Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01700

 

 Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1476 дугаар магадлалтай,

   Б гийн нэхэмжлэлтэй, 

            Ц ад холбогдох

            8,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , хариуцагч Ц , нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Ц  нь 5,110,000 төгрөгийг Хятад иргэдийн ажлын байрны төлбөрт төлнө гэж худлаа ярьж аваад өөрийн байрандаа засвар хийсэн болох нь тодорхой болсон. Монгол Улсад БНХАУ-ын иргэд “Индралхур Ариун” ХХК-ийн нэр дээр оруулж ирэх зөвшөөрөл Хөдөлмөрийн яамнаас гарах болсон тэдний ажлын байрны төлбөрт огт холбоогүй юм. Тийм ч учраас Ц  надад буцаан төлөхөө зөвшөөрч бичиг хийж өгсөн. Одоо хугацаа авч асуудлыг сунжруулах үүднээс БНХАУ-ын иргэдийн асуудалтай холбоотой мэтээр тайлбарлан Хөдөлмөрийн яамнаас материал гаргуулах, гэрч асуулгах зэрэг холбогдолгүй хүсэлт гарган шүүх ажиллагаанд саад учруулж байна. 2015 оны 04 сарын 20-ны өдөр авсан 1,304,000 төгрөгийг мөн надад үнэмшил төрүүлэх гэж худал хэлж авсан. Энэ мөнгийг аваад өөрөөсөө мөнгө нэмж төрийн сангийн дансанд тушаасан ч ямар төлбөрөө төлснийг би мэдэхгүй тул түүнд өгсөн 1,304,000 төгрөг, 2015 оны 04 сарын 27-ны өдөр Ц  өөрийн дансаар авсан 100,000 төгрөг, дараа нь 2 удаа 300,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг зээлж байна гэж авсан. Иймд Ц аас нийт 7,114,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Ц  нь “Индралхур Ариун” ХХК, “Бунд Бэйс” ХХК-нд 2013 оноос хойш нягтлан бодогч ажилтай байсан. Дээр дурдсан хоёр компани нэг эзэнтэй тул хоёр компанийн ажлыг нэг зэрэг хийдэг байсан. 2015 онд энэ компани БНХАУ-аас ажилчид оруулж ирэн ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байсан. Гэтэл Хятад хэлний орчуулагч н.Жаргалмаа гэх эмэгтэй манай компанид ...Хятад ажилчид байна. Танай компанийн нэр дээр 13 ажилтан оруулж ирье гэх саналыг тавьсан. Энэ саналыг би захирал н.Цэрэнсодномд уламжилж, захирал энэ саналыг хүлээн авч, үүнтэй холбоотой ажлыг намайг хийж гүйцэтгэхийг даалгасан. Үүнээс хойш н.Жаргалмаа гэх эмэгтэй хамтран ажиллаж байсан боловч ...гол ажилчид оруулж ирэх хүн нь Б  тул энэ хүнтэй цаашид хамтарч ажилла гэж н.Жаргалмаа хэлсний дагуу хамтарч ажиллах болсон. Б гээс мөнгө зээлсэн асуудал байхгүй. Б  нь намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хоёр ч удаа надад холбогдуулан гомдол гаргаж байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад 2 удаа хэрэгсэхгүй болсон. Үүний дараа мөн дахин Авилгатай тэмцэх газар намайг нэхэмжлэлд дурдсан мөнгөтэй холбоотойгоор гомдол өгч шалгуулсан нь хэрэгсэхгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                                    Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц аас 5,510,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 103,110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.                  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1476 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5,510,000” гэснийг “4,110,000” гэж, “2,700,000” гэснийг “4,100,000” гэж, 2 дахь заалтын “103,110” гэснийг “80,710” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00588 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1476 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц аас 5,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4,110,000 төгрөгийг Ц аас гаргуулж Б д олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Б  нь мөн хятад ажилчид оруулж ирэхтэй холбоотой төлбөрийн асуудлаар н.Жаргалмаа, н.Баяндалай, н.Цэрэнсодном нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг Улсын дээд шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байхад уг хэргийг түдгэлзүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангалгүй уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг иргэний хэрэгт мөн энэ үнийн дүн мөнгө яригддаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс тодорхой төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагчийн зүгээс гэрчээр Цэрэнсодномыг оролцуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч захирамж гаргасан хирнээ шүүх хуралдаанаар оролцуулаагүй нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Цэрэнсодном нь уг асуудлыг тодорхой сайн мэдэх гэрч юм. Б  нь н.Цэрэнсодномтой харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний эзэмшлийн компани дээр хятад ажилчид оруулж ирэхээр тохиролцсон байсан. Лхагвацэрэнгийн шилжүүлж өгсөн бүхий л мөнгө уг асуудалтай холбоотойгоор зарцуулагдсан. Миний зүгээс нэг ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй тул шүүх 4,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Ц  би Б гээс нэг ч төгрөг зээлээгүй. Гэтэл Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг үндэслэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна. Гэтэл Б , Б.Рэнцэнханд надад хятад ажилчид оруулж ирэхээр мөнгө шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд дээрх шилжүүлсэн мөнгө нь бүгд хятад ажилчид орж ирэхэд зарцуулж улсад тушаасан. Б  нь үүний дагуу хятад ажилчдаа оруулж ирж, ажиллуулаад буцаан гаргасан. Гэтэл Ц  намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00588 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1476 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Ц ад холбогдуулан 8,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Ц ад 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5,110,000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай  Хаан банкны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц  5,110,000 төгрөг яаралтай шилжүүл, би Хятад иргэдийн ажлын байрны татвар төлөх гэж байна гэж загнаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 5011242908 дугаарын дансанд шилжүүлж авсан.

...над руу залгаж хоёулаа мөнгө нийлүүлээд Хятад иргэдийн 1 сарын ажлын байрны төлбөрийг төлөөд ажиллуулж болдог гэж манай дүү хэллээ, тэр хооронд би мөнгө олно гэж хэлээд надаас 1,406,000 төгрөг бэлнээр, өөрөө 1 сая төгрөг нэмж аваад 2,406,000 төгрөгийг Хятад иргэдийн ажлын байрны төлбөр гэж 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэрээр Төрийн сангийн дансанд хийсэн ба тэр мөнгө төлбөрт ч тооцогдоогүй би 1,406,000 төгрөгөөр хохироод үлдсэн.

Дараа нь 04 сарын 27-ны өдөр өөрийн дансаар 100,000 төгрөг надаас зээлж авсан.

Ц  нь энэ ажилд тусалж байгаа Хөдөлмөрийн хэлтэст ажилладаг дүүд өгнө гэж 300,000 төгрөг худлаа хэлж авсан байсан,

...Хөдөлмөрийн биржид ажилладаг н.Алтансувд байсныг мэдээд 300,000 төгрөг өгсөн үү гэхэд тийм юм огт болоогүй гэж байсан.

Ц  утсаар яриад уулзаж цагаан сараар мөнгөний хэрэг болоод гэж 300,000 төгрөгийг нөхөр н.Сайнбаяр, хүү н.Эрдэнэбат нарын дэргэд зээлж авсан байсан.

Ц  нь надад мөнгө төлнө гэж 2 удаа баримт бичиж өгсөн ... нийт 8,210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, маргахдаа “...Ц  нь  “Индралхур Ариун” ХХК, “Бунд Бэйс” ХХК-д 2013 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хоёр компани нэг эзэнтэй тул хоёр компанийн ажлыг нэг зэрэг хийдэг байсан. 2015 онд манай компани БНХАУ-аас ажилчид оруулж ирэн ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байсан. Гэтэл Хятад хэлний орчуулагч н.Жаргалмаа гэх эмэгтэй манай компанид ...Хятад ажилчид байна. Танай компанийн нэр дээр 13 ажилтан оруулж ирье  гэсэн. Энэ саналыг би захирал н.Цэрэнсодномд уламжилж, захирал энэ саналыг хүлээн авч, үүнтэй холбоотой ажлыг намайг хийж гүйцэтгэхийг даалгасан. Үүнээс хойш н.Жаргалмаа гэх эмэгтэй хамтран ажиллаж байсан боловч ...гол ажилчид оруулж ирэх хүн нь Б  тул энэ хүнтэй цаашид хамтарч ажилла гэж н.Жаргалмаа хэлсний дагуу хамтарч ажиллах болсон. Түүнээс биш нэхэмжлэгч Б гээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй, надаас мөнгө нэхээд байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ц аас 5,510,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н.Жаргалмаа, Г.Баярдалай, Д.Цэрэнсодном болон “Индралхур  Ариун” ХХК-д холбогдуулан 34,319,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2018 оны 02  сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалаар шийдвэрлэсэн ба 8,210,000 төгрөгийн шаардлага бүхий энэ хэргийг шийдвэрлэж байхад 34,319,000 төгрөгийн хэрэг Улсын Дээд шүүхэд  хянагдаж байсан байх бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ хоёр маргааны шаардлагад “...хятад ажилчидтай холбоотой 6.000.000 төгрөг” давхцсан байж болзошгүй юм.  

Хариуцагч Ц ын “...би “Индралхур Ариун” ХХК, “Бунд Бэйс” ХХК-д нягтлан бодогч  ажилтай,  компани БНХАУ-аас ажилчид оруулж ирэн ажиллуулах хүсэлтээ хүргүүлсэн байсан, ... компанийн нэр дээр 13 ажилтан оруулж ирье гэсэн. Үүнтэй холбоотой ажлыг намайг хийж гүйцэтгэхийг даалгасан...нэхэмжлэгч Б гээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн “...Ц   5,110,000 төгрөг яаралтай шилжүүл, би Хятад иргэдийн ажлын байрны татвар төлөх гэж  байна гээд дансанд шилжүүлж авсан 2,406,000 төгрөгийг Хятад иргэдийн ажлын байрны төлбөр гэж ... дансанд хийсэн ба тэр мөнгө төлбөрт ч тооцогдоогүй би 1,406,000 төгрөгөөр хохироод үлдсэн” гэсэн зохигчдын тайлбар болон Улсын Дээд шүүхэд хянагдсан 34,319,000 төгрөгийн маргаанд “Индралхур ариун” ХХК нь “...1 сая төгрөгийг н.Рэнцэнханд хятад ажилчдын орчуулгад зарцуулсан, 6,000,000 төгрөгийг квот ашиглуулсны хөлс хэмээн ойлгож байна” гэсэн тайлбар гаргасан байна.

Зохигчдын дээрх тайлбараар хятадаас ажиллах хүч авахтай холбоотой талуудын хооронд төлбөр, мөнгө шилжигдэж байсан, хариуцагч Ц  нь “Индралхур ариун” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, Дээд шүүхээр хянагдсан хэрэгт хятад ажилчдыг оруулахтай холбоотой 6,000,000 төгрөгийн асуудал хөндөгдсөн зэргээс үзэхэд    энэ маргаантай холбоотой байж болохуйц 34,319,000 төгрөгийн хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байхад анхан шатны шүүх 8,210,000 төгрөгийн шаардлага бүхий энэ хэргийг түдгэлзүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай буюу хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.      

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1476 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 103,400 /нэг зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН