Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00885

 

 

 

 

 

 

 

 

 

С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Цаг, уур орчны шинжилгээний газарт холбогдох,

Ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Жавзмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 1992 онд Монгол улсын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаандаа шатласан хэлбэрээр инженер, улсын байцаагч, ерөнхий инженер, төвийн захирал, албаны даргаар ажиллаж байсан.

Санхүүгийн хувьд надад ямар нэгэн мөнгөн зөрчил байхгүй ба 2014, 2015 оны санхүүгийн шалгалтаар олон жил зөрчилгүй ажилласан гээд улсын ерөнхий аудиторын тушаалаар итгэл олгосон байгууллагаар шалгаруулж шалгалтаас чөлөөлж байсан.

Би ажлаас чөлөөлөх тухай газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг хөдөө ажлаа гүйцэтгэж яваад эргэж ирэхдээ мэдсэн. Харин сайдын тушаалыг бол огт мэдээгүй. Учир нь би сайдын шууд удирдлага дор ажилладаггүй. ...Анх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уулзахад өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Баттулга дарга ийм юм байхгүй, хуулийн дагуу зөвшилцөх ажил явагдаж байгаа гэж надад хэлж байсан. Гэтэл 9 сард зөвшилцөх мэдэгдэл явуулаад 2016 оны 10 дугаар сард хариу нь ирчихсэн байхад худал хэлж байсан байгаа юм. Тэгэхээр шүүхэд худал мэдүүлэг өгч биднийг хуурч байсан байна. ...Би байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээ байгуулах ёстой байтал 2010, 2011, 2012 онд дандаа 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээний 1.7-д төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, ажлын байран дээр архидан согтуурах, ажлын хариуцлага алдаж хөдөлмөрйин ноцтой зөрчил гаргавал үүрэгт ажлаас шууд чөлөөлнө гэж заасан байдаг. Гэтэл би энд заасан аль ч зөрчлийг гаргаж байгаагүй ба үүнийг миний жил бүрийн үр дүнгийн гэрээнээс харж болно. Мөн 2011, 2012 онд байгуулсан гэрээн дээр улс төрийн аливаа ажиллагаанд оролцохгүй, намын гишүүн бол түүнээс түдгэлзэнэ гээд зөвшөөрсөн байдаг.

Гэтэл ажил олгогч маань үүнийгээ зөрчөөд улс төрийн шалтгаантай тухай хэлсэн байдаг. Би уг нь аль ч намын гишүүн биш бөгөөд 1993 онд анх томилогдоод 1997 онд байгууллагын бүтэц өөрчлөгдөж ерөнхий инженер болж байсан. Эргээд 2001 онд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан юм. Үүнээс хойш би тасралтгүйгээр энэ ажлыг хийсээр ирсэн. Надад үнэхээр харамсалтай байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын д/д 20, 2 дугаар хавсралтын д/д 20-д заасан Сүрэнгийн Отгонбаатар гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас татгалзаж, ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд томилохыг даалгах болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Бид ажиллаж байсан тал дээр маргаагүй байхад нэхэмжлэгч ажиллаж байсан талаараа яриад байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө нэхэмжлэлийн 3 шаардлагаасаа татгалзсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байсан эрхийн актаас татгалзсан. Тэгэхээр үндэслэл байхгүй, нотлох баримт байхгүй байна. Ажлын байран дээрээ, чиг үүргээ хэрэгжүүлээд цалингаа аваад ажиллаж байж хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй юм.

Албаны даргаас чөлөөлөөд түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч хүчинтэй байгааг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Түүнийг ажлаас халсан тушаал гараагүй учраас энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шинжийг агуулж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлын 128.1-т зааснаар шүүхийн харьяаллын маргаан биш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл буюу нэхэмжлэлийн үндэслэл байхгүй болчихож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. ...Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 тоот тогтоол хүчингүй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А/32 тоот тушаал гаргасан. Үүнийг үндэслээд газрын дарга нь А/92 тоот тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Харин Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, 8.3.5-т зааснаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өөрөөр хэлбэл алба нь газар болсноор арай өргөн чиг үүрэгтэй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ус цаг уурын орчны шинжилгээний газарт холбогдох ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай С.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Отгонбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо: ...С.Отгонбаатарыг Орхон аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Уг асуудлаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай "Аймгийн Засаг даргын Тамгийн газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор "...Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон байдаг бөгөөд уг тогтоолын 4-т ...Ус цаг уур, орчны шинжилгээний алба" гэсэн хуучин нэрээрээ байтал үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/32 тсот тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний алба гэсэн нэрийн сүүлийн үгийг газар гэдэг үгээр сольж өөрчилсөн байдаг. Энэхүү эрх хэмжээ нь Монгол улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Засгийн газарт олгогдсон эрх хэмжээг сайд хэрэгжүүлж байгааг харуулж байна. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал "хүчинтэй хэвээр байна" гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа нь шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.3-т заасныг ноцтой зөрчиж байна.

...Ажил олгогч нь С.Отгонбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэл болгосон байх ба энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах 40 дүгээр зүйлийн аль нэг заалтанд хамааруулан хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэгч С.Отгонбаатарыг ажлаас чөлөөлсэн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй байсаар атал нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.. ...Хэдийгээр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай "Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай" тушаал нь агуулгын хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх боловч уг тушаал гарснаараа С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Ажилтныг байнгын ажлын байрнаас нь чөлөөлсөн даргын тушаал агуулгын хувьд алдаатай байна гэж үзчихээд ажилтан нь хэлбэрийн хувьд өмнө нь авч байсан цалин хөлсөө авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хуульд заасны дагуу төлөгдөх түр ажилтан болж буйг шүүхээс түүний эрхийг зөрчигдсөн гэж үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоолгох, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын д/д 20, 2 дугаар хавсралтын д/д 20-д тус тус заасан С.Отгонбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь 2002 оноос хойш Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргаар томилогдон ажиллаж ирсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай тушаалын дагуу хийгдсэн агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар түүнийг уг албан тушаалаас чөлөөлж, тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 24-26, 42-53, 59-74, 79-80, 151-160/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор ...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд тогтоолын 4-т ...Ус цаг уур, орчны шинжилгээний алба гэсэн нэрээрээ байдаг. Гэтэл үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь А/32 тоот тушаалаар газар болгон өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж тодорхойлжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг өөрчилж, Ус цаг уур, орчны шинжилгээний газар гэж нэрлэн уг тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг баталсан уг тушаал нь хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 42, 53/

 

Анхан шатны шүүх Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот тушаал нь агуулгын хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх боловч С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

Учир нь нэхэмжлэгч С.Отгонбаатар нь Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, өмнө нь эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэн авч байсан цалин хөлсөө авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хуульд заасны дагуу төлөгдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоолгох, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай С.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. /хх 148/

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН