Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/00885

 

 

2020 04 23

182/ШШ2020/00885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Х овогт М.Ю /РД:ИМ92/, Завхан аймаг, Цорго

Хариуцагч: ГСАЗ ХХК /РД:58/, Чингэлтэй дүүрэг, 7 давхар

 

ГСАЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойшхи цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.О нь тус байгууллагад 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс Замын хяналтын инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа компанийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн ГСАЗ ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Гэтэл 2020 оны 03 сарын 03-ны өдрийн ГСАЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/42 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 37.1.4, 40.1.5 дахь зүйл, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тухайн ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, эсвэл санхүүгийн албан тушаалтан зэргийг хамааруулан ойлгодог. Замын хяналтын инженер гэсэн албан тушаал энэ заалтад огт хамааралгүй байх бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халжээ. Иймд дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ГСАЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, замын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойшхи цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ю ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд замын хяналтын инженерээр ажиллаж байсан тэрээр Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйгээс нь шалтгаалж их хэмжээний хохирол манай компанид учирсан ноцтой зөрчил гарсан тул ажлаас халсан. Өөрөөр хэлбэл манай компани Эрдэнэс монгол ХХК-аас зарласан 5 багц тендерт шалгарсан компаниудын зам засварын ажилд захиалагчийн нэрийн өмнөөс хяналт тавин ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэс монгол ХХК-аас хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй инженерүүд ноцтой алдаа дутагдал гаргаж, чанаргүй ажил хийгээд байна гэж албан шаардлага манай компанид тавьсан. 50-100 км авто зам тавих ажилд 32 цэг дээр горим зөрчсөн байдаг бөгөөд үүнийг М.О гарын үсэг зурж, хүлээж авсан нь 219,500,000 төгрөгийн хохирол учруулахаар болоод байна. Ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрдэнэс монгол ХХК-аас ирүүлсэн албан бичгүүд, далд ажлын актууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Замын хяналтын инженер М.О нь ГСАЗ ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

ГСАЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/42 дугаар М.Ю г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган ГСАЗ ХХК-д холбогдуулж ГСАЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойшхи цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ГСАЗ ХХК нь Эрдэнэс монгол ХХК-аас зам засварын ажилд хяналт тавьж буй инженерүүд технологийн горим зөрчсөн алдаа гаргаж байна, ажлын хариуцлага тооц гэж хандсаны дагуу хариуцлага тооцсон, ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй, нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Тухайн үед Эрдэнэс монгол ХХК-аас зарласан 5 багц тендерт шалгарсан компаниудын зам засварын ажилд ГСАЗ ХХК-ын замын хяналтын инженер М.О хяналт тавин ажиллаж байсан байна. Замын хяналтын инженерийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт ирээгүй боловч уг инженер зам ашиглалтын бэлэн байдлыг хангах, засвар, ашиглалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийн ажилд хяналт тавих, зөвлөх ажлыг эрхэлдэг байсныг талууд аль аль нь тайлбарлаж байна.

М.О нь ажлын явцад технологийн горим зөрчсөн алдаа гаргасан байж болох боловч түүний улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчилд хамаарахгүй байна. М.О нь мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан биш байна. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгодог билээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл буруу байх тул түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Ажилгүй байсан 41 өдрийн цалинтай тэнцэх олговор 5,783,894 төгрөг болж байна. Захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг шаардлага байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан М.Ю г ГСАЗ ХХК-ийн замын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ГСАЗ ХХК-аас 5,783,894 төгрөгийг гаргуулж М.Ю д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг баримтлан М.Ю д олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 107,492 төгрөгийг гаргуулж улсад олгосугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД