Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1780

 

  

 

                                                                                        

      

 

 

 

 

2018 оны 7 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01780                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Хулан, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрүүл мэндийн төв,

Хариуцагч: Н.Г нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 1.681.310 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч Н.Г, түүний өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагч ХУД-ийн ЭМТ-ийн өмгөөлөгч Г.Бадамханд, иргэдийн төлөөлөгч Л.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хэвлий орчмоор маш хүчтэй өвдөж 2017 оны 12 сарын 31-ний өдрийн өглөөний 7 цаг өнгөрөөж ХУД-ийн ЭМТ-д ирж үзүүлэх гэтэл цусны шинжилгээ өг гэсэн. Ингээд экспрэсс гэдэг эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд эргэж Эрүүл мэндийн төвд ирж эхонд харуул гэсний дагуу эмч эхонд харж үзээд, жижүүр эмчээр ажиллаж байсан Н.Г эмч ямар нэг мэс заслын шинж алга байна гэсэн. Тэгэхээр нь ямар эм тариа хэрэглэх тухай зөвлөгөө авахад ямар ч эм хэрэглэх хэрэггүй, харж бай ходоодны хямрал гэсэн. Ингээд 2018 оны 01 сарын 01-ний өглөө эрт хүчтэй өвдөж, дуудлага өгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ирсэн боловч хүлээж аваагүй, тэгээд шууд Гранд мед эмнэлэгт очиж үзүүлтэл олгой байна, дотроо хагарсан гээд мэс засалд орсон. Үүнээс хойш 36 хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлээд 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс ажилдаа ороод байна. Буруу оношилж ямар ч эмчилгээ хийлгүй эмчийн үүргээ биелүүлээгүйд маш их гомдолтой байна. Удаа дараа холбогдож энэ тухай хэлсэн ч хэн ч тоож үзээгүй. Үүнээс миний бие ажил хөдөлмөрөө хийж чадахгүй маш удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж хохирсон. Иймд эмчилгээний буюу оношлогоо, ор хоногийн төлбөр 825.480 төгрөг, эм тарианы төлбөр 373.928 төгрөг, ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сард 23 хоног, 2 дугаар сард 3 хоног нийт 26 хоногийн цалин болон 1.022.840 төгрөг, үүнээс листээр авсан 540.935 төгрөгийг хасч 481.902 төгрөг, нийт 1.681.310 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.851 төгрөгийн хамтаар Яармаг салбарын мэс заслын эмч Н.Гаас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Одоо Иргэний хуулийн 498.1-д зааснаар түүний ажилладаг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулна. Намайг маш их хохироосон тул эмч Н.Гаас татгалзахгүй, шүүх хуралдаанд оролцуулна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д нь 2017 оны 12 сарын 31-нийөдөр Гэмч дээр ирж үзүүлэхэд эход харуулах, цусны ерөнхий шинжилгээ өгөх зөвөлгөө өгч, үүний дараа үзүүлэхэд нь яаралтай мэс заслын өвчний шинж тэмдэггүй байна гээд явуулсан Н.Г нь өвчтөнд хийгдсэн шинжилгээнд анализ дүгнэлт хийгээгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, алдаа зөрчил гаргасныг ХУДЭМТ-ийн чанарын алба гомдлын дагуу шалгаж, дүгнэлт гарган, Удирдлагын зөвлөлийн хуралд оруулж, хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмын дагуу сануулах, сахилгын арга хэмжээ авсан байна. Мөн уг эмчийн улиралд олгодог үр дүнгийн урамшуулал, холбогдох шагнал урамшуулал, нэмэгдэл тухайн жилдээ хасагдаж зохих хариуцлага хүлээсэн болно. Н.Г эмчийг ажиллах, эмчилгээ, оношлогооны үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангасан тул байгууллага хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь байгууллагад хамаарахгүй гэв.

 

Хариуцагч Н.Гаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн өвчний тухай онош тогтоохдоо, нэхэмжлэгчийн ЭХО-д үзүүлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл тухайн өвчтөнд эмнэлгийн зүгээс үзүүлсэн үзлэг, оношлогооны байдлыг үндэслэж, Д.Дд одоогоор яаралтай мэс заслын шинж тэмдэг үгүй байна, өвдөлт намдаах эм уусан болохоор шинж тэмдэг бүдгэрсэн байж болзошгүй болохоор шээсний ариун чанар шинжилгээ өгөх, мөн давтан үзэх гэсэн зөвлөгөө өгсөн. Би Д.Дг эход харж үзсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн дээрх оношийг тогтоож, зөвөлгөө өгсөн тул оношны зөв, бурууг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Н.Гад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.681.310 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийг татаж эмч буруу оношилсон тул Иргэний хуулийн 498.1-д зааснаар түүний ажилладаг байгууллагаас гэм хорын хохирлоо гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч Н.Г нь эход харж үзсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн онош тогтоож, зөвлөгөө өгсөн тул буруугүй гэж, хариуцагч ХУД-ийн Эрүүл мэндийн төв нь Н.Г нь өвчтөнд хийгдсэн шинжилгээнд анализ дүгнэлт хийгээгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, алдаа зөрчил гаргасан тул сануулах сахилгын арга хэмжээ авсан, улиралд олгодог үр дүнгийн урамшуулал, холбогдох шагнал урамшуулал, нэмэгдэл тухайн жилдээ хасагдаж зохих хариуцлага хүлээсэн тул байгууллагад хамаарахгүй гэж маргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хорын хохирол учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Тус төвд жижүүр эмчээр ажиллаж байсан Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Дд үзлэг хийж, эхоны эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн яаралтай мэс заслын шинж тэмдэг үгүй, шээсний ариун чанар шинжилгээ өгөх, мөн давтан үзэх гэсэн зөвлөгөөг өгсөн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө хүчтэй өвдөлт өгснөөр дуудлага өгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ирж, гэрээт байгууллага болох Гранд мед эмнэлэг рүү явуулжээ.

 

Гранд мед эмнэлэг “дотроо хагарсан мухайр олгойн томролт” гэж дүгнэн, Д.Дд хэвлий нээх, мухар олгой авах, угаах, гуурсдах мэс заслын ажилбарыг хийсэн болох нь Аарцгийн тодосгогчтой шинжилгээний хариу, 93378 дугаар Өвчний түүх, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Н.Г нь яаралтай мэс заслын шинж тэмдэг үгүй гэж дүгнэснээс хойш 1 хоногийн дараа Д.Дгийн олгой нь дотроо хагарсан байх бөгөөд ийнхүү оношлогоо, эмчилгээ, үйлчилгээний стандарт зөрчиж, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр Мэс заслын эмч Н.Г сануулах сахилгын шийтгэл хүлээжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нь тус төвийн Удирдлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн шийтгэл ногдуулсан, энэхүү Б/37 тоот тушаалд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байгаа нь эмч өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Дээрх байдлаас дүгнэхэд эмч Н.Г нь Д.Дд оношийг буруу тавьсан, түүний гэм буруутай талаар ажил олгогч нь шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид хохирол учирсан,  гэм хорын хохирол нь эмч Н.Гын үйлдлийн улмаас учирсан шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байна.

 

Иймд хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь тус төвд эмч ажилтай Н.Гын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Д.Дд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь Грандмед эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 хоног хэвтэж эмчлүүлэхдээ ор хоногийн төлбөрт 825.480 төгрөг, эм тарианы төлбөрт 373.928 төгрөгийг тус тус төлсөн, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 481.902 төгрөг буюу нийт 1.681.310 төгрөгөөр хохирсон болох нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.681.310 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Дд олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч шаардлагаа Н.Гад хариуцуулахгүй, зөвхөн шүүх хуралдаанд оролцуулна гэж тайлбарласнаас дүгнэхэд түүнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан гэж үзэхээр байх тул хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41.851 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 41.851 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаясгаланд 996499 дугаар утсанд зурвас илгээж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч нь төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч нь гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.681.310 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Д олгож, Н.Г-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41.851 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 41.851 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                    ШҮҮГЧИД                                      Д.ХУЛАН

 

                                                                           Ж.СЭМЖИД