Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/00837

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/00837

 

 

 

Р.Батзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00382 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Батзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Цолмонбаатарт холбогдох

 

Бараа худалдан авсны төлбөрт 2 020 000 төгрөг, зээлсэн 1.000 ам доллар буюу 2 036 880 төгрөг, хамтран ажиллах хэлцлээр төмөр худалдан авахад оруулсан 1 500 000 төгрөг, гарсан зардалд 500 000 төгрөг, нийт 6 056 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 сард гэрийн театр /samsung/ 900 000 төгрөг, 2 нүдний дуран /Япон/ 350 000 төгрөг, Швейцарьт үйлдвэрлэсэн түлхүүр, багажны набор 150 000 төгрөг, гал тогооны хутганы ком 150 000 төгрөг, викторинокс тонгорог 90 000 төгрөг, 11 сард эрэгтэй пүүз, эрэгтэй гутал /2ш х 180 000/ 360 000 төгрөг, нийт 2 020 000 төгрөгийн барааг О.Цолмонбаатарт өгсөн. 2016 оны 6 сарын сүүлээр Цолмонбаатар нь надаас ашигт малтмалын газрын жоншны жилийн хураамжаа төлөх, сунгах 1000 ам.доллар зээлээч гэж гуйхаар нь өгсөн. Энэ талаар эхнэр Б.Чимгээгийн Голомт банкны данснаас түүний ХААН банкны данс руу шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Цолмонбаатар 2016 оны 7 сарын эхээр алт ухах машин хийхээр болж, би Түмэн төмөрт ХХК-иас 1 500 000 төгрөгийн төмөр худалдан авч, баримтыг Азийн апекс компанийн нэр дээр бичиж, С.Батбямба авч явсан. Энэ машин хийхэд надаас 500.000 төгрөгийн зардал надаас гарсан. Одоо алт ухдаг машин нь манай аавын хашаанд байгаа, мөнгөө авсны дараа өгөхөөр барьцаалсан. Цолмонбаатар миний зусланд хашаа зөөж хийсэн нь үнэн. Гэхдээ 4 айлынх биш, миний 0.7 газарт ажил хийхэд хөлс нь ийм их гарахгүй. Иймд Цолмонбаатар миний итгэлийг эвдэн залилсанд гомдолтой байгаа тул барааны 2 020 000, зээлсэн 1000 ам.доллар буюу 2 036 880, 2 000 000 төгрөг нийт 6 056 880 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би компаниа ажиллуулж байх хугацаандаа Батзоригийг С ангиллын жолоочоор Урал маркийн машин бариулахаар болж, ажилд авч урьдчилгаа цалинд 800 000 төгрөг олгосон. Р.Батзориг нь ажилд гарах өдрөө Урал машинаараа хүний машиныг мөргөж 2 сая төгрөгийн хохирол учруулаад тэр өдрөөс хойш ирээгүй, эмнэлэгт хэвтлээ гэж шалтаглан уулзалгүй гадаад явсан. Би тухайн хүний хохирол 2 сая төгрөгийг төлж, ажил хийгээгүй хүнд цалин өгсөн. Батзориг барааг надад зарж байгаа, мөнгийг нь авна гэж хэлээгүй, гадаадаас ирээд найзын хувьд бэлэглэж байна гэж ойлгосон. Ашигт малтмалын газрын төлбөр төлөхөөр 1000 ам.доллар гуйж, эхнэр Б.Чимгээгийн дансаар над руу шилжүүлж авсан минь үнэн. Гэхдээ энэ мөнгөний оронд Батзоригийн зуслангийн газарт өөрийн машинаар 5 тн хашааны төмрийг зөөж, гагнаж хашаа хийж, өөрийн экскаватораар газрыг ухаж, тэгшилж байшингийн суурийг бэлтгэж, 2.5 сая төгрөгийн ажлыг 1000 доллар тэр үеийн ханшаар 1.9 сая төгрөгт тооцож, техник хэрэгсэл, ажлын хөлсийг амаар тохирсон учир нэхэмжлэх эрхгүй. Миний хувийн ажил биш учир Батзоригоос 2 сая зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Бид хамт зах гарч, 350 000 төгрөгийн төмөр худалдан авч, би машинаараа тээвэрлэсэн байхад зардал гарсан гэж байгааг ойлгохгүй байна. Хамт ажилд гарч, хэд хоноод алтны машиныг өөрөө аваад буцсан, түүнд одоо машин байгаа тул би төлөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:КЮ77061574/ Боржигон овогтой Одхүүгийн Цолмонбаатараас 2.386.880 /хоёр сая гурван зуун наян зургаан мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч /РД:ХН74030979/ Өлзий занги овогтой Равзаны Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.670.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 147.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 53.170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 35.790 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Р.Батзориг миний бие хариуцагч О.Цолмонбаатарт бараануудыг худалдсан гэж тайлбарлан эхнэр Б.Чимгээгийн хөтөлсөн хувийн хар дэвтрийн тэмдэглэлийг нотлох баримт болгон шүүгчид гаргаж өгсөн боловч шүүгч тухайн баримтад хариуцагч гарын үсэг зураагүй гэж үзэн хар дэвтрийг хангалттай нотлох баримт биш гэж үзсэн. Хар дэвтэр нь хариуцагч О.Цолмонбаатарт зээлээр худалдсан барааны хувьд хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр О.Цолмонбаатар нь хар дэвтэр дээр миний гарын үсэг алга гэж хэлсэн. Гэтэл шүүгч мөн адил О.Цолмонбаатарын гарын үсэг хар дэвтэрт байхгүй байна гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. О.Цолмонбаатар миний итгэл эвдэн, хууран мэхлэх замаар намайг залилсан. Нэхэмжлэл дээрх барааны үнэ, хар дэвтэр дээрх барааны үнэ 2 бага зэргийн зөрүүтэй бичигдсэн байгаа учир нэхэмжлэгч миний бие хар дэвтэр дээрх барааны үнийн дүн 2 210 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлээгүй бараа болон мөнгө байгаа болно. Үүнд эмэгтэй пүүзний үнэ 100 000 төгрөг, бэлнээр өгсөн 200 000 төгрөг, 350 000 төгрөг болно. Нийт 560 000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд миний бие дээрх бараануудын үнэ болох 2 000 000 төгрөг дээр 560 000 төгрөгийг О.Цолмонбаатараас гаргуулах хүсэлтэй байна. Олон тооны эд барааны мөнгө, баримт нотолгоотой, нотолгоогүй олон сая төгрөгөөр залилуулж шүүхийн шийдвэр ийм гарсанд гомдолтой байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Батцэцэг нь О.Цолмонбаатарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 020 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1000 ам.доллар буюу 2 036 880 төгрөг, хамтран ажиллаж алтны машины төмөр авахад зориулж өгсөн 1 500 000 төгрөг, уг төмрийг авахад зарцуулсан зардал 500 000 төгрөг, нийт 6 056 880 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагч О.Цолмонбаатарт зээлийн гэрээний үүрэгт 2 036 880 төгрөгийг хариуцагч О.Цолмонбаатараас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ төлбөрийн хэмжээг зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах явцад төмөр худалдан авахад зориулж 2 000 000 төгрөгийн хөрөнгө гаргасан гэх байдлаа нотолж чадаагүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 350 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ба зохигчид хэн аль нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болохыг зөв дүгнэжээ.

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан гэрийн театр, 2 нүдний дуран, Швейцарьт үйлдвэрлэсэн түлхүүр, багажны набор, гал тогооны хутганы ком, викторинокс тонгорог, эрэгтэй пүүз, эрэгтэй гутал зэрэг эд хөрөнгийг авсан талаар маргаагүй боловч эдгээр эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэх болсон үндэслэлийг бэлэглэл байсан гэж тайлбарлаж байгаа ба талууд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар ... гэрээний гол нөхцөлийн талаар... буюу үнийн талаар тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч гарын үсэг зураагүйгээс гадна уг дэвтэрт тусгагдсан үнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэх байдлыг нэхэмжлэгч өөр нотлох баримтаар нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй юм.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 55 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ