Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 27

 

“ТЖХ” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй

дүүргийн Татварын хэлтсийн татварын

хяналт шалгалтын тасгийн татварын

улсын байцаагч Э.Н, Л.Э нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                      Б.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 627 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагч Л.Э, Э.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох “ТЖХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 6,618,672.00 төгрөгийн торгууль, 4,512,589.00 төгрөгийн алданги, 16,145.00 төгрөгийн хүү нийт 11,147,406.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлж 26,544,388.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг төлүүлэхээр багасгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 627 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан “ТЖХ” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Нарантуяа, Л.Энхтуяа нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсаар “ТЖХ” ХХК-д оногдуулсан хүү, торгууль, алданги нийт 4,128,749.00 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2, 3 дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж өөрчлөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж татварын 2 улсын байцаагчийг хариуцагчаар татагдсан байтал энэ хоёр хариуцагч нь “татварын улсын байцаагчийн хувийн тэмдэгээ дарж” итгэмжлэл үйлдсэн тул шүүх хоёр хариуцагч тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн 3 хүнийг хариуцагч тал гэж шүүх хуралдаанд оролцуулсан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжпэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд энэ хуульд албан тушаалтаныг төлөөлөх гэсэн шууд зохицуулалт байхгүй болно. Зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэсэн зохицуулалтыг хийсэн бөгөөд энэ нь бусдын эрх ашиг сонирхолыг хөндөж буй этгээд нь хүн, хуулийн этгээд аль нь ч биш болохыг тусгайлан тодорхойлон зохицуулсан байна. Мөн татварын улсын байцаагчийн тэмдэг нь нотариатын дардасыг орлох тэмдэг болгон илт хууль бусаар ашиглаж байхад шүүх түүнийг нь хүлээн зөвшөөрч хэргийн оролцогч болохыг хүлээн зөвшөөрч хууль бус оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тэгш эрхийн ба хууль ёсны зарчмыг зөрчдөг болжээ.

4. Мөн “татварын улсын байцаагчдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсыг 03 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан тухай тэмдэглэлд “ТЖХ эрх бүхий албан тушаалтан Ц.Наранбат гарын үсэг зурсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6,6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв” гэжээ. Мөн “... “ТЖХ” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Н-ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн эрх бүхий албан тушаалтнаар тогтоож оролцуулсныг хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ. Хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч тал Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” мөн зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэснийг зөрчиж үүсгэн байгуулагчийг компанийн эрх бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй гээд байхад түүнд ямар нэг дүгнэлт өгөлгүй шууд хуулийг өөрийн дураар тайлбарлан буруу хэрэглэсэн байна.

5. Гэтэл Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйл буюу хууль ёсны төлөөлгч тогтоох харилцааг шууд зохицуулсан зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжпэгдсэн төлөөлөгчийг” гэж тодорхой заасан байхад хариуцагч нь түүнийг үл харгалзан үзэж шийтгэл ногдуулжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байхад Монгол улсын төрийн байгууллага болох татварын алба ба шүүх анхаарсангүй.

6. Энэ маргаанд шүүх “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нэгдсэн загвараар баталсан Шийтгэлийн хуудас /маягт хэрэглээгүй, шүүхийн маргаантай байхад шүүхэд хянаж байгаа асуудлаар шийдвэр гаргаж шүүхийг үгүйсгэсэн, хэргийг хялбаршуулан шийдсэн нь илт хууль бус гэсэн гомдол нь үндэслэлгүй гэжээ. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” мөн зүйлийн 7-д “Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална” гэж заасан болохыг татварын улсын байцаагч болон шүүх анхаарсангүй.

7. Мөн “...зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл энэ нь 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” гэсэн заалт бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй харин хялбаршуулсан журам гэсэн хэлбэрээр маргааныг шийдвэрлэсэн болохыг шүүх анхаарсангүй.

8. Мөн шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл бидний энэ авч үзэж буй хэргийн хувьд тухай асуудлаар талууд маргаж байгаа бөгөөд маргагч тал нь татварын албанд мэдээллэл өгч байгаа нөхцөлд татварын алба /гүйцэтгэх эрх мэдэл/ нь шүүх эрх мэдлээс шийдвэр гарах хүртэл ямар нэг захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байж болохгүй билээ. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгч байгаа иргэн “ТЖХ” ХХК хоорондын маргааны асуудлаар шүүх засаглал шийдвэр гаргаагүй байхад гүйцэтгэх засаглал маргаж байгаа асуудлаар шүүхийн зөвшөөрөлгүй оролцох ёсгүй бөгөөд иргэнд үзүүлж буй төрийн үйлчилгээ зөрчилдсөн шийдвэр гарахаас сэргийлэх ёстой учраас эрх зүйн онолын хувьд гүйцэтгэх засаглал нь “ТЖХ” ХХК эрх хэмжээнд халдсан шийдвэр гаргах ёсгүй билээ.

9. Мөн энэ маргаанд “хүчингүй болгуулах” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэсэн хүсэлт шүүхэд тавьсан бөгөөд шүүгчийн энд баримтлаж буй байр суурийг авч үзвэл захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжпэлийн хувьд нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэсэн хүрээ хэмжээ хязгаарын хүрээнд шүүхээс шийдвэр гаргана гэсэн зарчим баримтлаж байна. Гэтэл нэхэмжлэл гаргах эрх нь Үндсэн хуулиар иргэний эрх тул шүүх шийдвэр гаргахдаа 3.1.3.“нэхэмжпэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тодорхойлсон заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч “гэх мэтээр” гэсэн дутуу тодорхойлсон хууль гаргасанг шүүх түүнийг иргэний эсрэг ашиглан шийдвэр гаргах ёсгүй билээ.

10. Мөн хавтаст хэрэгт татварын улсын байцаагч нар акт тавьсан улмаар шийтгэл ногдуулсан үйл баримтыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байхад хариуцагч татварын улсын байцаагч, шүүх хоёр анхааран үзэлгүй Монгол улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд бусад этгээд түүнийг дагаж мөрдөнө гэсэн заалтыг ч анхаарсангүй. Нэхэмжпэгч “ТЖХ” ХХК-нд орж ирээгүй, олоогүй орлогод 351830023 дугаартай шийтгэлийн хуудсаар 26,544,388 төгрөгийн нөхөн татвар, 6,618,672 төгрөгийн торгууль, 4,512,598 төгрөгийн алданги, 16,145 төгрөгийн хүү, нийт 37,691,794 төгрөгийн төлбөрийг ногдуулж байгаа нь илт хууль зөрчсөн юм. Иймд анхан болон давж заалдах шатны шийдвэр магадлалыг хүчингүй болгож шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Нарантуяа, Л.Энхтуяа нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсаар “ТЖХ” ХХК-д оногдуулсан хүү, торгууль, алданги нийт 4,128,749.00 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан Хуулийн үйлчлэх цаг хугацаа болох 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэгт үйлдсэн хүнд хамаарна гэх заалтыг буруу хэрэглэж 2015 онд ногдуулсан торгууль, алдингийг бүхэлд нь өршөөсөн байна. Иймд дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны маргааны үйл баримтад холбогдуулан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ тус тус алдаа гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

13. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нар иргэн Б.Н-ийн өргөдлийг үндэслэн, татварын хяналт шалгалт хийх томилолт, удирдамжийн дагуу “ТЖХ” ХХК-ийн 2014-2017 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 351830023 дугаар шийтгэлийн хуудсаар “2014-2017 онд нийт 141,200,000.14 төгрөгийн түрээсийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй” гэх, “2015 онд 53,818,181.81 төгрөгийн, 2016 онд 49,090,909.08 төгрөгийн, 2017 онд 33,636,363.80 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, тус орлогод албан татвар ногдуулан төлөөгүй” гэх нийт 277,745,454.67 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, 74.2, 74.3 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.2-т заасныг үндэслэн 26,544,388.00 төгрөгийн нөхөн татвар, 6,618,672.00 төгрөгийн торгууль, 4,512,589.00 төгрөгийн алданги, 16,145.00 төгрөгийн хүү нийт 37,691,794.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

14. “ТЖХ” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранбатаас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор өөрчилж, шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл, заалтыг буруу баримталсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн, шүүх дээр маргаж байгаа этгээдээс гаргасан гомдлыг үндэслэж хийсэн зэргээр хууль зөрчсөн” гэх зэргээр маргасан байна.

15. Анхан шатны шүүх, гомдлын шаардлага, түүний үндэслэлд холбогдуулан захиргааны акт илт хууль бус болох талаарх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, харин шийтгэлийн торгууль, алданги, хүү нийт 11,147,406.00 төгрөгийг бүхэлд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 3 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2015 оны зөрчилд холбогдох шийтгэлийг нийтэд нь хамруулан мөн хууль хэрэглээний алдаа гаргажээ.

16. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасан, энэ маргааны хувьд “ТЖХ”-ийн 2014 онд гаргасан болон 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд ногдуулсан торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

17. Харин, гомдол гаргагч “ТЖХ” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан “таван хоногийн дотор гаргах” тусгайлан тогтоосон хугацааг зөрчсөний улмаас уг гомдлыг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжаар буцаасан, энэ асуудлаар маргаагүйгээс үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

18. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулснаар зөрчилд холбогдогчийн төлөх төлбөрийн хэмжээ нь шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон хэмжээнээс нэмэгдэх болсон, энэ тохиолдолд гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн зөв хэрэглэсэн хүрээгээр хязгаарлаж, магадлалыг хянана.

19. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх хариуцагчаар татагдсан 2 улсын байцаагчийн хувийн тэмдгээ дарж олгосон итгэмжлэлээр хууль бус оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “ТЖХ”-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээр тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Наранбатыг тогтоож оролцуулсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн,... шийтгэлийн хуудасны маягт хэрэглээгүй байхад үүнийг шүүх зөвтгөсөн, ...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

20. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гийн гомдлыг хангаж, гомдол гаргагч “ТЖХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 627 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Нарантуяа, Л.Энхтуяа нарын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 351830023 дугаар Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох “ТЖХ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан 351830023 дугаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн /торгууль, алданги, хүү/ 11,147,406 төгрөгөөс 2014 оны болон 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх татварын зөрчилд холбогдох торгууль, алданги, хүү-г тооцож, өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч нар даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ