Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 184/2020/00302/И |
Дугаар | 210/МА2020/01707 |
Огноо | 2020-08-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2020/01707
Ц.Т нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/01853 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Т хариуцагч М.Б холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 16 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.Түвшинжаргал нь 2018 оны 05 сард Дорноговь аймгийн фейсбүүк зарын дагуу М.Баттулгатай 9966-4532 дугаарын утсаар холбогдож 8х10 хэмжээтэй модон торхыг 8 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар 18 000 000 төгрөгт багтаан түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр байшин бариулахаар харилцан тохиролцсон. Энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй. М.Баттулга мөнгө хэрэгтэй байна гэхээр нь байшин бариулах мөнгөнөөс нийт 16 500 000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 09 сард байшинг 14 хоногийн дараа ирээд гүйцээж өгнө гэж хэлээд орхиод явсан. Эхэндээ ажилчны гар хугарсан гээд ирээгүй, сүүлдээ танай суманд дахиж захиалга авбал очиж барьж дуусгана гээд сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Иймд түүнд төлсөн 16 500 000 төгрөгийг М.Баттулгаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Ц.Түвшинжаргал нь анх 8х10 хэмжээтэй дүнзэн торх 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь байшин барьж өгөөч гэсэн. Миний бие торхноос гадна 8 000 000 төгрөгийн барилгын материал худалдаж авч өгсөн боловч барилга барих үнийн дүнд тохиролцоогүй. 1 м.кв нь 450 000 төгрөгөөр барьж болно гэж хэлсэн. Материал худалдаж авсан болохоор ажлын хөлс тохиролцоно гэхэд тохироогүй. 18 000 000 төгрөгөөр нийт 80 м.кв талбайтай байшин бариулна гэхэд нь 22 500 000 төгрөгөөр барих боломжтой гэж хэлсэн боловч мөнгө байхгүй гэсэн. Талууд үнэ хөлсөө тохиролцоогүй тул гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчээс авсан 16 500 000 төгрөгөөр бүхэлд нь барилгын материал худалдан авч, Ц.Түвшинжаргалд хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Баттулгаас 2 968 000 төгрөгийг гаргуулан Ц.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэлээс 13 532 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баттулгаас 62 438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинжаргалд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2018 оны 06 сард Ц.Түвшинжаргал М.Б 8x10 харьцаатай дүнзэн торх авах цаашлаад байшин бариулах санал тавьсан боловч үнийн дүн дээр тохироогүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид өгсөн барилгын материалын үнийн дүнг баримтаар нотлох боломжгүй байсан учир шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх шинжээч томилсон боловч цаг үеийн нөхцөл байдлын улмаас шинжилгээ хийх ажиллагаанд оролцож чадаагүй. Гэтэл тухайн шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй байхад шүүх уг дүгнэлтийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талын зүгээс шүүх хуралдааны өмнө танилцуулсан дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар байр сууриа илэрхийлсэн боловч шүүх харгалзан үзээгүй урьдаас хөдөлбөргүй нотлогдсон баримт мэтээр авч үзсэн. Жишээ нь, ажлын хөлсийг 3 000 000 төгрөг, торх тээврийн зардал нийт 8 000 000 төгрөг гэж үнэлсэн ба бараа материал тээвэрлэсэн тээврийн зардлыг огт тусгаагүйг анхаарч үзнэ үү.
Шүүх шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргаж өгсөн ижил төстэй харилцааг зохицуулсан гэрээнүүд буюу нотлох баримтыг үнэлээгүй, шинжлэн судлаагүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл шүүхийн шийдвэрээс тодорхой харагдах ба хариуцагч талаас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн нотлогдохгүй байгаа тайлбар болон нэхэмжлэгчийн нөлөөлөлтэй явагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэрэг шийдэх үндэслэл болгосон нь хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй илтэд нэг талыг барьж хэргийг шийдсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн нэхэмжлэгч талаас асуусан асуултууд, зарим тайлбарыг хүсэлтийг огт тусгаагүй зэргээс үзвэл шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт талуудын тайлбарт харилцан адилгүй хандсан болохыг илтгэж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлийн дагуу үнэлэх хуулийн зохицуулалтыг огт харгалзаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Түвшинжаргал нь хариуцагч М.Б холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 16 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 18-19/
Анхан шатны шүүх хариуцагч М.Баттулгаас 2 968 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүхэлд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн, нэхэмжлэгч Ц.Түвшинжаргалыг мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй талаар дүгнэхдээ тэдгээрийн хооронд торх худалдах, худалдан авах талаарх тохиролцоо байгааг анхаараагүй байна.
Тодруулбал, зохигчдын хэн алины тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчаас анх 8 500 000 төгрөгийн үнэ бүхий торх худалдан авсан үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар уг гэрээ хэрэгжээд дууссан байна.
Талууд дээрх худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд болон тухайн торхоор нэхэмжлэгч хариуцагчаар байшин бариулах ажил гүйцэтгэхээр тохиролцсон, нийт 16 500 000 төгрөгийг хариуцагч авсан үйл баримтад маргаагүй. Харин тухайн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний хэмжээ болон хариуцагчаас нэхэмжлэгчид нийлүүлсэн барилгын материалын үнийн дүнгийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж, уг гэрээ цуцлагдсанд хэн нь буруутай эсэхэд маргасан.
Талуудын хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй гэж үзэхээр байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэх гэрээний үнэ 18 000 000 төгрөг эсхүл 22 500 000 төгрөгийн аль нь болох нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүйн гадна хариуцагч гэрээний үнэ тохироогүйн улмаас ажлыг гүйцэтгэхээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч гэрээнээс мөн татгалзаж түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, талуудын маргаагүй үнийн дүн 16 500 000 төгрөгөөс торхны үнэ 8 500 000 төгрөг болон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон /хх 43-55/ барилгын материалын үнэ 5 032 000 төгрөгийг хасаж нийт 2 968 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн зөв болжээ.
Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, шүүх хариуцагчийн өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг хангахгүй орхив. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна тухайн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бусад этгээдүүдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гэх бичмэл баримтууд нь энэхүү хэрэгт шууд хамааралтай гэж үзэж үнэлэх боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/01853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Баттулгаас 2 968 000 төгрөгийг гаргуулан Ц.Түвшинжаргалд олгож, үлдэх 13 532 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 30-ны өдөр төлсөн 63 584 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР