Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д  холбогдох

73,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Шинэбаяр, гэрч Д.Энэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Эко жишиг хороолол төсөл”-ийн захиалагч Д.Энэрэл, Мөнхзориг, Оюунчимэг, Эрдэнэжаргал нарын 4 амины орон сууцыг манай компани барьж дуусган хүлээлгэж өгч, захиалагч буюу амины орон сууц худалдан авагч нь түлхүүрээ хүлээн авч орон сууцандаа амьдарч байна. Г ХХК нь амины орон сууц эзэмшигч тус бүртэй нь барилга угсралтын далд ажлын актуудыг баримтжуулан хүлээлгэн өгч, санхүүгийн тооцоо нийлж, акт баримт үйлдсэн болно. М ХХК нь 2016 оны 12 сард дээр дурдсан 4 амины орон сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж захиалагч Д.Энэрэл, Мөнхзориг, Эрдэнэжаргал нарт Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулан төлбөрийг бүрэн авсан, захиалагч Оюунчимэгээс мөн төлбөр авсан боловч гэрээний 4.2.2 дахь заалтад: “төлбөрийг ажлын 3 хоногт Г ХХК-д олгоно” гэж заасаар байтал үүргээ гүйцэтгээгүй байна. Г ХХК-ийн тооцоо нийлэх тухай 2017 оны 1 сарын 31-ний өдрийн 17/06 албан тоотыг хүлээн авсан ч тооцоо нийлэхээс зайлсхийж байгаа, мөн манай компанийн менежер болон инженер-эдийн засагч, инженер хоёр тооцоо нийлэхээр 2 сарын 6-нд очиход “тооцоо нийлж болохгүй гэж Ө.Энхбилэг захирал үүрэг өгсөн” гэсэн шалтгаанаар санхүү хариуцсан ажилтан Энхжин нь тэдгээрийг буцаасан, түүнчлэн захирал С.Жаргалсайханыг Ө.Энхбилэг рүү удаа дараа утасдахад утсаа авахгүй, тооцоо нийлэхийг хүссэн мессежүүд явуулахад тодорхой хариу өгөөгүйгээс гадна гүтгэлгийн шинж чанартай хариу мессеж болон утсаар үгүйсгэж гүтгэх чанартай яриа өгүүллийг гаргаж байсан зэргээс үзэхэд М ХХК-тай эв зүйгээ олох боломжгүй байна. М ХХК нь захиалагчдаас авсан урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан “ямар ч суутгалгүй шилжүүлнэ” гэсэн нөхцөлийг ч хангаагүй, төлбөр мөнгө өгөөгүй болно. Г ХХК нь М ХХК-тай 2015 оны 5 сарын 18-нд байгуулсан гэрээний 4.1-т заасны дагуу 1 кв.м амины сууц барих үнийг 770,000 төгрөгөөр тохиролцсон болно. Иймд, ашиглалтад орсон тус бүр 80 м.кв талбай бүхий 4 байрны үнийн дүн 246.400.000 төгрөг болно. Үүнээс М ХХК-аас гэрээний 4.2.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 30 хувийг бидэнд шилжүүлэх үүрэгтэй боловч одоогийн байдлаар зөвхөн 58,500,000 төгрөгийг манай компанид шилжүүлээд байна. Мөн гэрээт ажлаа гүйцэтгэхийн тулд захиалагч Д.Оюунчимэг /Б.Магсаржав/-ээс хэлцэл байгуулан 20.000.000 төгрөгийн зээл авсан болно. Зээлдүүлэгч энэхүү зээлийг М ХХК-ийн дансаар шилжүүлсэн ба манай компаниас 3.000.000 төгрөгийн хүү бодож төлбөрөөс суутгаад байна. Манай компанийн үзэж буйгаар тус хүүг М ХХК нь төлөх ёстой. Амины орон сууц хүлээлцэх үед М ХХК-ийн хяналт тавих инженер олдоогүй учир манай компанийн хяналтын инженер Б.Дунгаамаа болон барилга хариуцсан инженер Ш.Эрдэнэбилэг нар захиалагч нараар гарын үсэг зуруулж тооцоо нийлсэн болно. Иймээс гэрээний дагуу төлбөл зохих 246,400,000 төгрөгөөс урьдчилгаанд авсан 78,500,000 төгрөг, иргэдээс авсан санхүүжилт материал бусад зардал болох 79,892,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 88,008,000 төгрөгөөс суурийн мөнгө болох (гэрээний 4.1) 15,000,000 төгрөгийг хасаад 73,000,000 төгрөг болж байгааг манай компани нэхэмжилсэн юм. Иймд хариуцагчаас 73,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК нь Г ХХК-тай 2015 оны 5 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут багт өөрийн компанийн санаачлан хэрэгжүүлж буй “Эко жишиг хороолол төсөл”-ийн хүрээнд баригдаж байгаа Термопрофиль хөнгөн ган хийц арагт бүхий амины 10 ширхэг орон сууцыг 60 хоногийн хугацаанд түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгүүлэн хүлээж авахаар харилцан тохиролцож, 581,500,000 төгрөгийн гэрээг байгуулсан билээ. Гэтэл гүйцэтгэгч Г ХХК-ийн зүгээс гэрээнд заасан технологиор барилгын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр манай компанийн үйлчлүүлэгч амины орон сууц худалдан авагч иргэдээр амины орон сууцны барилга барихад шаардлагатай бараа материалыг авахуулах, хийж байсан ажлаа дуусгалгүйгээр орхин явсантай холбоотойгоор амины орон сууц захиалсан иргэдийн хууль ёсны эрх ашиг маш ихээр зөрчигдөж байсан болно. Иймд бид аргагүй эрхэнд захиалагч иргэдтэйгээ хамтран уг амины орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэн, 2016 оны 10 сард улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Гэтэл Г ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт заасан “...Ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийн хоёр талыг комиссын актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэл гаргах” гэх заалтыг зөрчин амины орон сууц захиалсан иргэдээр гарын үсэг зуруулсан актад үндэслэн нэхэмжлэл гаргаснаар дараах ойлгомжгүй нөхцөл байдлууд бий болж байгаа юм. Тодруулбал: Гүйцэтгэгч тал нь манай компанитай нийт 581,500,000 төгрөгийн гэрээ байгуулж 10 ширхэг амины орон сууцыг 60 хоногийн дотор барьж ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл хөнгөн ган хийц бүхий сууцны хэсэгт 2 ширхэг, Канад модон барилга бүхий хэсэгт 2 ширхэг амины орон сууцны ажлыг 2015 оны 5 сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 сар хүртэл хийж гүйцэтгэж байгаад ажлаа дуусгалгүйгээр орхиж явсан байна. Гүйцэтгэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээний 1-р зүйлийн 1.5 хэсэгт заасан технологийн дагуу түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгэсэн тохиолдолд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 хэсэгт зааснаар нэг амины орон сууцыг 61,600,000 төгрөг, нийт 246,400,000 төгрөгийн үүрэг үүссэн гэж дүгнэж болох ба уг үүргээс 121,028,920 төгрөгийн үүргийг биелүүлсэн бөгөөд одоогийн дансны үлдэгдлээр 44,871,080 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч талын барилгын талбай дээрээс буулган авч явсан өмнөх туслан гүйцэтгэгч Газар эксим ХХК-ийн барьж байсан 4 ширхэг амины орон сууцны материалын үнэ болох 20,000,000 төгрөгийг хасвал нийт 24,87,080 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч талын зүгээс манай компанитай тооцоо нийлээгүй нь дээр үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх эсэхэд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа юм. Амины орон сууцны барилгыг талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 “... Гүйцэтгэгч нь эдгээр орон сууцыг БНбД болон барилгын техникийг нөхцөлд нийцүүлэн энэ зүйлийн 1-р зүйлийн 1.5 хэсэгт заасан материал, технологиор барих ба мөн зүйлийн 1.3 хэсэгт заасан “...10 амины орон сууцыг зохих зураг төслийн дагуу энэхүү гэрээгээр заасан төлбөрийн нөхцлөөр үе шаттайгаар ажлын 60 хоногт багтаан түлхүүр гардуулах нөхцлөөр барьж Захиалагч талд хүлээлгэн өгнө.” гэх заалт , тус зүйлийн 1.5 хэсэгт заасан “ Амины орон сууц барих технологи нь: Швед технологи болох цанталт үүсгэдэггүй термопрофиль хөнгөн ган хийцэн арагт бүтээц ( өргөн нь 150 мм); Дүүргэлт болон дулаалга нь канад технологи: Эрдэс хөвөн, ОЗВ хавтан, гипсэн хавтан, чийг болон уур тусгаарлагч, 50мм гадна фасадны хөөсөнцөр, фасадны өнгөлгөө; Дээврийн хучилт нь: Битум тос, халааж наадаг хар цаас, өнгөт битум, дээврийн хучилт; Захиалагчтай тохиролцсоны үндсэн дээр полистиролбетонон буюу пенобетон дүүргэлт, эсвэл канад модон технологи байна; Суурийн шалыг дулаан хадгалах технологи болох полистиролбетон буюу пенобетоноор цутгана; Цонх: Хуванцар, 3 давхар вакум шилтэй байна” гэх шаардлага болон үүргээ огт биелүүлээгүй болно. 2015 оны 5 сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г хоёр тал дүгнэж, харилцан тооцоо нийлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дүн, манай компанид хөтлөгдсөн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн дүн, тухайн амины орон сууцыг худалдан авсан иргэдээс ирүүлсэн тодорхойлолт зэргээс үзвэл нэхэмжлэгч Г ХХК-ий өмнө М ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлох боломжгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 73,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлээгүй, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2015 оны 5 сарын 18-ны өдөр Г ХХК болон М ХХК нарын хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ /хх-6,7 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Г ХХК нь М ХХК-ийн захиалгын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Эко жишиг хороолол төсөл”-ийн хүрээнд 80 м.кв талбай бүхий 2 давхар 10 амины орон сууцыг 1 м.кв-ыг нь 770,000 төгрөг, нэг сууцыг 61,600,000 төгрөгөөр барьж, хүлээлгэн өгөх, М ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Г ХХК нь М ХХК-ийн захиалгын дагуу гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, М ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Г ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьж гүйцэтгэх ёстой 10 орон сууцнаас 4 орон сууцыг барьж гүйцэтгэн М ХХК-аас орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Гэрээнд тусгагдаагүй нэмэлтээр хийгдсэн ажлын акт”, “Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, “Заслын ажил гүйцэтгэсэн акт”, “Дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт”, “Цонх суулгасан акт”, “Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт”, “Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт”, “Төмөр бүтээцийг угсарсан акт”, “Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, “Модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт”, “Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн акт”, “Шалны ажил гүйцэтгэсэн акт”, “Тагт, карнизны төмөр хавтанг бэхэлсэн акт” /хх-39-11 тал/ зэрэг баримтууд болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад нэг орон сууцны үнэ 61,600,000 төгрөг байхаар зааснаар тооцож үзэхэд нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн 4 орон сууцны үнэ 246,400,000 төгрөг болох ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь орон сууцыг худалдан авахаар гэрээ хийсэн 4 худалдан авагчтай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 30 хувь буюу нэг худалдан авагчаас 18,480,000 төгрөг, нийт 4 худалдан  авагчаас 73,920,000 төгрөгийг авч нэхэмжлэгчид шилжүүлэх, улмаар худалдан авагч нар орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд үлдэх 70 хувь буюу нэг худалдан авагчаас 43,120,000 төгрөг, нийт 4 худалдан авагчаас 172,480,000 төгрөгийг авч нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн байх боловч 4 орон сууцыг барьж гүйцэтгэн худалдан авагч нарт хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 58,500,000 төгрөгийг шилжүүлсэн, худалдан авагч Оюунчимэгийн 20,000,000 төгрөгийн төлбөр хариуцагчийн дансаар дамжин нэхэмжлэгчид орж ирснийг төлбөрт оруулан тооцоход нийт 78,500,000 төгрөгийн төлбөр төлсөн, өөр бусад төлбөрийг төлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь гэрээнд заасан журмын дагуу төлбөрийг зохих ёсоор төлж байсан гэдгээ шүүхэд баримтаар нотлоогүй тул хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 4 орон сууцыг барьж худалдан авагч нарт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хариуцагч гэрээнд заасны дагуу төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байсныг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дахь заалтад заасан “ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт” гэж үзэх нөхцөл байдал байсан гэж үзэх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад зааснаар нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй байсан байна.

Гэрээ цуцлагдсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дахь заалтад “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг  орон сууцыг зураг төслийн дагуу бариагүй, орон сууц барих технологи зөрчсөн, ажлын 60 хоногт орон сууцыг барьж гүйцэтгэн түлхүүр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч хариуцагчийн зүгээс орон сууцыг ямар зураг төслийн дагуу барих байсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүхээс томилогдсон шинжээчид мөн зураг төслийг танилцуулаагүй тул тухайн орон сууцыг барих батлагдсан зураг төсөл байсан гэж үзэх боломжгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “Гүйцэтгэгч нь Захиалагчийн эзэмшлийн газар дээр 10 амины орон сууцыг зохих зураг төслийн дагуу энэхүү гэрээгээр заасан төлбөрийн нөхцлөөр үе шаттайгаар ажлын 60 хоногт багтаан түлхүүр гардуулах нөхцлөөр барьж Захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж зааснаас үзэхэд хариуцагч талын ажил гүйцэтгэх хугацаа нэхэмжлэгч талын төлбөр төлөлтийн байдлаас хамааралтай байх ба хариуцагч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас барилгын ажил удааширсанд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй,  талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад “Талууд барилгын үндсэн зураг төсөлд заагдаагүй нэмэлт өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хүсэлтээр хийх бол харилцан тохиролцох ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж заасан, нэхэмжлэгч нь худалдан авагч нарын хүсэлтээр орон сууцанд зохих өөрчлөлтүүдийг хийж барьж гүйцэтгэн худалдан авагч нарт хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийг орон сууцыг зураг төслийн дагуу бариагүй, орон сууц барих технологи зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг шүүхээс томилсон шинжээч 73,108,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосон бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг тогтоохдоо орон сууцыг худалдан авагч нарын хүсэлт, тэдгээрийн зардлаар хийсэн нэмэлт ажлын хөлс, зардал болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад заасан гэрээний үнийн дүнгээс хасч тооцохоор тохиролцсон шугаман суурины үнийг хасч тооцсон, уг шинжээчийн дүгнэлтэд хариуцагч маргаагүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ 73,108,000 төгрөг боловч нэхэмжлэгч 73,000,000 төгрөгийн нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 73,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М ХХК-аас 73,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талын хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбооноос шинжээчийн зардалд 1,200,000 төгрөгийн зардал нэхэмжилснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 1,200,000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 73,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 2 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 522,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, шинжээчийн зардалд 1,200,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас 1,200,000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.УУГАНБАЯР