Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00713

 

Б Д С-ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаар магадлалтай,

Б Д С-ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Б-У- ОНӨААТҮГ-т холбогдох,       

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 181.848.654 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б Д С-ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б-У-ОНӨААТҮГ-тай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулсан боловч дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчин, хохироож байна. Иймд үндсэн төлбөр 158.788.257,3 төгрөг, алданги 23.060.396,95 төгрөг, нийт 181.848.654,25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны 3 дугаар сар, 8 дугаар сарын алданги 9.057.917,8 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Гэрээний 6.13 дах заалтад эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдан авсан эрчим хүчний тооцоо төлбөрийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлнө гэж заасан байдаг. Хариуцагч тал үндсэн төлбөр 158.788.257.3 төгрөгийг төлсөн. Алданги 23.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Иймд алданги 32.118.314 төгрөгийг гаргуулж өгнө үү. 158.000.000 төгрөг бол 6, 7, 8 дугаар сарын төлбөр бөгөөд энэ үндсэн төлбөр төлөгдсөн. Үлдэх алданги бол 3-8 дугаар сарыг дуустал бодогдсон алданги гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани Б Д С- ТӨХК-д ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-У-ОНӨААТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 31.236.040.03 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Б Д С-ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882.274 төгрөг 72 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.385.735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 314.130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-У- ОНӨААТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэрэгт үнэлэлт, дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Б д с” ТӨХК 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “Б-У- ОНӨААТҮГ-аас дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 158.788.257 төгрөг, алданги 23.603.396 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байсан хэдий ч шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан юм. Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа дээрх төлбөрүүд нь 2017 оны 6, 7, 8 дугаар сарын дулааны төлбөр гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаж байгаа дулааны эрчим хүчний төлбөр гэх 158.788.257 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үүнд хэн аль нь маргаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн 2017 оны 8 сарын 17-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр алданги 23.603.396 төгрөг, улмаар 2017 оны 10 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлд, алданги 9.057.917 төгрөг буюу нийт 31.236.040 төгрөгийн алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус гэдэг нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар нотлогдож байна. Тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...алданги бол 3-8 дугаар сарыг дуустал бодогдсон алданги...” гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 6, 7, 8-р сарын дулааны төлбөр бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулаагүйгээс буюу үүрэг гүйцэтгэгчийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээнд төлөхөөр тохиролцсон анзыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх дээрх төлбөрт буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй 2017 оны 3, 4, 5-р саруудын дулааны төлбөр болоод түүний алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тун ойлгомжгүй зүйл болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа 2017 оны 3-8 сарын үндсэн төлбөр хийгдсэн, нэхэмжлэгч гэрээнд заасан анзыг шаардах эрх хэдийд үүссэн гэдэгт огт дүгнэлт хийгээгүй, нөгөө талаараа нэхэмжлэгч 2017 оны 6, 7, 8 сарын төлбөрөөс үүдэлтэй алданги шаардаж байхад 2017 оны 3, 4, 5-р сарын алдангийн тухай шүүх дүгнэлт хийж байгаа нь үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн зүйл байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зохицуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу анз нь үүрэг гүйцэтгэгч нэг тал нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд дээрх тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн анз шаардаж байгаа үндэслэл яаж бүрдсэн гэдэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байж, энэхүү анзыг хэрэглэж байгаа нь хуулийн зөв хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б Д С- ТӨХК нь Б-У- ОНӨААТҮГ-т холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 158.788.257 төгрөг, алданги 23.060.396 төгрөг, нийт 181.848.654 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг 9.057.917.8 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч шүүх хуралдааны өмнө үндсэн төлбөрийг төлсөн тул 32.118.314 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцжээ.

Хариуцагч анхны нэхэмжлэлд “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Б Д С-и ТӨХК-д ямар нэгэн төлбөргүй...” гэсэн хариу тайлбар гаргасан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж, хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн нэмэлт үүрэг буюу алдангийн хэмжээг 31.236.040 төгрөг гэж тодорхойлсон нь гэрээний 6.14 болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээний 6.13-т “эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдан авсан эрчим хүчний тооцоот төлбөрийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлнө, 6.14-т “...төлбөрийг ...6.13-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг хоног тутамд тооцно. Тухайн сарын төлөгдөөгүй төлбөрт алданги төлөх нийт хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үндэслэж 2017 оны 3-8 сарын төлбөрөөс алданги тооцон гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй. Хариуцагч талаас алдангийн талаар аливаа тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00452 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 315.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ