Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 43

 

 “Ө” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын

улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Б.Ц нарыг оролцуулж,

            Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 12 дугаар зүйлийн 12.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ө ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Н гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 642 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргасан. Гомдлыг 2019 оны 12 дугаар сарын 10-нд хянан хэлэлцээд 647 дугаар магадлал гаргасан ба гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1.-т “... зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж” гэж заасан.

5. Хэрэв “Өдрийн сонин” хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм бол түүнээс олсон орлого хэд болох, зурхайч Л.Т-д буюу хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан болохыг тус тус тогтоох ёстой. Гэвч хохирол учраагүй тул тэр талаар юу ч тогтоогоогүй. Зурхайч Л.Т-н зурхайг нийтэлснээр сонины орлого нэмэгдээгүй тул мөн л хураах орлого байгаагүй ба үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй байсан. Тэгэхээр хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй, үйл ажиллагааг нь зогсоогоогүй тул үндэслэлгүйгээр торгосон байна.

6. “Өдрийн сонин” нь хуулийн этгээд биш тул эрх зүйн чадамжгүй этгээд бөгөөд хохирогч болон холбогдогч, тэдгээрийн төлөөлөгчийг буруу тогтоосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд түүнийг засах боломжгүй тул шийтгэлийн хуудас хууль бус. Тэгэхээр эрх зүйн харилцаанд бие даан оролцдоггүй этгээдийг торгох нь хүн, хуулийн этгээдийг торгоно гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Энэ талаар гаргасан гомдлыг үндэслэл бүхий байдлаар давж заалдах шатны шүүх үгүйсгэж чадаагүй байна.

7. Зохиогчийн эрхээр 1998 онд баталгаажсан “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс “Өдрийн сонин”-д огт нийтлээгүй. Өөрөөр хэлбэл “2019.04.05-ны өдөр” гэдгийг зурхайч Л.Т зохиож олоогүй ба мөн өдрийг монголоор нэрлэхийг ч тэрээр зохиогоогүй. Түүнчлэн тухайн өдөр “нар хэдэн цагт мандаж, жаргах”-ыг ч зурхайч Л.Т зохиогоогүй ба одоогоос хэдэн зууны өмнө хүн төрөлхтөн дээрхийг мэддэг байсан. “Үс засуулах болон элдэв үйл хийхэд сайн, муу” гэдгийг ч зурхайч Л.Т зохиогоогүй.

8. Тэгэхээр өөр зурхайч бодоод адил үр дүнд хүрэх зүйлийг зохиогчийн эрхээр хамгаалагдсан хэмээн дүгнэж, шийтгэж байгаа нь хууль хэрэглээний алдаа юм. Зөрчлийг шалгахдаа зурхайч Л.Т-н 1998 онд гаргаж байсан хүсэлт болон түүнд холбогдох баримтыг эрх бүхий албан тушаалтны зүгээс шалгаагүй, түүнийг зөрчлийн материалд хавсаргаагүй нь зөрчил шалгах ажиллагааны зөрчил бөгөөд түүнийг нь залруулах боломж шүүхэд байхгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10. Л.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-аас Оюуны өмчийн газарт “...“Өдрийн сонин” нь зурхайч Л.Т-ийн бүтээлийг ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, гэрээ хийж эрх шилжүүлэн авалгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хэвлэн нийтэлж, өөрийн цахим хуудсанд байршуулан олонд түгээж хуулиар хамгаалагдсан зохиогчийн эрх, түүнчлэн өмчлөх эрхийг зөрчиж ноцтой хохирол учруулж байна” гэсэн гомдол гаргасны дагуу, тус газрын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, маргаан бүхий 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дүгээр шийтгэлийн хуудсаар, “Өдрийн сонин” нь “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” бүтээлийг зохиогч, зурхайч Л.Т-ийн зөвшөөрөлгүй нийтэлсэн” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

11. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ”, 12.2-т “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: ...12.2.2-т “бүтээлийг нийтлэх”...” гэж, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, зурхайч Л.Тэрбиш нь “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” /гарын авлага/ бүтээлийг бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт өргөдөл гаргаж, Хууль зүйн сайдын 1998 оны 23 дугаар тушаалаар түүнд зохиогчийн эрхийн 829 дугаар гэрчилгээ олгогдож уг бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдсан, “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” бүтээл нь жил бүр хэвлэгдэн гардаг бөгөөд зохиогч нь 2019-2020 оны өдөр тутмын зурхайг мөн хэвлэн гаргасан байна.

13. Л.Т-ийн 2019-2020 оны өдөр бүрийн зурхай нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ”, 9.2-т “Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй”  гэж заасны дагуу бүтээсэн үеэс зохиогчийн эрх нь үүсэж, баталгаажуулсан эсэхээс үл хамаарч хамгаалагдах бөгөөд ийнхүү зохиогчийн эрхээр хамгаалагдсан өдөр бүрийн зурхайг “Ө с”-ы 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №072(6173) дугаар, мөн сарын 08-ны өдрийн №073 (6174) дугаарт “Эх сурвалж: Зурхайч, доктор Л.Т” гэж тэмдэглэн нийтэлсэн байх ба ийнхүү нийтлэхдээ зохиогч зурхайч Л.Тэрбишээс зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогджээ.

14. Иймд Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн “Ө с”-г “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” бүтээлийг зохиогч, зурхайч Л.Т-ийн зөвшөөрөлгүй нийтэлсэн” зөрчил гаргасан гэж үзэж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

15. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...“Ө с” хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм бол ... хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй, үйл ажиллагааг нь зогсоогоогүй тул үндэслэлгүйгээр торгосон байна. “Ө с” нь хуулийн этгээд биш тул эрх зүйн чадамжгүй этгээд бөгөөд хохирогч болон холбогдогч, тэдгээрийн төлөөлөгчийг буруу тогтоосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

16. Учир нь, 1902000223 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалаас үзэхэд зохиогч Л.Т-ээс Ө.Б-т, “Ө с”-ы ерөнхий эрхлэгч Ж.М-ээс Б.Н-д итгэмжлэл олгогдсон тул эрх бүхий албан тушаалтны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” 06 дугаар тогтоолоор Ө.Б-ыг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Б.Н-ийг тус тус хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, хохирогч, холбогдогчоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй, түүнчлэн “Ө” ХХК-иас “Ө с”-г эрхлэн гаргадаг нь тогтоогдсон, улсын байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсанд “Ө с” гэж буруу бичсэн байх боловч энэ үндэслэлээр “Ө” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

17. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                             

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА

                           ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА