| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2018/0925/З |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-01-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 42
“А” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын
байцаагчид холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0667 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-г оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0667 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.10-д заасныг баримтлан А ХХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/667 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “А” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 655 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны 8 сарын 31-ний өдрийн 10 тоот шийтгэх хуудсыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал 2018.08.31-ний өдрийн 10 тоот шийтгэх хуудсаар “А” ХХК-ийг 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгосон гол үндэслэл нь “А” ХХК-ийг маргаан бүхий лого тэмдгийг ашиглан зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийг сошиал ертөнцөд төөрөгдүүлсэн хэмээн үзэж шийтгэх хуудас оногдуулсан.
5. Гэвч А ХХК нь маргаан бүхий лого тэмдгийг ашиглан зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд маргасаар байх атал 2 шатны шүүх аль алин ч энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдууллаа. Оюуны өмчийн газрын улсын байцаагч Ц нь Зөрчлийг нотлох, тогтоох, холбогдох баримтыг бүрдүүлэх үүргийг хуулиар хүлээсэн нэгэн бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд А ХХК-ийг яг ямар төрлийн зар сурталчилгаа явуулж, ямар төрлийн сошиал ертөнцөөр хэнийг хэрхэн төөрөгдүүлсэн тухай нотлох үүрэгтэй, гэвч энэ талаар хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй байх атал анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх хуудсыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх 2018.8.31-ний өдрийн 10 тоот шийтгэх хуудсыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосон явдал нь “А” ХХК-г маргаан бүхий лого тэмдгийг ашиглан зар сурталчилгаа явуулж сошиал ертөнцөд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж буй хэрэг юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх А ХХК-ийг яг ямар төрлийн зар сурталчилгааг, хэзээ хэрхэн явуулсан, энэ нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа түүнчлэн яг ямар сошиал /Facebook, Youtube, ТV, сонин сэтгүүл/ ертөнцөөр зар сурталчилгаа явуулсан талаар нэг ч дүгнэлт хийгээгүй атлаа гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй.
7. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх гомдолд дурдагдсан дээрх үндэслэлийн талаар шийдвэр магадлалд бичгээр тусгаж дүгнэлт хийгээгүй ба энэ үндэслэлээ тайлбарласангүй. Маргаан бүхий лого тэмдгийг зар сурталчилгаанд ашиглах, албан бланк баримт бичигт ашиглах тухай ойлголт нь 2 өөр ойлголт, 2 өөр зөрчил юм. Гэвч оюуны өмчийн газрын улсын байцаагч Ц нь А ХХК-ийг маргаан бүхий лого тэмдгийг ашиглан зар сурталчилгаа явуулж зөрчил гаргасан тогтоогдсон гэсэн үндэслэлээр шийтгэх хуудас оногдуулснаас биш албан бланк баримт бичиг дээр ашигласан гэж шийтгэх хуудас оногдуулаагүй байх атал 2 шатны шүүх албан бланк дээр тайлбар өгсөн нь зар сурталчилгаа явуулж сошиал ертөнцөд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн Оюуны өмчийн газарт албан бланк дээр тайлбар өгсөн үйлдэл урьд өмнө нь болон ирээдүйд ашигласан, ашигладаг гэсэн утга биш юм. Байцаагч гомдол гаргахаас өмнө нь ашиглаж байсан эсэх үйл баримтыг тогтоох ёстой боловч тийм зүйл байхгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 655 тоот магадлалыг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч “А” нь “...”К” ХХК-ийн барааны тэмдгийг бараа, түүний сав баглаа боодол, үйлчилгээнд хэрэглээгүй, хариуцагч нь манайхыг тус барааны тэмдэг, логог ашиглан зар сурталчилгаа явуулсан гэдгийг тогтоогоогүй байж, шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсаныг зөвшөөрөхгүй” гэж марган, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
10. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар, “А” ХХК-ийг “К” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглан зар сурталчилгаа болон олон нийтийн сошиал ертөнцөөр үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлсэн зөрчил гаргасан гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Оюуны өмчийн газрын улсын байцаагч нь зөрчлийг нотлох, тогтоох, холбогдох баримтыг бүрдүүлэх үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд “А” ХХК-ийг яг ямар төрлийн зар сурталчилгаа явуулж, ямар төрлийн сошиал ертөнцөөр хэнийг хэрхэн төөрөгдүүлсэн тухай нотлох үүрэгтэй, гэвч энэ талаар хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй атал анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх хуудсыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
12. Учир нь, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно: 13.1.1.барааны тэмдгийг ...үйлчилгээнд хэрэглэсэн бол, ...13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, .../-т/ ашигласан бол...” гэж, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “К” ХХК нь Оюуны өмчийн газарт, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц бүхий зураглалтай лого буюу барааны тэмдгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотойгоор, улсын бүртгэлийн 15276 дугаарт бүртгүүлж, барааны тэмдгийн гэрчилгээ авчээ. Тус компаниас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд, “А” ХХК нь тус компанийн барааны тэмдгийг ашиглаж хууль зөрчсөн талаар гомдол гаргасныг тус хороо нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06/993 тоот албан бичгээр Оюуны өмчийн газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
14. Тодруулбал, “К” ХХК нь захиргааны байгууллагад гаргасан дээрх гомдолдоо тус компанийн барааны тэмдгийг “А” ХХК өөрийн үйлчилгээнд буюу үйлчилгээ явуулж буй байрны хаяг, цагийн хуваарьт ашигласан талаарх баримт /хх-ийн 29,30 талд авагдсан/-ыг хавсаргаж хүргүүлсэн байх бөгөөд эдгээр баримт болон бусад нотлох баримтаар гомдол гаргагч компани нь маргаан бүхий барааны тэмдгийг үйлчилгээндээ ашигласан зөрчил гаргасан нь нотлогдсоны зэрэгцээ, зөрчлийг шалган шийдвэрлэх явцад тус компаниас хугацаа сунгуулах тухай болон тайлбар хүргүүлэх тухай 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 018-098 тоот, 8 дугаар сарын 01-ний өдрийн 018//124, 018/123 тоот албан бичгүүдийг улсын байцаагчид хүргүүлсэн, тэдгээр албан бичгүүдэд мөн л тус барааны тэмдгийг ашиглажээ. Иймд гомдол гаргагч “А” ХХК-ийг, “К” ХХК-ийн барааны тэмдгийг үйлчилгээнд болон албан бичигт ашигласан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзнэ.
15. Дээрх байдлаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчаас, “А” ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг зөрчиж, “К” ХХК-ийн барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн торгууль оногдуулсан нь хуульд нийцсэн, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
16. Мөн давж заалдах шатны шүүхийн, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй, эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА