтай  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1937 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ