Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01957

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01957

 

 

Гальваник констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Гальваник констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол дайвин ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73 000 000 гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Жаргалсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баяржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гальваник констракшн ХХК болон Монгол дайвин ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Эко жишиг хороолол төслийн захиалагч Д.Энэрэл, Х.Мөнхзориг, Д.Оюунчимэг, Ч.Эрдэнэжаргал нарын 4 амины орон сууцыг манай компани барьж дуусган хүлээлгэж өгч, орон сууц эзэмшигч тус бүртэй нь барилга угсралтын далд ажлын актуудыг баримтжуулан хүлээлгэн өгч, санхүүгийн тооцоо нийлж, акт баримт үйлдсэн болно.

Монгол дайвин ХХК нь 2016 оны 12 сард амины орон сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж захиалагч Д.Энэрэл, Х.Мөнхзориг, Ч.Эрдэнэжаргал нарт Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулан төлбөрийг бүрэн авсан, захиалагч Д.Оюунчимэгээс мөн төлбөр авсан боловч гэрээний 4.2.2-т төлбөрийг ажлын 3 хоногт Гальваник констракшн ХХК-д олгоно гэж заасан үүргээ гүйцэтгээгүй байна.

Гальваник констракшн ХХК-ийн тооцоо нийлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/06 албан тоотыг хүлээн авсан ч тооцоо нийлэхээс зайлсхийж байгаа.

Гэрээний 4.1-т заасны дагуу 1 кв.м амины сууц барих үнийг 770 000 төгрөгөөр тохиролцсон болно. Иймд, ашиглалтад орсон тус бүр 80 м.кв талбай бүхий 4 байрны үнийн дүн 246 400 000 төгрөгөөс урьдчилгаанд авсан 78 500 000 төгрөг, иргэдээс авсан санхүүжилт материал бусад зардал болох 79 892 000 төгрөг, суурийн мөнгө болох 15 000 000 төгрөгийг хасаад 73 000 000 төгрөг болж байх тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол дайвин ХХК нь Гальваник констракшн ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут багт өөрийн компанийн санаачлан хэрэгжүүлж буй Эко жишиг хороолол төслийн хүрээнд баригдаж байгаа Термопрофиль хөнгөн ган хийц арагт бүхий амины 10 ширхэг орон сууцыг 60 хоногийн хугацаанд түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгүүлэн хүлээж авахаар харилцан тохиролцож, 581 500 000 төгрөгийн гэрээг байгуулсан билээ.

Гэтэл гүйцэтгэгч Гальваник констракшн ХХК-ийн зүгээс гэрээнд заасан технологиор барилгын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр манай компанийн үйлчлүүлэгч амины орон сууц худалдан авагч иргэдээр амины орон сууцны барилга барихад шаардлагатай бараа материалыг авахуулах, хийж байсан ажлаа дуусгалгүйгээр орхин явсан. Бид аргагүй эрхэнд захиалагч иргэдтэйгээ хамтран уг амины орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэн, 2016 оны 10 сард улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Гүйцэтгэгч тал нь манай компанитай нийт 581 500 000 төгрөгийн гэрээ байгуулж 10 ширхэг амины орон сууцыг 60 хоногийн дотор барьж ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл хөнгөн ган хийц бүхий сууцны хэсэгт 2 ширхэг, Канад модон барилга бүхий хэсэгт 2 ширхэг амины орон сууцны ажлыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 сар хүртэл хийж гүйцэтгэж байгаад ажлаа дуусгалгүйгээр орхиж явсан байна.

Гэрээний 1.5 хэсэгт заасан технологийн дагуу түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгэсэн тохиолдолд тус гэрээний 4.1 хэсэгт зааснаар нэг амины орон сууцыг 61 600 000 төгрөг, нийт 246 400 000 төгрөгийн үүрэг үүссэн гэж дүгнэж болох ба уг үүргээс 121 028 920 төгрөгийн үүргийг биелүүлсэн бөгөөд одоогийн дансны үлдэгдлээр 44 871 080 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч талын барилгын талбай дээрээс буулган авч явсан өмнөх туслан гүйцэтгэгч Газар эксим ХХК-ийн барьж байсан 4 ширхэг амины орон сууцны материалын үнэ болох 20 000 000 төгрөгийг хасвал нийт 24 870 080 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээг хоёр тал дүгнэж, харилцан тооцоо нийлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дүн, манай компанид хөтлөгдсөн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн дүн, тухайн амины орон сууцыг худалдан авсан иргэдээс ирүүлсэн тодорхойлолт зэргээс үзвэл нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК-ийн өмнө Монгол дайвин ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлох боломжгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-аас 73 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол дайвин ХХК-аас 522 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК-д олгож, шинжээчийн зардалд 1 200 000 төгрөгийг хариуцагч Монгол дайвин ХХК-аас 1 200 000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"Гальваник констракшн" ХХК нь гэрээний 3.4 дахь хэсэгт заасан ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийг хоёр талын комиссын актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэл гаргах гэх заалтыг зөрчин тухайн орон сууцыг захиалсан иргэдээр гарын үсэг зуруулсан актад үндэслэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тухайн хууль бус актыг үндэслэн "...ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьж гүйцэтгэх ёстой 10 орон сууцнаас 4 орон сууцыг барьж гүйцэтгэн Монгол Дайвин ХХК-аар орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан актуудаар тус тус тогтоогдож байна" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гүйцэтгэгч Гальваник констракшн" ХХК нь манай компанитай нийт 581 500 000 төгрөгийн гэрээ байгуулж нийт 10 ширхэг амины орон сууцыг 60 хоногийн дотор барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл хөнгөн ган хийц бүхий сууцны хэсэгт 2 ширхэг, Канад модон барилга бүхий хэсэгт 2 ширхэг амины срон сууцны ажлыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 сар хүртэл хийж гүйцэтгэж байгаад ажлаа дуусгалгүй орхиж явсан буюу өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй болох нь уг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоор байтал үүнийг шүүх үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч "Монгол Дайвин" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн явдал нь хэргийн оролцогчийн хуульд зэасан эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК нь хариуцагч Монгол дайвин ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 73 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч болох Гальваник констракшн ХХК нь захиалагч болох Монгол дайвин ХХК-ийн захиалгын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Эко жишиг хороолол төслийн хүрээнд 80 м.кв талбай бүхий 2 давхар 10 амины орон сууцыг 1 м.кв-ыг нь 770 000 төгрөг, нэг сууцыг 61 600 000 төгрөгөөр барьж, хүлээлгэн өгөх, Монгол дайвин ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Гальваник констракшн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 10 амины сууц барихаас 4-ийг барьж гүйцэтгэсэн, уг амины сууцыг худалдан авагч нарт хүлээлгэж өгснийг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болох нэмэлтээр хийгдсэн ажлын акт, дээврийн ажил гүйцэтгэсэн акт, заслын ажил гүйцэтгэсэн акт, дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт, цонх суулгасан акт, барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, төмөр бүтээцийг угсарсан акт, дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн акт, шалны ажил гүйцэтгэсэн акт, тагт, карнизны төмөр хавтанг бэхэлсэн актуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийн хоёр талын комиссын актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэл гаргахаар үүрэг хүлээсэн хэдий ч захиалагч тал барилгын ажилд хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүй буруутай байна.

 

Гэрээний 4.1 дэх хэсэгт тохирсноор нэг амины сууцны гэрээний үнэ 61 600 000 төгрөгийн хэмжээгээр тооцвол 4 амины сууцны гэрээний үнэ 246 400 000 төгрөг болох бөгөөд үүнээс захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлсөн 78 500 000 төгрөгийн төлбөрөөс өөр төлбөр төлөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гэрээг цуцлах эрхийг нэхэмжлэгч эдэлж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээгээр тохирсон хэмжээгээр тооцож хохирол гэж гаргуулахаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт хэсэгт нийцсэн, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталж шинжээчийн тогтоосон хэмжээг харгалзан нэхэмжлэлийг хангасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талыг гэрээний 3.4 дэх хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын үе шат бүрээр комиссын актыг үндэслэн төлбөрийн асуудал шийдвэрлэх тохиролцоог зөрчсөн, гэрээнд заасан ажлыг бүрэн, зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд бэлтгэж ирэх үүргийг хүлээнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчид тухайлан шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хуульд нийцэхгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талын хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д шинжээчийн зардалд 1 350 000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаар нөхөн төлүүлэхдээ дутуу тооцсон алдаа гаргасныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаар шийдвэрийн

 

2 дахь заалтын 1 200 000 төгрөгийг гэснийг 1 350 000 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 63 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА