Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/01347

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/01347

 

 

 

 

 

 

М.Югийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00885 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Югийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбарт: М.Ю нь Гашуун сухайт авто зам ХХК-д 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс замын хяналтын инженерийн албан тушаалд томилогдсон. Ажиллах хугацаандаа компанийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн Гашуун сухайт авто зам ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Гэтэл Гашуун сухайт авто зам ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 37.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Замын хяналтын инженер гэсэн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай огт хамааралгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, замын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойшхи цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Ю нь замын хяналтын инженерээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйгээс нь шалтгаалж байгууллагад их хэмжээний хохирол учирсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл Гашуун сухайт авто зам ХХК нь Эрдэнэс монгол ХХК-аас зарласан 5 багц тендерт шалгарсан компаниудын зам засварын ажилд захиалагчийн нэрийн өмнөөс хяналт тавин ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэс монгол ХХК-аас хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй инженерүүд ноцтой алдаа дутагдал гаргаж, чанаргүй ажил хийгээд байна гэсэн албан шаардлага тавьсан. 50-100 км авто зам тавих ажилд 32 цэгт горим зөрчсөн бөгөөд үүнийг М.Ю гарын үсэг зурж, хүлээж авсан нь 219 500 000 төгрөгийн хохирол учруулахаар болсон. Ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Юг Г ХХК-ийн замын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-аас 5 783 894 төгрөг гаргуулж М.Юд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Юд олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 107 492 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: М.Ю нь Гашуун сухайт авто зам ХХК-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 2017 оны 03 сарын 22-ны өдрөөс замын хяналтын инженерээр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг ямагт сахиж биелүүлэх үүргийг ажилтан хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдаж, байгууллагыг их хэмжээний хохирол хүлээхэд хүргэсэн учир ажлаас нь чөлөөлсөн. Замын хяналтын байцаагчийн ажлыг гүйцэтгэж буй инженерүүд ноцтой алдаа дутагдал гаргаж, компанид хөрөнгө санхүүгийн хохирол учруулсан, 2019 оны 08 сарын 18,19,20-ны өдрүүдэд ирүүлсэн гүйцэтгэлийн баримт бичгийг хянан үзэхэд авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлагын заалтуудыг зөрчсөн дүгнэлт гарсан бөгөөд санхүүжилтийн 219 540 550 төгрөгийн хохирол учирсан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн баримтуудаар тогтоогдоно. Анхан шатны шүүх М.Ю нь ажлын явцад технологийн горим зөрчсөн алдаа гаргасан байж болох боловч түүний улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчилд хамаарахгүй байна гэснийг зөвшөөрөхгүй. Шүүх М.Юг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.Замын хяналтын инженер ажил олгогч компаниин мэдлийн буюу өмчлөлийн эд зүйлсээр ажил үүргээ гүйцэтгэх бөгөөд их хэмжээний санхүүгийн үүсвэр бүхий ажлыг гүйцэтгэх горим болон технологийн шаардлага хангаагүй, хяналт тавиагүй тохиолдолд өөрийн компанийг маш их хэмжээний хохиролд оруулж, энэ хохирлыг бүрэн бөгөөд хязгаарлагдмал байдлаар хариуцах үндэслэл болох юм. Ажилтны үйлдэл эс үйлдэл нь хууль бус бөгөөд эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалтад заасан байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарахгүйгээр бараа бүтээгдэхүүн бий болгох, боловсруулах, нийлүүлэх чиглэлд хамруулан эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсныг дурдах нь зүйтэй. Ийм учраас замын хяналтын инженертэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулдаг. М.Ю нь зохих журмын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, хяналт тавих үүргээ горим журмаар явуулаагүй нь байгууллагыг хохироож, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч няцаасан болон үгүйсгэсэн баримт гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй шаардлагатай нотлох баримт авагдаагүй, шүүх мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Ю нь хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК-д холбогдуулан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК нь нэхэмжлэгч М.Юг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс замын хяналтын инженерээр тус ажиллуулж байгаад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ ... М.Ю нь Эрдэнэс монгол ХХК-аас зарласан тендерт шалгарсан зам засварын ажилд захиалагчийн нэрийн өмнөөс хяналт тавих инженерээр ажиллаж байхдаа технологийн горим ноцтой зөрчсөн замыг хүлээн авсны улмаас байгууллагад 219 500 000 төгрөгийн хохирол учруулахаар болж, ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. /хх18, 82/

Хэрэгт авагдсан Эрдэнэс Монгол ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14/1271 тоот хариуцлага тооцох тухай, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14/154 тоот мэдээлэл ирүүлэх тухай албан бичгүүдэд Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын 50 км-ээс 100 км хүртэлх авто замын ажлын гүйцэтгэлийн тайлангаас үзэхэд нэхэмжлэгч М.Ю 62 удаа гарын үсэг зурж, авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлагыг зөрчсөн дүгнэлт гаргасны улмаас 219 540 550 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг дурдсан байна. /хх 20-24/

 

Хариуцагч байгууллагын харилцагч болох Эрдэнэс монгол ХХК-ийн дээрх албан бичиг нь нэхэмжлэгчийн ажил олгогчийн итгэл алдсан, байгууллагад хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хариуцагч байгууллагад хохирол учруулсан болох нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн замын актад гарын үсэг зурсан үйлдлээс болж цаашид тус компани замын эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг төлөх, улмаар компанид хохирол учруулж болзошгүй гэж тайлбарласан болох нь хариуцагчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдаагүй ба ажил олгогчийн эд хөрөнгөд ажилтан бодит хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн буруугаас байгууллагад хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 492 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ