Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01959

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01959

 

 

Д.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01780 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв,

Хариуцагч: Н.Габитад тус тус холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 681 310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Н.Габит болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Н.Габитын өмгөөлөгч: А.Кадербек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хэвлий орчмоор маш хүчтэй өвдөж 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 7 цаг өнгөрөөж Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэх гэтэл цусны шинжилгээ өг гэсэн. Ингээд экспрэсс гэдэг эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд эргэж Эрүүл мэндийн төвд ирж эхонд харуул гэсний дагуу эмч эхонд харж үзээд, жижүүр эмчээр ажиллаж байсан Н.Габит эмч ямар нэг мэс заслын шинж алга байна гэсэн. Тэгэхээр нь ямар эм тариа хэрэглэх тухай зөвлөгөө авахад ямар ч эм хэрэглэх хэрэггүй, харж бай ходоодны хямрал гэсэн. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө эрт хүчтэй өвдөж, дуудлага өгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ирсэн боловч хүлээж аваагүй, тэгээд шууд Гранд мед эмнэлэгт очиж үзүүлтэл олгой байна, дотроо хагарсан гээд мэс засалд орсон. Үүнээс хойш 36 хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ороод байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Н.Габит нь буруу оношилж ямар ч эмчилгээ хийлгүй эмчийн үүргээ биелүүлээгүйд маш их гомдолтой байна. Удаа дараа холбогдож энэ тухай хэлсэн ч хэн ч тоож үзээгүй. Үүнээс миний бие ажил хөдөлмөрөө хийж чадахгүй маш удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж хохирсон.

Иймд эмчилгээний буюу оношлогоо, ор хоногийн төлбөр 825 480 төгрөг, эм тарианы төлбөр 373 928 төгрөг, ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сард 23 хоног, 2 дугаар сард 3 хоног нийт 26 хоногийн цалин болон 1 022 840 төгрөг, үүнээс листээр авсан 540 935 төгрөгийг хасч 481 902 төгрөг, нийт 1 681 310 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 851 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч шүүх гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлгэрмаа нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.Габит эмч дээр ирж үзүүлэхэд эход харуулах, цусны ерөнхий шинжилгээ өгөх зөвөлгөө өгч, үүний дараа үзүүлэхэд нь яаралтай мэс заслын өвчний шинж тэмдэггүй байна гээд явуулсан Н.Габит нь өвчтөнд хийгдсэн шинжилгээнд анализ дүгнэлт хийгээгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, алдаа зөрчил гаргасныг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын алба гомдлын дагуу шалгаж, дүгнэлт гарган, Удирдлагын зөвлөлийн хуралд оруулж, хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмын дагуу сануулах, сахилгын арга хэмжээ авсан байна. Мөн уг эмчийн улиралд олгодог үр дүнгийн урамшуулал, холбогдох шагнал урамшуулал, нэмэгдэл тухайн жилдээ хасагдаж зохих хариуцлага хүлээсэн болно. Н.Габит эмчийг ажиллах, эмчилгээ, оношлогооны үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангасан тул байгууллага хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь байгууллагад хамаарахгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Габит шүүхэд гаргасан тайлбарт болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн өвчний тухай онош тогтоохдоо, нэхэмжлэгчийн эход үзүүлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл тухайн өвчтөнд эмнэлгийн зүгээс үзүүлсэн үзлэг, оношлогооны байдлыг үндэслэж, Д.Дэлгэрмаад одоогоор яаралтай мэс заслын шинж тэмдэг үгүй байна, өвдөлт намдаах эм уусан болохоор шинж тэмдэг бүдгэрсэн байж болзошгүй болохоор шээсний ариун чанар шинжилгээ өгөх, мөн давтан үзэх гэсэн зөвлөгөө өгсөн. Би Д.Дэлгэрмааг эход харж үзсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн дээрх оношийг тогтоож, зөвөлгөө өгсөн тул оношны зөв, бурууг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 681 310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэлгэрмаад /РД:ТЗ77120806/ олгож, Н.Габитад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41 851 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 41 851 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Габит болон түүнийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаантай хэрэгт ач холбогдол бүхий талаас нь үнэлж чадаагүй, нотлох баримтуудыг буруу үнэлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь хариуцагч Н.Габитад холбогдуулан буруу оношлогоо хийснээс бие эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 681 310 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлага Хариуцагч Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргаж байна, нэхэмжлэлийн шаардлага Н.Габитад хариуцуулахгүй, зөвхөн шүүх хуралдаанд оролцуулна гэж тайлбарласан байдаг.

Ингэснээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагчаар оролцож байсан Н.Габитаас нэхэмжлэгч татгалзсан бөгөөд Н.Габит нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хувиар оролцоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлага Н.Габитад хариуцуулахгүй, зөвхөн шүүх хуралдаанд оролцуулна гэж тайлбарласнаас дугнэхэд түүнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан гэж үзэхээр байх тул хэрэгсэхгүй болголоо гэж дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт, хариуцагч Н.Габит, хариуцагч, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв гэсэн байдлаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1780 тоот шийдвэр нь нэхэмжлэгч Д.Дэлгэрмаад учруулсан хохирлыг, хариуцагч Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, Н.Габит миний гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл би уг маргаантай асуудалд өөрийн гэм буруугүйг нотлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн оролцох боломжийг маань анхан шатны шүүх олгоогүй төдий хэргийн оролцогч биш гэсэн мөртлөө миний гэм буруугийн талаар шүүх шийдвэр гаргасан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25, 26 дугаар зүйл, 36, 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар тус төвийн эмч, н.Номин-Эрдэнэ болон надад сануулах сахилгын шийтгэл авсан байсан бөгөөд уг шийтгэлийн үндэслэл нь эмч үзлэг хийхдээ хөтлөх үзлэгийн маяг, тэмдэглэл хөтлөх стандарт зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Угтаа бол Эрүүл мэндийн төвийн чанарын алба нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдал дотоодын хяналт тавих үүрэг бүхий нэгж юм. Түүнээс биш шүүхийн шийдвэрт дурдсанчлан тухайн эрүүл мэндийн төвийн, эмчийн үйл ажиллагаа, эмчийн үзлэг, оношлогоонд дүгнэлт гаргадаг байгууллага биш. Эрүүл мэндийн байгууллагууд дахь чанарын албаны дүрэм, чиг үүрэг, үйл ажиллагаа, эрх хэмжээг нь Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалаар зохицуулсан бөгөөд уг дүрэмд эрүүл мэндийн байгууллага дахь чанарын алба нь эмчийн үзлэг, оношлогоонд дүгнэлт гаргах эрх олгогдоогүй юм. Гэтэл анхан шатны шүүх н чанарын албаны гаргасан дүгнэлтийг эмчийн буруутайг нь тогтоосон, эрх бүхий этгээдийн шийдвэр гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх төдий хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй байна.

Эцэс нь дүгнэхэд 1-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд буруу оношлогоо хийснээс бие эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж гэм хорын хохирол шаарддаг боловч хариуцагчийн яг ямар оношлогооноос болж нэхэмжлэгчийн бие эрүүл мэндэд олгой өвчин туссан нь тодорхойгүй байхад шүүх буруу оношлогоо хийснээр нэхэмжлэгчийн олгой хагарсан гэж нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага хариуцагч Н.Габит надад холбогдуулаагүй, татгалзсан байхад Н.Габит миний бие уг маргаанд хариуцагчаар оролцож, миний гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь хариуцагч Н.Габитад болон Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 681 310 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Д.Дэлгэрмаа нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөөний 7.00 цагийн орчим хэвлий орчим хүчтэй өвдөлт өгснөөс Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, үзлэг хийлгэхэд жижүүр эмчээр ажиллаж байсан эмч Н.Габит яаралтай мэс заслын шинж тэмдэггүй, шээсний шинжилгээ өгөх, давтан үзүүлэх гэж тодорхойлж өвчтнийг буцаасан боловч маргааш өглөө буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө хүчтэй өвдөлтийн улмаас эмнэлгийн тусламж дуудахад Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь Гранд эмнэлэг рүү түүнийг явуулсан, өвчтний оношийг дотроо хагарсан мухар олгойн томролт гэж тодорхойлж, мөн өдөртөө мэс заслын ажилбар хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч нь Гранд мед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хагалгаа эм тарианы зардал гарсан, эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд цалин авч чадаагүй зэргээр хохирсон гэж 1 681 310 төгрөгийг гэм хорын хохиролд шаардсан. Уг хохирлыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Н.Габит эмчийн үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс учирсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Н.Габит эмчийн үзлэгээр тогтоосон оношлогоо буруу байсныг түүнд ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, уг тушаалд гомдол гаргаагүй байснаар тогтоогдоно гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн эмч Н.Габит нь өөрийн буруугүй болохоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч Д.Дэлгэрмаагийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд хохирол учирсан, уг хохиролд хариуцагч Н.Габит буруутай болох нь тогтоогдсон, Н.Габит нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилладаг тул мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтнаас учруулсан гэм хорын хохирлыг байгууллага хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хэмжээг Грандмед эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 хоног хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 825 480 төгрөг, эм тарианы төлбөр 373 928 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинг авч чадаагүй тул цалингаас эрүүл мэндийн даатгалаар олгосон олговыг хасч тооцсны зөрүү 481 902 төгрөг буюу нийт 1 681 310 төгрөг гэж тоорхойлсон бөгөөд уг хохирол нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан хохиролд багтсан, төлбөр төлөгдсөн нь баримтаар тогтоогдсон тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг зааснаар гэм хор учруулагчийн ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон нь хариуцагч Н.Габитыг гэм буруугүй гэж нэхэмжлэлээсээ татгалзсан гэж дүгнэхгүй юм. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх үндэслэл болохгүйгээс гадна хариуцагч Н.Габитад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Габитын болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 41 850 төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА