Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01476

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01476

 

 

 

Б.Лхагвацэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Лхагвацэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Рэнцэнхандад холбогдох

8 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Лхагвацэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.Рэнцэнханд нь 5 110 000 төгрөгийг Хятад иргэдийн ажлын байрын төлбөрт төлнө гэж худлаа ярьж аваад өөрийн байрандаа засвар хийсэн болох нь тодорхой болсон. Монгол Улсад БНХАУ-ын иргэд Индралхур Ариун ХХК-ийн нэр дээр оруулж ирэх зөвшөөрөл Хөдөлмөрийн яамнаас гарах болсон тэдний ажлын байрны төлбөрт огт холбоогүй юм. Тийм ч учраас Ц.Рэнцэнханд надад буцаан төлөхөө зөвшөөрч бичиг хийж өгсөн. Одоо цаг хугацаа авч асуудлыг сунжруулах үүднээс БНХАУ-ын иргэдийн асуудалтай холбоотой мэтээр тайлбарлан Хөдөлмөрийн яамнаас материал гаргуулах, гэрч асуулгах зэрэг холбогдолгүй хүсэлт гарган шүүх ажиллагаанд саад учруулж байна. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан 1 304 000 төгрөгийг мөн надад үнэмшил төрүүлэх гэж худал хэлж авсан. Энэ мөнгийг аваад өөрөөсөө мөнгө нэмж төрийн сангийн дансанд тушаасан ч ямар төлбөрөө төлснийг би мэдэхгүй тул түүнд өгсөн 1 304 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Рэнцэнханд өөрийн дансаар авсан 100 000 төгрөг, дараа нь 2 удаа 300 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийг зээлж байна гэж авсан. Иймд Ц.Рэнцэнхандаас нийт 7 114 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Индриалхур Ариун ХХК, Бунд Бэйс ХХК-нд 2013 оноос хойш нягтлан бодогч ажилтай байсан. Дээр дурдсан хоёр компани нэг эзэнтэй тул хоёр компанийн ажлыг нэг зэрэг хийдэг байсан. 2015 онд манай компани БНХАУ-аас ажилчид оруулж ирэн ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байсан. Гэтэл Хятад хэлний орчуулагч н.Жаргалмаа гэх эмэгтэй манай компанид ...Хятад ажилчид байна. Танай компанийн нэр дээр 13-н ажилтан оруулж ирье гэх саналыг тавьсан. Энэ саналыг би захирал н.Цэрэнсодномд уламжилж, захирал энэ саналыг хүлээн авч, үүнтэй холбоотой ажлыг намайг хийж гүйцэтгэхийг даалгасан. Үүнээс хойш н.Жаргалмаа гэх эмэгтэй хамтран ажиллаж байсан боловч ...гол ажилчид оруулж ирэх хүн нь Б.Лхагвацэрэн тул энэ хүнтэй цаашид хамтарч ажилла гэж н.Жаргалмаа хэлсний дагуу хамтарч ажиллах болсон. Б.Лхагвацэрэнгээс мөнгө зээлсэн асуудал байхгүй. Б.Лхагвацэрэн нь намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хоёр ч удаа надад холбогдуулан гомдол гаргаж байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад 2 удаа хэрэгсэхгүй болсон. Үүний дараа мөн дахин Авилгатай тэмцэх газар намайг нэхэмжлэлд дурдсан мөнгөтэй холбоотойгоор гомдол өгч шалгуулсан нь хэрэгсэхгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.Рэнцэнхандаас 5 510 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхагвацэрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Лхагвацэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Рэнцэнхандаас улсын тэмдэгтийн хураамжид 103 110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лхагвацэрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Рэнцэнханд давж заалдах гомдолдоо: Ц.Рэнцэнхандаас 5 510 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Б.Лхагвацэрэн нь хариуцагч Ц.Рэнцэнхандаас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 5 110 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул 5 110 000 төгрөгийг хариуцагч Ц.Рэнцэнхандаас гаргуулж... гэж шийдвэрлэжээ. Үүнийг шийдвэрлэхдээ хариуцагч Ц.Рэнцэнханд миний шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн Хаан банк ХХК-ийн 5606015991 тоот нэхэмжлэгч Б.Лхагвацэрэнгийн дансанд 1 400 000 төгрөг шилжүүлсэн баримтыг /хх-ийн 72 дугаар тал/ үнэлээгүйд гомдолтой байна. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага бүрэн хангасан Хаан банк ХХК-ийн хуулбар үнэн тамга даруулж нотариатаар гэрчлүүлсэн баримт юм.

Үүнээс гадна хариуцагч Б.Лхагвацэрэн нь мөн хятад ажилчид оруулж ирэхтэй холбоотой төлбөрийн асуудлаар н.Жаргалмаа, н.Баяндалай, н.Цэрэнсодном нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг Улсын дээд шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байхад уг хэргийг түдгэлзүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангалгүй уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг иргэний хэрэгт мөн энэ үнийн дүн мөнгө яригддаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс тодорхой төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагчийн зүгээс гэрчээр Цэрэнсодномыг оролцуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч, захирамж гаргасан хирнээ шүүх хуралдаанаар гэрчээр оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Цэрэнсодном нь уг асуудлыг тодорхой сайн мэдэх гэрч юм. Б.Лхагвацэрэн нь Цэрэнсодномтой харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний эзэмшлийн компани дээр хятад ажилчид оруулж ирэхээр тохиролцсон байсан. Лхагвацэрэнгийн шилжүүлж өгсөн бүхий л мөнгө уг асуудалтай холбоотойгоор зарцуулагдсан. Миний зүгээс нэг ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй атал 5 510 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Лхагвацэрэн нь хариуцагч Ц.Рэнцэнхандад холбогдуулан 8 210 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Лхагвацэрэн Ц. Рэнцэнхандын Хаан банк дахь 5011242908 дугаар дансанд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 5 110 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 төгрөг шилжүүлсэн, 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид хэрэгтэй байгаа талаар хэлж хүү С.Баттулгаар дамжуулан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 4,182 дугаар тал/

Талууд 400 000 төгрөгийг зээлийн гэрээний харилцааны дагуу өгч авалцсан, гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь уг мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим буюу үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тус тус анхан шатны шүүх дүгнэснийг болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Харин хэргийн 77 дугаар талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн нь нотлогдож байхад шүүх уг баримтыг үнэлээгүй, авсан мөнгөн дүнгээс хасаж тооцоогүй нь буруу байна. Уг баримтад зурагдсан гарын үсэг хариуцагч Ц.Рэнцэнхандын бусад баримтад зурсан гарын үсэгтэй харьцуулахад тохирч байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 400 000 төгрөгийг буцаан төлсөн талаар тайлбарлаж, нэхэмжлэгч энэхүү нотлох баримтыг болон тайлбарыг үгүйсгээгүй. /хх-ийн 185 дугаар тал/ Иймд 5 110 000 төгрөгөөс 1 400 000 төгрөгийг хасаж тооцон 4 110 000 /5 110 000-1 400 000+400 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Хариуцагч өөрийн татгалзлаа ... мөнгийг хятад ажилчдын ажлын байрны төлбөрт зарцуулсан, мөнгө зээлсэн асуудал огт байхгүй ... нэхэж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өөрт нь шилжүүлэн өгсөн дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх шүүхийн дүгнэлт дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй.

Шүүх П.Цэрэнсодномыг гэрчээр асуух талаар захирамж гаргасан боловч хаягтаа байхгүйгээс шүүхэд дуудах боломжгүй, энэ талаар хүсэлт гаргасан талд мэдэгдэж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр энэ талаар болон нотлох баримтын талаар хүсэлт байгаа эсэхийг лавлахад талууд байхгүй гэж хариулсан байна. /хх-ийн 70-72, 91, 104, 178 дугаар тал/

Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлал зэргээс үзвэл Б.Лхагвацэрэнгийн нэхэмжлэлтэй Н.Жаргалмаа, Г.Баярдалай, Д.Цэрэнсодном, Индралхур Ариун ХХК нарт холбогдох хэргийг буюу нэхэмжлэгчийн 2015 оны 01 дүгээр сард П.Жаргалмаад өгсөн 23 500 000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхэд тухайн хэрэг хянагдаж байгаа нь Б.Лхагвацэрэнгийн Ц.Рэнцэнхандад шилжүүлсэн гэх 8 210 000 төгрөгийн шаардлага бүхий энэ хэргийг шийдвэрлэхгүй байх, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. /хх-ийн 156-163, 165-173 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, Эдгээр хэргүүд өөр хоорондоо хамааралгүй, хэргийн шийдэлд нөлөөлөх нөхцөл байдалгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 189-190 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын5 510 000 гэснийг 4 110 000 гэж, 2 700 000 гэснийг 4 100 000 гэж, 2 дахь заалтын 103 110 гэснийг 80,710 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ