Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00709

 

 Ж.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч  П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 135 дугаар магадлалтай,           

Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Монголжингоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Манай сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан Х.Цагаан нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул тухайн үед захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч С.Намжилмаа нь "бага ангийн сургалтын менежерээр ажиллуулах саналтай байна" гэсэн хүсэлтийг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1245 тоот албан бичгээр сургалтын менежерээр түр ажиллуулахыг дэмжсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/114 тоот тушаалаар намайг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа Х.Цагааны оронд сургалтын менежерээр томилж, хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн захирал Ш.Сарантуяа дарамт үзүүлэн багш нарыг өрөөндөө цуглуулж байгаа явдал нь ажлын байрны тодорхойлолтод таарахгүй байна гээд хөдөлмөрийн гэрээг мөрдөн ажиллахыг сануулсан мэдэгдэл эсэх нь тодорхой бус тамгатай бичгийг надад өгсөн. Би багш нарыг ямар нэгэн шалтгаангүйгээр дууддаггүй бөгөөд хичээлийн үйл явцад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үйлдэл гаргаж байгаагүй. Мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тушаал уншиж танилцуулсан бөгөөд уг тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгон миний ажлын байрыг хүлээлцэхээр заасан байсан. Ш.Сарантуяа захирал надад тушаалаа албан ёсоор гардуулж өгөөгүй мөртлөө миний өрөөнд надад мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэн орж ажлын ширээ, сандал, компьютер, принтер зэргийг хураан хураан авч, шкафыг лацдан ёс зүйгүй аашлан холбогдох хуулиудыг илтэд зөрчин ажлын байрыг булаан авч, намайг ажиллах нөхцлөөр хангахгүй, миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, намайг тушаал шийдвэргүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох 62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийн, дэвтэрт баталгаажуулахаар нэхэмжлэл гаргасан. 62 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалаар сургалтын менежерээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд сургалтын менежерийн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргаагүй. Мөн сургалтын менежерт олгох ТҮБД-6-ын 4 дүгээр шатлалаар цалинжуулж байсан. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот тушаалаар "Сургалтын менежерийн ажлаас чөлөөлөв" гээд Ш.Сарантуяа захирал гарын үсэг зурж, тамга дарсан байна. Хариуцагчаас хэргийн материалд гаргаж өгсөн нэхэмжлэгч Ж.С-ийн 2016 оны 5 дугаар сард ажилласан үеийн цагийн бүртгэлийн хуудсанд "ажлаас гарсан" гэсэн тэмдэглэгээ хийсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13611 тоот захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг нотлох баримтаас хасах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас уг захирамжид гомдол гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШТ2017/00112 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг ханган шүүгчийн захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан учраас 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, нөхөн гаргасан гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Харин 62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 6, 7, 8 сарын цалин 2,361,964 төгрөг болон 2016-2017 оны ээлжийн амралтын олговорыг 24 хоногоор тооцон 858,888 төгрөг нийт 3,220,852 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 2016 оны 6, 7, 8 сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч  Ш.Сарантуяагийн шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.С-ийг 2016 оны 05 сарын 24-ний өдрийн Б/41 тоот тушаалаар захирлын үүрэг гүйцэтгэгч С.Намжилмаагийн гаргасан 2015 оны 12 сарын 01-ний өдрийн сургалтын менежерээр томилсон тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгосон. Гэтэл энэ хүн ажилдаа ирэхгүй байсан учир дахин 2016 оны 06 сарын 13-нд математикийн багшийн ажлаас нь халах тушаал гаргасан. Тухайн үед Х.Цагааныг эмнэлэгт байхад нь утсаар ярьж асуугаад актаа бариад ирэхэд нь ажлаас нь чөлөөлсөн байсан. Х.Цагааны оронд өвчтэй байх хугацаанд нь Ж.С-ийг тавьсан юм байна гэж ойлгосон. Ж.С-ийг математикийн багшаас чөлөөлсөн тушаал эх хувиараа сургуульд байхгүй. Гэтэл Ж.С- 05 сарын 24-нөөс хойш буюу 2-оос дээш хоног ажилдаа ирээгүй учир математикийн багшийн ажлаас нь халсан. Би боловсролын хэлтэст бага ангийн сургалтын менежерийн сонгон шалгаруулалт зарлаж өгөөч гэж хүссэн бөгөөд сонгон шалгаруулалт зарласан ч ямар хүн томилогдсон эсэхийг тодруулахад томилогдсон хүн байхгүй гэсэн учир хуучин ажиллаж байсан Х.Цагааныг одоо түр ажиллуулж байгаа. Багш хүн 10 сар ажиллаад амралт олгодог бөгөөд түүнд 33 хоногийн ээлжийн амралт олгосон. Ж.С- 2016 оны 6 сараас хойш ажил хийгээгүй. Мөн тэрээр 9 дүгээр сургуульд ажиллаад цалин авсан тул 29 хоногийн цалин гарах юм байна гэж бодож байна. Эрх ашиг нь хохирсон хүн болгонд давхардсан байдлаар цалин олговол аудитаас акт тогтоодог хүндрэлтэй. Харин тэрээр Б/52 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Цагааны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.С-ийг сургалтын менежерээр томилсон тушаал нь Х.Цагааны эрх ашгийг зөрчсөн тушаал байсан. Учир нь Х.Цагааныг өвчтэй байхад нь тэтгэвэрт гаргаж, Ж.С-ийг оронд нь томилсон байдаг. Нэг хүний эрх ашгаар нөгөө хүний эрх ашгийг хөндсөн тушаал гаргасан. Мөн Х.Цагааныг тэтгэвэрт гаргахдаа тэтгэмжийн мөнгө нь төсөвт суугаагүй байхад хүүхдийн үдийн цай хөтөлбөрийн мөнгөнөөс 23 сая төгрөг өгч гаргасан байдаг. Ингэхдээ Х.Цагааныг ажлаас нь хурдан чөлөөлж, Ж.С-ийг томилох увайгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийг хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С- нь "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-аас нэхэмжлэгч Ж.С-ийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон ээлжийн амралтын олговорт нийт 3,075,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 164,824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн ажилгүй байсан буюу 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль"-д даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 64,165 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 135 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 5 дугаар заалтыг нэгтгэн 1 дүгээр заалт болгож, 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-ийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн анхан шатны сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай” гэж, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр заалтыг 3, 6 дугаар заалтыг 4, 7 дугаар заалтыг 5, 8 дугаар заалтыг 6 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/02315 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхисон тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хууль хэрэглээний хувьд дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн заалтыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах журмаар гомдол гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, харин нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг илт хууль бус хэмээн тооцсон байхад заавал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой гэсэн нь мөн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол” хэмээн заасан. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байхад энэ заалтыг хэрэглэх боломжгүй юм. Анхан шатны шүүх нь ажлаас халсан Б/52 дугаар тушаалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон ч цалин хөлсийг түүний шаардсан хүрээнд шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа явдал. Учир нь 2016.05.24-ний тушаал хууль бус хэмээн үзвэл 2016.06.13 хүртэл хугацаанд л түүний цалин хөлсийг бодох ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд: Ажлаас халсан Б/52 дугаар тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаагаа давж заалдах шатны шүүх тайлбарлахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.С- нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг бага ангийн сургалтын менежерийн ажилд томилсон 2015 оны Б/114 тоот тушаал нь илт хууль бус болохыг зөвшөөрч хүчингүй болгосон, математикийн багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, харин бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан байна.

Ажилтан Ж.С-ийг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн математикийн багшаар ажиллаж байхад нь тухайн үед сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгч С.Намжилмаагийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалаар түүнийг анхан шатны сургалтын менежерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд маргаан үүсэх болсон үндэслэл нь ажилтан Ж.С-ийг томилсон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 тоот тушаалыг ажил олгогч нь илт хууль бус захиргааны акт гэж үзэн, тус сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41тоот тушаалаар хүчингүй болгож, ажилтны ажлыг хүлээлцэх комисс байгуулж, ажлыг нь Я.Эрдэнэцэцэгт хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/113 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.С-ийг математикийн багшийн ажлаас чөлөөлсөн боловч түүнийг багшийн ажилд дахин томилоогүй, хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот тушаалаар Ж.С-ийг анхан шатны сургалтын менежерийн ажлаас чөлөөлөхдөө ажлыг нь хүлээн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нь ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл хийсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 тоот “Тушаал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тухай тушаал”-ыг гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг хэрэглэсэн нь хөдөлмөрийн эрх зүйн энэ харилцаанд хамааралгүй, түүнчлэн энэ тушаалын үндэслэлд заасан Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Нийслэлийн Боловсролын Газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/74 дүгээр тушаалын 1 дүгээр заалтууд нь нэхэмжлэгч Ж.С-тай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу цуцлаагүй гэж дүгнэн, Ж.С-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Засгийн газрын 2007 оны 354  дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын 3-т заасан Төрийн үйлчилгээний албаны ТҮБД-6 зэрэглэлтэй, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа удирдах албан хаагч нэхэмжлэгч Ж.С-ийн ажлыг хүлээлцүүлснээр хариуцагч ажилтны хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн” тухай дүгнэхдээ 2017 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг хэрэглэсэн нь буруу боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.С- нь бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруу гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

 Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.С-ийг шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн математикийн багшийн ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч энэ Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргажээ.

Ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/113 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.С-ийг математикийн багшийн ажлаас өмнө нь чөлөөлсөн байхад түүнийг дахин 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалаар математикийн багшийн ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хариуцагч байгууллага нэхэмжлэгчид гардуулан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх дээрх ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад нийцээгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт    2,197,140 төгрөг, ээлжийн амралтын олговорт 878,856 төгрөг, нийт 3,075,996 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн байх тул “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг буруу хэрэглэсэн” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,166 /жаран дөрвөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН