Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00260

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2079 дүгээр магадлалтай,

         “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Б.Сугар, Д.Батцэнгэл нарт холбогдох           

         Зээлийн гэрээний үүрэгт 83.020.021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, Б.Батхишиг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Б.Сугар, Д.Батцэнгэл нар нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Голомт банк” ХХК-тай ЗГ1305012919 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 84 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ЗБ1305012919 дугаарт ипотекийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 249 тоот 40 м.кв, гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 306 хоног хэтрүүлж, зээлийн гэрээний үлдэгдэл 77 698 571 төгрөг, зээлийн хүү 5 296 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 086 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг 2 ба түүнээс дээш сараар хэтрүүлсэн байхыг ойлгож байгаа. Энэ талаар тусгайлан орон сууцны зээл олгох журмаар зохицуулсан зүйл байхгүй учир манайх баримтаар гаргаж өгөх боломжгүй байна. Иймд зээлдэгч Б.Сугар, Д.Батцэнгэл нараас 83 020 021 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь гэрээний үүргийн төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Б.Сугарын гаргасан хариу тайлбарт: “Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан. Би эрхэлж байсан бизнесийн ашгаараа зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Гэтэл ажил маань түр зогсож ашиг орлогогүй болж зээлээ төлөх боломжгүй болсон. Ингээд банкнаас хугацаа хүсэхэд бидэнд хугацаа олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Бидний төлсөн мөнгө үндсэн зээлээс ерөөсөө хасагдаагүй байна. Залуу гэр бүлд боломж олгож өгнө үү. Зээлээ төлөөд явах боломжит хугацаа олгож өгнө үү. Ямар ч байсан төлбөрөө төлнө. Миний ажил одоо орон нутгийн сонгуулиар эхлэх байх гэж бодож байгаа. Би хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээлээ төлж чадахгүй байдлаас болж гэр бүлээрээ орох оронгүй болох гээд байна. Хугацаа өгөөч ямар ч байсан банкны нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулна. График гаргаад төлнө.” гэжээ.

          Хариуцагч Д.Батцэнгэлийн гаргасан хариу тайлбарт: “83 020 021 төгрөгийг бүтнээр нь төлүүлэх гээд байгааг зөвшөөрөхгүй. 365 хоног хэтрээгүй байхад найдваргүй зээлд оруулж болохгүй байх гэж бодож байна. Үндсэн мөнгөө төлнө, хүү болон хүүгээс хүү бодсон байгааг зөвшөөрөхгүй. Манай нөхөр бүх зүйлийг мэдэж байгаа, надад мэдэх зүйл алга байна. 4 хүүхэдтэйгээ орох оронгүй, гудамжинд гарахад хүрээд байгаа тул хугацаа өгөөч гэж хүсч байна.” гэжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.Сугар, Д.Батцэнгэл нараас зээлийн төлбөрт 83 020 021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай "Голомт банк" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2079 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Голомт банкны нэхэмжлэлтэй Б.Сугар, Д.Батцэнгэл нарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2079 дүгээр магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Магадлалын үндэслэлийн талаар: “Давж заалдах шатны шүүхийн “Үндэслэх нь” хэсэгт “2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нарт 84.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь орон сууцны зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь зээлдэгч Б.Сугар, Д.Батцэнгэл нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 306 хоног хэтрүүлэн, үндсэн зээл, хүүгийн төлбөр 7.227.072 төгрөгийг төлөөгүй гэж, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийцээгүй, 15 жилийн буюу урт хугацааны гэрээний хувьд 7.277.072 төгрөгийн зөрчил нь гэрээний нийт дүн 144.541.605 төгрөгтэй харьцуулахад ялимгүй зөрчил гэж шүүхээс үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг дүгнэлт нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1. дэх хэсэгтэй нийцсэн байна. Талууд зээлийн гэрээний 2.5., 4.4, 4.1.1 дэх хэсгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөлийг тохиролцохдоо зээл эргүүлэн төлөх хуваарийг хэдэн удаа зөрчсөнөөр гэрээг цуцлах талаар тохиролцоогүй ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ энэ үндэслэлээс гадна үүргийн зөрчлийн хэмжээг анхаарч үзсэн нь буруу биш юм” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит үндэслэлгүй дүгнэлт болжээ. Давж заалдах шатны шүүх “зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн атлаа зөрчлийн хэр хэмжээ, давтамж зэргийг хуульд тусгайлан заагаагүй байхад “7.277.072 төгрөгийн зөрчил нь гэрээний нийт дүнтэй харьцуулахад ялимгүй зөрчил” гэж хуулиас гадуур журам тогтоож шийдсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэдгийг шууд тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар, ялимгүй эсэхийг тодорхойлохдоо үүргийн дүн болон зөрчлийг хувиар тооцон илэрхийлэх хуулийн зохицуулалт огт байхгүй бөгөөд 15 жилийн хугацаатай үргэлжлэх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хувьд гэрээний хугацаатай шууд хамаарал бүхий тэнцүү төлөлт хийгддэг зээлийн төлбөрийн үүрэгт энэ төрлийн тооцооллыг ашиглах нь зээлдэгчийн эрх ашигт шууд хохиролтой байх шинжийг бүрэн агуулж байна. Нөгөө талаас ийнхүү шийдвэрлэсэн нь зээлдүүлэгч буюу гэрээний нэг тал нь ямар хугацаанд, хэдэн удаа, хэр хэмжээний зөрчил гарсны дараа гэрээг цуцлах эрхтэй, үүнтэй холбоотой шаардлага гаргах эсэх нь тодорхойгүй, ямар хэр хэмжээний хохирол, зөрчлийг шүүх Иргэний хуулийн 225.1.4. дэх заалтад хамааруулан хэрэглэх нь огт ойлгомжгүй болсон байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх нь түүний үндсэн үүрэг мөн юм. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 216.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид гэрээ зөрчсөн талаар, гэрээний зөрчлийг арилгах талаар, тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүргийг төлөх талаар анхааруулах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг нэмэлт хугацаанд зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй, цаашид төлөх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс харагддаг. Мөн зөвхөн барьцаа хөрөнгийг зарах замаар зээлийн төлбөрийг төлөх тухай, зээлдэгч зээлийг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөөгүй буюу 2015 оны 7 сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлөөгүй буюу зээлийн гэрээнд заасан хуваарьт төлбөрийг төлөх үүргээ нийт 10 сарын турш буюу 10 удаа зөрчсөн байдаг. Зээл төлөх үүргийг зөрчсөн талаар нарийвчлан үзүүлбэл: “...зээлийг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл графикийн дагуу төлсөн, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлөгдөх ёстой зээлийг хоцроож төлж байсан, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төлөх ёстой зээл төлөгдөөгүй байна.” 2017 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар нийт 13.668.522,81 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид үргэлжлүүлэх нь ирээдүйд үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй буюу зээлдэгчийн хувьд одоо байгаа мөнгөн төлбөрийн үүрэг нэмэгдэх, зээлдүүлэгчийн хувьд зээлийн төлбөрийн эх үүсвэр төлөгдөхгүй байгаа нь бусад зээлдэгчид олгох зээл олголт, банкны үндсэн ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгох нөхцөл үүсэх юм. Нэг ёсондоо зээлдэгч ирээдүйд үүргээ биелүүлэхгүй байх, зээлийн төлбөр төлөх хугацаа, хуваарь дахин олон хоногоор зөрчигдөх нөхцөл байдал үүснэ гэдгийг шүүх огт харгалзан үзсэнгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь харьцангуй урт хугацаатай үүргийн харилцаа учраас буцаан төлөхөөр тохирсон хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөхгүй байх нь гэрээг ноцтой зөрчсөнд тооцож гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь хууль болон гэрээнд нийцсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... эргэн төлөлтийг хэд хоногоор хэтрүүлбэл гэрээг нэг талын санаачлагаар цуцлах нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн 2 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг нэг талын санаачлагаар цуцална гэсэн тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна" гэж буруу дүгнэжээ. Гэтэл зээлийн гэрээний 4.1.1-д зээлдэгч нь гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк нэг өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасан заалтад заавал хэд хоног хэтрүүлэхийг заах шаардлага үгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг авч үзэх ёстой тул дээрх заалтыг тайлбарлахдаа гэрээний хуваарийг аливаа байдлаар зөрчих гэж ойлгох ёстой. Зээлийн гэрээний 2.5 дахь заалтын хувьд “удаа дараа зөрчвөл” гэдэг нөхцөлийг шүүх мөн тодорхой бус, Нэхэмжлэгч нь 2 ба түүнээс дээш удаа гэж тайлбарлаж байгааг нотлох баримтаар нотлоогүй гэсэн нь утгагүй бөгөөд үндсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, хүлээн зөвшөөрсөн үйлдлийг удаа дараа зөрчсөн зөрчил биш гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн, хэдий Иргэний хуулийн тайлбар биш боловч Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолд “... удаа дараа ...” гэдгийг гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчхийг ойлгохоор тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төсөөтэй хэрэглэж болох үндэслэлтэй юм. Иймд Б.Сугар, Д.Батцэнгэл нар нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ 306 хоногоор хэтрүүлж, хуваарьт төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан гэрээг цуцлах зөрчил мөн болно. Түүнчлэн Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлүүдэд олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй болсон гэж банк үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардах эрхтэй болно. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2079 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83.020.021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд зохигчдоос эвлэрэх тухай хүсэлт гаргасан ба  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд “Эвлэрлийн гэрээ” байгуулагдаж, 2017 оны 02 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатч С.Алтанзаяа гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.

Энэхүү эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нар нэхэмжлэлийн шаардлага болох 83.020.021 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, хэрэв дээрх хугацаанд холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ЗБ1305012919 дугаарт ипотекийн гэрээгээр Б.Сугар нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 249 тоот 40 м.кв, гурван өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэх, хариуцагч нар нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Голомт банк дахь 9141000015 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцожээ.

         Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2079 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нар нэхэмжлэлийн шаардлага болох 83.020.021 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, дээрх хугацаанд холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ЗБ1305012919 дугаарт ипотекийн гэрээгээр Б.Сугар нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 249 тоот 40 м.кв, гурван өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэх, хариуцагч нар нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Голомт банк дахь 9141000015 тоот дансанд төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар хариуцагчаас 573.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                          ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН