Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00381

 

 

 

 

 

          2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар  182/ШШ2017/00381

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч:  Э.Н

түрээсийн гэрээний төлбөрт 10.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Э.Н, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Г.Х нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, **** тоот орон сууцыг 2015 оны 11 сарын 02-ны өдөр иргэн Э.Нтой орон сууц хөлслөх гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай, сарын 700.000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу барьцаа болон эхний сарын түрээсийн төлбөр нийт 1.400.000 төгрөгийг Э.Н нь 2015 оны 11 сарын 02-ны өдөр төлөн хүлээлцэх акт үйлдэн байрыг хүлээн авсан. Гэрээний нэмэлт нөхцөлд заасны дагуу хөлслөгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй. Орон сууц хөлслөх гэрээний 6.1-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасны дагуу зөвхөн түрээсийн үндсэн төлбөрөөс тооцож үзэхэд өнөөдрийг хүртэл алдангийн хэмжээ нь 5.775.000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 10 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь нь 3.500.000 төгрөг болж байна. Иймд түрээсийн төлбөр 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг Э.Нгоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байраа 9-р сард хүлээлгэн өгсөн. Байрны түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Алданги гэх 3.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч хариуцагчаас байр хөлсөлсний хөлсний үлдэгдэл, алдангийн хамт 10.500.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Г өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, **** тоот орон сууцын 2015 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 700.000 төгрөгийн хөлстэйгөөр Э.Нд хөлслүүлэх гэрээг хийж, орон сууцыг түүнд шилжүүлсэн байна. Э.Н барьцаа болгон 700.000 төгрөг, эхний сарын хөлс 700.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг Э.Ганзоригт төлж, түүнээс хойш ямар нэг мөнгө төлөөгүй байна.

Хариуцагч орон сууцыг ашиглаж байгаад одоо чөлөөлсөн ба үлдсэн 10 сарын байр хөлсөлсний хөлс 7.000.000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч гэрээний хугацаа дуусахаас арай өмнө байрнаас гарсан гэх боловч энэ нь ач холбогдолтой биш байна. Тэр байрнаас өөрөө гарсан ба ийм тохиолдолд хөлсийг бүрэн төлөхийг талууд гэрээгээр тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д хөлс төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан ба хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх алдангийн хэмжээ 5.775.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиас хэтрэхгүй байхаар заасан бөгөөд 10 сарын түрээсийн төлбөр нь 7.000.000 төгрөг, үүний тавин хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож алдангид 3.500.000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, алдангид 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 гаргуулж нэхэмжлэгч Г.Хэд олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Э.Нгоос 10.500.000 төгрөгийг гаргуулж Э.Хэд олгосугай

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 182.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         

                                     

 

ДАРГАЛАГЧ                                   С.БУД