Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00169

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00169

 

Багануурын дулааны станц ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181 848 654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ариунаа, М.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Багануур Ус ОНӨААТҮГ-тай Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулсан боловч дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчин, хохироож байгаа болно. Иймд үндсэн төлбөр 158 788 257,3 төгрөг, алданги 23 060 396,95 төгрөг, нийт 181 848 654,25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 3 дугаар сар, 8 дугаар сарын алданги 9 057 917,8 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Гэрээний 6.13 дах заалтад эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдан авсан эрчим хүчний тооцоо төлбөрийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлнө гэж заасан байдаг. Гэтэл энэ хугацаа хэтрээд өчнөөн сар, жилээр яваад байдаг. Шүүхэд бараг 4, 5 дах удаагаа нэхэмжлэл гаргаж байх шиг байна, он гарсаар дансыг нь хаагаад ч нэмэргүй байдаг. Хариуцагч тал үндсэн төлбөр 158 788 257.3 төгрөгийг төлсөн. Алданги 23 сая төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Иймд алданги 32 118. 14,75 төгрөгийг гаргуулж өгнө үү. 158 сая төгрөгийн төлбөр бол 6, 7, 8 дугаар сарын төлбөр бөгөөд энэ үндсэн төлбөр төлөгдсөн. Үлдэх алданги бол 3-8 дугаар сарыг дуустал бодогдсон алданги бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй тооцооллыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Багануур дулааны станц ТӨХК-д ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур Ус ОНӨААТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 31.236.040.03 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882.274 төгрөг 72 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.385.735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 314.130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэрэгт үнэлэлт, дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч "Багануурын дулаан станц" ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад гэрээний үүргийн үндсэн төлбөрт 158 788 257 төгрөг, алданги 23 603 396 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байсан хэдий ч шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа дээрх төлбөрүүд нь 2017 оны 6, 7, 8 дугаар сарын дулааны төлбөр гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаж байгаа дулааны эрчим хүчний төлбөр гэх 158 788 257 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үүнд хэн аль нь маргаагүй. Гэтэл нэхэмжлэлээр алданги 23 603 396 төгрөг, улмаар шаардлага нэмэгдүүлж алданги 9 057 917 төгрөг буюу нийт 31 236 040 төгрөгийн алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус гэдэг нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг шүүх хуралдаанд алданги бол 3-8 дугаар сарыг дуустал бодогдсон гэх тайлбарыг гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 6, 7, 8-р сарын дулааны төлбөр бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулаагүйгээс буюу үүрэг гүйцэтгэгчийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээнд төлөхөөр харилцсан тохиролцсон анзыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх дээрх төлбөрт буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2017 оны 3, 4, 5-р саруудын дулааны төлбөр болоод түүний алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж байгаа 2017 оны 3-8 сарын үндсэн төлбөр хэзээ хийгдсэн, нэхэмжлэгч гэрээнд заасан анзыг шаардах эрх хэдийд үүссэн гэдэгт нэг ч дүгнэлт хийгээгүй, нөгөө талаараа нэхэмжлэгч 2017 оны 6, 7, 8 сарын төлбөрөөс үүдэлтэй алданги шаардаж байхад 2017 оны 3, 4, 5-р сарын алдангийн тухай шүүх дүгнэлт хийж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн зүйл байна.

Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт алданги тооцоолж гаргахдаа Багануурын дулааны станцаас cap бүр хариуцагч байгууллага руу хүргүүлж нэхэмжлэхийг үндэслэж 2017 оны 3-р сарын алданги 11 107 718 төгрөг, 4-р cap 8 756 360 төгрөг, 5-р cap 6 935 734 төгрөг, 7-р сарын 2 340 040, 8-р cap 2 095 347 төгрөг нийт 31 236 040 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж шийдвэрлэсэн байна. Харамсалтай нь шүүх хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн дээрх дүгнэлтээс тодорхой харагдаж байна. ИХ-н 232 дугаар зүйлд зохицуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу анз нь уг гүйцэтгэгч нэг тал нь хууль буюу гэрээгзэр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд дээрх тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн анз шаардаж байгаа үндэслэл яаж бүрдсэн гэдэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байж, энэхүү анзыг хэрэглэж байгаа нь хуулийн зөв хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзэх үндэс болж байна. Иймд шийдвэрийн ...31 236 040 төгрөгийг "Багануур-Ус" ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК нь хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 158 788 257 төгрөг, алдангид 23 060 396 төгрөг, нийт 181 848 654 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөр болох 158 788 257 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алдангид 32 118 314 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны 03 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал хугацааны алданги гэж тодорхойлсон байна.

Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдаж, хангагч буюу Багануурын дулааны станц ТӨХК нь дулааны эрчим хүч нийлүүлэх, түгээгч буюу Багануур-Ус ОНӨААТҮГ нь эрчим хүчний төлбөрийг заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиролдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөх бөгөөд алданги төлөх, нийт хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байхаар тус тус тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иймд Нэхэмжлэгч Багануур дулааны станц ТӨХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээний 6.13, 6.14 дэх хэсэгт тус тус зааснаар дулааны эрчим хүчний төлбөрөө төлөхийг Багануур-Ус ОНӨААТҮГ-аас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээний 2.5, 3.23 дахь хэсэгт заасан тохиролцоо, Багануурын дулааны станц ТӨХК-иас хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т сар бүр хүргүүлж байсан нэхэмжлэхийг тус тус үндэслэн хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг нийт 31 236 040 төгрөгөөр тооцсон нь хууль болон гэрээний заалтад нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, Багануур дулааны станц ТӨХК-иас 2017 оны 3, 4, 5, 7, 8 дугаар сарын эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т хүргүүлж байсан /хх-59-63/, гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацааны эрчим хүчний төлбөрт хариуцагч 158 788 257 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн зэрэг үйл баримтаас үзэхэд хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ нь худалдан авсан эрчим хүчний төлбөрөө дараа сарынх нь 10-ны дотор төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Багануур дулааны станц ТӨХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээний 6.14 дэх хэсэгт тус тус зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ нотлоогүй, анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад алдангийн хэмжээ, түүнийг хэрхэн тооцсон хариу тайлбарт гаргаж мэтгэлцээгүй атлаа энэ талаар давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт тус тус нийцээгүй тул хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ