Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0627

 

 

“Т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагч Э.Н, Л.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татвраын улсын байцаагч Э.Н, Л.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 6618672.00 төгрөгийн торгууль, 4512589.00 төгрөгийн алданги, 16145.00 төгрөгийн хүү нийт 11147406 төгрөгийг өршөөн хэлтрүүлж 26544388.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг төлүүлэхээр багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу тухайн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхдээ актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас давж актын төлбөрийн дүнг бууруулж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна.

Шүүхийн тогтоох хэсэгт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацааг буруу хэрэглэсэн байна.

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Т” ХХК-иас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий 351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу “Т” ХХК-д өршөөл үзүүлэхдээ тус хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн цаг хугацаанд дүгнэлт өгөлгүйгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, алданги, хүүг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заажээ.

Дээрхээс үзвэл гэмт хэргийн үйлдэл нь, эсхүл захиргааны зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс, захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр, хуулийн үйлчлэлийг энэхүү хуулиар зохицуулсан байна.

Харин “Т” ХХК нь 2014 онд 4,654,545.45 төгрөг, 2015 онд 53,818,181.81 төгрөг 2016 онд 49,090,909.08 төгрөг, 2017 онд 33,636,363.80 төгрөг, нийт 141,200,000.14 төгрөгийн түрээсийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцуулж татвар төлөөгүй бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар нийтдээ 277,745,454.67 төгрөгийн зөрчил илрүүлж, улмаар 26,544,388.00 төгрөгийн нөхөн татвар, 6,618,672.00 төгрөгийн торгууль, 4,512,589.00 төгрөгийн алданги, 16,145.00 төгрөгийн хүү, нийт 37,691,794.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх “Т” ХХК-ийн зөрчилд оногдуулсан торгууль, алданги, хүү болох нийт 11,147,406.00 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасантай нийцээгүй, энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүхээс дээрх хуульд нийцүүлж маргаан бүхий 351830023 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийн 2014 онд түрээсийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчилд 1,166,597.79 төгрөгийн зөрчилд оногдуулсан 34,998.00 төгрөгийн торгууль, 58,330.00 төгрөгийн алданги, нийт 93,328.00 төгрөгийг, 2015 онд түрээсийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй 53,333,929.85 төгрөгийн зөрчилд 1,600,018.00 төгрөгийн торгууль, 2,149,357.00 төгрөгийн алданги, нийт 3,749,375.00 төгрөгийг, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй 53,818,181.81 төгрөгийн зөрчилд 269,901.00 төгрөгийн торгууль, 16,145.00 төгрөгийн хүү, нийт 286,046.00 төгрөг, нийт 4,128,749.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн үлдэх хэсэг болох 33,563,045.00 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0699 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Л.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 351830023 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д оногдуулсан хүү, торгууль, алданги нийт 4,128,749.00 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2, 3 дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж өөрчлөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН