Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00907

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00907

 

 

 Г.Хүрэлсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00381 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Хүрэлсүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Номинд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат

Хариуцагч Э.Номин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сарын 02-ны өдөр иргэн Э.Номинтой орон сууц хөлслөх гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, УБ таун хотхон, 7-р байрны, 44 тоот орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Э.Номин нь гэрээний дагуу барьцаа болон эхний сарын түрээсийн төлбөр нийт 1 400 000 төгрөгийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр төлж, хүлээлцэх акт үйлдэн байрыг хүлээн авсан. Гэрээний нэмэлт нөхцөлд заасны дагуу хөлслөгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй. Орон сууц хөлслөх гэрээний 6.1-д заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрөөс тооцож үзэхэд өнөөдрийг хүртэл алдангийн хэмжээ нь 5 775 000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 10 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь нь 3 500 000 төгрөг болж байна. Иймд түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байраа 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Байрны түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Алданги гэх 3 500 000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Э.Номингоос 10.500.000 төгрөгийг гаргуулж Э.Хүрэлсүхэд олгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 182.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэхдээ "Орон сууц хөлслөх гэрээ"-ний хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Э.Номин миний бие тухайн байрыг гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө буюу 2016 оны 9 сард чөлөөлж сулласан ба 10 сарын хугацаанд амьдарч ашигласан. Гэтэл шүүх төлбөрийг гэрээний хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч 10 cap амьдарсан, гэрээ хийсэн өдрөө 2 сарын төлбөрт 1 400 000 төгрөгийг өгсөн ба нийт төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 5 600 000 төгрөг гэж тооцож байна. Байр чөлөөлж сулласан өдөр буюу 2016 оны 9 сараас гэрээний үүргээс үүдэн гарах шаардах эрх дуусгавар болсон байхад гэрээний үүрэг болох алданги тооцож гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч би төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний хугацаанаас өмнө байрыг сулласан нөхцөл байдал буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад гэрээнээс татгалзах болов, гэрээ цуцлах үндэслэл байгаа эсэхийг шүүх үнэлж дүгнэхгүйгээр шууд алданги тооцож гаргасан. Тухайн гэрээг цуцалснаас үүссэн хохирол уу, нэхэмжлэгчид гэрээний үүрэг шаардах эрх байна уу үгүй юу, гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар, гэрээг цуцалснаас үүссэн үр дагаврын аль болохыг шүүх дүгнэж үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Хүрэлсүх нь хариуцагч Э.Номинд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт төлбөр 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, хөлслүүлэгч Г.Хүрэлсүх нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, УБ таун хотхон, 7 дугаар байрны 44 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч Э.Номин нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.Хүрэлсүх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эхний сарын түрээсийн төлбөрт 700 000 төгрөг, барьцаанд 700 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй гэж тайлбарласныг хариуцагч Э.Номин үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт хөлслөгч орон сууц хөлсөлсөн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хөлслүүлэгчид төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Г.Хүрэлсүх нь Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги тооцож шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Э.Номингоос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг, алдангид 3 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.Номин нь алданги төлөхөөс татгалзаж буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хуулийн нэрийг болон нэхэмжлэгчийн овгийг буруу бичсэн алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00381 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дах заалтад Монгол Улсын гэснийг тус тус хасч, 1 дэх заалтад Э.Хүрэлсүхэд гэснийг Г.Хүрэлсүхэд гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Номин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ