Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 31 байр 86 тоотод оршин суух, Өлзий занги овогтой Равзаны Батзоригийн /РД:ХН74030979/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 хороо, 59 байр, 12 тоотод оршин суух, Боржигон овогтой Одхүүгийн Цолмонбаатарт /РД:КЮ77061574/ холбогдох,

 

бараа худалдан авсны төлбөрт 2.020.000 төгрөг, зээлсэн 1.000 ам доллар буюу 2.036.880 төгрөг, хамтран ажиллах хэлцлээр төмөр худалдан авахад оруулсан 1.500.000 төгрөг, гарсан зардалд 500.000 төгрөг, нийт 6.056.880 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Батзориг, хариуцагч О.Цолмонбаатар, гэрч С.Батбямба, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 сард Швейцарь улс явж ирээд, дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцон, 6 сард гэрийн театр /samsung/ 900.000 төгрөг, 2 нүдний дуран /Япон/ 350.000 төгрөг, Швейцарьт үйлдвэрлэсэн түлхүүр, багажны набор 150.000 төгрөг, гал тогооны хутганы ком 150.000 төгрөг, викторинокс тонгорог 90.000 төгрөг, 11 сард эрэгтэй пүүз, эрэгтэй гутал /2шх180.000/ 360.000 төгрөг, нийт 2.020.000 төгрөгийн барааг О.Цолмонбаатарт өгсөн. Манай эхнэрийн хөтөлдөг хар дэвтэрт тэмдэглээтэй байгаагаар нотлогдоно. 2016 оны 6 сарын сүүлээр Цолмонбаатар нь надаас ашигт малтмалын газрын жоншны жилийн хураамжаа төлөх, сунгах 1000 ам доллар зээлээч гэж гуйхаар нь өгсөн. Энэ нь эхнэр Б.Чимгээгийн Голомт банкны данснаас түүний ХААН банкны данс руу шилжүүлсэн баримт нь хэрэгт байгаа. Цолмонбаатар 2016 оны 7 сарын эхээр алт ухах машин хийхээр болж, би “Түмэн төмөрт” ХХК-иас 1.500.000 төгрөгийн төмөр худалдан авч, баримтыг “Азийн апекс” компанийн нэр дээр бичиж, С.Батбямба авч явсан. Энэ машин хийхэд надаас зардалд 500.000 төгрөг гарсан.  Одоо алт ухдаг машин нь манай аавын хашаанд байгаа, мөнгөө авсны дараа өгөхөөр барьцаалсан. Цолмонбаатар миний зусланд хашаа зөөж, хийсэн нь үнэн, гэхдээ 4 айлынх биш, миний 0.7 газарт ажил хийхэд хөлс нь ийм их гарахгүй. Иймд Цолмонбаатар миний итгэлийг эвдэн залилсанд гомдолтой байгаа тул барааны 2.020.000, зээлсэн 1000 ам доллар буюу 2.036.880, 2.000.000, нийт 6.056.880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Батзоригийг таньдаг болоод олон жил болж байгаа, үерхэж нөхөрлөж байна гэж бодож явлаа. Би компаниа ажиллуулж байх хугацаандаа Батзоригийг С ангиллын жолоочоор Урал маркийн машин бариулахаар болж, ажилд авч урьдчилгаа цалин 800.000 төгрөг олгосон. Р.Батзориг нь ажилд гарах өдрөө Урал машинаараа хүний машиныг мөргөж 2 сая төгрөгийн хохирол учруулаад тэр өдрөөс хойш ирээгүй, эмнэлэгт хэвтлээ гэж шалтаглан уулзалгүй гадаад явсан. Би тухайн хүний хохирол 2 сая төгрөгийг төлж, ажил хийгээгүй хүнд цалин өгсөн. Батзориг барааг надад зарж байгаа, мөнгийг нь авна гэж хэлээгүй, гадаадаас ирээд найзын хувьд бэлэглэж байна гэж ойлгосон. Хэрвээ эдгээр нь ийм үнэтэй, зарж байсныг мэдсэн бол надад хэрэггүй, эргүүлэн өгөхөд бэлэн байна. Ашигт малтмалын газрын төлбөр төлөхөөр 1000 ам доллар гуйж, эхнэр Б.Чимгээгийн дансаар над руу шилжүүлж, авсан минь үнэн. Гэхдээ энэ мөнгөний оронд Батзоригийн зуслангийн газарт өөрийн машинаар 5 тн хашааны төмрийг зөөж, гагнаж хашаа хийж, өөрийн экскаватораар газрыг ухаж, тэгшилж байшингийн суурийг бэлтгэж, 2.5 сая төгрөгийн ажлыг 1000 доллар тэр үеийн ханшаар 1.9 сая төгрөгт тооцож, техник хэрэгсэл, ажлын хөлсийг амаар тохирсон учир нэхэмжлэх эрхгүй. Би 2016 оны 7 сард хүний ажилд цалинжиж ажиллахаар тохиролцож ажил хийсэн. Миний хувийн ажил биш учир Батзоригоос 2 сая зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Бид хамт зах гарч, 350.000 төгрөгийн төмөр худалдан авч, би машинаараа тээвэрлэсэн байхад зардал гарсан гэж байгааг ойлгохгүй байна. Хамт ажилд гарч, хэд хоноод алтны машиныг өөрөө аваад буцсан, түүнд одоо машин байгаа тул би төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Батзориг нь хариуцагч О.Цолмонбаатарт холбогдуулан бараа худалдан авсны төлбөрт 2.020.000 төгрөг, зээлсэн 1.000 ам доллар буюу 2.036.880 төгрөг, хамтран ажиллах хэлцлээр төмөр худалдан авахад оруулсан 1.500.000 төгрөг, гарсан зардалд 500.000 төгрөг, 6.056.880 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь бараануудыг дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцсон тул 2.020.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч нь нэр бүхий барааг аваагүй гэж маргаагүй ч барааг бэлэглэсэн тул мөнгийг төлөхгүй, барааг буцаан өгнө маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 сард хариуцагчид гэрийн театр /самсунг/, 2 нүдний дуран /Япон/, Швейцарьт үйлдвэрлэсэн түлхүүр, багажны набор, гал тогооны хутганы ком, викторинокс тонгорог, 11 сард эрэгтэй пүүз, гутал зэрэг барааг өгсөн, хариуцагч дээрх барааг авсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид барааг худалдсан гэж тайлбарлан хар дэвтрийн тэмдэглэлийг баримтаар гаргаж өгсөн боловч баримтад хариуцагч гарын үсэг зураагүй байх тул уг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба дарааллаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотолсны дараа хариуцагч татгалзлаа нотолно гэж ойлгоно.

 

Хуульд заасан энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй буюу худалдсан болох нь нотлогдохгүй, 2016 оны 6 болон 11 дүгээр сард барааг худалдсан гэж тайлбарлах атлаа хэдийд, хэдэн төгрөг өгөхөөр тохирсон талаар тайлбарлаагүй, энэ хугацаанд барааны мөнгийг шаардаж байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд өмнөх худалдсан гэх барааны мөнгийг хариуцагч өгөөгүй байхад дахин түүнтэй хэлцэл хийн, мөнгө зээлдүүлэх, хамтран ажиллахаар тохиролцсон зэрэг нь хариуцагчийн барааг бэлэглэсэн гэж тайлбарлаж байгаагаар үгүйсгэгдэж байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан ба тухайн тохиолдолд О.Цолмонбаатарын хүсэлтээр Р.Батзориг нь 1000 ам долларыг түүнд зээлдүүлэхээр тохирч, өөрийн эхнэр Б.Чимгээгийн дансаар шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан нь банкны гүйлгээний баримтаар нотлогдож байх ба хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

 

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Харин хариуцагч Батзоригийн зусланд түүнтэй тохиролцсоноор 1000 ам долларыг тэр үеийн ханшаар 1.9 сая төгрөгт тооцож ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлогдохгүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул хэрэгт авагдсан Монгол банкны төгрөгт харьцах ханш 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1 ам доллар 2036.88 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн О.Цолмонбаатараас зээлийн гэрээний үүрэгт 1000 ам доллар буюу 2.036.880 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Нэхэмжлэгч нь хамтран ажиллах хэлцлээр төмөр худалдан авахад оруулсан 1.500.000 төгрөг, гарсан зардалд 500.000 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч нь хамт зах гарч, 350.000 төгрөгийн төмөр худалдан авч, би машинаараа тээвэрлэсэн, хэд хоног ажиллаад алтны машиныг өөрөө аваад буцсан, түүнд одоо машин байгаа тул төлөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж, 476.2-т гэрээг амаар байгуулж болохоор заасан байна.

 

Зохигчийн байгуулсан хэлцлийн нөхцлөөс үзэхэд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг алтны машиныг аваад буцсан, машин өөрт нь байгаа гэж, нэхэмжлэгч нь машиныг мөнгөө өгтөл барьцаалж авсан гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д гэрээнд хамтын үйл ажиллагааны хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс гарсан гэж үзэх нь зүйтэй юм.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнээс гарсныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй төмөр 1.500.000 төгрөгөөр худалдан авч, 500.000 төгрөгийн зардал гарсан гэж шаардаж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин хариуцагч нь 350.000 төгрөгөөр төмөр худалдан авсан гэж тайлбарласан, гэрч 300-400.000 төгрөгт төмөр авсан гэж мэдүүлсэн тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн шаардлагаас 350.000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч О.Цолмонбаатараас 2.386.880 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.670.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 147.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 53.170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид илүү төлсөн 35.790 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:КЮ77061574/ Боржигон овогтой Одхүүгийн Цолмонбаатараас 2.386.880 /хоёр сая гурван зуун наян зургаан мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч /РД:ХН74030979/ Өлзий занги овогтой Равзаны Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.670.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 147.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 53.170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 35.790 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ