Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00135

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00135

 

Ж.Сэржмядагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн нэхэмжлэлтэй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Монголжингоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан Х.Цагаан нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул тухайн үед захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч С.Намжилмаа нь "бага ангийн сургалтын менежерээр ажиллуулах саналтай байна" гэсэн хүсэлтийг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1245 тоот албан бичгээр сургалтын менежерээр түр ажиллуулахыг дэмжсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/114 тоот тушаалаар намайг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа Х.Цагааны оронд сургалтын менежерээр томилж, хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн захирал Ш.Сарантуяа дарамт үзүүлэн багш нарыг өрөөндөө цуглуулж байгаа явдал нь ажлын байрны тодорхойлолтод таарахгүй байна гээд хөдөлмөрийн гэрээг мөрдөн ажиллахыг сануулсан мэдэгдэл эсэх нь тодорхой бус тамгатай бичгийг надад өгсөн. Би багш нарыг ямар нэгэн шалтгаангүйгээр дууддаггүй бөгөөд хичээлийн үйл явцад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үйлдэл гаргаж байгаагүй. Мөн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тушаал уншиж танилцуулсан бөгөөд уг тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгон миний ажлын байрыг хүлээлцэхээр заасан байсан. Ш.Сарантуяа захирал надад тушаалаа албан ёсоор гардуулж өгөөгүй мөртлөө миний өрөөнд надад мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэн орж ажлын ширээ, сандал, компьютер, принтер зэргийг хураан хураан авч, шкафыг лацдан ёс зүйгүй аашлан холбогдох хуулиудыг илтэд зөрчин ажлын байрыг булаан авч, намайг ажиллах нөхцлөөр хангахгүй, миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, намайг тушаал шийдвэргүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох 62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийн, дэвтрийг баталгаажуулахаар нэхэмжлэл гаргасан.

62 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалаар сургалтын менежерээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд сургалтын менежерийн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргаагүй. Мөн сургалтын менежерт олгох ТҮБД-6-ын 4 дүгээр шатлалаар цалинжуулж байсан. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот тушаалаар "Сургалтын менежерийн ажлаас чөлөөлөв" гээд Ш.Сарантуяа захирал гарын үсэг зурж, тамга дарсан байна. Хариуцагчаас хэргийн материалд гаргаж өгсөн нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн 2016 оны 5 дугаар сард ажилласан үеийн цагийн бүртгэлийн хуудсанд "ажлаас гарсан" гэсэн тэмдэглэгээ хийсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13611 тоот захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг нотлох баримтаас хасах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас уг захирамжид гомдол гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШТ2017/00112 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг ханган шүүгчийн захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан учраас 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, нөхөн гаргасан гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Харин 62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна. ...Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 6, 7, 8 сарын цалин 2 361 964 төгрөг болон 2016-2017 оны ээлжийн амралтын олговорыг 24 хоногоор тооцон 858 888 төгрөг нийт 3 220 852 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 2016 оны 6, 7, 8 сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Сэржмядагийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот тушаалаар захирлын үүрэг гүйцэтгэгч С.Намжилмаагийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн сургалтын менежерээр томилсон тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгосон. Гэтэл энэ хүн ажилдаа ирэхгүй байсан учир дахин 2016 оны 6 дугаар сарын 13-нд математикийн багшийн ажлаас нь халах тушаал гаргасан. Тухайн үед Х.Цагааныг эмнэлэгт байхад нь утсаар ярьж асуугаад актаа бариад ирэхэд нь ажлаас нь чөлөөлсөн байсан. Х.Цагааны оронд өвчтэй байх хугацаанд нь Ж.Сэржмядагийг тавьсан юм байна гэж ойлгосон. Ж.Сэржмядагийг математикийн багшаас чөлөөлсөн тушаал эх хувиараа сургуульд байхгүй. Гэтэл Ж.Сэржмядаг 5 дугаар сарын 24-нөөс хойш буюу 2-оос дээш хоног ажилдаа ирээгүй учир математикийн багшийн ажлаас нь халсан. Би боловсролын хэлтэст бага ангийн сургалтын менежерийн сонгон шалгаруулалт зарлаж өгөөч гэж хүссэн бөгөөд сонгон шалгаруулалт зарласан ч ямар хүн томилогдсон эсэхийг тодруулахад томилогдсон хүн байхгүй гэсэн учир хуучин ажиллаж байсан Х.Цагааныг одоо түр ажиллуулж байгаа. Багш хүн 10 сар ажиллаад амралт олгодог бөгөөд түүнд 33 хоногийн ээлжийн амралт олгосон. Ж.Сэржмядаг 2016 оны 6 сараас хойш ажил хийгээгүй. Мөн тэрээр 9 дүгээр сургуульд ажиллаад цалин авчихсан тул 29 хоногийн цалин гарах юм байна бодож байна. Эрх ашиг нь хохирсон хүн болгонд давхардсан байдлаар цалин олговол аудитаас акт тогтоодог хүндрэлтэй. Харин тэрээр Б/52 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Цагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сэржмядагийг сургалтын менежерээр томилсон тушаал нь Х.Цагааны эрх ашгийг зөрчсөн тушаал байсан. Учир нь Х.Цагааныг өвчтэй байхад нь тэтгэвэрт гаргаж, Ж.Сэржмядагийг оронд нь томилсон байдаг. Нэг хүний эрх ашгаар нөгөө хүний эрх ашгийг хөндсөн тушаал гаргасан. Мөн Х.Цагааныг тэтгэвэрт гаргахдаа тэтгэмжийн мөнгө нь төсөвт суугаагүй байхад хүүхдийн үдийн цай хөтөлбөрийн мөнгөнөөс 23 сая төгрөг өгч гаргасан байдаг. Ингэхдээ Х.Цагааныг ажлаас нь хурдан чөлөөлж, Ж.Сэржмядагийг томилох увайгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сэржмядагийг хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сэржмядаг нь "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-аас нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон ээлжийн амралтын олговорт нийт 3 075 996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 164 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн ажилгүй байсан буюу 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-д даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-аас улсын тэмдэгтийн хураамжид 64 165 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалыг илтэд хууль бус болсныг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил буюу математикийн багшийн ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байсан ба тушаалын утга санаа нь тийм хэлбэртэй байсан болно. Ж.Сэржмядагийг ажилд шилжүүлэн томилохдоо тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Х.Цагааны эрх ашгийг хөндөж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.6 дах хэсэгт заасныг зөрчиж эмнэлэгт хэвтэж байх үед нь өндөр насны тэтгэвэрт гаргаж Ж.Сэржмядагийг томилсон, захиргааны актыг хүчингүй болгох тухай шийдвэр буюу сургуулийн захирлын захиргааны актыг хүчингүй болгох тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаартай тушаалыг гаргахдаа ажилтан Ж.Сэржмядагт нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайн судлаагүй, хэргээ ойлгоогүй гэж харагдаж байна.

Нэхэмжлэгч Ж.Сэржмядагийг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар чөлөөлсөн байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар чөлөөлөөгүй. Гэтэл шүүх энэхүү тушаалаар чөлөөлсөн хэмээн үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаар тушаалын талаар маргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй хэмээн шүүх дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Сэржмядаг нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад тус сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль нь нэхэмжлэгчийг бага ангийн сургалтын менежерийн ажилд томилсон 2015 оны Б/114 тоот тушаал нь илт хууль бус болохыг зөвшөөрч хүчингүй болгосон болон математикийн багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Сэржмядаг нь Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн математикийн багшаар ажиллаж байгаад тухайн үед сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгч С.Намжилмаагийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалаар анхан шатны сургалтын менежерийн ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байжээ.

 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41тоот тушаалаар Ж.Сэржмядагийг томилсон тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч, түүний ажлыг хүлээлцэх комисс байгуулж, ажлыг нь Я.Эрдэнэцэцэгт хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Сэржмядаг нь тус сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/113 тоот тушаалаар математикийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн, буцааж түүнийг математикийн багшийн ажилд томилоогүй, хариуцагч байгууллага нь түүний эрхэлж байсан анхан шатны сургалтын менежерийн ажлыг нь хүлээн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нь ажлаас чөлөөлсөн тэмдэглэл хийж, ажлын байраар хангаагүй байх тул тэрээр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй ба шүүх мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан маргаан гэж үзэж иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот Тушаал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тухай тушаал гаргахдаа Захиргаааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг тухайн тохиолдолд хамаарахгүй байхад буруу хэрэглэж Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Засгийн газрын 2007 оны 354  дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын 3-т заасан Төрийн үйлчилгээний албаны ТҮБД-6 зэрэглэлтэй, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа удирдах албан хаагч нэхэмжлэгч Ж.Сэржмядагийн ажлыг хүлээлцүүлснээр түүний хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Сэржмядагийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин нэхэмжлэгч бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн 1 шаардлагын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад нийцээгүй дүгнэлт хийсэн байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар залруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Сэржмядаг нь ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар маргаан үүсгэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба тус сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/113 тоот тушаалаар математикийн багшийн ажлаас өмнө нь чөлөөлөгдсөн /хх-ийн 226/ байхад түүнийг дахин 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалаар математикийн багшийн ажлаас халсан нь хууль бус байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хариуцагч байгууллага нэхэмжлэгчид гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй байхад мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй боловч түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь талуудын зарчмыг зөрчихгүй гэж үзсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2, 5 дугаар заалтыг нэгтгэн 1 дүгээр заалт болгож, 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сэржмядагийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн анхан шатны сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай гэж, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр заалтыг 3, 6 дугаар заалтыг 4, 7 дугаар заалтыг 5, 8 дугаар заалтыг 6 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн төлсөн 64 166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ