| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/02164/И |
| Дугаар | 210/МА2020/01966 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2020/01966
П ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02719 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоот хаягт байрших орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Иманмагзам,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Раднаасүрэн,
Гуравдагч этгээд: Ч.Отгонбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Перренниал холдингс ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын үндсэн хөрөнгө оруулагч болох Вишн Экспресс компани Vision Express Ltd. болон Зенит интелиженс компани Zenith Intelligence Corporations Ltd.-аас олгосон захиран зарцуулах эрхийн дагуу орон сууц, талбайг иргэдэд урт хугацааны зээлийн гэрээний дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-аас 1 684 460 626 төгрөг гаргуулж, Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг хууль бусаар явуулж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч-хуулийн этгээд нь Хуурмагнай ХХК байхад Перрениал холдингс ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг захиран зарцуулах эрхийг улсын бүртгэлийн байгууллагад түдгэлзүүлэх, зарим хөрөнгийг битүүмжлэх тогтоол гаргах зэргээр бусдын хөрөнгөд хууль бусаар халдаж байна.
Манай компани нь 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацааны дотор хуваарийн дагуу орон сууц, талбайн үнийг төлөх уян хатан нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны улмаас олон худалдан авагчийн эрх ашигт ноцтойгоор хөндөгдөж байна.
Манай компанийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад өргөдөл, гомдол гаргасан боловч шийдвэрлэх арга хэмжээ авалгүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч этгээдээс бусад Шүүхийн шийдвэрээр хэн нэгэнд өр төлбөргүйд тооцогдоогүй этгээдийн хөрөнгөд чиглэсэн ажиллагааг хийхийг хориглосон заалтыг зөрчсөн
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-аас 1 684 460 626 төгрөгийг гаргуулж Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үүсгэж, төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах 3190 м.кв талбайтай газарт тус компанийн захиалгаар баригдсан Баяжих цогцолбор 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 4, 13, 91, 93,126,146 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19260614/08, 09, 10, 11, 12, 13 дугаар тогтоолоор, 2 тоот орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор тус тус битүүмжилсэн.
Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Хуурмагнай ХХК бөгөөд тус барилгыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Рави Жагасиа нь Хуурмагнай ХХК, П ХХК, Vision express LTD, Zenith "elligence Corporations LTD-ийг дангаар эзэмшдэг буюу Рави Жагасиагийн компаниуд болох тодорхойлолтыг Улсын бүртгэлийн хэлтэсээс хүргүүлж, П ХХК-ийн нэр дээр орон сууц, автозогсоолыг шилжүүлэх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.
П ХХК нь Рави Жагасиагийн хамаарал бүхий этгээд буюу түүний охин Мона Рави Жагасиагийн 100 хувийн үүсгэн байгуулсан /2017.09.25-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн/ хуулийн этгээд бөгөөд Хуурмагнай ХХК болон Цахим гал ХХК-д холбогдох иргэний хэргийг гурван шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Рави Жагасиа нь П ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлаар ажилласан болох нь тогтоогдсон.
Хуурмагнай ХХК нь өөрийн эзэмшлийн улсын комисст хүлээлгэн өгсөн дээрх барилгаас худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн орлогыг 2019 оны 03 дугаар улиралд тайлагнахдаа үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого 8 233 261 409 төгрөгийг тайлагнасан нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20-05/55 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
Тус газраас П ХХК-ийг төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулан ашиг орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжин, төлбөрт битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулж, дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, хэрэг шалгагдаж байна.
Иймд төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цахим гал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуурмагнай ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөгч гэдгээ нотлох ёстой. Өмчлөгч нь биш атлаа шүүхэд манай хөрөнгө гээд, захиран зарцуулах эрхийг авсан гэж нэхэмжлэл гаргах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолын дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 2 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, нэхэмжлэгч П гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх нь Перрениал холдингс ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө биш юм
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Перренниал холдингс ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж ажиллагаа явуулсан. Учир нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 4, 13, 91,93,126, 146 тоот байрыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хууль. Иргэний хуулийг зөрчсөн.
Перренниал холдингс ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 126, 146 тоот байрууд нь Вишн Экспресс компанийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан 17/27 тоот албан бичиг, туүний хавсралт жагсаалтаар, мөн тус байрны 4, 13, 91, 93, тоот байрууд нь Зенит интелиженс компанийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 17/27 тоот албан бичиг, түүний жагсаалтаар улсын бүртгэлд тэмдэглэгээ хийсний дагуу захиран зарцуулж байгаа.
Ийнхүү Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 4, 13,91,93, 126,146 тоот орон сууцыг Перрениал Холдингс ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17/03 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1024 тоот албан бичиг, Вишн Экспресс гадаадын компанийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан 10/24 тоот албан бичиг, түүний хавсралт жагсаалтаар, Хуурмагнай ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 113 тоот албан бичгээр нотлогдоно.
Хуурмагнай ХХК болон Перриниал холдингс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Рави Жагаси нь ажиллаж байсан бөгөөд одоо хувьцаа эзэмшигч биш болно. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын үндсэн хөрөнгө оруулагч нь Вишн Экспресс компани, Зенит интелижене компани бөгөөд Хуурмагнай ХХК нь тухайн орон сууцыг Цахим гал ХХК -аар захиалан бариулснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохгүй юм.
Перрениал холдингс ХХК-ийн бусдаас итгэмжлэн авсан хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэх үндэслэлээр шууд ажиллагаа хийсэн нь хууль бус юм.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй нь Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь өөрөө хуульд нийцээгүй байхад түүнийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн нь хууль бус шийдвэр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хэний хөрөнгө болохыг тодруулалгүйгээр шууд ажиллагаа явуулж, гэрчилгээгүй бол өмчлөгчөө нотолж чадаагүй гэж үзнэ гэж бусдын хөрөнгөд халдсан үйлдлийг шүүх анхаараагүйд гомдолтой байна.
Цахим гал ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Цахим гал ХХК-ийг хэрэг хяван шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оротцуулах захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба Цахим гал ХХК нь 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын захиалагч Хуурмагнай ХХК-тай байгуулсан гэрээгээ нотлох баримтаар өгч хэрэг хянан шийдвэрлэх ажнллагаанд тухайн хөрөнгө нь Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө гэсэн байр суурьнаас хуралд оролцсон.
Перрениал Холдингс ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, түүний өмгөөлөгч нараас уг хэрэг хянан шийдвэрлэх ажнлдагаанд төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй, хүсэлтэд гомдол гаргах, боломж олголгүйгээр хурлыг явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн үндэслэх хэсэгт найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 02, 04, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолоор Хуурмагнай ХХК-аас 1 684 460 626 төгрөгийг гаргуулж Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19260614/08, 19260614/09, 19260614/10, 19260614/11, 19260614/12, 19260614/13 дугаар тогтоолуудаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор, 18 дугаар байр, 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцнуудыг, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор 2 тоотод байрлах орон сууцыг тус тус битүүмжилсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Төлбөр төлөгч Хуурмагнай ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 тоот шийдвэрийг үндэслэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, нэгж талбарын 133017/0081 дугаар бүртгэлтэй, 3190 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь Нийслэлийн газрын албанаас 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгосон 000305724 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, энэ газар дээр 166 айлын орон сууцны барилгыг захиалан бариулж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан болох нь мөн өдрийн 49/2016 тоот комиссын актаар тус тус тогтоогдож байна.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас П ХХК-ийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 2 тоотод байрлах 93,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаарт бүртгэж, 000606850 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон байхад хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн өмчлөлийн биш эд битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, уг орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох зөрчигдсөн эрхийг сэргээх зохицуулалтад нийцжээ.
Харин дээрх хаягт байрших 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцууд П ХХК-ийн өмчлөгч нь болох нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна орон сууцны захиалагч болох Хуурмагнай ХХК-аас орон сууцыг худалдан борлуулах эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийг буруу зааж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг оруулж тодорхойлсон нь оновчгүй болсныг залруулав.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 тоот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 2 тоот хаягт байрших орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс мөн хаягт байрших 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг битүүмжилэлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА